| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00574/и |
| Дугаар | 00680 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-18 тоотод оршин суух, Боржигон овогт Батдоржийн Ганболд /РЭ69073118/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 12-13 тоотод оршин суух Тогоруутан овогт Батаагийн Батбямба /РХ85032317/-д холбогдох
Гэм хорын хохирол 208.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00574/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Ганболд, хариуцагч Б.Батбямба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн засмал замд “Аксент” маркын 39-77 ХӨВ дугаартай машинтай явж байхад иргэн Бат овогтой Батбямба нь эсрэг урсгалаас орж ирж миний машины зөв талын крелан, урд гупер, дохионы гэрэл зэрэг эд ангийг гэмтээж надад 208.500 төгрөгийн хохирол учруулсан юм. Тухайн үед замын цагдаагийн албанд мэдэгдэж газар дээр нь үзлэг хийж ахлах дэслэгч Баттулга иргэн Батбямбыг Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэсэн дүгнэлт үйлдсэн юм. Хохирлын мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул хохирлын мөнгө 208.500 төгрөгийг иргэн Б.Батбаямбаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хархираа” дэлгүүрийн орчимд засмал замаар явж байтал эсрэг урсгалаас Б.Батбямба нь приус 10 маркийн машинтай ирж мөргөсний улмаас миний машины урд гуфер, зүүн урд кирлан, дохио зэрэг эд ангиудад гэмтэл учруулсан. Би Б.Батбямыг засуулаад өгье гэхээр нь засварын газарт очиж 3 хоног хүлээгээд харсан боловч засаж өгөөгүй, өөрөө засаж авсан. 208.500 төгрөгийн үнэлгээ гарсан боловч би өөрт учирсан бодит хохирол болох 150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Б.Батбямба шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр хороонд 3977ХӨВ дугаартай машиныг мөргөж гэмтээсэн нь үнэн. Гэхдээ би янзлуулж өгье гэхэд би янзлуулахгүй солиулна гээд зүтгэсээр байгаад өөрөө янзалсан байсан. Үнэхээр янзлуулах боломжгүй болсон бол би сольж өгье гэсэн. Дохионы гэрлээс бусад нь бүгд янзлах боломжтой байна. Би үүнийг төлж чадахгүй үүнээс болж би жолооныхоо эрхийг хасуулж торгуулсан бөгөөд амьдралаа залгуулдаг ганц эрхээ хасуулсан гэжээ.
Хариуцагч Б.Батбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр өдөр явж байгаад мөргөсөн нь миний буруу юм. Би засварын газар аваачаад янзлуулаад өгье гэсэн чинь Ганболд гуайн эхнэр нь үгүй бүгдийг нь солиулна гэсэн. Дохио нь бол хагарсан байсан. Үүнийг нь шинээр авч өгнө гэж бодож байсан. 3000 төгрөг байдаг дохиог 15.000 төгрөгөөр үнэлэх гэх мэтээр үнийг хөөрөгдсөн тул би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Эвдэрч гэмтсэн эд ангиуд болоод засварын ажлын хөлсөнд нийт 60.000 төгрөгийг төлнө. Үлдэх мөнгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Б.Батбямбад холбогдуулан гэм хорын хохирол 208.500 /хоёр зуун найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 150.000 төгрөгийг хариуцагч Б.Батбямбаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь зам тээврийн осол болсон эсэх талаар болон эвдэрсэн эд ангийн талаар маргаагүй ба харин машины эд зүйлийн үнэлгээ, засварын ажлын хөлс зэрэг нь хэт өндөр байгааг зөвшөөрөхгүй, засварын ажлын хөлс, эвдэрсэн эд ангийн үнэнд нийт 60.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэж маргаж байна.
Зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгч Б.Ганболдын жолоодож явсан 39-77 ХӨВ улсын дугаартай “Аксент” маркийн автомашинд гэмтэл учирсны улмаас түүнд хохирол учирсан болох нь нэхэмжлэгч Б.Ганболдын “....2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хархираа”дэлгүүрийн орчимд өөрийн 39-77 ХӨВ улсын дугаартай “Аксент” маркын машинтай явж байх үед Б.Батбямба Приус 10 маркийн машинаар ирж мөргөн зам тээврийн осол гаргаснаас эд хөрөнгөөрөө хохироод байна....” гэх тайлбар, мэдүүлэг,
Хариуцагч Б.Батбямбын “....Зам тээврийн осолд би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Ганболд нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Б.Батбямбаас шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ганболд нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хийсэн “Эд зүйлийн үнэлгээ”-д дурдагдсан урд гуфер, зүүн урд кирлан, дохио зэргийг худалдан авахад гарсан зардал, машин засварлуулахад гарсан ажлын хөлс зэрэг өөрт учирсан хохирлоо арилгахад гарсан зардлыг шүүхэд баримтаар ирүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч Б.Батбямба нь нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн учраас түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Батбямбаас 60.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч –д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Батбямбаас 60.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбямбаас 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Г.ДАВААХҮҮ