Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1166

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

улсын яллагч С.Энхням (томилолтоор),

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108014131081 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, хадам ээж, хадам ах, дүүгийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны ... дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн 03 сар 21 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Ц овогт Д-ын Х (РД:...);

Холбогдсон гэмт хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны аркны орчим Б.Б-ийн эзэмшлийн 999,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хүнсний дэлгүүрийн орчим Д.Г-ийн эзэмшлийн 908,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2х), 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хэргийн  газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 4-7х), 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 45х), 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 47-49х),таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (9-15, 52-53х), хохирогч Б.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 21х), Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ц-507 дугаартай дүгнэлт (хх-ийн 29-31х), хохирогч Д.Г-ийн мэдүүлэг (хх-ийн 60х), Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ц-510 дугаартай дүгнэлт (хх-ийн 71-72х), гэрч Н.Ч-ийн мэдүүлэг (хх-ийн 65х), Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/266 дугаартай шүүгчийн захирамж (хх-ийн 178х), Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/18369 дугаартай албан бичиг (хх-ийн 181х), гэрч *******гийн мэдүүлэг (хх-ийн 183х), шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 112х), шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2 хуудас баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны аркны орчим Б.Б-ийн эзэмшлийн 999,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2х),

2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-7х),

Таньж олуулах  ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...хохирогч Б.Б нь 4 дугаартай Д.Х-ыг өөрийг нь дээрэмдсэн хүн мөн байна гэж заасан тухай” (хх-ийн 9-15х)

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ц-507 дугаартай: “...Samsung A52 гар утас-999,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 29-31х)

Хохирогч Б.Б-ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвийн зүүн талд байрлах Б зоогт ажиллаад одоо 2 сар гаран болж байгаа юм. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаа 19 цаг өнгөрч байхад тараад ажлынхантайгаа ажлынхаа хажууд байдаг саравчинд очиж жоохон сууж юм ярьцгааж байгаад 20 цаг болох гэж байхад салаад Цамбагаравын автобусны буудлаас автобусанд суух гэтэл автобус ирэхгүй болохоор нь Хархорингийн автобусны буудал руу замынхаа хойд талаар ганцаараа алхаж байхдаа нэг мөсөн 21 дүгээр хорооллоос Баянхошууны автобусанд суучихъя гэж бодоод хойшоо зам товчлох санаатай Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны аркаар хойшоо гарах гээд гар утсаараа эгчтэйгээ яриад явж байтал архи үнэртүүлсэн нэг эрэгтэй хүн миний гар утсыг булааж аваад зугтаачихаар нь араас нь хөөтөл тухайн хүн Хархорингийн автобусны явган хүний гарцаар урагшаа гүйгээд явахаар нь би араас нь хөөж чадалгүй гарц дээрээс алдсан. Тэгээд би араас нь хартал тэр хүн замынхаа урд гараад зүүн зүг рүү буюу Цамбагаравын зүг рүү гүйгээд явсан. Тэр хүн надад ямар нэгэн хүч хэрэглээгүй. Надад учирсан бэртэл гэмтэл байхгүй. Миний гар утсыг л булаагаад аваад зугтаасан. Миний гар утас Самсунг А52 маркийн гар утас, 2021 оны 06 дугаар сарын дундуур талбайн хажууд байдаг сайн электрониксоос 1,400,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би тухайн авсан үнээрээ үнэлж байна. Миний гар утас гадуураа хөр өнгийн кейстэй, их бие нь хар өнгөтэй гар утас байсан. Ямар нэгэн сэв зураас болон содон шинж тэмдэг байхгүй гар утас байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21х),

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны аркийн орчмоор ганцаараа явж байхдаа нэг үл таних эмэгтэйн гараас Samsung A-52 маркийн гар утсыг булааж зугтаагаад Хархорины бас нэг танихгүй ченжид 150,000 төгрөгөөр худалдаад мөнгөөрөө архи авч уусан. Зарахдаа миний гар утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 112х) зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хүнсний дэлгүүрийн орчим Д.Г-ийн эзэмшлийн 908,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 45х),

2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 47-49х),

Таньж олуулах  ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...хохирогч Д.Г- нь 2 дугаартай Д.Х-ыг өөрийг нь дээрэмдсэн хүн мөн байна” гэж заасан тухай (хх-ийн 52-53х)

Хохирогч Д.Г-ийн “...миний бие 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 20 минутын үед гэрээсээ ганцаараа гараад ... дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах  ... дүгээр  байрны  ... давхарт  байрлах  ажилдаа очихоор  алхаад  ... дугаар хороо Б хүнсний дэлгүүрийн  үүдний харалдаа  замын  зүүн талаар  хойноосоо урагшаа чиглэлтэй алхахдаа  өөрийн Самсунг А-33  маркийн гар утсаа  зүүн гартаа барьчихсан, утсаараа дуу сонсоод явж байтал  гэнэт ардаас  нэг хүний миний гар утсыг  гараас минь  шүүрээд  хойшоогоо буцаад  гүйгээд  байрнууд  дундуур  яваад алга болчихсон. Тэгэхээр нь  би урагшаа 19-н  автобусны буудлын  зүүн талд байрлах  цагдаагийн путек  дээр очиж  дотор нь байсан  цагдаад болсон асуудлын  талаар хэлчхээд  ажил руугаа явсан. Гэтэл ойролцоогоор  1 цаг орчмын дараа  нөгөө цагдаа  миний утас руу залгаад  таны булаалгасан  гар утсыг бид нар олчихлоо гэсэн. Тэр хүн саарал ангийн даавуун  футболктой, зүүн гартаа хар  өнгийн  бугуйвчин цагтай,  хар хөх өнгийн өмдтэй,  хар, саарал өнгийн  найк брэндийн пүүзтэй, бор төрхтэй,  цэнхэр өнгийн  нэг удаагийн  масктай, дэлдэн чихтэй,  өрөөсөн нүд нь давхраатай,  20-30 орчим настай,  170 см  орчим  өндөртэй эрэгтэй  хүн байсан. Надад бол хүч хэрэглээгүй, зүгээр утас булаагаад зугтчихсан” гэх мэдүүлэг (хх-ийн 60х),

2021-07-18-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Д.Г-т  Самсунг А-32 маркийн  хар өнгийн гар утсыг  хүлээлгэн өгсөн тухай” (хх-ийн 56х)

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ц-510 дугаартай: “Samsung А-32 маркийн гар утас-900,000 төгрөг, гар утасны гэр-8000 төгрөг нийт 908,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 71-73х),

Гэрч Н.Ч-ийн: “...Миний бие Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн ... хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажилладаг. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...-н автобусны буудлын баруун талд байрлах цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 10 цагийн үед Г гэх иргэн ирээд “Би сая энэ хойхон талд байрлах Б хүнсний дэлгүүрийн үүдэнд үл таних эрэгтэйд Самсунг А-32 маркийн гар утсаа булаалгачихлаа. Тэр эрэгтэй “California” гэсэн бичиглэлтэй саарал эрээн өнгийн даавуун футболктой, хар хөх өнгийн өмдтэй байсан” гэж хэлэхээр нь тухайн шинж тэмдгээр нь 1 дүгээр хороолол орчмоор эрэн сурвалжилж ажиллаж байгаад хохирогчийн хэлсэн хувцастай  ижил Д-ын Х- (...) гэх этгээдийг шалгаж тодруулахад “Би гар утсыг нь булааж зугтаагаад Хархорин дээр нэг ченжид миний гар утас гэж хэлээд 150,000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Одоо би ченжээ харвал танина” гэхээр нь Х-ыг дагуулж яваад Хархорингийн автобусны буудлын ойролцоо С гэх ченжтэй уулзаад тодруулж асуухад Х-ыг хараад “Би энэ залууг таньж байна. Наад залуу чинь түрүүн ирээд нэг Самсунг А-32 маркийн гар утас гаргаж ирээд миний лизингээр авсан гар утас гэж хэлээд надад 150,000 төгрөгөөр худалдсан. Тэр гар утсыг нь би энд яг хэвээр нь байлгаж байна. Хэрэв энэ гэмт хэргийн гар утас юм бол би одоо танд хүлээлгэж өгье” гэж хэлэхээр нь би хохирогчийн гар утсыг хүлээж авсан. Тэгээд Х-ыг хэлтэстээ хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 65х),

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо “Б” хүнсний дэлгүүрийн үүднээс ганцаараа явж байхдаа нэг үл таних эмэгтэйн гараас Samsung А-32 маркийн гар утсыг булааж зугтаагаад Хархорины нэг ченжид миний гар утас гэж хэлээд 150,000 төгрөгөөр зарсан. Мөнгөө архи авч уугаад дуусгасан. Би уг хоёр хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 112х) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгч Д.Х  өмнө нь энэ төрлийн хэрэгт шийтгүүлж улмаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдож суллагдсан  атлаа гарсан даруйд дахин амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогч нарт хүч хэрэглэхгүйгээр, тэдгээрийн гар утсыг хууль бусаар авч зугтаан, өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Х нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Б.Б-т 999,000 төгрөг, хохирогч Д.Г-т 908,000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хохирогч Д.Г-ийн эзэмшлийн Самсунг Галакси А-52 маркийн гар утсыг иргэн Е.Сд 150,000 төгрөгөөр зарсныг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Б-т 999,000 төгрөгийг шүүгдэгч Д.Хаас төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэв үзэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Мөн гэрч Е.С нь шүүгдэгч Д.Хаас 150,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 1 жил 5 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Өршөөлийн хууль хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 102 хоногийг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялыг оногдуулах, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь хохирол төлбөр төлж барагдуулсан, гэмшиж буй байдал, эрүүл мэндийн хувьд ходоодны өвчлөлтэй болсон, эхнэр нь групп-т байдаг зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Д.Х нь: “ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж  хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Х-т ял шийтгэхдээ учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Х-ын хувьд өмнө энэ төрлийн хэрэгт холбогдон  эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин үргэлжилсэн үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, мөн учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн 03 сар 21 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор  тооцож, 03 сар 21 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгаас гарч явахыг хориглох, Өвөрхангай  аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин  суур газар,  ажлаа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, ...зөрчсөн  тохиолдолд  хорих ялаар  солихыг  шүүгдэгчид мэдэгдсэн  байна.

Гэтэл шүүгдэгч Д.Х уг шийдвэрийг үл биелүүлэн, зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчиж Улаанбаатар  хотын нутаг дэвсгэрт ирсэн, тэрбээр зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдсэн зүйлгүй, баримтгүй байна.

Шүүгдэгч Д.Х нь ийнхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлбэл зохих нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй гарч яван Улаанбаатар хотод ирсэн даруй дахин дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн байх тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаартай “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Х-ын эдлээгийн үлдсэн 102 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцож, 102 хоногийн хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын  хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 102 хоногийн хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Х нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнд дахин зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зохимжгүй, биелэгдэх үндэслэлгүй гэж үзсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтүүдийг хүлэн аваагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 хоног баривчлагдсан, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 122 хоног, нийт 124 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаартай “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Х-ын эдлээгийн үлдсэн 102 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцож, 102 хоногийн хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 102 хоногийн хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 8 (найм) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон 124 (нэг зуун хорин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ