Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 382

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч ХААН банк ХХК-ний нэхэмжлэлтэй “Б.Энхтөр, Б.Энхзаяа нарыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ХААН банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ...Зээлдэгч Б.Энхтөр нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 1-1456 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. 2015 оны 03 дугааар сарын 24-ний өдөр уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №ЗГ201642587639 тоот гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл болох 4.726.566.63 /дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун жаран зургаа  зууны жаран гурав/ төгрөгийг 36 сарын хугацаагаар сунгаж авсан.

Зээлдэгч нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 631.701.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 455.446.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.852.12 төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хугацаандаа зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байна.

Зээлдэгч Б.Энхтөр болон Б.Энхзаяа нар нь зээлийн гэрээгээ зөрчиж, графикт заагдсан зээлийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, бидний ажилд хүндрэл учруулаад байгаа тул уг зээлдэгч нарыг эрэн сурвалжлах тухай захирамж гарган, эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ. 

 

ХААН банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбартаа:

      ... Б.Энхтөр, Б.Энхзаяа нар нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ХААН банкны Сэлэнгэ салбараас 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай хувийн хэрэглээнд ашиглана гэсэн зорилготойгоор зээлж авсан.

Зээл авахдаа төрсөн дүү гэх Б.Энхзаяаг батлан даалтын хуудаст гарын үсэг зуруулсан боловч Б.Энхзаяа Улаанбаатар хотод цагдаагийн цайны газар ажиллаж байгаа сурагтай байж байгаад ажлаасаа гараад хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон.

Б.Энхтөр нь анх зээл авах үедээ хилийн цэргийн 0243 дугаар ангид ажилтай байсан бөгөөд энэ ажлаасаа гарч Сэлэнгийн долгио чуулгад 2016 оны 10 дугаар сард хөгжимчинөөр орж ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсан үндэслэл нь шалтгаангүйгээр ажлаа тасалдаг байсантай холбоотой. Манай банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн төлөлтийг сарын 182.000 төгрөг болгож бууруулсан боловч мөн л ажлаасаа халагдаж зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21.000 төгрөг төлсөн түүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Одоо 4.726.566.63 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

Манай дээр бүртгэлтэй хаягтаа одоо байдаггүй учраас энэ хүмүүстэй холбоо барьж чаддаггүй.

Зээлдэгч зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр багийн 1 дүгээр хэсгийн 007 тоотод оршин суух хаягтай боловч хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон. Иймд Б.Энхтөр, Б.Энхзаяа нарын хаягийг тодруулж, эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             ХААН банк ХХК нь Б.Энхтөр, Б.Энхзаяа нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.  

Б.Энхтөр, Б.Энхзаяа нар нь тус банктай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1-1456 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 /арван сая / төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан байна.

Тэд зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг 007 тоот хаягт оршин суудаг байсан боловч хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн засаг даргын 192,193 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд ХААН банк ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Б.Энхтөр, Б.Энхзаяа нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдүүдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.             

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 007 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Бөх овгийн Батнасангийн Энхтөр  /МЬ89061511/, Бөх овгийн Батнасангийн Энхзаяа /МЮ93090709/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар Б.Энхтөр, Б.Энхзаяа нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ХААН банк ХХК-нд мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

         3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ