Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 417

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 хороолол 51-41 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй Боржигон овогт Дамдины Мөнхцэцэгийн /МЛ-66060108/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уншин сонсгосон нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие нь 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан болно. Одоо миний бие олон хүүхэдтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэрээ тогтоолгох гэтэл “Хөдөлмөрийн дэвтэр” алга болсон мөн орсон, гарсан тушаал бичигдээгүй шалтгаанаар тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1983-1988 он хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Д.Мөнхцэцэг тус шүүхэд ажилласан байдал тогтоох нэхэмжлэл шүүхэд гаргасан. Миний зүгээс өөрт шаардлагатай бүх бичиг баримтыг хавтас хэрэгт хавсаргасан тул миний аргагүй байдлыг харгалзан үзэж  2017 оны 06 дугаар сарын 19-ний 9.30 цагт болох шүүх хуралд өөрийг минь байлцуулахгүйгээр хийж өгнө үү. Жич: Би өөрөө Улаанбаатар хотод өөрийн охины 2 сартай хүүхэд, ээжтэй нь асардаг тул ирэх боломжгүй байна гэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь “...миний Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт 1983-1988 он хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Д.Мөнхцэцэг нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт асрагчаар 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 66 дугаартай “Майн баяраар ажиллах жижүүр томилох тухай”, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 222 дугаартай “Октябрийн хувьсгалын 69 жилийн ойн баяраар ажиллах жижүүр томилох тухай”, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбарууд, гэрч Б.Жавзмаа, Т.Энхтуяа, Д.Шүрэнцэцэг нарын шүүхэд Д.Мөнхцэцэгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Д.Мөнхцэцэгийг Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл асрагчаар ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна  гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дамдины Мөнхцэцэгийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл асрагчаар ажилласан байдлыг тогтоосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА