Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0602

 

Г.А, Н.О нарын

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: Г.А, Н.О

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Г.А, Н.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмших захирамж гаргаж гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 535 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0702/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А, Н.О нараас хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Г.А, Н.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмших захирамж гаргаж гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А, Н.О нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А, Н.О нарын Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх захирамж гаргах, газрын гэрчилгээ олгохдоо урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “энэхүү захирамжаар бидний 452 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болголоо” гэж тайлбарлажээ. Гэтэл 452 м.кв газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар биш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 тоот шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон бөгөөд талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй.

 

3.2. Нэхэмжлэгч Г.А 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр итгэмжлэлээрээ Б.Э-т “иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх” итгэмжлэл олгосон. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13, 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг дурджээ. Нэхэмжлэгч Н.О 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээрээ “Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол хүсэлт өргөдөл гаргах, хариуг хүлээн авах, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 419 тоот шийдвэртэй холбоотой хүсэлт өргөдөл гомдол гарах” эрхийг олгосон. Захиргааны хэргийн шүүхэд маргаан бүхий А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хандах эрхийг олгоогүй байна. Мөн итгэмжлэлүүд нь  маргаан бүхий акт гарахаас өмнө олгогдсон байгаагаас дүгнэхэд Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг ирээдүйд гарна гэж тооцоолсон, тус акттай маргах эрхийг олгосон байх боломжгүй. Иймд эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр шүүх хэргийг үүсгэн шийдвэрлэсэн байна.

 

3.3. Газар зохион байгуулалтын албанд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг 2 жил гаруй хугацааны дараа шүүх хүлээн авч шийдвэрлэлээ. Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байсаар атал шүүх шийдвэрийнхээ агуулгыг тайлбарлахдаа “нэгэнт шүүх хугацааг шалгаагүй үүсгэчихсэн юм чинь одоо хугацаагаар татгалзаж болохгүй шдээ” гэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Бичгээр гарсан шүүхийн шийдвэрт шүүх энэхүү үндэслэлтэй холбоотой дүгнэлт хийхээс зайлсхийсэн.

 

3.4. А/114 дүгээр захирамжийг захиргааны акт гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт нь “тодорхой нэг тохиолдлыг зохицуулах”, “эрх зүйн шууд үр дагавар бий болгох” шинжүүдтэй байх ёстой. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 тоот шүүхийн шийдвэр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар нэхэмжлэгч Г.А, Н.О нарын газар эзэмших эрх хүчингүй болсон, А/114 дүгээр захирамжаар хүчингүй болоогүй. А/114 дугаар захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх сэргэхгүй тул Засаг даргын захирамж нь зохицуулалт агуулаагүй болон эрх зүйн шууд үр дагаврыг бий болгоогүй юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 59 тоот мэдэгдэлд “...Харин хариуцагч та шүүхээс олгосон 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотой хэсэг хүчингүй болсон болохыг үүгээр мэдэгдье. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Т.Аийн газрыг мэдээллийн санд бүртгэж шийдвэрийг биелүүлж ажиллана уу” гэснээс бүх зүйл ойлгомжтой байна.

 

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Аийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 тоот шүүхийн шийдвэрээр Т.Аийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргааныг шийдвэрлэсэн. Т.А нь 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй бөгөөд энэхүү эрх нь Г.А, Н.О нарын газартай давхцал үүсгэж байсан. Хэдийгээр газар дээр бодитоор Д.Аамьдарч байгаа, газар эзэмших эрхээ Д.Ад худалдсан ч албан ёсоор газар эзэмших эрх шилжээгүй, энэхүү маргаанаас болоод эрх шилжүүлсэн захирамж гарахгүй байгаа тул газар эзэмшигч нь Т.А байх ёстой. Дээр дурдсан шүүхийн мэдэгдэлд “Т.Аийн газрыг мэдээллийн санд бүртгэж шийдвэрийг биелүүлж ажиллана уу” гэснийг дүгнэвэл, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах дээрх хэд хэдэн үндэслэлүүд байсаар байхад энэхүү хэргийг нэгэнт шийдвэрлэж л байгаа бол эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй Т.Аийг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан. Д.А нь тус маргаан бүхий газарт амьдарч байгаа, байшингийн өмчлөгч болохынхоо хувьд гуравдагч этгээдээр оролцсон нь үндэслэлтэй.

 

3.6. Шүүх бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой” нэхэмжлэлийн шаардлага 3 удаа гаргасан, шүүх удаа дараа бүрдүүлбэр хангаагүй гэж үзсэн атлаа, яг өмнөх байдлаараа дахин өгсөн нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангасан гэж үзсэн нь учир дутагдалтай. Тэр байтугай, нэгэнт хүлээн авч, хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулсан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, цаашлаад нэхэмжлэлийг буцаах шүүгчийн захирамж гаргасан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.А, Н.О нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Г.А, Н.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмших захирамж гаргаж гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар “Тус дүүргийн 20 дугаар хорооны Сэлхийн зусланд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 59 дүгээр мэдэгдлийн дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 596, 597 дахь Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж,

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

5. Харин анхан шатны шүүх “...шүүхээс дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн, үүний дагуу уг шинэ актыг гаргахад өөрөөс шалтгаалах нөхцөл байдлуудыг тодруулан нэхэмжлэгч нарын зүгээс өргөдөл гаргасан байгааг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү биелүүлэхгүй байгаа эс үйлдлээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, ... Маргаан бүхий А/114 дүгээр захирамж нь хэдийгээр урьд гарсан шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хэрэгжүүлж байгаа мэт боловч хариуцагч Засаг дарга нь уг шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэх, гүйцэтгэх талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хийгээгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзлээ.

 

6. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 2 дугаар хавсралтад дурдсан 444 иргэнд зуслангийн зориулалтаар газар эзэмших болон ашиглах эрх олгож шийдвэрлэсний хавсралтын 274 дүгээрт Т.А-т Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Сэлх хаягт байрлах 0,05 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байх бөгөөд уг эзэмших эрхийг Д.А-д албан ёсоор шилжүүлээгүй тохиолдолд Т.А-ийг маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэхээр байна.

 

7. Гэтэл анхан шатны шүүхээс иргэн Д.А-г гуравдагч этгээдээр оролцуулсан атлаа тухайн газрын эзэмшигч буюу энэхүү маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Т.Аийг гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэнгүй.

 

8. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий газрын эзэмшигч Т.А-ийг гуравдагч этгээдээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, эсхүл хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг хэрэгт хавсаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн этгээдийн хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэх боломжоор хангаж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Т.А нь 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй бөгөөд энэхүү эрх нь Г.А, Н.О нарын газартай давхцал үүсгэж байсан. Хэдийгээр газар дээр бодитоор Д.Аамьдарч байгаа, газар эзэмших эрхээ Д.А-д худалдсан ч албан ёсоор газар эзэмших эрх шилжээгүй” гэх гомдол үндэслэлтэй.

 

9. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.А-гаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “...Г.А-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн засаг дарга болон Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцох...” итгэмжлэлийг Б.Э-т 3 жилийн хугацаатай, мөн нэхэмжлэгч Н.О-оос 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “...Сүхбаатар дүүргийн засаг даргад гомдол, хүсэлт, өргөдөл гаргах, хариуг хүлээн авах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 тоот шийдвэртэй холбоотой хүсэлт, нэхэмжлэл, өргөдөл, гомдол гаргах, эдгээртэй холбоотой бүх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон” итгэмжлэлийг Б.Э-т 3 жилийн хугацаатай тус тус олгожээ.

 

10. Нэхэмжлэгч нараас Б.Э-т олгосон дээрх итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан “Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.4-д “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь мөн хуулийн 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас үзвэл тус итгэмжлэлээр энэ нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарыг төлөөлөн оролцох эрх бүхий этгээд гэж үзэхэд эргэлзээтэй байх тул анхан шатны шүүх үүнтэй холбоотой баримтыг нягтлан, шалгаж, тодруулаагүй нь алдаа болжээ. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

11. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

12. Шүүхээс нэгэнт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “...нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн, мөн ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА