Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00660

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух, Баавгай овогт Нямцэрэнгийн Цолмон /РН74050777/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт оршин суух, Мянгад овогт Нармандахын Сэрээнэндорж /РП80073017/-д холбогдох

Зээлийн төлбөр 635.000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2017/00596/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч Н.Сэрээнэндорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 05 сарын 07-ны өдөр Н.Цолмон би Н.Сэрээнэндоржид 350.000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлээр өгсөн. Тухайн үед Сэрээнэндорж нь Улаан-Уул сумын Хилийн заставт хилчнээр ажиллаж байх үедээ цалин буутал мөнгө яаралтай хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би түүнд 350.000 төгрөгийг зээлээр өгсөн бөгөөд бид харилцан тохиролцоод 1 өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулан тохиролцсон. Гэтэл Сэрээнэндорж нь зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Намайг Сэрээнэндоржоос мөнгөө нэхэхээр өгнө гэдэг боловч бүр сүүлдээ утас нь холбогдохгүй, ажпын байр нь өөрчлөгдөж, Цагаан-Уул сумын хилийн заставт амьдарч, ажиллах болсон. Иймд Н.Сэрээнэндоржоос үндсэн зээлийн төлбөр 350.000 төгрөг, 21 хоногийн хүү 73.500, алданги 211.500 нийт 635.000 төгрөгийг хариуцагч Сэрээнэндоржоос гаргуулж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Сэрээнэндорж нь шүүхэд хариу тайлбар өгсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн гэрээгээр 350.000 төгрөгийг 24 хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн тул 24 хоногийн 1 хоногийн хүү 3500 төгрөг, нийт 84 төгрөгийн хүү хариуцагч төлөх ёстой төлөөгүй. Мөн 2015 оны 05 сарын 28-ны өдрөөс хойш төлбөр огт төлөгдөөгүй алданги нэг хоногийн 1 хувиар төлөх ёстой боловч төлөөгүй. Н.Сэрээнэндорж оны эхээр 100.000 төгрөгийг данс руу хийсэн байсан. Уг төлбөрөөс би 84.000 төгрөгийг хүүнд хасч тооцоод үлдсэн 16.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасна. Ингээд 334.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн боловч Н.Сэрээнэндорж үндсэн төлбөрөөс төлөөгүй өдийг хүрсэн тул төлөөгүй үлдсэн 334.000 төгрөгөөс алданги гэрээ ёсоор тооцох юм бол их өндөр үнийн дүн гарах учир би хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 334.000 төгрөгийн 50 хувиар тооцож 167.000 төгрөгийн алданги гаргуулж авахыг хүсч байна. Иймд нийт төлөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 334.000 төгрөг, алданги 167.000 төгрөг, нийт 501.000 төгрөгийг Н.Сэрээнэндоржоос гаргуулахыг хүсч тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Сэрээнэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нармандах овогтой Сэрээнэндорж би 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан уул сумын иргэн Н.Цолмонгоос 350.000 төгрөг зээлж авсан. Уг зээлж авсан мөнгөнөөс 2016 оны хавар 100.000 төгрөг дансанд нь хийж үндсэн зээлээс 100.000 төгрөгийг хасуулсан юм. Иймд энэ 635.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн хүүг алдангийн хамт хасуулж төлөх нь үнэн. Уг мөнгийг 8 дугаар сарын 1-ний дотор 2 хувааж төлөх боломжтой. Энэ хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Н.Сэрээнэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Цолмонгоос 350.000 төгрөгийг зээлж авсан. Сүүлд 100.000 төгрөгийг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 501.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н.Цолмон нь хариуцагч Н.Сэрээнэндоржид холбогдуулан 635.000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч Н.Сэрээнэндорж нь нэхэмжлэгч Н.Цолмонд 501.000 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрч байх бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сэрээнэндоржоос 501.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 15.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цолмонд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Цолмонгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Сэрээнэндоржид холбогдох 635.000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 501.000 / таван зуун нэг мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сэрээнэндоржоос 15.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цолмонд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН