Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 09

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хатаншоргоолж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн үндсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/202 дугаартай Газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: У.Өнөрцэцэг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мөнхтуяа

Хариуцагч: С.Ариунбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ... Хатаншоргоолж ХХК-ийн захирал Удвал овогтой Өнөрцэцэг миний бие 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, захирлаар ажиллаж байна. Манай компани 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа голын гүүрний урд байрлах 11 га газрыг төмс хүнс ногоо тариалах зориулалтаар хүсэлт гаргаад холбогдох хуулийн дагуу эзэмшилдээ авсан. Ингээд 2018 оны 08 дугаар сард манай нөхөр нас барсан. Хуулийн дагуу нэг жил өнгөрсний дараа нөхрийнхөө эзэмшилд байсан Баянгол суманд байх уг газрыг өвлөж авахаар, мөн газрын төлбөрөө төлөх, зориулалтын дагуу ашиглахаар Баянгол суманд очсон. Гэтэл тус суманд очоод 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай эзэмшлийн газрыг хүчингүй болгоод Хан Жи Од ХХК-нд олгосон гэдгийг нь анх мэдсэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/202 дугаартай Хан Жи Од ХХК-нд олгосон газрыг хүчингүй болгуулах гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай захирамж анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хариуцагч мөн үүнийг хүлээн зөвшөөрлөө. Юу гэж хүлээн зөвшөөрч байна вэ гэхээр хуулийн заалт буруу ашигласан гэдгээ хэллээ. Нэхэмжлэгч Хатаншоргоолж ХХК уг газраа хууль зөрчиж аваагүй, хуулийн дагуу газар эзэмших эрхээ олж авсан.

Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Засаг дарга газрыг хүчингүй болгох эрхийн тухай заасан зохицуулалт байдаг. 40.1-т долоон үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгодог. Энэ 7 үндэслэлд юу гэж заасан байдаг вэ гэхээр газар эзэмшигчийн хууль зөрчсөн үйлдлээр газрыг хүчингүй болгох тухай ойлголтыг заасан. Өөрөөр хэлбэл 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг цуцлах ёстой байсан. Гэтэл Засаг дарга Хатаншоргоолж ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамждаа баримталсан хуулийн зохицуулалт буруу. Захирамжид баримталсан Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалт нь Засаг даргын газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах эрхийн зохицуулалт байтал газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үндэслэл болгон баримталсан хуулийн зохицуулалт нь А/191 дугаартай захирамж нь хууль бус гарсан гэж үзэх гол үндэслэл болж байна.

Хоёрдугаарт: Засаг дарга сая өөрөө хүлээн зөвшөөрлөө. Захиргааны акт гаргахдаа, захирамж гарсан тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй процессын алдаа гарсан гэж хэллээ. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг зөрчсөн харагдаж байна.

Гуравдугаарт: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хууль зөрчиж гарсан захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон байгаа нь харагдаж байна. Иймд Баянгол сумын Засаг даргын дээрх хоёр захирамжийг хүчингүй болгож өгнө үү...гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ... Газрын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд Хатаншоргоолж ХХК-ийн цуцлагдсан газрыг 2006 онд Алтан дов ХХК-нд олгосон байдаг. Алтан дов ХХК-нд нийт 6 га газар олгогдсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас 5 жилийн хугацаатай газрыг ашиглуулахаар олгосон байдаг. Үүнээс хойш газрын гэрчилгээ, газрын гэрээ сунгагдаагүй. 2016 он хүртэл сум орон нутгаас Алтан дов ХХК-аас үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байсан нь харагдахаар байна.

2016 онд Хатаншоргоолж ХХК, Алтан дов ХХК-ийн хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд Хатаншоргоолж ХХК-ийн нэр дээр газраа шилжүүлж авъя гэсэн хүсэлт ирүүлж, 2016 онд Хатаншоргоолж ХХК-нд 6 га газрыг 11 га газар болгон нэмж шилжүүлсэн. 5 га газрыг ямар учраас нэмж олгосон талаар ямар нэгэн баримт нотолгоо байхгүй нь хувийн хэргээс харагддаг. Тэгэхээр Хатаншоргоолж ХХК нь 2016 оноос хойш тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан.

... Газрын төлбөрөө төлөөгүй, мөн 2 жил дараалан газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон...гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: ... Хатаншоргоолж ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд заасан газрыг бид Хан Жи Од ХХК нь зохих журмын дагуу эзэмшиж байгаа. Захиргааны хэргийн шүүхийн дагуу манай компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Иймд бид тайлбарыг хүргүүлж байна.

...би 1, 2, 9, 11 насны 4 бага насны хүүхдүүдээ харах хүнгүй орхих боломжгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү, мөн хэргийн материалтай танилцах шаардлагагүй...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хатаншоргоолж ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/202 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Баянгол сумын Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Хатаншоргоолж ХХК-ийн эзэмшлийн тус сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 11 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаартай захирамжийг мөн хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны А/191 дугаартай захирамжийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус сумын газрын даамлаас мэдэж улмаар захирамжаа гардан авсан болох нь Баянгол сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/109 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн захирамжийн хувь гардан авсан тухай баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар нь сумын Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 79 дугаартай захирамжаар Алтан Дов ХХК-д төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 6 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж 0003069 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

Үүний дараа маргаан бүхий газрыг сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаартай захирамжаар Хатаншоргоолж ХХК-д Гонир 3 дугаар баг Хараа голын гүүрний урд 11 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай захирамжаар 2016 оны А/86 дугаартай захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/202 дугаартай захирамжаар Хан Жи Од ХХК-д маргаан бүхий 11 га газраас 5 га газрыг 15 жилийн хугацаатай жимс, жимсгэнэ тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянгол сумын Засаг дарга нь 2017 оны А/191 дугаартай захирамж гаргахын өмнө Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, захирамж гарсны дараа мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрх нь зөрчигдөж болзошгүй Хатаншоргоолж ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй, захирамжийг гардуулаагүй, хүргүүлээгүй байна.

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 2017 оны А/191 дугаартай маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтыг үндэслэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хатаншоргоолж ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журам, эрх олгосон зохицуулалт бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт биш юм.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 д заасан үндэслэлүүдийг дурджээ.

Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын хувьд иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 6 үндэслэлээр хүчингүй болгохоор хуульд зохицуулсан байх бөгөөд өөр бусад үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хатаншоргоолж ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарладаг бөгөөд энэ үндэслэл нь мөн үгүйсгэгдэж байна.

Учир нь: Хатаншоргоолж ХХК-д маргаан бүхий 11 га газрыг 2016 оны 05 сарын 20-ны өдөр А/86 дугаартай захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд түүнээс хойш 01 жил 04 сар 20 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай захирамжаар хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байна.

Цаг хугацааны хувьд Хатаншоргоолж ХХК нь газраа эзэмшиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2 жил дараалан газраа ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм.

Хатаншоргоолж ХХК-ийн эзэмшиж байсан 11 га газраас 5 га газрыг Хан Жи Од ХХК-д эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/202 дугаартай захирамжийн хувьд Хатаншоргоолж ХХК-ийн эзэмшлийн 11 га газрыг хүчингүй болгосон А/191 дугаартай захирамж нь хууль бус болох нь нотлогдож байх тул түүнийг үндэслэж гарсан А/202 дугаартай захирамжийг мөн адил хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хатаншоргоолж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/202 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Баянгол сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Хатаншоргоолж ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР