Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Хохирогч З.Догсом,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,

Шүүгдэгч Т.Мөнхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ологонууд овогт Төрмөнхийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201624000128 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, халх, бүрэн дунд боловсролтой, Монгол-Солонгосын политехникийн коллежийн 3 дугаар дамжаанд суралцдаг, оюутан гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан багийн 10-36 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг 16-р хороо Танй-7-200 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ологонууд овогт Төрмөнхийн Мөнхбат /РД:ТЯ95121511/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө Яармагийн автобусны 1 дүгээр буудлын замд Ш.Төрмөнхийн эзэмшлийн Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 13.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч З.Догсом, О.Ууганбат нарыг мөргөж О.Ууганбатын биед хүндэвтэр, З.Догсомын биед хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Гэрлэн дохионы зохицуулалттай явган хүний хоёр гарц байсан юм. Эхнийхийг нь ногоон гэрлээр нэвтэрсэн. Тэндээс дараагийн гэрэл бас ногоон ассан харагдаж байхаар нь амжихын тулд хурдаа нэмж яваад осол гаргасан. Хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйсан. Хохирогч Ууганбатын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч З.Догсомд нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардлын 10.800.000 төгрөгийг бүрэн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь бүрэн төлнө. Гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,   

 

2. Хохирогч З.Догсомын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 07:20 цагийн үед гэрээсээ гараад 25 дугаар эмийн сангаас ажилчдын автобусанд суугаад ажилдаа явсан. Тэгээд орой 21-22 цаг хүртэлх үйл явдлыг санаад түүнээс хойшихыг санахгүй байгаа. Би Архивын ерөнхий газарт тогоочоор ажилладаг байсан. Орой Сансар худалдааны төвөөс хүнсээ цуглуулах гээд 3-уулаа явж байсан. Тэгээд Яармагийн 1 дүгээр буудал дээр явж байгаад осолд орсон. Түүнээс хойшхи зүйлийг огт санахгүй байгаа. Би гомдолтой байна, урьдын адил эрүүл болмоор байна. Хохирол төлбөрийн талаар би сайн мэдэхгүй байна.

Одоо миний толгой их өвдөж байна. Дуу чимээтэй газар удаан сууж чадахгүй, удаан суухаар аарцгаар маш их өвддөг. Одоогийн байдлаар шүүгдэгч Мөнхбатаас нийт 10.800.000 төгрөг авсан. Хохирлын баримтын хэмжээнд хохирол бүрэн төлөгдсөн байгаа. Одоо би хэвтрийн байдалтай байгаа, ослын дараа жирэмсэн байгаад зулбасан. 2 дугаар төрөхөд очиж үзүүлэхэд хүүхэд зулбасан байсан. Би энэ талаараа өөрөө мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн. Дахиад хүүхэд тээх боломжгүй, хүүхэдтэй болох юм бол дахиад зулбана гэж эмч хэлсэн. Мэдрэлийн эмчийн хяналтанд байж гэрээр эмчилгээ эм тариа хийлгэж байгаа. Физик эмчилгээ хийлгэхийг эмч одоогоор зөвшөөрөөгүй байгаа. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг,

 

2. Иргэний хариуцагч Ш.Төрмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөнхбатын барьж яваад осол гаргасан Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин юм. Миний хүүгийн буруутай үйлдлээс болж ийм хэрэг гарсан. Хохирогчийн хохирлыг төлж байгаа. Хохирогч Ууганбат хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэнд Мөнхбатын барьж яваад осол гаргасан Х.Соната-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг тохиролцон өгсөн. Хохирогч Догсомд эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 10.800.000 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь тухай бүрд төлнө...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201624000128 дугаартай хэргээс:

           

1. Хохирогч З.Догсомын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

“...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 07:20 цагийн үед ажилдаа орсноо санаж байгаа. Ослын талаар надад санаж байгаа зүйл байхгүй байна. ... Ослын улмаас миний аарцаг 4 хугарсан, дунд чөмөг хугарсан, тархинд хүнд гэмтэл учирсан. Одоо миний толгой, аарцаг маш их өвдөлттэй, биеийн баруун тал их өөрчлөлттэй, чих шуугиж, юм дуулахгүй байна. Эмчилгээний зардал яг хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна. Тодорхой эмчилгээний зардлуудыг жолоочоор төлүүлсэн байгаа. /хэргийн 1-р хавтас 99-101х/,

Ээж Загд нь байнга асарч ажил хийгээгүй ажилгүй байсны 2 сарын хугацааны мөнгөнд 3.294.924 төгрөг, мөн гар утасны 900.000 төгрөг нийт 4.194.924 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна. Цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд тухайн үед нь нэхэмжилнэ. Би гомдолтой байна. / хэргийн 1-р хавтас 221х/,

Би өөрөө хөл дээрээ явж чадахгүй, гэрээсээ гарч явах чадваргүй байгаа тул өөрийн эмээ Т.Сонинг хууль ёсны төлөөлөгчөөр сонгож, миний өмнөөс бүх асуудалд оролцож байхыг зөвшөөрч байна. Миний сарын тэмдэг хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 28-нд ирээд 01 сарын эхээр зогссон. Ингээд түүнээс хойш ирэхгүй байж байгаад би уг осолд ороод эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байх үед хоол идсэний дараа болон дусал хийсний дараа бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч би жирэмсэн болсон юм биш байгаа гэж гадарласан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байсан чинь бие застал доошоо нэг зүйл пүл гээд гарах шиг болсон. Харахад нэг нөжирсөн зүйл байсан. Тэгээд би ээж, эмээ, эмч нарт харуулсан. Ингээд Үйлст нэртэй эмчид үзүүлсэн чинь “жирэмсэн байж байгаад зулбасан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 222-223/,

 

2. Хохирогч З.Догсомын хууль ёсны төлөөлөгч Ю.Дашбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Догсомын өвөө нь байгаа юм. Би ослын талаар мэдэх зүйл байхгүй байна. Шүүхийн шинжилгээний газраар хүнд гэмтэлтэй гэсэн. Одоо бие нь хүнд байгаа. Гэмтлийн 2 эмнэлэгээр дамжиж эмчилгээ хийгдсэн. Одоо гэртээ хэвтэрт байгаа. Аарцагны яс яаж эдгэрэх нь тодорхой бус, гэнэт унадаг болсон. Одоогийн байдлаар эмчилгээнд зарцуулсан 3.695.000 төгрөг, хувцасны мөнгө 300.000 төгрөгийг осол гаргасан жолоочийн талаас  өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-92х/,

 

3. Хохирогч З.Догсомын хууль ёсны төлөөлөгч Т.Сонингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад З.Догсомын хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон юм. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Осол гаргасан жолоочоос эмчилгээний зардалд одоогийн байдлаар 3.690.500 төгрөгийг хүлээн авсан. Харин миний ач охины тухайн үед өмсөж явсан хувцас нь нийт 400.000 төгрөг болсон ба түүнд манай талаас 300.000 төгрөг дансаар шилжүүлж аваад тооцоо дууссан гэдгээ хэлсэн. Харин охины тэр үед барьж яваад алга болсон Айфоне-6 маркийн гар утас нь 1.590.466 төгрөгний үнэтэй гар утас байсан, бид нар үүнд нь бас ярилцаж байгаад 900.000 төгрөг авахаар болоод байгаа.

Үүнээс гадна дахиад охины эмчилгээ болон холбогдох зардалд нийт 3.094.424 төгрөгний хохирол учраад байгаа ба энэ нь баримтаар байгаа юм. Миний зүгээс гомдолтой, үгүй эсэх асуудлаа шүүхийн шатанд хэлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 219-220х/,  

 

4. Хохирогч О.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 02 сарын 04-ний өдрийн 22:00 цаг өнгөрч байхад Яармагийн Сансар худалдааны төвийн урд замд явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ажлынхаа газрын тогооч Догсом, түүний ээж гэх нэг эмэгтэй 3-лаа замынхаа хойд талаас урд тал руугаа зам хөндлөн гарсан. Эхний замаа гарчихаад 2 дахь зам буюу баруунаасаа зүүн зүгт явдаг урсгалынхаа замыг бараг туулаад гарч дуусах гэж байх үед баруун гар талаас буюу баруун зүгээс автомашины гэрэл орж ирээд сигналдсан.

Тэгээд Догсом бид хоёр мөргүүлсэн. Нэг сэргэхэд автомашины жолооч залуу утсаараа дуудлага өгч байсан. Удалгүй түргэн болон цагдаа ирээд Догсом бид хоёрыг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Бид нарыг мөргөсөн машин цагаан өнгийн Х.Соната-6 маркийн автомашин байсан. Дугаарыг нь санахгүй байна. Ослын улмаас миний суудлын яс хугарсан, хэвлий битүү гэмтэл учирсан байсан. Догсом миний баруун гар талд явж байсан. Цаашдын эмчилгээндээ 3.0 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 116х/,

 

5. Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим ажил дээрээ байран дотроо сууж байтал гадаа хүн орилох чимээ гарсан. Харахад зам дээр нэг хүн хэвтчихсэн хажууд нь нэг хүн суучихсан орилж байсан бөгөөд өөр нэг залуу бас байсан. Мөн саарал өнгийн суудлын нэг машин хажуу талд нь замын голд зогсож байсан. 20 орчим минут хүлээгээд цагдаа ирэхгүй байхаар нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Намайг ажил дээрээ сууж байхад ямар нэг автомашины тоормослох чимээ сонсогдоогүй.

Тухайн үед гадаа харанхуй, зам гэрэлтүүлэгтэй, хальтиргаа гулгаа байсан үгүйг нь бол мэдэхгүй байна. Автомашины хөдөлгөөн сийрэг болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120х/,

 

6. Гэрч Д.Загдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Догсомын ээж нь байгаа юм. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 22:15 цагийн орчим Хан-Уул дүүргийн Яармагийн 1-р автобусны буудал дээрээс өөрийн охин Догсомыг автобуснаас тосож аваад, зүүн талых нь явган хүний гарцаар 3-лаа Догсомын ажлынх нь залуу болох Ууганбат нарын хамт зам хөндлөн хойноосоо урагшаа зүгт явган хүний ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан юм. Тэгээд эхнийхээ замыг гарчихаад 2 дахь замаа гараад бараг дуусч байхад баруун гар талаас буюу баруун зүгээс нэг машин маш хурдтай, нилээн зайтай хол ирж яваа харагдсан. Тэгээд ногоон гэрэл асаалттай байсан болохоор үргэлжлүүлээд л явж байтал зүүн гар талд тас хийх чимээ гарсан. Би үл ялиг урд байсан болохоор түрүүлээд зам гарсан юм. Тэгээд хартал Догсом, Ууганбат хоёр байхгүй, зам дээр хэвтэж байсан.

Тэр хоер хоорондоо 1 орчим метрийн зайтай хэвтэж байсан. Эргээд харахад Догсом, Ууганбат хоёр зам дээр хэвтэж байсан. Тэгээд би гүйгээд очиход нөгөө Ууганбат цээжин хэсгээр босоод ирсэн. Би шууд охин дээрээ очоод байж байгаад нэг харахад Ууганбат замын урд талын явган хүний зам дээр явж байсан.

Хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан ба “түргэн дуудаарай” гэж хэлж байсан. Жолооч утсаараа оролдож байсан. Удалгүй түргэн ирээд би охинтойгоо түргэний машинаар гэмтэл рүү явсан. Ууганбат хэлэхдээ “би зүгээрээ, такси бариад явчихъя” гэж байсан. Мөргөсөн машины маркийг мэдэхгүй байна. Дугаар нь 47-72 УНЯ гэсэн дугаартай автомашин байсан. Тухайн автомашины урд салхины шил аймаар хагарчихсан байхыг харсан. 47-72 УНЯ дугаартай замын аль эгнээгээр явж байсныг сайн мэдэхгүй байна. Зогссон байхдаа 1-р эгнээнд байсан. Тухайн үед гадаа харанхуй, хөдөлгөөн сийрэг байсан. Би бол машинд мөргүүлээгүй. Ослын улмаас охин маань их гэмтсэн, аарцаг яс 4 хугарсан, тархи нь энд тэнд цус хуралттай, баруун хөлний дунд чөмөг хугарсан, одоогийн байдлаар толгой нь их өвдөнө, оёдол нь гүйцэд эдгэрээгүй байгаа. Хонго нь их хөндүүртэй, нуруу нь өвдөөд их зовиуртай, бөөлжинө хоол ундандаа сайн биш байгаад байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 123х/,

 

7. Иргэний хариуцагч Ш.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 02 сарын 04-ний өдрийн орой 22:30 цагийн орчим байх манай хүү Мөнхбат утсаар залгаад ааваа би Яармагийн 1-р буудлын замд хүн мөргөчихлөө гэсэн. Тэгээд яваад очиход хохирогч нарыг түргэн ирээд аваад явчихсан байсан. Түүнээс биш ослын талаар би мэдэхгүй. Автомашиныхаа эвдрэлийг үнэлүүлэхгүй. Миний хүү унаж яваад ийм осол аваар гаргасан тул надад ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй.

Мөнхбат нь жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Хохирогч нарын эмчилгээний зардлыг төлөөд явж байгаа. Нарийн тооцоо бол гаргаагүй байна. Цаашид хохирогч нарын эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмчийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2017 тоот актад:

1. Догсомын биед тархины баруун, зүүн духны урд хэсгийн тархины эдийн гүнд жижиг цус хуралтууд, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд болон тенториум, 2 талын чамархайн ар хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, 2 хажуу ховдлын арын эвэр, 4-р ховдлын цус харвалт, баруун дунд чөмөгний ясны ил хугарал, аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны далд хугарал, дух, баруун сарвуунд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.15, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 128х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн өвчний түүхээр үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2116 тоот актад:

1. Ууганбатын биед баруун суудал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 130х/,

 

10. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх салбарын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн гаргасан 2016 оны 02 сарын 26-ны өдрийн №16/6561 тоот  дүгнэлтэд:

Хариулт:

1. 1 ба 2-р асуултад хамтатган хариулахад Соната 6 маркийн 47-72 УНЯ дугаартай автомашины урд салхины шил нь 80 х 80 см хэмжээтэй хагарч цөмөрсөн, урд копут 50 х 30 см хэмжээтэй хонхойсон, зүүн урд крыло  20 х 30 см хэмжээтэй хонхойж хунирсан, зүүн урд буфер 50 х 20 см хэмжээтэй хагарсан, зүүн их гэрэл хагарсан, автомашины ерөнхий өнгө үзэмж муу, урд хаалга замасктай будаггүй, зүүн хойд тормос ажилдаггүй, урд тэнхлэгийн гулсалтын тохиргоо алдагдсан зэрэг эвдрэлтэй байна.

 2. 3 ба 4-р асуултад хамтатган хариулахад урд салхины шил хагарсан, урд копут  хонхойсон, зүүн урд крыло хонхойж хунирсан, зүүн урд буфер хагарсан, зүүн их гэрэл хагарсан зэрэг гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна. Зүүн хойд тормозны гэмтэл, урд тэнхлэгийн гулсалтын өнцгийн алдаа зэрэг нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой.

3. Зүүн хойд дугуйны тормос барихгүй байгаа нь тормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдлаар нөлөөлөх хэдий ч тухайн осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй.

Дүгнэлт:

“...БЗД-ийн 8-р хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үндэсний төвд 47-72 УНЯ улсын дугаартай Х.Сонота-6 маркийн автомашинд инженерийн ур чадвар болон тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинжээчийн дүгнэлт хийв. Төрмөнх овогтой Мөнхбат эзэмшлийн Х.Сонота-6 маркийн, цагаан өнгөтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн, KMHEU41MP6A232395 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16.30 цагаас 16.15 цагийн хооронд MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд:

Ерөнхий өнгө үзэмжийн хувьд урд буфер зүүн урд хэсгээрээ 50х20см хэмжээтэй хагарсан, урд копуд 50х30см хэмжээтэй хонхойж хунирсан, зүүн урд гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн крыло хонхойж хунирсан зэрэг нь MNS5011:2003 стандартын шаардлага хангахгүй байна.

Автомашины зүүн урд дугуйн тоормосны хүч 1,7 кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1,8 кН байсан ба тоормосны зөрүү нь 5,56%. Хойд тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 0,9 кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1 кН байсан ба зөрүү нь 10%-тай. Автомашины 1 дүгээр тэнхлэгийн тоормос хэвийн ажиллагаатай, 2 дугаар тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны идэвхижил муу байсан болно.

Зүүн урд их гэрэл хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 27,1 мм/м ба урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байдалтай байлаа.

Автомашины дугуйн хээний гүнийг штангенцеркулээр хэмжихэд 5-6мм, дугуйн хийн даралт нь 1,8-2,0 bar байна. Уг автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болох хэдий ч тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 хх-ийн 132-135х/,

 

11. Замын цагдаагийн газрын МШУХ-ийн техникийн шинжээчийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн №143 тоот дүгнэлтэд:

1. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны дүгнэлт зэргээс үзэхэд Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Т.Мөнхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  

2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч З.Догсом, О.Ууганбат нар нь МУ-н ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

3. Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны 16/6561 дугаартай дүгнэлтэд “Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болно” гэсэн байх тул зорчих хэсэг дээр үлдсэн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй юм...” гэсэн дүгнэлт  /хэргийн 1-р хавтас 137х/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 1356 тоот дүгнэлтэд:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн “эм 19 З.Догсом” гэсэн хаягтай цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 191х/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1357 тоот дүгнэлтэд:

1. З.Догсом гэж хаягласан цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 193х/,

 

14. Замын цагдаагийн газрын МШУХ-ийн техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №282 тоот дүгнэлтэд:

1. Урьд өмнө нь техникийн шинжээч цагдаагийн ахмад В.Балжиннямын гаргасан 143 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч З.Догсом нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Явган зорчигч О.Ууганбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. 47-72 УНЯ улсын дугаартай “Х.Сонота-6” маркийн автомашины жолооч Т.Мөнхбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

5. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Д.Буянхүү, Д.Ганхуяг, Ч.Зоригтөгс нарын гаргасан 16/6561 дугаарын дүгнэлтэд “Х.Сонота-6” маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болно гэсэн байх тул зорчих хэсэг дээр үүссэн тоормосны мөрөөр автомашины хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 225х/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 660 тоот дүгнэлт:

1. Дээрх эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд З.Догсом нь жирэмсэн байсан байх ба хэдийд, ямар шалтгааны улмаас зулбасан эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 228х/,

 

16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 1-р хавтас 5х, 9х, 209-211х /,

 

17. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-7х, 11-12х/,

 

18. Яармагийн зам, яармагын 1, 2-р буудлын явганы гэрлэн дохионы горим /хэргийн 1-р хавтас 18х/,

 

19. Шүүгдэгч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 02 сарын 04-ний орой 21:50 цагийн орчимд Нисэхийн автобусны эцсийн буудал дээр найзтайгаа уулзахаар ХУД-н 16-р хороо Танын 7-200-д оршин суух гэрээсээ аав Төрмөнхийн эзэмшлийн Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон гарсан. Нисэхийн эцсийн автобусны буудал дээр найзтайгаа уулзаад, түүнийг эцсийн буудлын цаана байрлах гэрт нь хүргэж өгчихөөд 22:05 цагийн орчим Зайсан орохоор Яармагийн замаар баруунаасаа зүүн зүгт кабиндаа ганцаараа явж байсан. Яармагийн 2-р буудлын гэрлэн дохион дээр зогсоод ногоон асахаар нь хөдлөөд явж байхдаа Яармагийн 1-р буудлын гэрлэн дохио асахыг харсан.

Тэгээд тухайн гэрлээр нь амжиж орох зорилгоор машиныхаа хурдын 80 км/цаг хүртэл нэмээд замын 2-р эгнээгээр явж байгаад Яармагийн 1-р буудлын гэрлэн дохио руу нилээн дөхөж явахдаа 3 хүн хойноосоо урагшаа зүгт зам хөндлөн гарч байхыг харсан. Тэгээд нэг хүн нь гүйгээд гарсан, 2 нь ардаа үлдсэн. Тэгэхээр нь рулиэ баруун гар тал руугаа дараад тоормос гишгэсэн боловч зогсолгүй тэр 2 хүнийг машиныхаа зүүн гар талын урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буугаад 103-т дуудлага өгсөн.

Тухайн үед зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, бага зэрэг утаатай, автомашины хөдөлгөөн сийрэг, машин бараг байхгүй байсан. Хохирлоо төлж байгаа Догсомд 3.0 сая гаруй төгрөгийн, Ууганбатад 400.000 гаруй төгрөг зарцуулсан байгаа. Цаашид гарах хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 153х, 155х/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 1-р хавтас 156х/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 157х/, хохирогч З.Догсомын өвчний түүхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 20-36х/, хохирогч О.Ууганбатын өвчний түүхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 37-41х/, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 1-р хавтас 238х/ болон шүүгдэгч Т.Мөнхбатын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 159х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 160х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 161х/, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 163х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 165х/, Монгол-Солонгосын политехник коллежийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 169х/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017, 2116, 1356, 1357, 660 тоот дүгнэлтүүд болон техникийн хяналтын үзлэгийн 16/6561 тоот шинжээчдийн дүгнэлт, Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 143, 282 тоот дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:  

 

Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 22:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн автобусны 1 дүгээр буудлын замд Ш.Төрмөнхийн эзэмшлийн Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч З.Догсомын биед “...тархины баруун, зүүн духны урд хэсгийн тархины эдийн гүнд жижиг цус хуралтууд, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд болон тенториум, 2 талын чамархайн ар хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, 2 хажуу ховдлын арын эвэр, 4-р ховдлын цус харвалт, баруун дунд чөмөгний ясны ил хугарал, аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны далд хугарал, дух, баруун сарвуунд зулгаралт, баруун тохойд цус хуралт” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, О.Ууганбатын биед “баруун суудал ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл  тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь:

 - гэрч Б.Отгонбаярын: “...2016 оны 02 сарын 04-ний орой 21 цагийн орчим ... хүн орилох чимээ гарахаар нь харахад зам дээр нэг хүн хэвтчихсэн, хажууд нь нэг хүн суучихсан орилж байсан бөгөөд өөр нэг залуу байсан. Хажууд нь саарал өнгийн суудлын нэг машин хажуу талд нь замын голд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120х/,

- гэрч Д.Загдын: “...Яармагийн 1-р автобусны буудлын тэнд зам хөндлөн гарч байтал ... зүүн гар талд тас хийх чимээ гарсан. ... Эргээд харахад Догсом, Ууганбат хоёр зам дээр хэвтэж байсан. ...Мөргөсөн машины маркийг мэдэхгүй байна. Дугаар нь 47-72 УНЯ гэсэн дугаартай автомашин байсан. ...Ослын улмаас охин маань их гэмтсэн, аарцаг яс 4 хугарсан, тархи нь энд тэнд цус хуралттай, баруун хөлний дунд чөмөг хугарсан, одоогийн байдлаар толгой нь их өвдөнө, оёдол нь гүйцэд эдгэрээгүй байгаа. Хонго нь их хөндүүртэй, нуруу нь өвдөөд их зовиуртай, бөөлжинө хоол ундандаа сайн биш байгаад байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 123х/,

- иргэний хариуцагч Ш.Төрмөнхийн: “...2016 оны 02 сарын 04-ний өдрийн орой 22:30 цагийн орчим байх манай хүү Мөнхбат утсаар залгаад би Яармагийн 1-р буудлын замд хүн мөргөчихлөө гэсэн..” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126х/

- хохирогч З.Догсомын: “...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 07:20 цагийн үед ажилдаа орсноо санаж байгаа. Ослын талаар надад санаж байгаа зүйл байхгүй байна. ... Ослын улмаас миний аарцаг 4 хугарсан, дунд чөмөг хугарсан, тархинд хүнд гэмтэл учирсан. Одоо миний толгой, аарцаг маш их өвдөлттэй, биеийн баруун тал их өөрчлөлттэй, чих шуугиж, юм дуулахгүй байна. Эмчилгээний зардал яг хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна. Тодорхой эмчилгээний зардлуудыг жолоочоор төлүүлсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-101х/,

- хохирогч О.Ууганбатын: “...2016 оны 02 сарын 04-ний өдрийн 22:00 цаг өнгөрч байхад Яармагийн Сансар худалдааны төвийн урд замд явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ажлынхаа газрын тогооч Догсом, түүний ээж гэх нэг эмэгтэй 3-лаа замынхаа хойд талаас урд тал руугаа зам хөндлөн гарсан. Эхний замаа гарчихаад 2 дахь зам буюу баруунаасаа зүүн зүгт явдаг урсгалынхаа замыг бараг туулаад гарч дуусах гэж байх үед баруун гар талаас буюу баруун зүгээс автомашины гэрэл орж ирээд сигналдсан. Тэгээд Догсом бид хоёр мөргүүлсэн. Удалгүй түргэн болон цагдаа ирээд Догсом бид хоёрыг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Бид нарыг мөргөсөн машин цагаан өнгийн Х.Соната-6 маркийн автомашин байсан. ...Ослын улмаас миний суудлын яс хугарсан, хэвлий битүү гэмтэл учирсан байсан. Догсом миний баруун гар талд явж байсан. Цаашдын эмчилгээндээ 3.0 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 116х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмчийн: “...Догсомын биед тархины баруун, зүүн духны урд хэсгийн тархины эдийн гүнд жижиг цус хуралтууд, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд болон тенториум, 2 талын чамархайн ар хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, 2 хажуу ховдлын арын эвэр, 4-р ховдлын цус харвалт, баруун дунд чөмөгний ясны ил хугарал, аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны далд хугарал, дух, баруун сарвуунд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.15, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн  2017 тоот актын дүгнэлт /хэргийн 1-р хавтас 128х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн өвчний түүхээр үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2116 тоот акт дахь: “...Ууганбатын биед баруун суудал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 130х/,

- Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх салбарын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн гаргасан: “...2016 оны 02 сарын 26-ны өдрийн №16/6561 тоот: “... Автомашины зүүн урд дугуйн тоормосны хүч 1,7 кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1,8 кН байсан ба тоормосны зөрүү нь 5,56%. Хойд тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 0,9 кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1 кН байсан ба зөрүү нь 10%-тай. Автомашины 1 дүгээр тэнхлэгийн тоормос хэвийн ажиллагаатай, 2 дугаар тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны идэвхижил муу байсан болно. Зүүн урд их гэрэл хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 27,1 мм/м ба урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байдалтай байлаа. Автомашины дугуйн хээний гүнийг штангенцеркулээр хэмжихэд 5-6мм, дугуйн хийн даралт нь 1,8-2,0 bar байна. Уг автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болох хэдий ч тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 134-135х/,

- Замын цагдаагийн газрын МШУХ-ийн техникийн шинжээчийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн №143 тоот: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны дүгнэлт зэргээс үзэхэд Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Т.Мөнхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 

2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч З.Догсом, О.Ууганбат нар нь МУ-н ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны 16/6561 дугаартай дүгнэлтэд “Х.Сонота-6 маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болно” гэсэн байх тул зорчих хэсэг дээр үлдсэн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй юм...” гэсэн дүгнэлт /хэргийн 137х/,

- Замын цагдаагийн газрын МШУХ-ийн техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №282 тоот: “...Урьд өмнө нь техникийн шинжээч цагдаагийн ахмад В.Балжиннямын гаргасан 143 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, явган зорчигч З.Догсом нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна, явган зорчигч О.Ууганбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна, 47-72 УНЯ улсын дугаартай “Х.Сонота-6” маркийн автомашины жолооч Т.Мөнхбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Д.Буянхүү, Д.Ганхуяг, Ч.Зоригтөгс нарын гаргасан 16/6561 дугаарын дүгнэлтэд “Х.Сонота-6” маркийн 47-72 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болно гэсэн байх тул зорчих хэсэг дээр үүссэн тоормосны мөрөөр автомашины хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 225х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 5х, 9х/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-7х, 11-12х/, Яармагийн 1, 2-р буудлын явганы гэрлэн дохионы горим /хэргийн 1-р хавтас 18х/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд, шүүгдэгч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эсхүл уг гэмт хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, эд хөрөнгөд нь их хэмжээний хохирол учирсан байхыг тус тус шаарддаг.

 

Шүүгдэгч Т.Мөнхбатын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин зам тээврийн осол гаргаснаас явган зорчигч З.Догсомын биед амь насанд аюултай хүнд гэмтэл, О.Ууганбатын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Т.Мөнхбатын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарган явган зорчигч З.Догсомын биед амь насанд аюултай хүнд гэмтэл, О.Ууганбатын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэм буруутай үйлдэлд нь Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Мөнхбат нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /1 хх-ийн 165х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.  

 

Шүүх, шүүгдэгч Т.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

 

Нэг. Хохирогч З.Догсом, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээний болон бусад зардалд нийт 10.372.890 төгрөг  баримтаар /1 хх-ийн 81х, 180-189х, 2 хх-ийн 70-71х/ нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 5.800.000 төгрөг, шүүхийн шатанд 5.000.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч, иргэний хариуцагч нар нөхөн төлж барагдуулсан талаар шүүгдэгч, иргэний хариуцагч хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, хохирол хүлээлцсэн тухай талуудын гарын үсэг бүхий баримтыг шүүхэд өгсөн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/  

Хоёр. Хохирогч О.Ууганбат нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээнийн зардлын 414.437 төгрөг, таксины төлбөр 24.500 төгрөг, нийт 438.937 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээ үйлчилгээнийн зардалд тооцон 3.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлага гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Мөнхбат нь 405.437 төгрөгийг бэлнээр, цаашид гарах эмчилгээний зардалд тооцон Сонота-6 маркийн автомашиныг хохирогчтой тохиролцсоны үндсэн дээр 3.0 сая төгрөгийн нэхэмжлэлийн дүнд шилжүүлэн өгсөн, хохирогч О.Ууганбатаас “цаашид ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан /хэргийн 1-р хавтас 105х/  байна.

 

Иймд шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нарын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардлын хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн: “...энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтын зохих ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хохирогч З.Догсом нь зам тээврийн осолд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орсон, осолд орох үедээ бага сартай жирэмсэн байсны улмаас хор уршиг хожим илэрч 2016 оны 03 сарын 30, 2016 оны 04 сарын 01-ний өдөр үр зулбалт явагдсан бөгөөд энэ талаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд: “үр зулбалт бол тухайн осолтой хамааралтай болоод ямар шалтгаанаар болсон гэдгийг тогтоох боломжгүй...” гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын асуудлыг нэг мөр тогтоосны эцэст гэм буруугийн асуудал ярих ёстой хэмээн мэтгэлцэж Т.Мөнхбатад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналыг,

шүүгдэгч Т.Мөнхбатын өмгөөлөгч Д.Ганбат: “...шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нэхэмжлэлийн дүнгээр нь бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшдэг, засарч хүмүүжих боломжтой, оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлд заасныг журамлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.   

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэснээс гадна мөрдөн байцаалтын шатанд “...хохирогч З.Догсом жирэмсэн байгаад үр зулбасан асуудлаар мөрдөн байцаалтын зохих ажилгааг хийсэн, хэрэгт авагдсан /хэргийн 1-р хавтас 228х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн хавтаст хэргийн материалаар гаргасан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 660 тоот дүгнэлтээр “...З.Догсом нь жирэмсэн байсан байх ба хэдийд, ямар шалтгааны улмаас зулбасан эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн ба хохирогч З.Догсом нь 2016 оны 02 сарын 04-ний өдөр зам тээврийн осолд өртөж биедээ хүнд гэмтэл авснаар мэс заслын эмчилгээ хийлгэн, улмаар удаан хугацаанд хэвтрийн дэглэмд эмчилгээ үйлчилгээ хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цусархаг зүйл, 2016 оны 04 сарын 01-ний бөөн зүйл гарсан, эмэгтэйчүүдийн үзлэгээр үтрээ уйтан, умайн хүзүүний нээлт хурууны үзүүр орох төдий, умай 7-8 долоо хоногтой жирэмсэн хиртэй том, цусархаг ялгадастай, онош-бүрэн биш зулбаа гэсэн мэргэжлийн эмчийн үзлэгийн бичилт, холбогдох баримт мэдээллийг үндэслэн /энэ талаар дүгнэлтийн 2-рт бичигдсэн/ гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий, үндэслэлгүй, үнэн зөв байдалд нийцээгүй гэж дүгнэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Нөгөөтэйгүүр тухайн асуудлыг дахин шалгуулах нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм бурууд нөлөөлөхөөргүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаархи хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авч хангах боломжгүй гэж дүгнэсэн.

 

Мөн шүүгдэгч Т.Мөнхбат нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан, хэргийн талаар маргаагүй, зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон эмчилгээ, эм тарианы болон бусад зардлыг нэр бүхий хохирогч нарын нэхэмжилсэн хэмжээнд нь нөхөн төлсөн, түүнчлэн шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримтлах учиртай хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан хохирогч З.Догсомын биед учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, тэрээр хэвтрийн дэглэмд байгаа, цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай, хохирогч гомдолтой гэснээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг журамлан хэрэглэж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн “хүндэвтэр” гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биелэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно.” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, оногдуулсан хорих ялыг тэнсэх ёстой гэж үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Мөнхбат нь цагдан хоригдоогүй болохыг тус тус тогтоолд дурьдаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 974346 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ологонууд овогт Төрмөнхийн Мөнхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, хохирогч О.Ууганбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Хохирогч З.Догсом нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 974346 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Соронзонболдод даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Т.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД