Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 08

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Мягмартогтохын

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 16 дугаар хуралдааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай тогтоолын заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн үндсэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 91, 92 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Мягмартогтох

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Оюунчимэг

Гуравдагч этгээд: Ф.Серикбол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ... Би Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн ...хурлын даргыг сонгох... гэсэн заалтын 11.1-т зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасны дагуу сонгогдоод 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 03 жилийн хугацаанд ажиллаж байсан ба уг хуралдааны өмнө 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар хуралдаанд Т.Өлзийжаргал төлөөлөгч нь хурлын даргыг огцруулах нэг хуудас бүхий саналыг хурлын нарийн бичгийн даргад хүргүүлсэн байдаг. Тухайн хуралдаанд санал оруулж буй этгээд нь Монгол улсын Засаг захиргаа нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг бүхэлд нь зөрчсөн.

Хоёрдугаарт: Гаргасан саналаа хурлын нарийн бичгийн даргад ирсэн буцсан албан бичгийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн байх. Мөн санал хураалтаар санал нь тамга тэмдгээр баталгаажаагүй, Дээрх хуулийн 6 дугаар зүйлд заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болгон дотоод дэг журмаа баталдаг. Энэ дотоод дэг журмыг ээлжит 4 дүгээр хуралдаанаар баталж, хэлэлцэх асуудлаа ирцийн 100 хувийн саналаар баталж, хэлэлцдэг. 100 хувийн саналаар баталсан хурлын дэг байдаг. Энэ дэгийн 4.4-т зааснаар тухайн хэлэлцэх асуудлыг 14 хоногийн өмнө хурлын даргад танилцуулж, 07 хоногийн өмнө төлөөлөгчид тарааж гарын үсэг зуруулна гэж заасныг зөрчин, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тэгэхээр төлөөлөгчийн оруулсан санал нь танилцуулаагүй, баталгаажаагүй, гарын үсэг зуруулаагүй байдаг.

Мөн төлөөлөгч Т.Өлзийжаргал нь хурлын нийтлэг дэг журам холбогдуулан тайлбар хийж, саналаа татсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад Монгол ардын намын бүлгийн хуралдаанаар төлөөлөгч Т.Өлзийжаргалын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг авч хэлэлцэж, бүлэг дээр ярилцсан. Бүлгээр хэлэлцээд төлөөлөгч Т.Өлзийжаргал гаргасан саналаа татаж авч байна гэж амаар тайлбарласан буюу бүлгийн дарга Ц.Болдбаатараа төлөөлүүлж хэлж оруулахаар бүлгийн хурлын тэмдэглэлд тусгасан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал гаргахдаа тухайн нийтлэг дэг журмаас гадна холбогдох Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн ба төлөөлөгч Т.Өлзийжаргал саналаа бүлгээрээ дамжуулан гаргасан. Шаамар сумын иргэдийн өлөөлөгчдийн Хурлын 91, 92 дугаар тогтоол нь эхлээд хуучин даргыг огцруулсан тогтоол нь 91 дүгээр тогтоол байх атал шинэ хурлын даргаа 91 дүгээр тогтоолоор томилж, хоёр даргатай байж байгаад 92 дугаар тогтоолоор хуучин даргыг чөлөөлсөн нь эрх зүйн акт нь хууль бус акт гарсан, холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Шаамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 91, 92 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ...гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өнөөдрийн шүүх хуралдаанд би нэхэмжлэгч С.Мягмартогтохын эрх ашгийг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор оролцож байна. Би хууль ч хүн учраас хуулийн хүрээнд л асуудлыг ярих нь зүйтэй. Аль намын хүн байх нь надад хамаагүй. Захиргааны байгууллага буюу Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол нь хуульд нийцэж байна уу гэдэгт анхаарах ёстой. Захиргааны эрх зүйн актыг гаргахдаа бид юуг анхаарах ёстой вэ гэхээр Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлах ёстой. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дугаар зүйлд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхны хуралдаанаар хурлын дэг-ээ баталсан байдаг. Хурлын дэгийн 4.4-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ямар нэгэн асуудлаар санал гаргахдаа тооцоо судалгаа, лавлагааг хавсарган гаргах гэж заасан. Улсын их хурлын байнгын хорооноос шийдвэр гардагтай адилхан шийдвэрийн төслүүдээ бэлтгэн хуралдаанд оруулах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан материалаас үзэхэд төлөөлөгч Т.Өлзийжаргал санал гаргахдаа дээрх хууль, дэгийн заалтуудыг зөрчсөн харагддаг. Ядаж төлөөлөгч саналаа гаргахдаа хурлын дэгийн журам-д зааснаар 14 хоногийн өмнө юм уу эсхүл Монгол улсын засаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 01 хоногийн өмнө саналаа гарган, ажлын албанд танилцуулж, бүрэлдэхүүнд өгч, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт тараах ёстой байсан. Гэтэл эдгээр процессын ажиллагаануудыг зөрчсөн. Энэхүү процессоор оруулсан саналыг л иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуульд заасныг өөрсдөө хурлын дэг журмаараа баталчхаад зөрчсөн. Уг саналыг олонхоороо хэлэлцье гээд хэлэлцсэн байж болно. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны акт гаргахдаа утга агуулга ойлгомжтой, бодит үндэслэл дээр үндэслэсэн, эрх зүйн үндэслэлийг зааж өгсөн байх ёстой. Гэтэл 91,92 дугаар тогтоолыг харахад ерөнхийдөө 18.4, 18.1.1-т заасныг баримталсан. Захиргааны ерөнхий хууль, Монгол улсын засаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хуулиар бодит нөхцөлүүд юунаас үндэслэн Ф.Серикболыг сонгоод, юунаас үндэслэн С.Мягмартогтохыг чөлөөлсөн үндэслэлүүд нь тогтоолд зааж өгөөгүй. Иймд процесс болон хууль зөрчигдөж байх тул нэхэмжлэгч шүүхэд хандсан. Шаамар сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд яах аргагүй хууль зөрчин гарсан тул үүнийг хүчингүй болгож өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 91, 92 дугаар тогтоолуудыг илт хууль болохыг тогтоож өгнө үү...гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ... Миний хувьд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд оролцсон. Төлөөлөгч Т.Өлзийжаргалын гаргасан саналыг намын бүлэг дээрээ юу гэж ярьсныг мэдэхгүй байна. 16 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг авч хэлэлцэхэд саналаа хэлээд, төлөөлөгч Т.Өлзийжаргал оруулсан саналаа татсан. Гэвч төлөөлөгч Т.Өлзийжаргалын гаргасан саналыг 16 дугаар хуралдаанаар хэлэлцэх үү гэж санал хурааж олонх дэмжин батлаад С.Мягмартогтох дарга ажлаа өгсөн. С.Мягмартогтох дарга ч цаашид бүгдээрээ хамтарч ажлаа хийе гэж хэлээд хурал цааш үргэлжилсэн. Сая С.Мягмартогтох дарга энэ үйл явцыг хууль бус гэж хэлж байгааг нь гайхаж байна...гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ... Иргэдийн хурлын байгууллага бол Үндсэн хуулийн байгууллага. Тухайн үед бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. С.Мягмартогтох тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан. Төлөөлөгч Хурлын даргыг огцруулах санал оруулсныг хэлэлцэх асуудлын тараах материалтай хамт оруулсан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн төлөөлөгчийн гаргасан саналыг хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөн хэлэлцсэн. 16 дугаар хуралдаан дуусан дуустал оролцоод дараагийн даргад амжилт хүсээд ажлаа өгсөн. Цаашид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын асуудал нь хурал хуралдах байдаг. Төлөөлөгчдийн олонх уг саналыг дэмжээд, баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна ...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын З дугаар багийн иргэн С.Мягмартогтох нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоол, 91 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 92 дугаартай тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 , 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын б, санал хураалтын дүнг үндэслэн С.Мягмартогтохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлжээ.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 91 дугаартай тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын б, тооллогын комиссын 02 дугаартай тогтоолыг үндэслэн Ф.Серикболыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Өлзийжаргал нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргын нарийн бичиг Н.Дугармаагаар дамжуулан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болох Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Мягмартогтохыг огцруулах саналыг гаргажээ.

Уг саналаар хурлын дарга С.Мягмартогтохыг огцруулах 3 үндэслэл заасан байх бөгөөд саналд холбогдох ямар нэг нотлох баримт хавсаргаагүй байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар сумын иргэдийн төлөөлөгч нь асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар тухайн саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасныг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчжээ.

Өөрөөр хэлбэл санал оруулагч иргэдийн хурлын төлөөлөгч Т.Өлзийжаргал нь С.Мягмартогтохыг огцруулах санал гаргахдаа түүнийг огцруулах болсон 3 үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт хавсаргаагүй зөвхөн нэг хуудас санал хүлээлгэн өгсөн нь Т.Өлзийжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх хуулийн заалтын шаардлагыг хангаагүй хэлэлцэх ёсгүй асуудлыг хуралдаанаар шийдвэрлэсэн.

Шүүхээс холбогдох баримтад үзлэг хийх явцад Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдааны дараалал, дотоод журмыг нотлох баримтаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан бөгөөд уг журмын 3-д хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэхээр тусгажээ.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар ээлжит хуралдаан тухайн өдрөө 20 төлөөлөгчтэй буюу 95.23 хувийн ирцтэйгээр 11 цаг 20 минутад эхэлсэн бөгөөд тус хуралдааны ТЭМДЭГЛЭЛ болон АУДИО бичлэгт дараах зүйлүүд тэмдэглэгдэж бичигдэж үлджээ.

Хуралдааны үйл явц ирц бүртгэснээр эхэлсэн бөгөөд санал хураалтаар хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж хэлэлцэх асуудлаа баталсан байх бөгөөд хэлэлцэх асуудал шийдвэрлэж эхлэхээс өмнө ойлгомжгүй маргаан гарсан тул МАН-ын бүлгийн зүгээс завсарлага авч хурлын даргыг огцруулах асуудлаар бүлгийн дарга Ц.Болдбаатар санал оруулсан бүлгийн гишүүн Т.Өлзийжаргалаас саналаа татаж авах талаар санал тавихад саналаа татаж авахаас татгалзаагүй бөгөөд завсарлага дуусаж хуралдаан цааш үргэлжилж, МАН-ын бүлгийн зүгээс хурлын даргыг огцруулах асуудлыг санал гаргагч саналаа татахаа илэрхийлсэнтэй холбогдуулан хэлэлцэх асуудлаас хасах санал гаргасан бөгөөд АН-ын зүгээс хэлэлцэх асуудлаа батлахаас өмнө саналаа татах ёстой байсан баталсан хойно саналаа татна гэж байгаа бол санал хураалтаар шийдвэрлэнэ гэж маргасан бөгөөд хуралдаан даргалагчийн зүгээс хурлын даргын асуудлыг хэлэлцэх асуудлаас хасах томьёоллоор санал хураалт явуулж нийт 20 төлөөлөгчийн 11 нь хасахгүй гэсэн санал өгч, үргэлжлүүлэн хурлын даргыг огцруулна гэсэн томьёоллоор санал хураахад нийт 20 төлөөлөгчийн 11 нь огцруулна гэсэн санал өгч хурлын даргыг огцруулжээ.

Дээрх хуралдааны үйл баримтыг дүгнэж үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын зарчмаар, олонхын саналаар аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх онцгой эрх бүхий байгууллага бөгөөд асуудлыг хуулийн хүрээнд, хууль дээдлэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй байтал Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын даргыг огцруулах санал оруулсан хурлын төлөөлөгч Т.Өлзийжаргал болон МАН-ын бүлгийн даргын хурлын даргыг огцруулах саналаас татгалзсанаа илэрхийлсээр байтал уг асуудлаар санал хураалт явуулж хэлэлцэх асуудалд оруулсан нь санал оруулсан төлөөлөгч Т.Өлзийжаргалын санал оруулах, саналаасаа татгалзах эрхийг зөрчсөн, түүнчлэн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж баталмагц тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шууд огцруулах томьёоллоор саналт хураалт явуулсан байна.

Өөрөөр хэлбэл Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын дарга С.Мягмартогтохыг огцруулахдаа санал оруулсан төлөөлөгчийн саналын агуулга, огцруулах үндэслэл, тооцоо судалгаа, нотлох баримтын талаар болон хуралдаанд оролцож буй төлөөлөгч нарын байр суурь, асуулт хариулт, санал шүүмжлэлийг огт хэлэлцэхгүйгээр зөвхөн огцруулах эсхүл огцруулахгүй томьёоллоор санал хураалт явуулж саналын дүнг үндэслэн хурлын дарга С.Мягмартогтохыг огцруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хууль бус захиргааны акт гэж дүгнэхээр байна.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоол нь хууль бус байх тул түүнийг үндэслэж гарсан тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай тогтоол нь хүчин төгөлдөр бус захиргааны акт юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дээрх Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 91, 92 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 , 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоол мөн 91 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай тогтоолуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ОДБААТАР