| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00463/и |
| Дугаар | 00676 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал хотод 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 15-13 тоотод оршин суух, Жамъян овогт Банзрагчийн Ганцэцэг /РЭ68022728/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2017/463 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Ганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Ганцэцэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оны 9 дүгээр сарын 1-нээс 1989 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл худгийн моторчноор ажиллаж байгаад өндөр насны ахмадын хоршоонд оёдолчноор ажиллах болсны улмаас уг ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдсан болно. Гэтэл ажилласан жилээ тогтоолгох болсонд халагдах тушаал болон хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй байгаа зэргээс ажилласан 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний Ус суваг Нийтийн Аж Ахуйн үйлчилгээнд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 1-ийг хүртэл худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худгийн моторчноор ажиллаж байгаад өндөр настан, ахмадын хоршоонд оёдолчноор шилжиж ажиллах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох болтол ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйгээс миний улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ганцэцэг нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худгийн моторчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд томилох цалин олгох тухай, 1986 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ажилчдын шагналт цалин олгох тухай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ж.Банзрагч, Н.Хишигбаяр, М.Хишигбаяр нарын мэдүүлэг, 1989 онд хамт олноороо Ногоон булаг гэдэг газар зугаалга хийж байх үеийн зураг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамъян овогт Банзрагчийн Ганцэцэгийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН