| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00400/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 448
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг буур хээр 5 дугаар хэсэг 95 тоотод оршин суух, 60 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Авгад овогт Сугарын Жаргалсайханы /МЕ-57073119/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Жаргалсайхан миний бие нь 1981 оноос 1990 оны хооронд Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Бөөний бараа баазад жолоочоор ажиллаж байсан бөгөөд одоо тэтгэвэр тогтоолгох болсон. Дээрх хугацааны баримт архивт байхгүй олдохгүй байх тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул Сугар овогтой Жаргалсайхан намайг 1981.07.14-ний өдрөөс 1990.04.17-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Бөөний бараа баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Жаргалсайхан гуай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс тэтгэвэрт гарах эрх нь нээгдэж байгаа юм. Тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч анх ажилд орсон, гарсан тушаал нь архивт байхгүй болох нь хэрэгт авагдсан Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 259 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтээс харахад зөвхөн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт жолоочоор ажиллаж байгаад Бөөний бараа баазад шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч маань андуураад Бөөний бараа бааз гээд бичсэнийг залруулж байна. Иймд С.Жаргалсайханыг Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь “...намайг 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр 17-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газар... жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.Жаргалсайхан нь Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
С.Жаргалсайханы 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 12-13 дугаар талд авагдсан “Ажлын тухай мэдээ”-нд 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт жолоочоор ажилд орсон, ажлаас чөлөөлсөн талаарх бичилт, гэрч М.Болд, Д.Лханаажав, С.Галбадрах нарын шүүхэд С.Жаргалсайханы ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд С.Жаргалсайханыг 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт жолоочоор ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сугарын Жаргалсайханыг 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт жолоочоор ажилласан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА