| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00654/и |
| Дугаар | 00689 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00689
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, Хариад овогт Сандагийн Цэрэнжамц /РД82011119/-д холбогдох
“Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл 2.480.500 /хоёр сая дөрвөн зуун наян мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00514/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Галт сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Цэрэнжамц нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлээс “Мужаан” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 2.259.850 төгрөг, зээлийн хүү 220.650 төгрөг, зээлийн алданги 0 төгрөг нийт 2.480.500 төгрөгийг хариуцагч С.Цэрэнжамцаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Цэрэнжамц одоогийн байдлаар Улаанбаатар хотод эхнэртэйгээ ажил хийж байгаа. Өмнө нь 2016 онд ажиллаж байсан барилгын компаниас 6.000.000 төгрөгийн цалин авч чадаагүй, дахин гэрээ хийж өмнөх цалингаа авах зорилгоор ажиллаж байгаа. Одоо ажил эхлээд 7 хонож байгаа бөгөөд эхний сар ажил хийгээд өмнөх цалингийнхаа 50 хувийг авах гэрээ хийгээд ажиллаж байгаа. Цалингаа аваад боломж бололцоогоороо зээлээ хийнэ. Мөн өмнөх төлөх хугацаанд гэрийн тавилга хийх материал хуш мод дутагдаж мөн зүсвэр хийгдээгүй учраас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Эхний ээлжинд 1.200.000 төгрөгийг төлнө. Зээлийн үлдэгдэл болох 2.480.500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галт сумын Засаг даргын тамгын газар нь С.Цэрэнжамцад холбогдуулан “Сум хөгжүүлэх сан” –аас олгосон зээлийн төлбөр 2.480.500 /хоёр сая дөрвөн зуун наян мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунгэрэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Сум хөгжүүлэх сан” –аас олгосон зээлийн төлбөр 2.480.500 /хоёр сая дөрвөн зуун наян мянга таван зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С.Цэрэнжамцаас 2.480.500 /хоёр сая дөрвөн зуун наян мянга таван зуу/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 54.638 төгрөгийн тал хувь 27.319 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн “Сум хөгжүүлэх сан”-аас олгосон зээл 2.480.500 /хоёр сая дөрвөн зуун наян мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Цэрэнжамцаас 27.319 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН