Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00673

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3 дугаар багт оршин суух, Тариачтан овогт Цэрэндоржийн Даваасүрэн /РР57072271/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 155/2017/00603/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цэрэндоржийн Даваасүрэн нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1974 оны 4 дүгээр сарын 25-нд малчнаар орсон. Түүнээс хойш үхэрчнээр тус нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдан зэвсэгт хүчний мотобууудлагын 132 дугаар ангид 3 жил алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982 оны 7 дугаар сарын 1-нээс Цог нэгдэлд дахин малчнаар орж 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим тамга тэмдэг нь дарагдахгүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ц.Даваасүрэн миний бие Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригадад 1974 оны 4 дүгээр сарын 25-аас 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ц.Даваасүрэн нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригадад 1974 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсан. юм. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Даваасүрэн нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригадад 1974 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригадад 1974 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсан болох нь Цэрэндорж овогтой Даваасүрэнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлээс 1983 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол, хавсралтын хуулбар, Ц.Даваасүрэнгийн шагнагдаж байсан талаарх 1984 онд авч байсан Баярын бичиг, 1983 оны 07 сарын 10-ны өдрийн Талархал, гэрч Т.Төрмөнх, Д.Даянжалба нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тариачтан овогт Цэрэндоржийн Даваасүрэнгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригадад 1974 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН