| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00364/И |
| Дугаар | 410 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 410
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин 44-108 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт Усчин овогт Дашнямын Түмэнжаргалын /ОЭ-60112103/ нэхэмжлэлтэй
“Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1978 онд Сэлэнгэ аймгийн Ойн техник мэргэжлийн сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад нөхрөө дагаад Увс аймаг руу шилжсэн. Ойн техник мэргэжлийн сургуульд ороход буюу 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т манай аавын нэрийг Ням гээд биччихсэн байсныг би анзаараагүй явсаар өдийг хүрсэн байсан. Тухайн үед манай аавыг хүмүүс Ням гэж дууддаг байсан. Уг нь жинхэнэ нэр нь Дашням гэдэг байсан юм. Тэтгэвэрт гарах гэтэл “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн овог нэр бусад бичиг баримттай зөрөөд тэнд тэмдэглэгдсэн ажилласан 7 жил гаруйг хассан. Шүүхээр орж шийдүүл гэсэн боловч амжихгүй явсаар өдийг хүрсэн. Түүнээс миний бусад бичиг баримт маань бүгд Дашнямаар овоглож явдаг. Иймд миний 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн Нямын Түмэнжаргалын жинхэнэ эзэмшигч Дашнямын Түмэнжаргал болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Нямын Түмэнжаргалын жинхэнэ эзэмшигч нь Дашнямын Түмэнжаргал болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нямын Түмэнжаргалын 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Дашнямын Түмэнжаргал болох нь хэрэгт авагдсан 1960 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Г-135 дугаартай “Төрсний гэрчилгээ”, 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон ОЭ-60112103 регистрийн дугаартай цахим үнэмлэх, Шүдэнзний үйлдвэрийн даргын 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбарууд, гэрч Л.Янжмаа, Р.Дашаа, Ч.Болор нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Нямын Түмэнжаргалын 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Дашнямын Түмэнжаргал болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Нямын Түмэнжаргалын 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Дашнямын Түмэнжаргал болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА