Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 70

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч Ц.Энхжаргал, түүний өмгөөлөгч Г.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нүдэн овогт Цэнджавын Энхжаргалд холбогдох эрүүгийн 201625030390 дугаартай, 186/2016/0065/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, “Гроут Финанс Аудит” ХХК-д мэргэшсэн үйлчилгээний аудитор ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, их тойруу гудамжны 145-14 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Нүдэн овогт Цэнджавын Энхжаргал /РД:ЛЮ66112123/,

Холбогдсон хэргийн талаар

Ц.Энхжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт К.Болорнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид  нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч Ц.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мэдүүлэг өгөхгүй, хэрэг бүртгэх шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.

    Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Болорнямын:...2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 45-968 тоотод оршин суух нөхөр Дамдинсүрэнгийн гэрт 2 хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтэр аваачиж өгөхөөр очсон боловч тэдний гэрт нь хүн байхгүй байсан юм. Би тэр хашааны гадаа хүлээгээд байж байхад Дамдинсүрэн гэрийнхээ гадаа цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай эмэгтэй болох Энхжаргал, мөн өөрийн аав Алтансүх, ээж Баяраа нарын хамт гэрийнхээ гадаа ирсэн юм. Тэр үед Дамдинсүрэн машин барьчихсан явж байгаад намайг харчихаад гудамж руу уруудаад явахаар нь би араас нь машинтайгаа очиж зогсох үед Дамдинсүрэн бид 2 машинаасаа зэрэг буугаад уулзаад би тэр үед хүүхдийн эм тариа авч өгөөрэй гэж хэлэх үед Дамдинсүрэн аваад өгчихнө гээд хэл ам хийгээд байсан юм. Тэр үед Энхжаргал гэх эмэгтэй бууж ирээд надтай юм ярилгүйгээр миний үсийг шууд зулгаасан, тэр үед би зөрүүлээд тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан, тэр үед Дамдинсүрэн миний 2 гарнаас барьчихаад тавихгүй байсан бөгөөд уг эмэгтэй миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, тэр үед аав нь ирээд үсийг нь тавь гэж байсан юм. Тэр үед арай гэж салаад машин руугаа гүйгээд дүү Гавьяацэцэг рүү залгаад энэ хүмүүс бүгдээрээ дайраад намайг зодоод байна гэж хэлсэн. Тэр үед 102-руу залгаад цагдаа дуудах гэж байхад Энхжаргал гэх эмэгтэй машинаа унаад доошоо зугтаасан юм. Тэр үед Дамдинсүрэн та яах гэж машиныхаа түлхүүрыг өгсөн юм бэ, наад эмэгтэй чинь согтуу байгаа шүү дээ гээд аавдаа уурлаж байсан. Тэр үед 102 дугаарлуу залгаад замын цагдаатай Приус 20 маркийн 22-30 УБН улсын дугаартай согтуу эмэгтэй намайг зодоод зугтаачихлаа, тэр хүн согтуу байгаа гээд хэлчихээд утсаа салгах үед Дамдинсүрэн миний утсыг булааж авах гээд байсан, тэр үед би цааш нь түлхэж машинаасаа гаргачихаад байхад манай нөхөр Дамдинсүрэн хэл амаар доромжлоод мөн миний Соната 5 маркийн автомашины гупер, хаалга зэрэг эд анги руу өшиглөсөн юм. Тэгээд тэд нар намайг хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн юм. Тэр үед би Гандангийн ойролцоо хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг тосож уулзаад би хүнд зодуулчихлаа гэж хэлэхэд надад хууль зүйн зөвлөгөө өгөөд өргөдлөө бичээд цагдаагийн байгууллагад хандах талаар хэлээд тэгээд би цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн юм. Энхжаргал гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад миний хэвлийрүү 2 удаа өшиглөсөн, тэр үед Дамдинсүрэн миний гарыг бариад тавихгүй байсан юм. Тэгээд би тэр эмэгтэйд зодуулсан юм. Дамдинсүрэн дараа нь тэр эмэгтэйг явсаны дараа хүүхдийн дэвтрээр миний толгойруу цохьчихоод үүнийг цохьсон гэж хэлдэггүй юм гээд дараа нь буугаад миний автомашиныг өшиглөж гуперыг нь доош унжуулсан, мөн зүүн талын жолооч талын хаалгыг өшиглөсөн юм. Аав Алтансүх, ээж Баяраа нар нь зодоонд оролцоогүй. Би Дамдинсүрэн гэх хүнтэй 2012 онд гэр бүл болоод нэг гэрт хамтран амьдарч 2 охин төрүүлсэн юм. Бид 2 манай гэрт амьдарч байгаад 2014 онд Хас банкнаас би өөрийн хашаа байшингаа барьцаалаад 10 сая төгрөг зээлсэн юм. Дамдинсүрэн миний зээлийн батлан даагчаар орсон юм. Энэ хүн надад зээл төлж байсан асуудал нэг удаа ч байхгүй, бид 2 одоо тусдаа амьдарч байгаа бөгөөд би энэ хүнээс хүүхдийн мөнгөө сард нэг удаа өгч байгаачээ гэж хэлдэг юм. Манай нөхөр Дамдинсүрэн нь Энхжаргал гэх эмэгтэйтэй 2015 оны 06, 07 сарын үед танилцсан юм шиг байгаа юм. 2015 оны 11 сард байх би Энхжаргал гэх эмэгтэйтэй модны 2-ын тэнд явж байгаад уг эмэгтэйгийн араас дагаад Өгөөмөр захын орчимд би тэр эмэгтэйгээс утсыг нь булааж аваад нөхөрт нь энэ талаар мэдэгдсэн юм. Тэр үед энэ эмэгтэй цагдаад өргөдөл гаргасан байсан бөгөөд би энэ талаараа цагдаад очиж тайлбар өгсөн юм. Өөрөөр ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би зодуулсандаа гомдолтой байна, би энэ хүмүүсээс эмчилгээний зардлаа гаргуулж авна гэх мэдүүлэг. /хх 12-14/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч К.Гавьяацэцэгийн:...2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд манай төрсөн эгч Болорням над руу залгаад нөхөр Дамдинсүрэнгийн гэр лүү очсон чинь хүн байхгүй байна гэж хэлсэн юм. Би тэр үед Болорням эгчийг та хүлээж байгаад хүүхдийнхээ эмнийхээ бичгийг Дамдинсүрэнд өгөөд хүүхдийнхээ эмийг аваад өгчих гээд хэлчихгүй юу даа гэж хэлэхэд эгч Болорням нь би хүлээж байгаад эмнийхээ бичгийг нөхөр Дамдинсүрэнд өгчихөөд харина гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд 22 цаг 40 минутын орчимд эгч өөрийн 95336652 утсаар миний 95157267 дугаарлуу залгаад уйлаад эхэлсэн, тэр үед би юу болсон талаар асуухад Дамдинсүрэн нь үл таних Энхжаргал гэх эмэгтэйтэй нийлээд миний үснээс зулгаагаад бөөнөөрөө зодоод байна гэж хэлсэн юм. ...би өөрийн эгчид замын цагдаа болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарлуу ярь гэж зөвлөсөн юм. Тэр үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд манай эгч Болорнямд хууль зүйн зөвлөгөө өгөөд цагдаагийн байгууллагад зодуулсан талаараа өргөдөл гаргасан юм. Би 2016 оны 2 дугаар сарын 16-ны өглөө гэрт нь очиж уулзахад манай эгч Болорнямын толгой хэсгийн үс нь бөөнөөрөө багширалдсан, зунгаарсан байдалтай байсан бөгөөд толгойд нь хүрэхээр өвдөөд байна гээд хүргэхгүй байсан, ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тухайн үед эгч Болорням нь Энхжаргалд гэдэс рүүгээ хөшиглүүлээд бага зэрэг зовиуртай байна гэсэн.  Дамдинсүрэн гэх хүн манай эгч Болорнямтай 2010 онд танилцаад 2011 онд байх нэг гэрт ороод дундаасаа 2 охин төрүүлсэн. Том охин нь 3 настай, бага охин нь 2 настай, гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас одоо тус тусдаа амьдарч байгаа юм. Дамдинсүрэн манай эгч Болорнямаас тусдаа амьдарч байхдаа Энхжаргал гэх эмэгтэйтэй холбоотой болсон юм шиг байгаа юм. Энэ хүн нөхөртэй, манай эгч бид 2 нөхөрлүү нь яриад танай эхнэр болох гэсэн хүн чинь манай нөхөр Дамдинсүрэн гэх хүнтэй нууцаар уулзаад яваад байна та эхнэрийгээ татаад аваач гэж ярьсан юм. Тэр үед нөхөр нь болох хүн манай эхнэр нэг удаа бишээ урьд нь өөр хүн энэ талаар надтай ярьж байсан юм. Би одоохондоо хөдөө ажилтай байна хотод очоод энэ талаар ярилцана гэж хэлж байсан. Эгч Болорням маань тэр өдрөөс хойш толгой тархиа бариулж байгаа, эм ав гээд 160,000 төгрөгний эм бичиж өгсөн гэсэн, түүнийгээ авах мөнгө байхгүй байгаа учир өвчин намдаах лаа, эм хэрэглэж байна гэх мэдүүлэг. /хх 51-53/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Зоригтбаатарын:...Би Чингэлтэй дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрт 51-81 УНҮ улсын дугаартай автомашинтай цагдаагийн ахлах ахлагч Ч.Билэгсайханы хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд Согоот-10-с Чингэлтэй дүүргийн 1-р хороо Хайлаастын хийдийн үүдэнд хүлээж байя бусдад зодууллаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу хохирогч К.Болорнямын 95336652 гэсэн дугаарын утсаар холбогдож утсаар яриад уулзахад К.Болорням нь Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 45-968а тоотод өөрийн хамтран амьдрагчтайгаа уулзах гээд очиход үл таних эмэгтэйтээ намайг зодсон гэж мэдүүлээд уг хүмүүс нь машинаа унаад зугтаачихлаа гэж ярьж байсан. Тэгээд хууль зүйн зөвлөгөө өгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн жижүүрт гомдлоо гаргах талаар тайлбарлаад жижүүрийн ахлах офицерт хүлээлгэн өгсөн. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тухайн үед иргэн Болорнямын үс сэгсийсэн байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-135/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Баасансүрэнгийн:...2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим манай хашааны хаалганаас баруун тийш 15 метрийн зайд буюу манай хашаанд байх 00-ын харалдаа би өөрийн 9 настай Солонго охиныхоо хамт бие засахаар гараад хашааны завсараар харахад 2 автомашинтай 2 эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж байсан юм. Тэр үед өндөрдүү нуруутай дээл өмссөн эрэгтэй хүн чи миний 2 хүүхдээр далимдуулж уулз, өөр ярих юм байхгүй гэж хэлэхэд тэр залуугийн эхнэр бололтой хүн уг автомашиныг унаж явсан эмэгтэйтэй хэрэлдэж байх шиг байсан, би түүнийг сайн анзаараагүй тэгээд нэг залуу согтуу байж машин унаад явчихлаа гэж нэг эрэгтэй хүнд хэлээд байх шиг байсан. Тэгээд эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо хэрэлдэж байгаад машинаа унаад яваад өгсөн. Тэд нарын хэрүүл зодоон 5-10 минут л үргэлжилсэн байх. Би тухайн үед 00 орж бие засчихаад хашааны завсараар хальт харсан юм гэх мэдүүлэг.        /хх  136-137/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.Солонгийн:..2016 оны 02 дугаар сарын 15-ны орой өөрийн ээж Баасансүрэнгийн хамт бие засах гээд гарахад манай хашааны 00-ын чанга урд хашааны гадна талд 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байсан юм. Уг 2 эмэгтэй бие биенийхээ үснээс зулгаалцаж байхад тэнд байсан дээл өмссөн байсан ах тэр 2 хүнийг салгаж оролцож байсан. Тэгээд приус-20 маркийн автомашинтай эмэгтэй машинаа унаад доошоо гудамж уруудаад явсан юм. Би гадаа гараад бие засчихаад ээжийг хүлээгээд дараа нь 5-6 минут орчим болсон явдлыг хашааны завсараар харсан гэх мэдүүлэг. /хх 138-139/,

   2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6442  тоот актын:

1. К.Болорнямын биед тархи доргилт, хүзүү, хэвлий зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид энгийн хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд тухайн үед үүсэх боломжтой. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэсэн дүгнэлт. /хх-64/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Эд мөрийн  баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх 47-51/, Ц.Энхжаргалыг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэлүүд /хх 79-82/,  Ц.Энхжаргалыг иргэний үнэмлэхний лавлагаа, өмнө ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд / хх 85-87/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургууд /хх 132-134/, шинжээч эмчийг  байцаасан тэмдэглэл /хх 156-157/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Ц.Энхжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт К.Болорнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь тархи доргилт, хүзүү, хэвлийн зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч К.Болорням, гэрч К.Гавьяацэцэг, С.Алтансүх, О.Баяраа, М.Солонго, Ц.Баасансүрэн нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох  баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Ц.Энхжаргал нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.               

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Энхжаргалд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Энхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч К.Болорням нь...миний бие шүүгдэгч Ц.Энхжаргалаас хохиролд 800.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад  учруулсан хохирлыг  төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.                                                                                 

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын  шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.                                     

Шүүгдэгч Ц.Энхжаргал нь К.Болорнямын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Ц.Энхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт  зааснаар хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Нүдэн овогт Цэнджавын Энхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч К.Болорням гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус  дурдсугай.

            4. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн К.Болорням, Ц.Энхжаргал гэж хаягласан  2 ширхэг  гялгар ууттай  үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Энхжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх  хүртэл шүүгдэгч Ц.Энхжаргалд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ