Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0613

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т”-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0565 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч: “Т”

Хариуцагч: Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Т”

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Д”

Хариуцагч: Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга “Э”

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Ц”

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “М”

 

Хэргийн индекс: 128/2023/0079/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 0565 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т”-аас Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргад холбогдуулан гаргасан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Т”-д төрийн албанаас халах шийтгэл ногдуулах тухай” Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2.   Нэхэмжлэгч “Т” дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Хүнс, хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газарт Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд 2022  оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж  байсан.

Ингээд тус газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар “...албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, байгууллагын албан хаагчдын үйл ажиллагааг доголдуулсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй зэрэг нь байгууллагын дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын заалтуудыг зөрчиж хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн шалтгаанаар албан тушаалаас чөлөөлсөн байна.

Гэвч дээрх шалтгаанууд нь ойлгомжгүй, тодорхойгүй байх буюу яг яаж албан тушаалд хайхрамжгүй хандсан, нэхэмжлэгч миний ямар үйлдэл, үйл ажиллагаа байгууллагын нийт албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хариуцлагыг бууруулсан, түүнчлэн байгууллагын үнэлэмж болоод дотоод үйл ажиллагааг хэрхэн яаж буруулж, доголдуулсан гэдэг нь бүгд тодорхойгүй, ойлгомжгүй байгаа юм.

Нэг. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр, буруу дүгнэсэн.

Үүнд: 1.1. Төслийн сонгон шалгаруулалтад оролцсон “Т” ХХК нь анхан шатны шаардлага хангаагүй тул тухайн үеийн сонгон шалгаруулалтын эхний хуралд хэлэлцүүлэхээс татгалзсан бөгөөд мэргэжилтэн “Т” нь энэ талаар хэлтсийн даргадаа мэдэгдэж, хэлтсийн  дарга нь зөвшөөрч, хурлаар оруулаагүй байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “...Дэлхийн банкны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Экспортыг дэмжих төсөлд хамрагдах төслийн шаардлагыг хангасан “Т” ХХК-ийн 2/15 дугаар албан бичгээр ... шалгалт явуулсан” гэж дүгнэсэн нь шүүх “Т” ХХК-ийг шаардлага хангасан гэх ямар ч баримт байхгүй, энэ үндэслэлийг хариуцагч талаас огт нотлоогүй байхад баримтгүйгээр
“төслийн шаардлага хангасан” мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

1.2. Шүүхийн шийдвэрийн 8.1-т “...үнэлгээний хорооны хурлын гишүүдийн компьютерт аж ахуйн нэгжүүдийн бүх мэдээллийг байршуулаагүй, бэлтгэл хангаагүй” гэж дүгнэсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талаас зарим мэдээллийг байршуулаагүй гэж маргадаг. Гэтэл шүүх ямар мэдээлэл байршуулахаас аль ч хэсгийг нь байршуулаагүй, дээрээс нь хорооны хурлын гишүүдийн компьютерт мэдээллийг байршуулах чиг үүргийг ямар тушаалтан хариуцдаг талаар огт дүгнэлт гаргахгүйгээр шууд бүх мэдээллийг байршуулаагүй мэтээр дүгнэсэн.

Мэргэжилтэн “Т” нь өөрийн шууд удирдлагад хариуцсан төслийн талаарх мэдээллийг танилцуулж, холбогдох материалыг хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь гэрч “Э”-ийн мэдүүлгээр тогтоогддог. “Э” нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ өөрт нь материалууд бүрэн байсан талаар дурдаж, хорооны хурал завсарлахад гишүүдийн компьютерт байршуулсан талаар ярьдаг.

1.3. Шүүхийн шийдвэрийн 8.2-т “... “Т”-аас авсан тайлбарт зан харьцаандаа анхаарч ажиллахаар дүгнэлт хийж байна. Өөрийн түргэн зангаас шалтгаалан маргалдсан гэж дурдсан, хэлтсийн мэргэжилтнүүдээс авсан тайлбарт хэлтсийн даргын тавьсан шаардлагыг нэг их таатай хүлээж аваагүй “Т” хэлтсийн дарга “Э”-тэй харилцахдаа ёс зүйн доголдол, зөрчил гаргасан” гэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, нэг талыг барьсан дүгнэлт болно.

Хэлтсийн бусад мэргэжилтнүүдийн зүгээс маргаж байсан талаар тайлбартаа дурдсан боловч “Т” нь “Э”-тэй ёс зүйн доголдол, зөрчил гаргахаар зүй бус харьцсан гэж мэдүүлдэггүй. Төрийн албан хаагч нь ажлын шаардлагаар өөрийн удирдлагатай маргах асуудал гарахыг үгүйсгэхгүй, тур тусмаа удирдлагын зүгээс хууль бусаар ажилтныг буруутгаж байгаа тохиолдолд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл биш юм. Гэтэл шүүх нь зөвхөн “Э”-ийн мэдүүлэгт тулгуурлаж, хариуцагчийг үндэслэлээ нотлохыг огт шаардахгүйгээр нэг талыг хэт барьж шүүхийн шийдвэрийн үндэслэлийг  тодорхойлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

1.4. Шүүхийн шийдвэрийн 8.3-т “Т” өөрийн хариуцан судалсан “Т”  ХХК-ийн удирдлагад холбогдох журам, зааварт тусгагдаагүй байдлаар төсөлд тэнцэхгүй талаар өгсөн, албан бичгээр мэдэгдээгүй, төслийн иж бүрдэлд шаардаагүй гэрээ, материал байхгүй шалтгаанаар сонгон шалгаруулалтаар хасагдах үндэслэл болно гэж тус компанийн удирдлагад тайлбарлаж, өөрийн дур зоргоор хасаж, компанид цаг хугацааны болон алдагдсан боломжийн хохирол учруулсан...” гэж дүгнэсэн.

Ингэхдээ төслийн иж бүрдэлд ямар баримт бичгүүд хамаарах, тэрнээс “Т” юу шаардсан, яагаад төслийн иж хамаарахгүй байгаа талаар огт дүгнээгүй, энэ талаар нотлох баримтыг хариуцагчаас гаргуулаагүй, мөн “Т”-ын тайлбараар тогтоогдсон гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг гүтгэсэн.

Энэ мэтээр анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн нотлох чиг үүргийг огт хэрэгжүүлэхгүйгээр хариуцагчийг Захиргааны актын тушаалын үндэслэлийг  нотлохыг шаардахгүйгээр баримт нотолгоогүй, үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан зөрчлийг гаргасан.

Хоёр. Шүүх нь Захиргааны актын хууль зүйн үндэслэл, чөлөөлсөн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийгээгүй тухайд:

Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл буюу маргаж буй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхисон. Учир нь нэхэмжлэгч нь Захиргааны акт буюу Жижиг,  дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаал нь “Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-т заасан шаардлагыг хангаагүй” гэж маргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.4.1-т “зориуд санаатайгаар зөрчил гаргасан”, 3.4.3-т “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн”, 3.4.5-т “хэд хэдэн зөрчил гаргасан” гэсэн үндэслэл, шалтгааныг тушаалд тусгасан байна.

Гэтэл хариуцагч нь тушаалын дээрх үндэслэлийг огт нотлоогүй буюу “Т” нь ямар зөрчил гаргасан, тэр зөрчлийн улмаас яаж байгууллагын нэр хүндэд халдаж, байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хариуцлага, байгууллагын талаарх үнэлэмжийг буруулж, дотоод үйл ажиллагааг доголдуулсан, эдгээр нь ямар ч баримтаар тогтоогдоогүй.

Энэ талаар шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зөвхөн хариуцагчийн байр суурийг нотлох баримтгүйгээр дэмжсэн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 128/ШШ2023/0565 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч “Т”-аас гаргасан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2. Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг үндэслэн, Зээл, төслийн хэлтсийн Зээл, төсөл хариуцсан мэргэжилтний орон тоонд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаа “Т”-ыг албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хариуцлага, байгууллагын талаарх үнэлэмжийг бууруулж, дотоод үйл ажиллагааг доголдуулсан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн боловч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй зэрэг нь байгууллагын дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3. Анхан шатны шүүх “... хариуцагч байгууллагын дотоод аудитын албанаас “Т”-ын гаргасан зөрчлийг шалган, тухайн үед авагдсан ажилтнуудын тайлбар, “Т” ХХК-ийн өргөдөл, тус компанийн төсөл хэлэлцэгдээгүй байдал, “Т”-ын өөрийнх нь тайлбар, уг баримтуудтай нэхэмжлэгчийг танилцуулахад нэмэлт шалгалт хийлгэхээр хүсэлтээ гаргаагүй” зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтыг үнэлж, маргаан бүхий актыг хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “...анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн нотлох чиг үүргийг огт хэрэгжүүлэхгүйгээр хариуцагчийг Захиргааны актын тушаалын үндэслэлийг  нотлохыг шаардахгүйгээр баримт нотолгоогүй, үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан зөрчлийг гаргасан... үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зөвхөн хариуцагчийн байр суурийг нотлох баримтгүйгээр дэмжсэн ” гэснийг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

4.1. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1-д “сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн ... шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2-д “... 2.1.-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг ... тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж заасны дагуу “Т”-ын зөрчлийг шалган, холбогдох баримтуудаар тогтоосон нь хэрэгт авагдсан байна.

5. Мөн хариуцагчаас “Т” ХХК-ийн төслийг хуралд оруулаагүй” гэх зөрчлийн тухайд шаардлага хангасан төслийг хурлаар оруулаагүй гэж буруутгаагүй, шүүх энэ талаар дүгнээгүй байх тул нэхэмжлэгчийн “... энэ компани шаардлага хангаагүй байхад хангасан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6. Хариуцагч нь дээрх компанийн төсөл шаардлага хангаагүйтэй холбоотой албан бичгээр хариу өгөөгүй, амаар хариу өгч, хуралдаанд төслийг оруулаагүй, газар дээр очиж шалгаагүй гэж буруутгасан, мөн Экспортыг дэмжих төслийн хорооны хурал /цахимаар нийтэд хүргэгддэг/-д бэлтгэж, өөрийн судалсан төслүүдийн мэдээ мэдээллийг компьютерт байршуулаагүйг “албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан” гэж үзсэнтэй холбоотой нэхэмжлэгч нь гомдолдоо “... ямар мэдээлэл байршуулахаас алийг байршуулаагүй, компьютерт мэдээлэл байршуулахыг хэн хариуцдаг талаар шүүх дүгнээгүй, ... тухайн компанийн төслийн иж бүрдэлд ямар баримт бичгүүд хамаарахаас “Т” юу шаардсан, талаар шүүх дүгнээгүй, зөрчил гаргаагүй, намайг гүтгэсэн ...” гэжээ.

 6.1. Нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтоос үзвэл Зээл, төсөл хариуцсан мэргэжилтэн нь “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс ирсэн төслийг судлах, судалгаа шинжилгээ хийж Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд оруулах” үүрэгтэй байх бөгөөд дээрх зөрчлүүд нь энэ үүрэгт нь хамааралтай байх тул албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд төрийн албан хаагчийн хийх үйлдэл тус бүрийг нэг бүрчлэн заах боломжгүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

7. Түүнчлэн маргаан бүхий тушаалаар дээрх албан үүргээ биелүүлээгүй зөрчлөөс гадна “удирдах албан тушаалтантай зүй бус харьцаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж үзсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “төрийн албан хаагч нь өөрийн удирдлагатай маргах асуудал гарахыг үгүйсгэхгүй, тэр тусмаа удирдлагын зүгээс хууль бусаар ажилтныг буруутгаж байгаа тохиолдолд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл биш” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

7.1. Учир нь уг гомдлын агуулга нь хэлтсийн дарга “Э”-ийн шаардлагыг хүлээж аваагүйгээ үгүйсгэхгүй байх бөгөөд албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан талаар шаардлага тавьсныг хууль бус шаардлага гэж үзэхгүй, “Т”-ын тухайн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.8-д заасан “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчим болон мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэг хүлээхээр заасныг тус тус зөрчсөн байна. 

8. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаал нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т”-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ