Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1529

 

"Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01501 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Сайн-Ерөөлтөд холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 45 367 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Л.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Сайн-Ерөөлт нь 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр манай ББСБ-ын Баянзүрх дүүрэг дэх салбартай зээлийн гэрээ байгуулан, 28.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, Герман Улсаас бараа оруулж ирэх зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-76 дугаар байрны 51 тоот, 2 өрөө 57.5 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан, холбогдох газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд эхний гурван сард гэрээнд заасны дагуу зээлийн хүүгээ төлж байгаад 8 сараас эхлээд хүү болон үндсэн зээлээ төлөхөө больсон бөгөөд хариуцагч нь шалтгаанаа “ирж байгаа бараа маань саатсан, бараагаа ирэхээр нь борлуулаад зээлээ төлнө, өөр газраас зээл авах гэж байгаа, эсвэл байраа зарж төлнө” гэж манайд хэлдэг байсан. Хариуцагч С.Сайн-Ерөөлт нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 11 удаа үндсэн зээлд 2.800.000 төгрөг, хүүд 3.548.000 төгрөг буюу 6.348.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд үндсэн зээлд 25.200.000 төгрөг, зээлийн хугацааны хүүд 7.421.467 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10.025.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.701.533 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхтэй холбоотой нотариатын төлбөрт 19.000 төгрөг, нийт 45.367.400 төгрөгийг хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс гаргуулж өгнө үү. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-76 байрны 51 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Сайн-Ерөөлтийн өмгөөлөгч А.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

С.Сайн-Ерөөлт нь тус ББСБ-аас 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 28.000.000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авч орон сууцаа барьцаалсан. Манай хувьд үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацааны хүүг төлнө энэ талаар маргахгүй. Үндсэн зээл 28.000.000 төгрөг, үндсэн хүү 7.477.400 төгрөг, нийт 35.477.400 төгрөг төлөх ёстой байсан, үүнээс 11 удаагийн төлөлтөөр 6.348.000 төгрөг төлсөн учир 29.129.400 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. С.Сайн-Ерөөлт нь зээлээ төлж чадахгүй байгаа шалтгаанаа нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь 2 өрөө байраа барьцаалсан, нэхэмжлэгч зээлээ шаардаж авах эрх нь байхад зээлийн хүүгээ бүтэн жил өсгөсний дараа нэхэмжилж байгаа. Иймээс гэрээний хугацаанаас хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.5, 2.11, 5.1.1, 8.5-д заасан нөхцөлийг биелүүлээгүй өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхээ эдлээгүй, барьцаа хөрөнгөөр зээлийг хаагаагүйн гадна гэрээний хугацааг сунгаагүй, мөн бусад зүйлд заасан арга хэмжээг авах эрхээ хэрэгжүүлээгүй. Хэрвээ гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь ийм байдалд хүрэхгүй байсан. Санаатайгаар гэрээний хугацаа дууссанаас хойш бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган их хэмжээний хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-3.2-т “зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана” гэж заасан. Үүний дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшх 90 хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй. Данс бүртгэлийг энэ зааварт заасны дагуу бүртгэх ёстой гэж үзэж байна. Иймд уг заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний тооцоогоор төлөх ёстой үндсэн зээл, хугацааны хүү, Санхүүгийн зохицуулах хорооны зааварт заагдсан 3 сарын хүүд нийлээд 32.069.400 төгрөг болж байгаа тул илүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс 42.669.130 /дөчин хоёр сая зургаан зуун жаран есөн мянга нэг зуун гучин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.698.270 /хоёр сая зургаан зуун ерэн найман мянга хоёр зуун далан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Сайн-Ерөөлтийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах, улсын бүртгэлийн Ү-2205034345 дугаарт бүртгэгдсэн ХД-76 байрны 51 тоот 2 өрөө бүхий, орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384.787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс 371.296 төгрөг гаргуулан “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

 

            Хариуцагч С.Сайн-ерөөлт давж заалдах гомдолдоо:.. Уг зээлийг авсан хугацаанаас хойш жижиг бизнес эрхэлж хоног хугацаа хэтэрч өөр газраас зээл хөөцөлдөж Газар капитал партнерс ББСБ-н зээлийг төлөх бүхий л арга хэмжээг авч нийт 11 удаагийн төлөлтөөр 6.348.000 төлж барагдуулсан. Мөн уг ББСБ- өөрийн биеэр очиж бүх асуудлыг танилцуулж хүүг зогсоож өгөх хүсэлт гаргаж байсан болно. Шүүх энэ тайлбарыг хүлээж аваагүйд гомдолтой Дээрх нөхцөл байдлын улмаас цаашид төлбөрийг хугацаандаа төлж барагдуулах чадваргүй болсон учир 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг уг шүүхх 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 101/Ш32016/32944 тоот шүүхийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүгээр хариуцагч нь уг өрийн асуудлыг шийдвэрлүүлэх хүүгийн асуудал хүндэрч чадваргүй болсон нь нотлогдож байх бөгөөд энэ тухайгаа тус ББСБ-д албан ёсоор мэдэгдэж байгаагүй гэж дүгнэсэн. БГД-ийн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Ийм шүүхийн захирамж гаргасан тухай хурал дээр мэдүүлсэн боловч БГД-ийн шүүх асуудлыг нягталж шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээнд өөрийн талдаа хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй уг гэрээний 2,4 2,5 2,11 5,1,1 8,4 д заасан үүргийг биелүүлээгүй хариуцагч талыг бүтэн 2 жилийн дараагаар шүүхэд хандаж илт хохироож хэт өрийн дарамтад оруулж хүүг өсгөх зорилготой байсан нь нотлогдож байгаа нөхцөлийг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх ББСБ-гийн үйл ажиллагааг зохицуулах эрх бүхий санхүүгийн зохицуулах хорооны 2008 он 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолоор батлагдсан ББСБ-д мөрдөх ББСБ-ийн нягтлан бодох бүртгэлийн хөтлөх үлгэрчилсэн зааврын 3-р зүйлийн 3-2 заасан зээлийн үндсэн өр хүүгийн төлбөрийг зогсоох тухай заалтыг хэрэгжүүлээгүй хариуцагчийг хэт хохироосон ББСБ-ийн үйл ажиллагааг дэмжиж шийдвэрлэсэнд иргэн миний бие гомдолтой байна. Хэрэв ББСБ нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц энэ зээл хүү барьцааны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн бол өнөөдөр миний бие ийм их нэмэгдүүлсэн хүүний өр төлбөр орохгүй байх боломжтой байсан юм. Энэ нөхцөл байдлыг шүүх хянан үзээгүй шийдвэр гаргалаа. Иймд миний бие үндсэн зээл 25.200.000, хүү 3.929.400 төгрөг нийт 29.129.400 төгрөгийг төлж барагдуулах асуудлыг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.238.400 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.  

 

Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь хариуцагч С.Сайн-Ерөөлтөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45.367.400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Сайн-Ерөөлт нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, зээлийн хүүд 32.069.400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэтэрсэн хугацааны хүүг төлөхийг эс зөвшөөрөн маргасан байна.

 

 Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ЗГ0103150051 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь 28.000.000 төгрөгийг 30 хоногийн 3,5%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлбэл 0.7%-ийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр тохиролцсон байна. /хх 14-16/

 

 Мөн талууд Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-76 дугаар байрны 51 тоот, 2 өрөө 57,5 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ. /хх 17-19/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Хариуцагч С.Сайн-Ерөөлт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.348.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэсэн үндэслэлээ “... нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч дангаар гэрээг цуцлах эрхээ эдлээгүй, гэрээний хугацааг сунгаагүй, мөн бусад зүйлд заасан арга хэмжээг авах эрхээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэл заажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд зээлдүүлэгч талыг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн үндсэн хүү 7.421.467. төгрөгийн үнийн дүнгийн 0,7%-иар нэмэгдүүлсэн хүүг тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нотариатын үйлчилгээ авсныхаа зардалд төлсөн 19.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

 

 Хариуцагч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч бүтэн 2 жилийн дараа шүүхэд хандаж, илт өрийн дарамтад оруулсан, Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын нягтлан бодох бүртгэлийн хөтлөх үлгэрчилсэн зааврын дагуу үндсэн өр хүүгийн төлбөрийг зогсоогоогүй” гэсэн үндэслэл заажээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг тул Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын нягтлан бодох бүртгэлийн хөтлөх үлгэрчилсэн зааврын дагуу үндсэн өр хүүгийн төлбөрийг зогсоогоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Сайн-Ерөөлтийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа С.Сайн-Ерөөлтөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.142 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

                         ШҮҮГЧИД                              Т.ТУЯА          

                                                                        Ц.ИЧИНХОРЛОО