Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1155

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108000001559 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн Ө (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод хохирогч О.М-ыг найз охинтойгоо хардаж толгой руу нь шилээр цохих, нүүрэнд нь өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь зулайн зүүн хэсэгт шарх, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1х), хохирогч О.М-ын мэдүүлэг (хх-ийн 6х, 10х), гэрч Б.Л-ийн мэдүүлэг (хх-ийн 12х), гэрч Б.С-ийн мэдүүлэг (хх-ийн 16х), гэрч У.А-гийн мэдүүлэг (хх-ийн 20х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10296 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 36х), оршин сух хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 37х), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хх-ийн 38х), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 39х), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 42х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43х), шүүгдэгч Э.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 52-53х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод хохирогч О.М-ыг найз охинтойгоо хардаж цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1х),

Хохирогч О.М-ын: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай Д гэх найз эгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Миний дэлгүүрийн арын байранд 2 охинтой ууж байна, ажлаа тараад хүрээд ир гэсэн юм. Тэгээд би ажлаасаа 16 цагийн орчим буугаад Д-гийн эгчийнд очиход Д хоёр охинтой 0,75 литрийн Е нэртэй архи хуваагаад ууцгааж байсан. Тэгээд би ороод ууж байсан архинаас нь уугаад сууж байхад ... 20 цагийн орчим гэрийн эзэн болох Ө ганцаараа орж ирээд байсан архинаас хамт ууцгаасан. Тэгээд Ө, Д нар дэлгүүр гараад буцаж орж ирээд Соёрхол нэртэй 0,75 литрийн архи авчирч бид хэд тэр архинаас нь уугаад 22 цагийн орчим Ө бид хоёр дэлгүүр гараад 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, кг-ын бууз, гоймон зэрэг эд зүйлс аваад орж ирж суугаад удалгүй Ө-ын найз охин нь орж ирсэн. Бид нар авсан буузаа жигнэж идчихээд авсан архиа хуваагаад уучхаад 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө 01 цагийн орчим би гэр лүүгээ явах болоод явлаа гэдгээ бүгдэд нь хэлээд гарах гээд үүдэнд гутлаа өмсөх гээд тонгойгоод зогсож байхад Ө найз охинтойгоо хардаад ууж байсан архиныхаа шилийг авч шидээд миний толгойг оносон. Тэгээд Ө-ын эхнэр балай юм уу гаргаж өгчхөөд ирье гэхэд Ө над руу ирээд миний хамар луу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэмтэл согог судлалын төвд очиж толгойдоо оёдол тавиулаад боолгож бас хамрын хавдрыг буухаар тэгшлүүл гэсэн. Ө над руу архины шил шидэж миний толгойг хагалаад миний нүүр лүү 1 удаа өшиглөж миний хамрыг хугалсан. Ө-ын эхнэр намайг гаргаж өгье гээд зогсож байхад хардаад над руу архины шил шидэж өшиглөх болсон. ...Над руу Э.Ө шил шидэхийг Л харсан өөр хүн хараагүй. ...Э.Ө нь надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардалд 500,000 гаран мянган төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 6х, 10х),

Гэрч Б.Л-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас 23 цагийн орчим тараад гэртээ ирэхэд манай дүү С найз охинтойгоо бас М болон манай нөхөр Э.Ө нар манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байсан. Намайг гэртээ ороход М нойлын өрөөнөөс гарч ирсэн. С найз охинтойгоо том өрөөнөөс гарч ирсэн. ...М Ө бид гурав хоолоо идэнгээ юм ярьж сууж байгаад би Сийн найз охинтой юм яриад том өрөөнд сууж байхад М Ө хоёр миний талаар юм яриад байх шиг байсан. Тэгээд би М-ыг одоо гэртээ харьж амраа гэхэд М гадуур хувцсаа аваад үүдний коридор луу явсан. Тэгсэн Ө араас нь очоод түс тас гэх чимээ гарсан. Яваад очиход М-ын толгой нь хагараад Ө зайл гэж хэлээд хоорондоо барилцсан байсан. Би М-ыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж өгөөд томографикийн зураг авхуулсан. Би М-ын толгойг хэн яаж хагалсныг мэдэхгүй байна. Том өрөөнд С-ийн найз охинтой юм яриад сууж байхад юм хагарах чимээ гарахаар нь очиход Ө.М-ын толгой нь хагараад нэлээн цус гарчихсан байхаар нь би М-ыг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12х),

Гэрч Б.С-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ ганцаараа байж байхад 14 цагийн орчим манай найз охин М найзын хамт ирсэн. Тэгээд М ажлаасаа буугаад манай ирээд бид дөрөв нэг шил 0,75 литрийн К нэртэй архи ууж байхад манай ах эгч нар ирнэ гэхээр нь М-гийн найз нь явсан. Тэгээд М М бид гурав үлдээд удалгүй манай хүргэн ах Ө орж ирээд М-тай архи уусан байсан. Би тэр хооронд жижиг өрөөнд ороод ганцаараа унтчихсан. Унтаж байхад түс тас гээд юм дуугарахаар нь гарахад М, Ө нар цус нөж болчихсон байхаар нь би Ө-ыг татаад авахад манай эгч цаад өрөөнөөс гарч ирээд М-ыг аваад гараад явсан. Түс тас гээд юм дугарахаар нь гараад харахад Ө М нар л байсан. Яаж цохисныг нь хараагүй. Ямар ч байсан М-ын толгойноос цус гарчихсан байсан. Нүүр нь сайн харж чадаагүй. Ө-ыг татаад авсан чинь М-ыг манай эгч шууд аваад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16х),

Гэрч У.А-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С намайг 14 цагийн орчим гэртээ дуудсан. Би С-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод А-ын хамт очоод хоол хийж өгөөд байж байхад удалгүй О.М-а ирсэн. Тэгээд А- бид хоёр мөнгөө нийлүүлж 0,75 литрийн кулей нэртэй архи авсныг бид дөрөв хувааж ууж байхад С манай ах ирж байгаа найзыгаа явуулчих гэсэн. Тэгээд манай найз А- явсан. Тэгээд удалгүй Ө ах ирээд М-ыг хараад 1 шил Соёрхол 0,75 литрийн архи авч ирээд цуг ууж байсан. Л эгч ороод ирсэн болохоор С бид хоёр жижиг өрөө лүү орсон. Тэгээд М, Ө, Л нар том өрөөнд үлдсэн. Би С-тай жижиг өрөөнд байж байгаад нойл орохоор гарахад Л эгч нааш ир хоол ид юм яръя гэсэн. Тэгээд бид хоёр хоол идэнгээ ойр зуурын юм яриад сууж байхад М Ө нар хоорондоо нэгнийхээ өмнө үерхэж байсан гэх хүмүүсийг яриад ам мурийж байсан. Тэгээд М жилеткээ өмсөөд үүд рүү явахад араас нь Ө очсон. Тэгээд түс тас гээд юм дугарах шиг болсон. Л эгч бид хоёр араас нь очиход М-ын толгойноос цус гарчихсан архины шил хагарчихсан байсан. Л эгч М-ын толгойг бариад гэрээс гарсан. С Ө-ыг татаж аваад үлдсэн. ...О.М-а тонгойчихсон толгойноос нь цус гарсан, Ө гараас нь барьчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10296 дугаартай шинжээчийн:

“1. О.М-ын биед зулайн зүүн хэсэгт шарх, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хх-ийн 22-23х),

Шүүгдэгч Э.Ө-ын яллагдагчаар өгсөн: “...М бид хоёр дэлгүүр гараад Соёрхол нэртэй архи 0,75 литрийн 1 шил архи авч ирээд гэртээ авсан архиа уугаад сууж байхад М намайг эхнэрээсээ сал, та хоёр бүтэхгүй, би Л-д сайн гээд байсан. Би тэгээд М-д хандаж чи хоёр хүүхэдтэй юм байж сонин юм яриад байгаа юм бэ гээд сууж байгаад удалгүй М намайг өөр хүнтэй уулздаг биз дээ гэж эхнэрийн хажууд хэлчхээд үүдэнд сууж байсан. Тэгээд би зайлаач гээд гарахгүй болохоор нь би очиж барилцаж аваад нүүр лүү нь нэг удаа гараа саваад цохисон. Буцаад сууж байсан газраасаа архины шил аваад хөл рүү нь шидэх гэж байгаад гараас халтираад толгойг нь оноод архины шил хагараад хүмүүс орилж босож ирээд бид хоёрыг хоёр тийш нь болгоод манай эхнэр Л гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би М-д эмчилгээний зардалд нь нийт 530,000 төгрөг зарцуулсан. Ажлаа алдсан гэж 100,000 төгрөг нэмж өгч уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-53х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Ө, хохирогч О.М нар нийлж архидан согтуурч байхдаа маргалдсан, улмаар шүүгдэгч Э.Ө нь О.М-ын бие махбодод халдаж, архины шилээр хохирогчийн толгойн тус газар цохих, нүүрэн тус газар өшиглөх зэргээр хүч хэрэглэж, зүй бус авир гаргаснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан уг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.Ө-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Э.Ө нь хохирогчид 500,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням нь Э.Ө-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Э.Ө-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.Ө-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Ө нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ