| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2015/00592/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 399
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам, 1 дүгээр хэсэг гудамж, 074 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо 6 дугаар багийн 10 дугаар байрны 00 тоотод оршин суудаг гэх Харчу овогт Загдсүрэнгийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам, 1 дүгээр хэсэг гудамж, 074 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай Боржигон овогт Дагвадоржийн Төрд /МЮ-71060471/ холбогдох
“Газрын оногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 255 шийдвэрээр нөхөр Д.Төрөөс гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгөө хуваалгаж шийдвэрлүүлсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад миний хадам эгч “шүүхийн шийдвэрээр чамд болон чиний хүүхдүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн зохих хэсгийг хуваарилсан байна. Чи байшингийнхаа палкийг өөрт оногдох хэсгийг ав, шүүхийн шийдвэрт газрыг хувааж өгөөгүй байна. Газарт чиний нэр байхгүй юм чинь газраа авч үлдэнэ. Шүүхээс газрыг хувааж өгөөгүй учраас би газраа авч үлдэнэ. Чамд оногдуулахын тулд үл хөдлөх хөрөнгө болох байшинг буулгаж чамд болон хүүхдүүдэд чинь ногдох хэсгийг... тоолж өгнө. Тэрийгээ аваад яв” гэсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран эзэмших дундын эд хөрөнгийн оногдох хэсгийг хуваарилах хүсэлт шаардлага гаргаж газар дээр ийм маргаан үүснэ гэж бодоогүйн улмаас газраас өөрт болон дөрвөн хүүхдэд хуваалгах талаар нэхэмжлэлд дурдаагүй нь буруу боллоо. Иймээс газрын ногдох хэсгийг надад болон миний дөрвөн хүүхдэд мөн адил хувааж өгнө үү, мөн насанд хүрээгүй хүү Г.Батмэндийн эх орны хишиг 20,000 төгрөгийн дэвтрийг Д.Төр нь өөрийн нэр дээр бүргүүлж авсан болохоор уг мөнгө нь хүүхдэд олгогдохгүй эцэг Д.Төр нь авсаар байна. Иймд уг дэвтрийг хүүхдийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.Энхцэцэг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
З.Энхцэцэг миний бие нь тус шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 03-нд газар хуваалгах тухай Д.Төрд холбогдох нэхэмжлэл гаргасан. Одоо газар хуваалгах шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь хариуцагч Д.Төрд холбогдуулан гаргасан “Газрын оногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “...газар хуваалгах шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар З.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Төрд холбогдуулан гаргасан “Газрын оногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА