Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 54

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                       Б.Манлайбаатар                            

Прокурор                                       Б.Сүрмандах

Шүүгдэгч                                        Б.Б-   

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ч.Баднайнямбуу                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Б-т холбогдох эрүүгийн 1718003820056 тоот, 166/2018/0101/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Б-ийн Б-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сард Дархан- Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Бичигт хад гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 132 дугаартай  шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б- Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж экологи эдийн засагт 934.995 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 2 287 787 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3, 3.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 /нэг/ жил тэнсэж, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нөхөн сэргээлтийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

-  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүугдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

- шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжзэ хэвээр үргэлжлүүлэхээр...” тус тус зааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын бичсэн давж заалдах эсэргүүцэлд: “... Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Б-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн 132 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна.

1. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэх ойлголт тусгагдаагүй бөгөөд, харин шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлд заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 5-д “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж зааснаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд, мөн хөнгөн хэргээс гадна хүнд гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11-т “байгаль орчинд урчуулсан хохирол” гэдгийг тодорхойлсон ба мөн зүйлийн 13-т “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр“ гэж иргэн аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг” ойлгохоор зааснаас үзэхэд нөхөн сэргээлтийн зардал нь “байгаль орчинд учруулсан хохирол”-д багтаж байхад энэ зардлыг хохиролоос хасч, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөхөн сэргээлтийн зардлыг хэлэлцэхгүй орхисон үндэслэлийг тогтоолын “тодорхойлох хэсэг“-т дурдахдаа “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 49-р зүйлийн 3, 8 дахь хэсэгт зааснаар байгаль орчны улсын байцаагч нөхөн төлбөрийг оногдуулахаар заасан байх тул талбайн нөхөн сэргээхэд гарах ажлын зардал гэх 1,243,476 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ” гэж нөхөн сэргээлтийн зардлын асуудлыг нөхөн төлбөрийн асуудал гэж тайлбарласан нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д зааснаар үндэслэлээ тодорхой, ойлгомжгой зааж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн зардал болох 1,243,476 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж тогтоолын “тодорхойлох хэсэгт” дүгнэсэн атлаа хэлэлцэхгүй орхисон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаж өгөөгүй, харин тогтоох хэсгийн 5-т “... нөхөн сэргээлтийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж" шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох хэсэг” нь “тогтоох хэсэг”-тэй зөрүүтэй болжээ.

Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 36.2 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйпийн 1.7-д заасан шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт тавигдах шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэхээр байна. Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “энэ хуулийн 49-р зүйлийн 5 дахь хэсгийн 1.2 /газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол/-д хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдпын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна” гэж заасан ба харин нөхөн төлбөрийг улсын байцаагч оногдуулсан бол тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хангуулахаар зохицуулсан байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 132 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд ахлах прокурор Б.Сүрмандахыг оролцуулах болно...” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын зүгээс 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн нь үндэслэлгүй. 2015 оны Эрүүгийн хуульд оногдуулсан хорих ялыг тэнсэх үндэслэл байхгүй. Харин шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлд заасан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11-т “ байгаль орчинд учруулсан хохирол” гэдгийг тодорхойлсон ба мөн зүйлийн 13-т “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр“ гэж иргэн аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачилалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг” ойлгохоор зааснаас үзэхэд нөхөн сэргээлтийн зардал нь “байгаль орчинд учруулсан хохирол”-д багтаж байхад энэ зардлыг хохиролоос хасч, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөхөн сэргээлтийн зардлыг хэлэлцэхгүй орхисон үндэслэлийг тогтоолын “тодорхойлох хэсэг“-т дурдахдаа “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 49-р зүйлийн 3, 8 дахь хэсэгт зааснаар байгаль орчны улсын байцаагч нөхөн төлбөрийг оногдуулахаар заасан байх тул талбайн нөхөн сэргээхэд гарах ажлын зардал гэх 1,243,476 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ” гэж нөхөн сэргээлтийн зардлын асуудпыг нөхөн төлбөрийн асуудал гэж тайлбарласан нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д зааснаар үндэслэлээ тодорхой, ойлгомжгой зааж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн зардал болох 1,243,476 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж тогтоолын “тодорхойлох хэсэгт” дүгнэсэн атлаа хэлэлцэхгүй орхисон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдаж өгөөгүй, харин тогтоох хэсгийн 5-т “ ... нөхөн сэргээлтийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж" шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох хэсэг” нь “тогтоох хэсэг”-тэй зөрүүтэй болжээ.

Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 36.2 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйпийн 1.7-д заасан шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт тавигдах шаардлагыг тус тус хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. Хонгор сумын улсын байцаагч Д.Батхишиг “шүүгдэгч Б.Б-ээр нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулж нөхөн сэргээлтийг хийлгүүлнэ” гэж ярьсан байсан нь үндэслэлгүй, Д.Батхишигийг шүүх хуралдаанд оролцуулъя гэхэд ээлжийн амралтаа авсан гэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан нөхөн сэргээлтийг шүүгдэгчээр өөрөөр нь хийлгэх биш, тендер зарлаж, тусгай эрх бүхий этгээдээр хийлгэж түүнд хяналт тавих нь зүйтэй гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Би 2.400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Нөхөн сэргээлтийн зардлыг төлье гэхэд Д.Батхишиг хэлэхдээ “нөхөн сэргээлтийг чи өөрөө хий” гэсэн. Улсын бүртгэлтэй дүн шинжилгээ гаргадаг компаниар нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу: Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргахгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэж хэргийг зөвтгөж шийдвэрлэх ёстой. Нөхөн сэргээлтийн зардал болох 1.243.000 төгрөгийг Б.Б- төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдааны шатанд Б.Б- нь “хохирлын мөнгө болох 2.200.000 төгрөгөн дээр нэмээд нөхөн сэргээлтийн зардал болох 1.243.000 төгрөгийг төлье” гэхэд хохирогч Д.Батхишиг нь “хохирлын 2.200.000 төгрөгөө төлчих, дараа нь нөхөн сэргээлтээ өөрөө хийчих” гэж хэлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахгүйгээр нөхөн сэргээлтийн зардал болох 1.243.000 төгрөгийн асуудлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт дүгнэлт өгч гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Хуулийн агуулгаас үзвэл Шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдал тогтоовол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулж улмаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх зарчим алдагдсан байна. Өөрөөр хэлбэл Б.Б-т тэнсэх арга хэмжээ авсан уу? хорих ял оногдуулсан уу? гэдэг эргэлзээ төрөх шийдвэр болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид “…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох”-оор заасан байна. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн хохиролд “…-байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйгээс учруулсан хохирол”-ыг ойлгох бөгөөд энэ хохирлыг байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийлэлээр тооцохоор байгаль орчныг хамгаалах тухай хуульд заажээ.

Байгалийн баялгийг нөхөн сэргээлтийн зардал гэдэгт байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулахад гарсан зардал багтах бөгөөд энэхүү үйл явц нь байгаль орчинд учруулсан шууд хохирлыг барагдуулсныг дараа тусгай журмаар зохицуулагддаг арга хэмжээ юм.

Иймд байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн сэргээлтийн зардал багтана гэсэн прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Байгаль орчинд хохирол учруулсан хүн, хуулийн этгээд хохирол болон байгалийн баялгийг нөхөн сэргээлт хоёрыг хариуцах ёстой тул анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгээрээ шүүгдэгч Б.Б-ээр тухайн байгаль орчныг нөхөн сэргээлгэхээр үүрэг болгосон нь зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар алдааг засаж болно гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдол болон эсэргүүцлийн үндсэн дээр хянахдаа хууль буруу хэрэглээгүй бол хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлэх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж болно. Хэрвээ анхан шатны шүүх нэгэнт хууль буруу хэрэглэсэн бол шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож шаардлагатай бол дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах ёстой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Б.Б-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР