Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 43

 

 

                                

                                     

                                                   

 

                                              

                                  

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Хохирогч О.Ганзориг,

Хохирогч Б.Түмэннасан,

Хохирогч нарын өмгөөлөгч М.Баяраа,

Шүүгдэгч А.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Бадраа,

Шүүгдэгч Г.Билгүүн, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Шинжээч эмч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөргөл овогт Ганболдын Билгүүн, Эрдэнэ овогт Алтанхуягийн Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн 201526030816 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, 4 настай хүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхон, амины орон сууцны 37 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Мөргөл овогт Ганболдын Билгүүн /РД:НЩ91071719/,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн эрх зүйн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 хороо, Нуурын 4 дүгээр гудамж 38 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо 81-107 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Эрдэнэ овогт Алтанхуягийн Дөлгөөн /РД:МК91102612/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Г.Билгүүн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхины өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “эмэгтэй найз нарыг өдөж хоргоолоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан О.Ганзоригийн нүүр лүү нь цохиж, биед нь хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтлийг,

Мөн А.Дөлгөөнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүрлүү цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлийг тус тус учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч А.Дөлгөөн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхины өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “найз Билгүүнийг цохилоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Билгүүнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүрлүү цохиж зодон биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч А.Дөлгөөний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 02.00 цагт Дөлгөөн гээд эмэгтэй найзын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооллын “Home plaza”-ийн тэнд байрлах “Минт” бааранд ороод 02:30 минутын орчим Билгүүн найзыгаа гэрээс нь дуудсан юм. Тэгээд 50 гр виски ууж байгаад 03:00 цагийн үед тамхи татахаар бааран дотор байрлах тамхины өрөө лүү орсон. Тэнд ороод удаагүй байж байтал Билгүүн нь миний ард унахад нь “түүнийг нэг хүн цохьчихлоо” гэж бодоод эргээд хартал өндөр залуу /хохирогч Түмэннасан/ зогсож байхаар нь “яаж байгаа юм бэ” гээд би түүнийг 2 удаа цохисон боловч нэг удаад нь оноогүй, хий цохисон. Дараа нь би Билгүүнээс “яасан” талаар нь асуухад “тэр өндөр залуу чинь охидуудыг хоргоогоод байхаар нь муудалцсан” гэж надад хэлсэн.  

Тухайн үед би их согтоогүй, болсон явдлыг сайн санаж байна. Миний хувьд Билгүүн хохирогч Ганзоригийг цохиж, зодсон, түүнтэй маргалдсан үйлдлийг хараагүй. Мөн би буруу хараад зогсож байтал Түмэннасан нь Билгүүнийг цохих шиг болоод Билгүүн саваад унасан. Тэгэхээр нь би Түмэннасан луу түүнийг манай найзыг цохичихлоо гэж ойлгоод “яаж байгаа юм бэ” гэхэд тэр “ална шүү” гэхээр нь найз Билгүүнийг өмөөрсөн юм.

Одоо би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Түмэннасангийн гаргасан баримтын дагуу эмчилгээний хохиролд 2.462.000 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Г.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 02:30 минутын үед найз эрэгтэй Дөлгөөн, эмэгтэй Дөлгөөн нар над руу залгаад “Хан-Уул дүүрэгт байрлах “Минт” бааранд хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд тэнд очоод эрэгтэй Дөлгөөн бид хоёр баарны текэн дээр 50 гр, 50 гр-аар виски авч уугаад тамхины өрөө рүү орсон. Тамхи татаад зогсож байтал Мандхай гэх эмэгтэй найз, найз охидуудтайгаа тэнд байсан. Гэтэл Мандхай нь намайг дуудаад “энэ хоёр залуу биднийг доромжлоод байна” гэхэд нь Түмэннасан, Ганзориг нар дээр “юу болсон бэ” гэж асууж очоод би Ганзоригтой муудалцаад, түүний зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохьчихоод, би өөрөө хойшоо саваад унасан. Босож ирэхэд миний санаж байгаагаар нэг нь нүүр лүү хальт өшиглөх шиг болсон. Тэгээд би Түмэннасанг цохих гэж дайртал гаднаас баарны хамгаалагч нар орж ирээд биднийг салгаад аваад гарсан.

Тамхины өрөөнд энэ хоёр залуу бид нарыг “муухайгаар хэлж доромжиллоо” гэж надад Мандхай хэлсэн юм. Би хэлж байхыг нь хараагүй. Намайг Ганзоригийг цохих үед би Дөлгөөний хажууд саваад унасан.

Нэг харсан чинь Дөлгөөн Түмэннасантай барьцалдсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ганзоригийн эмчилгээний болон бусад зардалд хэрэгт байгаа баримтын хэмжээнд 2,0 сая төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Би хохирогч Ганзоригоос уучлалт гуйсан. Маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч О.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 09 дүгээр сарын 11-ний орой ... “Минт” баарны лоунжид жаахан суухаар болоод найз Ууганбаяр, Түмэннасан бид гурав явсан. Тэнд очоод 50 гр, 50 гр-аар 2 удаа цагаан архи авч уугаад хэсэг юм ярьж сууж байтал Ууганбаярын гэр бүлийнх нь хүн дуудаад байна гээд Ууганбаяр гараад явсан. Тэгээд удалгүй Түмэннасан бид хоёр тамхи татахаар баарны тамхины өрөөнд ороход Түмэннасан таньдаг хүнтэйгээ таарлаа гээд, нилээд удаан юм яриад зогсож байсан.  Дараа нь дахиад нэг хүнтэй юм яриад зогсоод байхад нь би “юу хийгээд байгаа юм бэ” гэхэд “таньдаг хүнтэйгээ таарлаа” гэсэн.

Гэтэл нэг залуу ирээд “та хоёр намайг таньдаггүй юм уу” гэж хэлэхээр нь би “чамайг танихгүй юм байна” гэсэн чинь Түмэннасан намайг 2 цохиход би ухаан алдсан. Гэтэл баарны хамгаалагч нар намайг өргөөд гадаа гаргасан. Тэгээд би хамраа үзэхэд хавдчихсан, хамаргүй болчихсон байхаар нь такси бариад Гэмтлийн эмнэлэг дээр очоод анхны тусламж авсан. Тэнд очоод үзүүлэхэд манай хажуу талын эмнэлэг дээр очоод томографикын зураг авахуулчихаад ирж үзүүл гэсэн. Би зургаа авахуулахаар хажуу талын эмнэлэг дээр очтол 04:00 цаг өнгөрч байсан тул тэндээ хүлээж байгаад өглөөний 08:30 минутанд хамрынхаа томографикын зураг авхуулаад, буцаад гэмтлийн эмчид үзүүлэхэд гавлын ясанд гэмтэл авсан байна гээд намайг тархины тасагт хэвтүүлсэн.

Нэг дэх өдрийн өглөө тархины тасгийн эмч нь ирж үзээд гавлын ясанд буюу тархиндаа цус хуралттай байна, манайх цусны бөөгнөрлийг харж чадахгүй тул эхний ээлжинд 1 дүгээр эмнэлэг рүү явж нүдний хагалгаанд ор гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр эмнэлэгтээ хэвтэж байх үедээ буюу тэр долоо хоногтоо нүд болон хамрын ясны хагалгаанд бүтэн мэдээ алдуулж зэрэг орсон. Тухайн үед нүүрний тал хэсэг ямар ч мэдээгүй болсон учир эмчээс асуухад “мэдрэлийн судаснууд чинь тасарсан, аажимдаа сэргэнэ” гэсэн хариу өгсөн.

2015 оны 09 дүгээр сарын 12-ноос 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл би хоёр нүдээрээ аливаа зүйлийг хоёр болгож хардаг болсон тул эмнэлгийнхээ бичгийг үзүүлээд ажлаасаа 3 сарын хугацаатайгаар чөлөө авсан. Би гадаадаас ирээд удаагүй, тухайн рестораныг амжилттай ажиллуулна гэсэн гэрээтэйгээр нээгээд эхний 1 сар хиртэй ажиллаж байгаад энэ хэргийн хохирогч болсон. Миний бие арай гайгүй болохоор нь утсаараа зөвлөгөө өгч ажиллуулдаг байсан. Зөвхөн энэ ресторан ч биш хэд хэдэн рестораныг хариуцаж байсан болохоор уг ажлыг орхих надад маш хэцүү байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийх боломжгүй болсон.

Одоо авсан гэмтлээс болоод хацар болон уруул, дээд талын шүд, буйл, мөн хамар зэрэг орчимд бүрэн мэдээ орохгүй байна. Үүнийгээ би Солонгос эмчид үзүүлсэн ба сүүлд ЮНЕСКО-ээс Төмөр замын эмнэлэг дээр ирсэн Франц эмчид үзүүлэхэд “чи маш ихээр амрах хэрэгтэй, амарч байж эд эс чинь сэргэнэ” гэж хэлсэн. Өнөөдөр Монголын нийгэмд амраад байж болохгүй тул “АСЕМ вилла”-гийн 53 орны төрийн тэргүүний хоол хүнсэнд зөвлөхөөр нэг сар гаруй их ачаалалтай ажилласан тул буцаад биеийн байдал сайнгүй болсон.

Хохирлын хувьд: Гэмтлийн эмнэлгээс 1 дүгээр эмнэлэг рүү шилжиж хагалгаанд орсон бүх зардлууд 1,5 сая төгрөг болсон. Үүн дээр эм тарианы зардлыг оруулаад нийтдээ 2.0 сая төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Үүнээс гадна ар гэрийнхэн эргэж ирсэн, бариа засал дээр ямар нэгэн баримт өгдөггүй юм билээ. Миний биед ямар ч өөрчлөлт гарахгүй байхаар нь дахиж эмнэлэгтээ хандахад “3 сар гаруй болоход өөрчлөлт гараагүй байх тул дахин хагалгаанд орох шаардлагатай” гэсэн хариу өгсөн. Мөн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх эмнэлгийн магадлагааг хэрэгт өгсөн байгаа.

Зүүн нүдний ухархайн доод хана цөмөрч хугарсан байсан тул зүүн нүдний ухархайн доод хананд зузаан төмөр имплант тавьсан, одоо сольж нимгэнийг тавьж үзэх үү” гэхэд нь “би ямар туршилтанд орж байгаа биш гэж бодоод “гадагшаа гарч эмчлүүлмээр байна” гээд Солонгос руу шинжилгээний баримтуудаа явуулж эмнэлэгт хандахад уг гадаадын эмнэлэг нь “бид танд 100 хувийн баталгаатай хагалгаа хийнэ, хамгийн гол нь хүний хийсэн нүдний хагалгаанд 100 хувийн баталгаа өгч чадахгүй. Харин хамрын хагалгаанд чинь 100 хувийн баталгааг өгч, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хагалгаа хийнэ” гэсэн хариу өгсөн юм. Солонгос улсад хагалгаа хийлгэхэд доод тал нь 7-8 сая воны шаардлагатай гэж хариу бичгээр ирсэн. 

Би 8-9 сар ажилгүй байсан тул гадаад улсад хагалгаа хийлгэх ямар ч мөнгөгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хийлгэж чадаагүй. Би Билгүүнд 2 удаа цохиулснаар зүүн нүдний ухархай цөмөрч, хамар хугарсан байгаа тул Билгүүнээс эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Би өнөөдрийн байдлаар шүүгдэгч Билгүүнээс нийтдээ 2.0 төгрөг авсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа 3 сарын цалингүй чөлөө авсан, үүнээс болоод цаашдаа ч мөн адил ажиллах боломжгүй болсон тул ажилгүй байсан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний төлбөр, сэтгэл санааны хохиролд нийт 9,0 сая төгрөг нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй байна.  

Чөлөөний хугацаа дуусахад биеийн байдал дээрдээгүй тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр байгууллагадаа гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Миний ажиллаж байсан компанийн зүгээс “та 6 сар ажиллаж, нийгмийн даатгал төлөөгүй тул ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргах боломжгүй, харин эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөх боломжтой” гэж хэлсэн.

Билгүүн хэрэг гаргах тухайн үед надад “чи яагаад энэ эмэгтэйчүүдийг өдөж хоргоогоод байгаа юм бэ” гэсэн зүйл хэлээгүй, харин “намайг энэ газрын бүх хүмүүс таних ёстой, та хоёр намайг таньдаггүй юм уу, та хоёр одоо юу вэ” гэж хэлж байсан. Миний хувьд тэнд байсан эмэгтэйчүүдийг өдөж хоргоосон зүйл байхгүй.

Одоо ажилгүй байсан хугацааны цалин 6,0 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,0 сая төгрөг, Солонгос улсад зөвхөн хамрын хагалгаа, эмнэлгийн ор, хоногийн төлбөр нь ороод 8.0 сая вон болно гэсэн. Мөн нүдний хагалгааны зардал хэдэн төгрөг болохыг нарийн тооцоолж мэдэхгүй байна. Иймээс би шүүгдэгч Билгүүнээс хохиролд нийт 30.0 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч Б.Түмэннасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23:00 цагийн үед Ганзориг, бид хоёр ресторанаа хааж байхад найз Ууганбаяр ирээд, бид гурав “Минт” бааранд орсон. Тэнд байж байгаад хэсэг хугацааны дараа Ууганбаяр ажлын шаардлага гараад явсан. Ганзориг бид хоёр уух юмаа дуусгачихаад тамхи татахаар тамхины өрөө рүү орсон. Тэнд би хуучны найзынхаа эхнэр Уянгаатай таараад “би гадаадад олон жил явчихаад ирсэн болохоор ямар дугаар дээр байгааг мэдэхгүй байна. Иймд холбоо барих утасны дугаарыг нь өгөөч” гээд энэ тэр зүйл яриад байж байсан. Тэр тухайн үед бид хоёрыг юм яриад тамхины өрөөнд зогсож байтал Мандхай, Дөлгөөн нарын гурван охин орж ирсэн. Тэд нилээд их согтолттой байсан. Гэтэл нэг эмэгтэй нь “чи манай эгчийг тайван байлга даа, зайл даа” гээд хэл амаар доромжилсон байдлаар хэлсэн. Би тэр үед нь “манай найзын эхнэр байна” гэж тэр гурван охинд ойлгуулах гэж хэлэхийг оролдсон боловч нэг нь намайг түлхсэн.

Миний хувьд шүүгдэгч Дөлгөөн, Билгүүн нарын хэлснээр “тэр хэдэн охидуудыг хамт явъя” гэж өдөж хоргоосон, хэл амаар доромжилсон, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн зүйл байхгүй. Ганзориг надад “наад хэдэн охидуудтай ойлголцохгүй юм байна, наашаа ир” гээд намайг татсан. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байтал цаанаас Билгүүн нь ирээд “юу болсон, охидуудыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл хийгээд, хариу хэлэхийн завдалгүй Билгүүн Ганзоригийг 2 удаа гараараа нүүрэн тус газарт нь цохиход Ганзориг нүүрээ дараад доошоо унаад суусан.

Тэр үед Минт баарны хамгаалагч нар ирээд салгасан боловч  Билгүүн буцаж ирээд намайг 2 удаа цохьсон. Ингэхдээ өөрөө хий саваад хөл алдаад халтираад унасан. Тэр үед тус баарны хамгаалагч нар намайг барьчихсан байхад Дөлгөөн ирж мөн миний нүүрэн тус газарт 2 удаа цохьсон. Билгүүн, Дөлгөөн нарыг хамгаалагч нар таньдаг юм шиг байна лээ. Хамгаалагч нар хоёр хохирогчийг бариад Билгүүн, Дөлгөөн нарыг барьж болиулаагүй.

Ганзоригийг баарны хоёр хамгаалагч мөрлөөд аваад гарахад нь би “Билгүүн, Дөлгөөн нарыг явуулж болохгүй шүү” гэж хэлсэн боловч Билгүүн нь шууд зугтаасан. Харин Дөлгөөнийг би барьж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр Дөлгөөний хамт очиж, маргааш нь гомдлоо гаргасан.

Ажлаа хийх боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр гарсан. Мөн “АСЕМ” виллагийн төсөл дээр хүнсний зөвлөх, сургагч багшаар Ганзориг бид хоёр 2 сар ажиллаж байх хугацаанд Билгүүний ээж нь ирж нэг удаа уулзсан.  Харин Дөлгөөнтэй хэд хэдэн удаа “уулзая” гэсэн боловч Дөлгөөн өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрөөр ирээд “би нялх хүүхэдтэй, намайг нэг уучлаач” гэж хэлж байсан. Үүнээс өмнө албан ёсоор ирж уулзаж байсан удаагүй. Дөлгөөн, Билгүүн нар хоёулаа намайг цохьсон. Энэ хоёрын үйлдлээр надад гэмтэл учирсан. Одоо миний хамар байнга битүүрнэ, шүд сууриараа хөдөлж сэтэрсэн, тухайн үед шанааны ясанд гэмтэл гараагүй ч гэсэн одоо байнгын хөндүүр зовиуртай байдаг. “ЭМЖЖ” гэж чих, хамар, хоолойн эмнэлгээр томографикийн зургаа авхуулан эмчлүүлж, тэр эмнэлгийн зардлыг гаргасан. Найз Ганзоригийн Монголд хийлгэсэн мэс засал эмчилгээ үр дүнгүй болсныг хараад миний хувьд гадаадад эмчлүүлэхээр болж Солонгос улсын эмчид хандсан. Нэг ч эмчилгээний зардал төлөгдөөгүй байж байгаа өмнөх шүүх хуралдааны өглөө Билгүүн “2.0 төгрөг данс руу чинь хийе” гээд төлсөн байгаа. Хэрэгт авагдсан баримтаар гарсан зардлыг төлсөн гэх боловч миний хувьд хохирол бүрэн барагдсан гэж үзэхгүй байна. Солонгос улсад хамрын хагалгаанд орох эмчилгээний зардал 7-8 сая орчим вон болно гэсэн. Иймээс одоо Билгүүн, Дөлгөөн нараас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд нийт 14.720.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

5. Шинжээч эмч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Хохирогч О.Ганзоригийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба нэг удаагийн хүчин зүйлээр үүсэх боломжтой юм. Мохоо зүйлд нь хүний гар орно. 455 дугаартай дүгнэлтээр хацар ясны хугарлыг хугаралгүй гэж гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Дүрс оношилгооны эмч Түвшинжаргалын гаргасан дүгнэлтийг үндэслэн дээрх дүгнэлт гарсан байсан. Өмнөх 2 удаагийн 1298, 13235 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан гэж санал нэгтэй дүгнэсэн. Ганзоригийн биед учирсан хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралтай, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугаралтай. Зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал гэмтэл учирсан талаарх 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан байгаа.  

Гайморын хөндийн хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба  хамрын ясны хугарал, ухархайн ханын цөмөрсөн хугарал зэрэг нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Ганзоригийн биед учирсан баруун ухархайн ханын хугарал нь хуучин хугарал байсан. Энэ нь түүний нүүрний зүүн хэсэгт учирсан хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралтай, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугарал гэмтлүүдтэй хамааралгүй, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжгүй юм. Энэ талаар 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 775 дугаартай дүгнэлтэд тодорхой бичсэн байгаа.  

Хохирогч Түмэннасангийн биед учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргаагүй ч гэсэн шүүх эмнэлгийн эмчийн хувьд асуултанд хариулахад хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх гэх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм. Хэрэгт байгаа дүгнэлтээс харахад хамар яс, дээд уруулын язарсан шарх зэрэг нь нэг удаагийн үйлдлээр үүсэхгүй, эрхтний байрлал нүүрний өөр өөр хэсэгт байгаа учир нэгээс дээш удаагийн буюу хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүд эмтэрсэн нь дангаараа гэмтлийн зэрэгт тооцогдохгүй. Ер нь хүний хамрын яс нимгэн байдаг тул нэг удаагийн үйлчлэлээр хугарах боломжтой юм...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201526030816 дугаартай хэргээс:

 

            1. Хохирогч Б.Түмэннасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд 01 цагийн үед Ганзориг, Ууганбаяр гэх 2 найзын хамт ороод 100 гр-р архи уусан. 02 цагийн үед “найз ирчихлээ” гээд Ууганбаяр яваад өгсөн. Бид 2 юмаа ууж, бүжиглэж байгаад тамхи татах гээд тамхины өрөөнд орсон. Тэнд ороод Хасаа найзынхаа эхнэртэй тааралдаад юм яриад, тамхи татаад зогсож байхад гаднаас 3 эмэгтэй орж ирээд хажуугаар гараад урд талд хэсэг зогсож байгаад нэг охин нь над дээр ирээд “манай эгчийг залхаагаад байна, зүгээр орхиод зайлчих” гэж хэлсэн.

Тэгэхээр нь тэр охинд “таньдаг хүнийхээ эхнэртэй нь юм яриад зогсож байна” гэж тайлбарласан. Тэгтэл тэр охин удаа дараа “чи хүн залхаагаад байна, зайлчих” гээд байсан. Би дахин тайлбарлаад юмаа ойлгуулах гэхэд намайг арагш нь түлхсэн. Ганзоо ч “юу болоод байгаа юм” гэсэн чинь тэр охины найз нар нь ирээд “юу болоод байгаа юм” гэхээр нь бид хоёр харилцахаа болиод найз нартайгаа юм яриад зогссон.

Тэгээд Ганзоотой юм яриад зогсож байхад нэг залуу нь ирээд Ганзоогоос юм асуух шиг болоод, тэр залуу зай авч байгаад Ганзоог шууд цохиод авсан. Ганзоо доошоо нүүрээ дараад тонгойсон. Тэгтэл үргэлжлүүлээд тэр залуу миний нүүрэн тус газар нэг цохисон. Тэр үед хамгаалагч нар намайг барьж авсан. Энэ үед бас нэг нэг найз нь үсэрч орж ирээд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хамгаалагч нэмж орж ирээд салгасан. Одоо баримттайгаар 2.462.010 төгрөгийн зардал гарсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Билгүүн, Дөлгөөн гэж хоёр залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х, 110-111х, 144х/,

 

2. Хохирогч О.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд 01 цагийн үед Түмэннасан, Ууганбаяр гэх 2 найзын хамт ороод 50 гр-р хоёр удаа цагаан архи авч уусан. Бааранд орохын өмнө ажил дээрээ 50 гр-р  архи бид 3 уусан байсан. Би Минт баарны тамхи татдаг өрөөнд Түмэннасангийн хамт тамхи татаад зогсож байхад 2 танихгүй залуу Түмэннасантай юм ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би Түмэннасангаас “энэ хүнийг таньдаг юм уу” гэхэд хажуунаас туранхай биетэй залуу нь “намайг таньдаггүй юм уу” гэхэд нь би “чамайг танихгүй юм байна” гэсэн.

Тэгтэл тэр залуу гараа далайсан бөгөөд арай цохичихгүй байгаа даа гэж байтал миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Би ухаан алдсан бөгөөд нэг ухаан ороход баарны бүр гадаа гарсан байсан. Өндийхөөр толгой эргээд, яаралтай эмнэлэг орохгүй бол болохгүй юм байна гэж мэдрээд, би такси бариад гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход миний нүүр гар, хувцас битүү цус болсон байсан бөгөөд эмч томографикийн зургаа авхуулаад эргэж үзүүлээрэй гэсэн. Маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлээд яваад очиход яаралтай эмнэлэгт хэвт гэхээр нь хэвтсэн.

Түмэннасан бид хоёр бүжгийн талбай дээр гарч бүжиглээгүй. Лоунжийн хэсэгт сууж байгаад тамхины өрөө рүү орсон. Тэнд би ямар ч эмэгтэйтэй юм яриагүй, харин Түмэннасанг юм ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Одоогоор эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, харин бусад урсгал зардал 1.000.000 төгрөг болж байна. Би маш их гомдолтой байна.” гэсэн  /хэргийн 22-23х/,

“...Би Үлэмж ХХК-нд ерөнхий тогоочоор ажилладаг. Хүнд зодуулснаас хойш ажлаа хэвийн хийж чадахаа болиод 3 сарын чөлөөний хугацаа дуусгаад өөрийн хүсэлтээр гарсан. Миний үндсэн цалин 2.0 сая төгрөг, орлогын нэмэгдэлтэй нийлээд 3 сая төгрөгийн цалин авдаг байсан.  Би 3 сарын ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би нүдний хагалгаатай хамт хамрын хагалгаанд орсон. Надад одоогийн байдлаар эхний хагалгааны зардал болох 1,5 сая төгрөг Г.Билгүүн өгсөн. Дээрх мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-109х/,

 

3. Гэрч Г.Алтанзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2015 оны 09  сарын 11-12-нд шилжих шөнө Оюунаа, Мандхай нарын хамт 23:00 цагийн үед Минт бааранд орсон. Бид нар нэг шил виски авсан бөгөөд тэр вискинээс би бараг уугаагүй. Текэн дээр Билгүүнтэй тааралдсан. Тэгж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай 2 найзын бөгснөөс базаад танилцъя гэсэн бөгөөд тэр 2 залуу нилээн согтуу байсан. Бид нар нүүр өгөөгүй. Хэсэг хугацааны дараа тамхины өрөө рүү орсон.

Тэгтэл тэр залуустай тааралдсан. Өндөр нуруутай Түмэннасан гэх залуу нь мөр рүү цохиод хоргоогоод байсан боловч бид нар тоогоогүй бөгөөд Мандхайг хоргоогоод байсан. Энэ үед Билгүүн ирсэн. Тэгэхээр нь Мандхай өөрийн найз залуу болох Билгүүнд энэ талаар хэлсэн. Намхан нуруутай Ганзориг гэх залуу нь Мандхайгийн гутал руу шүлсээ  хаяад, гараараа заагаад “наад янхануудаараа яах гээд байгаа юм, моож” гээд хэл амаар доромжилсон. Бид нарын эрх чөлөөнд халдсан. Тэр залууд Билгүүн хандан “эмэгтэй хүмүүсийг ингэж хэлж болохгүй шүү дээ, болиоч” гэж хэлсэн. Нөгөө залуу нь Билгүүнээг газар унагасан. Тэгээд бужигналдаад эхлэхээр нь бид нар ширээ рүүгээ явсан. Билгүүн, Дөлгөөн хоёр зодоон хийсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

4. Гэрч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө өөрийн найз залуу Дөлгөөний хамт 01:00 цагийн үед Минт бааранд орсон. Бид хоёр 50 гр архи уусан. Тэгж байтал Билгүүн орж ирсэн. Билгүүн 50 гр архи уусан. Бид 3 тамхилъя гээд тамхины өрөө рүү орсон. Тэгээд Билгүүн тэр өрөөнд хэдэн охинтой юм ярьж байсан бөгөөд өндөр, нам хоёр залуутай зууралдсан. Удалгүй хамгаалагч орж ирээд салгасан. Билгүүн хэнийг, хаана яаж цохисныг хараагүй. Дөлгөөн бол зодооныг салгаж байсан. Билгүүн надад хэлэхдээ “найз охидоо өмөөрсөн” гэж хэлж байсан. Билгүүний найз охидыг нь оролдоод, биед нь хүрээд, хэл амаар доромжилсон, тэгэхээр нь өмөөрсөн” талаараа хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

 

5. Гэрч Г.Мандхайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 09 сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд найз охин Ариукагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Алтанзаяа, Оюун, бид нар 23-24 цагийн үед орсон. Бид нар бааранд ороод 200 гр виски авч уучихаад,  бүжгийн талбай дээр бүжиглэж байхад араас хэдэн залуучууд тохойлдоод, өдөөд хоргоогоод байсан. Тэгж байснаа миний бөгсийг базаад авахаар нь эргээд харсан чинь нэг малгайтай намхан залуу зогсож байсан бөгөөд миний өмсөж явсан пүүз рүү нэг залуу нь шүлсээ хаясан. Бид нар уурлаад явахад бид нарын араас “үү аа” гээд орилоод байсан.

Бид нар уух юмаа ширээн дээр тавьчихаад, тамхи татахаар тамхины өрөө рүү орсон. Бид нар ороод тамхи татаад зогсож байхад нөгөө өндөр залуу нь ирээд Оюукатай хэрэлдээд байсан. Бид нар “яваач” гэж зөндөө хэлсэн. Гэтэл цаанаас намхан найз нь “наад Улаанбаатарын янхануудаа орхи, моож нар байна” гэж хэлсэн.

Энэ үед Билгүүн орж ирсэн бөгөөд би энэ талаар найз залуу Билгүүндээ хэлсэн. Билгүүн тэр залуучуудад хандан “явчихаач” гэж хэлж байсан. Өөр юу ярьж байсныг нь сонсоогүй. Тамхиа татаж байгаад харсан чинь гэнэт л зодоон болж байсан.  Хэн нь хэнийгээ цохиод байгааг би анзаараагүй.  Бид нар бага зэргийн архи уусан байсан. Харин Алтанзаяа эрүүл байсан. Билгүүн ч эрүүл байсан. ...Тэр өндөр залуу найгаад л их согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

6. Гэрч Б.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өөрийн найз болох Мандхай, Алтанцэцэг нарын хамт 2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө 23 цагийн үед Минт бааранд орсон. Бид нар нэг шил виски уусан. Тэгж байгаад бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тэр өндөр залуу биенд гараараа хүрээд, түшээд хоргоогоод байсан. Тэгэхээр нь уурлаад “холд” гээд өндөр залуутай маргалдсан. Тэгж байгаад Мандхай, Алтанзаяа бид нар тамхины өрөө рүү тамхи татахаар ороход тэр өндөр залуу, намхан залуутайгаа байсан. Өндөр залуутай нэг хүүхэн юм яриад зогсож байсан. Бид нар тамхиа татаж байхдаа тэр өндөр залууд хандан “бид нарыг танихгүй байж, архи уучихаад бид нарыг хоргоолоо” гээд маргалдсан.

Тэгээд тэр залуугаас зайгаа аваад буланд очоод зогссон. Тэгтэл тэр араас хүрч ирээд баахан олон үгээр доромжилж, “та нар дуртай байж худлаа маяглаад” гэж хэлээд ойртоод байхаар нь цаанаас нь намхан залуу нь тэр өндөр залууг “явъя, наад моож янхан охидоо орхи” гэж хэлэхэд Билгүүн орж ирээд, бид нарыг өмөөрөөд өндөр залуутай нь юм яриад маргалдсан. Тэгж байгаад тэр 2 залуугийн нэг нь Билгүүнийг түлхсэн. Билгүүн хойшоо газар савж унасан бөгөөд босч ирээд нэг залууг нь цохисон. Тэр хоёр залуу согтуу байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

 

7 . Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. Орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Калифорния 2 ресторанд очоод найз нар болох Ганзориг, Түмэннасан нартай уулзсан. Ресторанд нь бид 3 уулзаагүй удсан учраас нэг хүн 50 орчим грамм архи уусан.  00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд бид 3 орсон. Бааранд ороод дахиад бид 3 нэг хүний 50 орчим грамм архи авч уусан. Би тэндээс түрүүлж гараад гэртээ харьсан. Маргааш өглөө нь Түмэннасан руу ярихад “намайг явсны дараа хүнд зодуулсан” гэж ярьж байсан.

 Ганзориг маргааш нь эмнэлэгт хэвтсэн гэсэн. Эмнэлэгт хэвтсэн байхад нь очиж уулзахад хагалгаанд орох гэж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед Ганзоригийн хамар, нүд орчим хөхөрсөн харагдсан. Ганзориг, Түмэннасан нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв авч явдаг хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 145-146х/,

 

8. Гэрч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Ганзориг гэж хүний толгойн томографын зургийг үзэхэд зүүн ухархайн доод хананы шинэ хугаралттай, үүнээсээ зүүн хоншоор ясны бусад гайморын хөндийд шинэ цус хуралттай, салстын хавантай. Зүүн ухархайн өөхөн эдэнд гэмтлийн гаралтай хий хавантай, зүүн духын синуст цустай, зүүн хацар, зүүн зовхи, зөөлөн эдийн няцралттай шинэ гэмтлүүд,  баруун ухархайн доод хананд хуучин хугаралтай, баруун хамрын яс нь хуучин хугаралтай, хамрын таславч баруун тал руу бага зэрэг муруйлттай, хамрын зүүн талын дунд доод дух томорсон өөрчлөлтүүд нь илэрсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 156х/,

 

9. Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 04 сарын 15-ны өдөр гаргасан дүгнэлт нь Эрүүл мэнд, спортын яамны дүрс оношлогоо радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн ахлах зэргийн дүрс оношлогооны эмч Д.Түвшинжаргалын уншсанаар өмнөх гэмтлүүдэд “хүндэвтэр” гэмтэлд хамаарах хугарлууд тогтоогдоогүй учраас хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж гаргасан байгаа.

Хамгийн эхэнд гаргасан дүгнэлт нь “Бриллианс” эмнэлгийн эмч Баатарцогтын уншсанаар, дараагийн дүгнэлт нь Чулуунсүх эмчийн уншсанаар дүгнэлт гаргасан байсан. Манай бүрэлдхүүний хувьд бол Түвшинжаргал эмчийн уншсаны дагуу дүгнэлтээ гаргасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 157х/,

 

10. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хохирогч Түмэннасангийн биед учирсан хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруул язарсан шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Хохирогчийн биед үүссэн хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруул язарсан шарх нь 0,5 х 0,5 хэмжээтэй учраас дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Тухайн үед үзүүлэгч Түмэннасан нь шүдэнд ямар нэгэн зовиур хэлж үзүүлээгүй болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 158-159х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  шинжээчийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 13306 тоот актын дүгнэлтэд:

1. Түмэннасангийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үздэг хийсэн шинжээчийн 2015 оны 09 сарын 12-ны өдрийн 13235 тоот актын дүгнэлтэд:

1 О.Ганзоригийн биед хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хэргийн 32х/,

 

13. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 1298 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжээч эмч Ц.Бадралын гаргасан №13235 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ганзоригийн биед зүүн нүдний хараа бууралт 0.9 бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 5%-р тогтонги алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 34-35х/,

 

14. Шинжээч эмч А.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... О.Ганзоригийн зүүн нүдний хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтлээр нь хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байна. Харин бид нар зүүн нүдний хараа бууралт дээр хөнгөн зэргийн гэмтэл гэж оношилсон бөгөөд цаашид зүүн нүд бүрэн эдгэрнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

 

15. Хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй /5 шинжээчийн/ шинжээчдийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 455 тоот дүгнэлтэд:

1. Шинжээчийн №13235 дүгнэлт, мөн давтан №1298 дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна. О.Ганзоригийн биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. 2015.09.12-ны “Бриллианс” эмнэлгийн үзлэгээр О.Ганзоригийн хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралттай, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугаралттай, мөн 2015.09.12-ны өдрийн шинжээч эмчийн дүгнэлтэнд хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал гэсэн нь Эрүүл Мэнд, Спортын Яамны Дүрс Оношилгоо, Радиологийн Мэргэжлийн Салбар Зөвлөлийн ахлах зэргийн дүрс оношилгооны эмч Д.Түвшинжаргалын дүгнэлтээр батлагдахгүй байна.

3. О.Ганзоригийн биед учирсан гэх баруун нүдний ухархайн доод хананы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдээгүй хуучин гэмтэл байна.

4. О.Ганзориг нь нүдний эмчид үзүүлэх шаардлагатай тул нүдний хараа нь хэрхэн өөрчлөгдсөн, гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хэргийн 153-155х/,

 

16. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй /7 шинжээчийн/ шинжээчдийн хавтаст хэргийн материалаар магадлан шинжилгээ хийсэн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 755 тоот дүгнэлтэд:

1. Шинжээчийн №13235 дугаартай дүгнэлт, давтан №1298 дугаартай дүгнэлт үндэслэлтэй,  №455 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. 2016.05.12-ны “Бриллианс” эмнэлгийн үзлэгээр О.Ганзоригийн хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралтай, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугаралтай, мөн 2015.09.12-ны өдрийн шинжээч эмчийн дүгнэлтэд хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал гэсэн нь үндэслэлтэй байна.

3. Баруун нүдний ухархайн доод хана гайморын хөндий рүү 0.9 см өргөн хэсэгт 0.5 см гүн цөмөрсөн хуучин хугарал нь хоншоор ясанд зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хана зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугарал гэмтэл үүсэхэд нөлөөлөхгүй.

4. О.Ганзоригийн биед баруун нүдний ухархайн доод ханын гайморын хөндийрүү 0.9 см өргөн хэсэгт 0.5 см гүн цөмөрсөн хуучин хугарал бүхий хуучин гэмтэл тогтоогдсон нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдээгүй хуучин гэмтэл болно.

5. Хэргийн материалын 76-р хуудсанд нүдний эмчийн 9 сарын 21-ний УНТЭ-н НСТ-н эмчийн үзлэгт баруун нүдний хараа 0.8, зүүн нүдний хараа 0.5 гэж хавтаст хэрэгт ирүүлсэн материалаар ирсэн үзлэгийг үндэслэлтэй гэж үзнэ.

6. Зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал гэмтлээс зүүн нүдний хараа буурч болно гэсэн дүгнэлт /хэргийн 173-175х/,

 

17. “Минт” баарны тамхины өрөө дэх хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөн байцаагчийн тогтоол /хэргийн 15х, 86-87х/,

 

18. Хохирогч Б.Түмэннасангаас хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хэргийн 66-70х, 128-131х/,

 

19. Хохирогч О.Ганзоригийн хохирол төлбөртэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 71-79х, 121-124х, 124-128х, 132-133х/,

 

20. Шүүгдэгч Г.Билгүүнээс хохирлын мөнгө хураан авч, хохирогч О.Ганзоригт хүлээлгэн өгсөн тухай баримт, мөн шүүх хуралдаанд гаргасан Г.Билгүүнээс 500.000 төгрөг О.Ганзоригт хохиролд өгснийг хүлээн авсан хохирол барагдуулсан тухай баримт  /хэргийн 90-91х, ш/х-ны тэмдэглэлд тусгагдсан/

 

21. Хохирогч Б.Түмэннасангийн Голомт банк дахь ...тоот дансанд Дөлгөөнөөс 2.0 сая төгрөг, 462.010 төгрөг тус тус хохирлын мөнгө гэж тушаасан 2016 оны 07 сарын 27, 28-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг баримт 2 ширхэг, /шүүхийн шатанд гаргасан/  

 

22. Шүүгдэгч нарт урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай тогтоол /хэргийн 112х, 116х/,

 

23. Шүүгдэгч Г.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2015 оны 09 сарын 11-ний шөнө намайг гэртээ байж байхад 01 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр Дөлгөөн над руу ээлжлэн залгаад “Минт бааранд хүрээд ир, бид хоёр байна” гэсэн. Тэгэхээр нь “би гарахгүй, мөнгө байхгүй” гэхэд “бид хоёр мөнгийг төлнө, хүрээд ир” гээд байсан. Тэгээд 02 цагийн үед гэрээсээ гараад, такси бариад “Минт” баарны гадаа ирэхэд Дөлгөөн таксины мөнгө төлөөд, бид нар Минт баарны випрүү ороод текэн дээр очоод 50, 50 гр виски уусан.

Тэгээд бид 3 тамхи татахаар тамхины өрөө рүү явсан. Тэгэхэд найз охин Мандхай 3 найз охинтойгоо хамт байж байсан. Мандхай намайг “хүрээд ир” гэж дуудсан. Би “яасан” гээд очиход “энэ хоёр залуу зүгээр байлгахгүй байна, бүжгийн талбай дээрээс эхлэн миний бөгс базаад оролдоод байсан, харин одоо тамхилж байхад энэ хоёр залуу бид нарыг явъя гээд татаж чангаагаад байна, явахгүй гэсэн чинь элдэв янзаар доромжлоод, доош нь шүлсээ хаяад хараагаад байна” гэж хэлэхэд тэр 2 залуу хажуунаас ороод ирэхээр нь би “та нар одоо больчихоо, миний найз охин найз нартайгаа байна” гэсэн.

Оюука намхан залууг нь “цаашаа бай” гээд түлхэхэд нөгөө залуу “янхан, моож” гэж хараагаад холдсон. Тэгэхээр нь “та хоёр юу яриад байгаа юм бэ” гэхэд намхан залуу нь “чамд эд нар ямар хамааралтай юм бэ” гэхэд нь “хамааралтай болоод та нарыг салгаж байна шүү дээ” гэж хэлсэн.

Тэгээд маргалдаж эхлээд намхан залуугийн нүүрлүү нэг удаа цохисон. Тэгээд би арагш газар унахад ...өндөр залуу нь миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэгж байхад өндөр залууг салгах гэж Дөлгөөн ирээд нэг удаа тэр залуугийн нүүрлүү нь цохисон. Тэгээд бид нарыг хамгаалагч нар орж ирээд салгаад аваад явсан. Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 13235, давтан гаргасан шинжээчийн 1298 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогчийг би хүчтэй цохиогүй. Намхан залуугийн нүүр лүү нэг л удаа түлхсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-45х/,

“...Тамхи татах өрөө рүү эмэгтэй Дөлгөөн, эрэгтэй Дөлгөөн нарын хамт ороход цаад буланд Мандхай, Алтанзаяа, Оюун 3 тамхи татаад зогсож байсан. ...Тэгээд маргалдаж байгаад намхан залууг нэг удаа нүүр орчимд нь гараараа цохисон.  Тэгээд дахиад цохих гэсэн чинь би хальтраад газар унасан. Энэ үед өндөр залуу нь миний нүүр лүү нэг удаа өшиглөхөөр нь нүүрээ хамгаалаад газраас босч ирсэн. Ингээд хамгаалагч нар гаднаас ороод ирсэн. Өндөр залуу нь намайг өшиглөх үед Дөлгөөн хараад салгах гэж байгааг харсан. Дөлгөөний цохиж байхыг хараагүй. Миний хувьд Ганзориг гээд залууд хүндэвтэр гэмтэл учруулах хэмжээнд хүчтэй цохиогүй, Ганзоригийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түмэннасан гэдэг өндөр залууг би цохиогүй. Биед нь гар хүрээгүй.  Ганзоригт эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн. Түүний гаргаж өгсөн баримтад үндэслэж өгсөн.” гэсэн  /хэргийн 113-115/,

 

24. Шүүгдэгч А.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд найз охин Дөлгөөний хамт 23 цагийн үед орсон. Бид 2 бааранд ороод би 50 гр викси уусан. Дөлгөөн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Дөлгөөн бид 2 дээр 02 цагийн үед Билгүүн гаднаас орж ирсэн. Билгүүн бид 2 дахин 50, 50 гр виски авч уусан. Бүжгийн талбай дээр бид нар бүжиглэж байгаад ...цувраад тамхины өрөө рүү ороод тамхи татаж байгаад эргээд харахад Билгүүн арагшаа унаж байсан. Тухайн үед тамхины өрөөнд Билгүүнийг цохиод унагаж байгаа юм шиг харагдахаар нь Билгүүнийг хүмүүст зодуулж байна гэж санаад, өөр лүүгээ татаад, нөгөө залууг нь цааш нь түлхсэн. Билгүүнийг арагш нь татаад салгасны дараа, ...Билгүүнийг өмөөрөөд тэр хоёр залуугийн өндрийнх нь нүүр лүү нэг удаа цохисон. Дахин нэг цохисон боловч хальт цохисон. ...Шинжээч эмчийн 13306 тоот дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-50х/,

“...Надад сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй. Өмнө өгсөн  мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Билгүүн найз охидыг нь янхан гэж хэлээд доромжлоод байснаас болж тухайн залуутай маргалдсан. Тэгээд Билгүүн газар унах шиг болохоор өндөр залууг нь “яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд зууралдаж байгаад нэг удаа цохисон. Нөгөө залууд бол гар хүрээгүй. Билгүүний цохиж байхыг хараагүй. ...Тухайн 2 залуу нилээн их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 116-119х/,  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Саранчимэг /хэргийн 25х/, Г.Одончимэг /хэргийн 26х/,  А.Ариунсанаа /хэргийн 134-135х/ нарын өгсөн мэдүүлгүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х, 61х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1423 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 58-60х/, Г.Билгүүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 53х/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 54х/, Г.Билгүүний оршин суугаа хаягийн тодорхойлолт баримт /хэргийн 190х/, Билгүүний Оджаргалын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 52х, 55х/, А.Дөлгөөн Монголын Үндэсний их сургуулийн эрх зүйн 3-р курст суралцдаг  талаарх тус сургуулийн тодорхойлолт /хэргийн 63х/, А.Дөлгөөний иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 62х/, Г.Билгүүн, А.Дөлгөөн нарын  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 189х, 191х/, А.Дөлгөөний бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 193-194х/, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 195х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон удаа дараагийн дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага, мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Билгүүн, А.Дөлгөөн нарыг  Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

“Танхайрах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээр бусдын анхаарлын төвд байхыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр урьдчилсан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй, идэвхитэй үйлдэл байх ба уг гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болно. Танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсаныг “догшин авирлах” гэдэгт хамаатуулж ойлгох юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан хохирогч О.Ганзориг, Б.Түмэннасан нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Дөлгөөн, Г.Билгүүн нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Минт” баарны тамхины өрөөн дэх хяналтын камерын бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл баримт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 13306, 13235 дугаартай дүгнэлт, магадлан  шинжилгээ хийсэн болон давтан шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 1298, 755 дугаартай дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Ч.Эрдэмболор, А.Амгаланболд, шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар

1. Шүүгдэгч Г.Билгүүн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхины өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “эмэгтэй найз нарыг өдөж хоргоолоо, моож, янхан гэх зэргээр хэллээ”  гэснээр шалтаглан О.Ганзоригийн нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, түүний биед “хоншоор ясны зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний алимны салстад цус харвалт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтлийг,

- мөн цаг хугацаанд шүүгдэгч А.Дөлгөөнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүр лүү гараараа цохиж зодон, биед нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг тус тус учруулан, догшин авирлаж танхайрсан,

2. Шүүгдэгч  А.Дөлгөөн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхины өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “найз Билгүүнийг цохичихлоо гэж бодсон” гэдгээр шалтаглан шүүгдэгч Г.Билгүүнтэй бүлэглэн Б.Түмэннасангийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон, түүний биед нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь бусдын амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс сэдэлт, зорилгоороо ялгагдах ба шүүгдэгч А.Дөлгөөн, Г.Билгүүн нар болон нэр бүхий хохирогч нар нь харилцан бие биенээ танихгүй, мэдэхгүй, тэдгээрийн хооронд урьдын таарамжгүй харилцаа, өс хонзон, өр авлага, хардалт, үл ойлголцол зэрэг хувийн сэдэлттэй таарамжгүй харилцаа байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан гэмт хэрэг гарсан үеийн Минт баарны тамхины өрөөний хяналтын камерын 07 минут 54 секундын бичлэг баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлахад:  “...2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнийн, ХУД-н 15-р хороо, Минт баарны тамхины өрөөнийн камерын бичлэгт хохирогч Түмэннасан эрээн цамцтай, Ганзориг нь малгайтай дүрслэгдэх ба бичлэгийн 03:38 минут 25 секундэд тамхины өрөөнд Түмэннасан  нь үсээ задгай тавьсан, баруун гартаа тамхи барьсан эмэгтэйтэй юм яриад зогсож байгаа, 03:38:49 секундэд үсээ боосон эмэгтэй Түмэннасангийн зүүн чихэнд юм шивнэж байгаа, Түмэннасан нь хамт зогсож байсан эмэгтэйд юм хэлээд 03:39:51 секундэд 3 эмэгтэй дээр очиж юм ярьж байгаа байдал харагдах ба 03:40:18 секундэд Ганзориг нь Түмэннасангийн араас татаж байгаа, Түмэннасан нь Дөлгөөн нар дээр очиж юм ярьж байгаад эргээд Ганзориг дээр очоод байж байхад 03:42:39 секундэд Билгүүн нь Ганзориг, Түмэннасан хоёртой юм ярьж эхлээд,  03:43:03 секундэд Ганзоригийг 2 удаа цохиход тэрээр доошоо сууж, хамгаалагч нар түүнийг авч гарч байна. Билгүүн нь дахин Түмэннасанг 1 удаа хальт цохиод газар унахад хамгаалагч орж ирээд Түмэннасанг барихад Билгүүн босож ирээд дахин Түмэннасангийн зүүн талын шанаа руу 1 удаа цохиод салахад нь 03:43:19 секундэд Дөлгөөн нь баруун гараараа Түмэннасанг 2 удаа цохиод, 3 дахь удаагаа цохихдоо хий цохилт хийж байгаа”  байдал нь тодорхой, танигдахуйцаар харагдаж байх тул уг баримтыг шүүгдэгч нарын бүлэглэн, үл ялих зүйлээр шалтаглаж нэр бүхий хохирогч нарыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдэж буй байдлыг нотлох ач холбогдол бүхий гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл буюу эд мөрийн баримт гэж шүүх үнэлэв.    

 

Мөн уг камерын бичлэгт харагдах байдлаар шүүгдэгч Г.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намхан залууг /Ганзориг/ нэг удаа нүүр орчимд нь гараараа цохисон, ...би хальтраад газар унасан байхад өндөр залуу /Түмэннасан/ нь миний нүүр лүү ...өшиглөсөн, өндөр залуу нь намайг өшиглөх үед Дөлгөөн хараад салгасан, ...Түмэннасан гэдэг өндөр залууг би цохиогүй, биед нь гар хүрээгүй” гэсэн,

гэрч Г.Алтанзаяагийн мэдүүлсэн: “...Намхан нуруутай Ганзориг гэх залуу нь Мандхайгийн гутал руу шүлсээ хаясан, ... бид нарын /Алтанзаяа, Оюунаа, Мандхай/ эрх чөлөөнд халдсан, ... нөгөө залуу нь Билгүүнээг газар унагасан” гэсэн,

гэрч Б.Оюуны мэдүүлсэн: “...Тэгж байгаад тэр 2 залуугийн нэг нь Билгүүнийг түлхсэн. Билгүүн хойшоо газар савж унасан” гэсэн мэдүүлэгт тус тус дурьдсан үйл явдал болсон гэх байдал харагдахгүй, тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалж нь дээрх камерын бичлэгт бичигдсэн үйл баримтаас зөрүүтэй байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Билгүүн, А.Дөлгөөн нарыг  Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Г.Билгүүн нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн “анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэснийг үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/ баримт, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1423 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 58-60х/  баримтаар тогтоогдсон.  

 

Түүний хувьд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаа 2016 оны 12 сарын 05-ны өдрөөр дуусгавар болохоор байсан бөгөөд уг хугацаа дуусаагүй буюу 2015 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө тэрээр дахин танхайн гэмт хэрэгт холбогдсон хэдий ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн “Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт заасан “жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” зохицуулалтад хамаарч байх тул  шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Ингэснээр түүний эрх зүйн байдал дээрдэж анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх бөгөөд “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулж болно” гэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн10.10 дахь хэсэгт заасныг шүүх баримтлав.  

 

Шүүгдэгч А.Дөлгөөн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 61х/ тогтоогдож байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.  

 

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын гэмт хэргийн үйлдэл оролцоо, хэргийн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг тус тус харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

 

Нэг. Хохирогч Б.Түмэннасан нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцон эмчилгээ, шинжилгээ, оношилгооны зардлын 2.462.010 төгрөгийн дүн бүхий хохирлын баримтууд /хэргийн 66-70х, 128-131х/ гаргаж өгсөнөөс шүүгдэгч А.Дөлгөөн нь уг мөнгийг бүрэн хэмжээнд нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Түмэннасангийн Голомт банк дахь ...тоот дансанд Дөлгөөнөөс 2.0 сая төгрөг, 462.010 төгрөг тус тус “хохирлын мөнгө”  гэж тушаасан  2016 оны 07 сарын 27, 28-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон.

 

Хоёр. Хохирогч О.Ганзоригийн эмчилгээний зардал, эм тарианы болон шинжилгээ оношилгоотой холбоотой зардалд  тооцон нэхэмжилсэн баримт бүхий хохирлын дүн /хэргийн 121-123х/ 938.000 төгрөгийн баримт, өвчний учраас ажлаас чөлөө авсан 3 сарын хугацааны цалинтай тэнцэх олговор, сэтгэл санааны хохирол зэрэгт 9.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Билгүүн нь хохирогч О.Ганзоригт мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөг, шүүх хуралдаан дээр 500.000 төгрөг, бүгд 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хэргийн 90-91 дүгээр талд авагдсан Г.Билгүүнээс хохирлын мөнгө хураан авч, хохирогч О.Ганзоригт хүлээлгэн өгсөн тухай баримт, мөн шүүх хуралдаанд гаргасан Г.Билгүүнээс 500.000 төгрөг О.Ганзоригт хохиролд өгснийг хүлээн авсан тухай хохирол барагдуулсан тодорхойлолт /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримтаар тогтоогдсон.   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зэрэг зайлшгүй бүх зардлыг  хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Хохирогч О.Ганзориг нь “Их Монгол фүүдс” ХХК-д ахлах тогоочоор ажиллаж байсан, гэмт халдлагад өртөж биедээ гэмтэл авснаас өвчний учир 2015 оны 9-р сарын 12-наас 2015 оны 12 сарын 12-ныг хүртлэх хугацаанд чөлөө авсан талаар хэрэгт ажил олгогч “Их Монгол фүүдс” ХХК-ийн тодорхойлолт, чөлөөний хуудас, хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэр   баримт байх тул хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэр /хэргийн 132х/ дэх цалин хөлс, түүнтэй адилтгах орлого хэсэгт бичигдсэн сарын хөдөлмөрийн хөлс 1.921.875 төгрөгөөр тооцон түүний ажилгүй байсан 3 сарын цалинтай тэнцэх олговорыг бодоход 5.765.625 төгрөг болж байна. Үүн дээр эмчилгээний зардлын баримттай хохирол 938.000 төгрөгийг нэмэхэд 6.703.625 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч Г.Билгүүний хохиролд тооцон нөхөн төлсөн 2.000.000 төгрөгийг хасч, үлдэх 4.703.625 төгрөгийг хохирогч О.Ганзоригт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.   

 

Нэр бүхий хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал буюу хамар тэгшлэх мэс засал, нүдний мэс заслын эмчилгээг БНСУ-д хийлгэх шаардлагатай, эмчилгээний зардал нь 7.0-8.0 сая орчим төгрөгийн зардал гарна, ирэх, очих онгоцны тийз болон бусад зардал, сэтгэл санааны хохирол зэрэгт хохирогч Б.Түмэннасан 14.720.000  төгрөг, О.Ганзориг нь 30.0 сая төгрөг шаардлагатай хэмээн нэхэмжилсэн боловч хохирогч нараас хэрэгт гаргасан Солонгос Улсын Мёнжи эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаархи мэдээлэл баримтыг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн хамт нэг мөр  шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэхүү шаардлагыг нотлох хангалттай баримтгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.  

 

Иймд нэр бүхий хохирогч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт заасан журмын дагуу цаашид гарах эмчилгээний болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.   

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Дөлгөөний өмгөөлөгч Б.Бадраагаас “...хохирогч нарын зүй бус үйлдлээс үүдэн шүүгдэгч нар болон хохирогч нар өөр хоорондоо маргалдсан,  улмаар хохирогч Б.Түмэннасангийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй юм.  

Шүүгдэгч А.Дөлгөөний үйлдэл нь үл ялих зүйлээр буюу “найз Билгүүнийг цохилоо гэж бодсон” гэснээр шалтаглан шүүгдэгч Г.Билгүүнтэй бүлэглэн хохирогч Б.Түмэннасанг илтэд үл хүндэтгэн түүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн нүүр лүү нь цохиж зодон, биед нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх” бүхийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, уг үйлдлээ олон нийтийн газарт /“Минт” баарны тамхины өрөөнд/ үргэлжлүүлж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан  нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн нь догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч хохирогч нарын хооронд хувийн сэдэлт бүхий таарамжгүй харилцаа байсан талаар үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хохирогч нарын илэрхий гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэх байдал хангалттай нотлогдоогүй байх тул өмгөөлөгч Бадраагийн гаргасан шүүгдэгч А.Дөлгөөний үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэх талаарх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.  

 

 Шүүгдэгч Г.Билгүүн бага насны хүүхэдтэй, эхнэргүй, Билгүүний Оджаргал 2012 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн тухай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 54х/, Билгүүний Оджаргалын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 52х, 55х/, гэрч Г.Саранчимэг нарын мэдүүлэг баримтууд хэрэгт авагдсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 63, 67 дугаар зүйлд заасан журмын дагуу бага насны хүүхэд Б.Оджаргалд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг зохих шатны Засаг даргад даалгах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нартай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294,  297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мөргөл овогт Ганболдын Билгүүн, Эрдэнэ овогт Алтанхуягийн Дөлгөөн нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Билгүүнийг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, А.Дөлгөөнийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар Г.Билгүүнд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 /таван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  Г.Билгүүнд оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, А.Дөлгөөнд оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Билгүүнээс 4.703.625 /дөрвөн сая долоон зуун гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч О.Ганзоригт /Төв аймаг, Зуун мод хот, Номтын 26-25 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар НЫ86072771/ олгосугай.   

 

6. Хохирогч О.Ганзориг, Б.Түмэннасан нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 07 сарын 31-ний өдөр төрсөн Билгүүний Оджаргалд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.

 

10. Шүүгдэгч Г.Билгүүн, А.Дөлгөөн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.Билгүүн, А.Дөлгөөн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

  

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД