| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2020/0004/З |
| Дугаар | 159/ШШ2020/0010 |
| Огноо | 2020-03-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 159/ШШ2020/0010
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын татварын улсын байцаагч ******* холбогдох 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0302487 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Мандал сумын татварын улсын байцаагч ******* 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* үйлдсэн зөрчилд 150000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан 0302487 дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг хянахад: Мандал сумын татварын улсын байцаагч ******* Е баримт үйлчлүүлэгчид олгоогүй гэж Б.Хишигнямд 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан торгож шийтгэх атал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар гэж хуулийн буруу заалт баримталж Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан шийтгэлийн хуудас /маягт 2/ шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь зөрчилд авагдсан шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мандал сумын татварын улсын байцаагч Б.Хишигнямд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу гэж, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан /маягт 2/ шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан 0302487 дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив...гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Хишигнямд Е баримт үйлчлүүлэгчид олгоогүй гэсэн зөрчилд 150.000 /нэг зуун тавин мянга / төгрөгийн торгууль ногдуулсан. Шийтгэлийн хуудас бичихдээ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчингүй болсон хуулийн заалтыг /хуучин/ буруу хэрэглэсэн тул Мандал сумын Прокурорын газраас гаргасан дүгнэлттэй танилцлаа. Иймд тус зөрчилд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын татварын улсын байцаагч нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 0302487 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ******* ...үйлчлүүлэгчид Е баримт хэвлэж өгөөгүй... гэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт гэж зааж 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор иргэн ******* ...үйлчлүүлэгчид Е баримт хэвлэж өгөөгүй... үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байх тул 0302487 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн дүгнэлтийг хариуцагч тус сумын татварын улсын байцаагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын татварын улсын байцаагч ******* холбогдох 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0302487 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР