Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Х.Б-,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт Б-ийн А-т холбогдох 2113000000154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 2004 оны 10 дугаар 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумд төрсөн, 17 настай, эмэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 “а” ангийн сурагч, Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар баг, Ж, **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.н овогт Б-ийн А-, регистрийн дугаар БЖ.................

Насанд хүрээгүй шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь 2021 оны 08 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын “Ш” гэх зуслангийн газар хохирогч С.Г-ы 9 настай охин М.Д-гийн ашиглаж байгаад гээгдүүлсэн гэх “Айпоне 8” маркийн гар утсыг олж авч бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

2. Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Х.Б- мэдүүлэхдээ: “Хохирлыг төлж барагдуулсан, өөр ямар нэгэн хэлэх тайлбар байхгүй.”  гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000154 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. “Э-Ө” ХХК-аас ирүүлсэн албан тоот, хавсаргасан материал /хх-ийн 01-04-рх/,

2. Эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14-рх/,

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-рх/,

4.Насанд хүрээгүй хохирогч М.Д-гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-рх/,

5. Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-ы 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-рх/,

6. Иргэний нэхэмжлэгч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-рх/,

7. Гэрч Е.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-рх/,

8. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54, 57-рх/,

9. Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-рх/,

10. “М” ХХК-ийн 0031299605 нэхэмжлэхийн дугаартай ******дугаарын 2021 оны 8, 9 дүгээр сарын хэрэглээний хураангуй /хх-ийн 02-04-рх/,

11. “А-Б” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-21-194 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-76-рх/,

12. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94-рх/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, насанд хүрээгүй шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, насанд хүрээгүй шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь 2021 оны 08 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Ш” гэх зуслангийн газар хохирогч С.Г-ы 9 настай охин М.Д-гийн ашиглаж байгаад гээгдүүлсэн гэх “Айпоне 8” маркийн гар утсыг олж авч бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- “Э-Ө” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/237 дугаартай “Тус компанийн “М”-ын 10010810 тоот гэрээнд бүртгэлтэй ******дугаар нь 8 дугаар сард утастай хамт алга болсон бөгөөд одоо хүртэл хэрэглээний төлбөр гарч байна. Энэ дугаарыг хэрэглэж байгаа хүнийг олж өгч тусална уу” гэх албан тоот, хавсралт материал /хх- ийн 01-04/,

- Эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Д-гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би зуны амралтаараа Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Ш” гэх газарт өвөөгийнхөө гэрт байхдаа өөрийнхх ашиглаж байсан “Ай-поне-8” маркийн гар утсаа алга болгосон юм. Хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө манайх аймагт ирсэн. Би зуслангаас аймагт ирэхдээ утсаа авч ирээгүй юм. Тэгээд аймагт хэсэг байж байгаад Улаанбаатар хот руу явсан. Улмаар 9 дүгээр сарын эхээр ирж хичээлдээ орсон юм. Би зусланд байхдаа тоглож байгаад тус гар утсыг хаана нэг газарт хаясан байна гэж бодсон. Миний гээгдүүлсэн гэх гар утсанд “М”-ын ******гэсэн дугаар ашигладаг байсан. Надад уг гар утсыг миний ээж С.Г- 2021 оны 02 дугаар сард шинээр худалдан авч өгч байсан. Миний гар утас кодгүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

- Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-ы 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “Э-Ө” ХХК-д ажилладаг юм. Манай байгууллагын нэр дээр 2021 оны 03 дугаар сарын үед “М” ХХК-аас 10 орчим дугаарыг гэрээгээр худалдан авсан. Дээрх дугааруудын зарим нэгийг нь албаны хэрэгцээнд авсан ба ******дугаарыг манай охин болох М.Д- /Одоо 4 дүгээр ангийн сурагч/ нь “Ай-поне 8” маркийн гар утсанд хийж ашиглаж байсан юм. Харин 2021 оны 08 дугаар сарын эхээр манай охин ашиглаж байсан гар утсаа гээгдүүлсэн юм. Тухайн үед манайх зусланд /Шт/ байсан бөгөөд зуслангаас аймгийн төв рүү орж ирэх, буцах замд л алга болсон юм шиг байна лээ. Яг хэзээ, хэдний өдөр, хаанаас алга болсон гэдгийг нь манай охин болон гэр бүлийнхэн маань мэдэхгүй байгаа. Охин маань гар утсаа гээгдүүлснийг мэдсэний дараа ашиглаж байсан ******дугаар луу удаа дараа залгахад утас нь дуудаад байсан хэдий ч дуудлагыг авч хариу өгөөгүй юм. Дээрх өдрөөс хэд хоногийн дараа ******дугаар луу залгахад дуудлага хийгдэж байсан хэдий ч дуудлагыг авч хариу өгөөгүй. Дээрх дугаар нь байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан тул байгууллагын мэйл хаягаар ******дугаарын нэхэмжлэх ирсэн ба нэхэмжлэхийг харахад 2021 оны 8 дугаар сарын хэрэглээний төлбөр 53.380 төгрөг, 9 дүгээр сарын төлбөр 254.726 төгрөг тус тус гарсан байсан. Улмаар дээрх дугаарыг бид ашиглаагүй байхад төлбөр гарсан байна гэж үзээд “М” ХХК-ийн салбарт хандан ******дугаарын зарлагын хуулгыг авч харахад үл таних хэд хэдэн дугаар луу нэгж шилжүүлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Дээрх гар утсыг 2021 оны 2 дугаар сарын сүүлээр 800.000 төгрөгөөр “МJS ТОWER”-ийн 2 дугаар давхарт байрлах гар утасны дэлгүүрээс худалдан авч байсан. Утасны өнгийг санахгүй байна, улбар шар өнгийн гэртэй байсан байх, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай утас байсан юм. Цагдаагаас надад хүлээлгэж өгсөн утас нь миний охины гээгдүүлсэн гар утас мөн байсан. Одоо тухайн утас нь хэвийн ажиллагаатай ажиллаж байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

- Иргэний нэхэмжлэгч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Уг хэрэгт ““Э-Ө”” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй “М”-ын ******дугаартай гар утас гээгдүүлсэн өдрөөс гар утсыг хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх гарсан төлбөр болох 308.107.23 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

- Гэрч  Е.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ангид өнгөрсөн жил шинээр Б.А- гэх охин шилжиж ирсэн. Улмаар бид ангийн найз болж эхэлсэн юм. 2021 оны 08 дугаар сарын дунд үеэр байх Б.А- луу өөрийн фейсбүүк хаягаасаа нэгж байвал явуулаач гэж чат бичсэн юм. Над руу Б.А- ******дугаараас 1000 нэгж шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш яаралтай нэгж хэрэг болсон үед Б.А- луу нэгж явуулаач гэж мессеж бичихэд над руу 1000, 2500-аар 4-5 удаа нэгж шилжүүлсэн байх. Мөн миний 85154824 гэсэн дугаар луу 1 удаа нэгж шилжүүлж байсан.  Харин нэгж шилжүүлж байсан цаг, хугацааг нь тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

- Гэрч  Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 1б ангид сурдаг, манай сургуулийн 10а ангид сурдаг найз болох Б.А-тай фейсбүүкээр мессеж бичиж байсан. Тухайн үед 8 дугаар сарын дунд хавьцаа болж байсан байх, би Б.А- луу найздаа нэгж байвал явуулаач гэхэд над руу ******дугаараас 1000 нэгж шилжүүлсэн юм. Үүний дараа нэлээд хэд хоногийн дараа Б.А-аас нэгж асуухад ******дугаараас 2500 нэгж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 57/,

- Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: '‘...Тухайн өдөр би сургууль дээрээ ажилтай байсан. Энэ үед 10а бүлэгт Газар зүйн хичээл орж байсан бөгөөд манай охин болох Д.М- **** дугаарын утаснаасаа залгаж, “Ээжээ надад цахим хичээлд хамрагдахад дата хэрэг боллоо, яаралтай 2500 нэгж явуулаарай” гэж хэлсэн. Манай охин Улаанбаатар хотод сурдаг оюутан юм. Тухайн үед миний утсанд нэгж байгаагүй, хичээл орж байсан тул гадагш дэлгүүрээс нэгж авах боломжгүй байсан. Улмаар хичээл орж байсан ангийн хүүхдүүдээсээ “М”-ын нэгжтэй хүүхэд байна уу, мөнгөөр нь авъя яаралтай нэгж хэрэг болоод байна гэхэд тус ангийн /нэрийг нь сайн санахгүй байна гэх/ нэг охин багшаа надад нэгж байгаа, миний дугаар дараа төлбөрт гэж хэлэхээр нь өөрийнхөө **** дугаар луу 1000 нэгж, охин Д.М-ын **** дугаар луу 2500 төгрөг шилжүүлж авсан. Маргааш нь би 10а ангид очиж нөгөө охинд мөнгийг нь өгсөн болно... Би утаснаасаа ирсэн мессежнүүдийг шалгаж үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******дугаараас 1000 нэгжийг над руу шилжүүлсэн байсан. Миний утсанд мессеж нь байгаа, би дээрх мессежийг гаргаж өгье...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

- “М” ХХК-ийн 0031299605 нэхэмжлэхийн дугаартай ******дугаарын 2021 оны 8 дугаар сарын төлбөр 53,380.50 төгрөг, 9 дүгээр сарын төлбөр 254,726.73 төгрөг гэх хэрэглээний хураангуй /хх-ийн 02-04/,

- “А-Б” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-21-194 дугаартай “...Iphone-8 маркийн гар утас 2021 оны 8 дугаар сарын байдлаар үнэлгээ нь 450,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-76/,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, аймгийн төвд хөдөөнөөс нүүж ирээд гэртээ өөрийн хувцастай цүнхийг нээж үзэхэд миний хувцас дотор зун хамт зусаж байсан хөрш М.Д-гийн ашигладаг “Ай поне-8” маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд гар утсыг үзэхэд унтраалттай байсан ба асаахад цэнэг нь дууссан байсан. Тэгээд цэнэглэгчээр цэнэглэж байгаад асаасан. М.Д- надад өөрийн утасны гадна код болон сим картынхаа нууц үгийг хэлж байсан учраас би цээжилчихсэн байсан. Тэгээд хөдөөнөөс аавыг ирэхээр нь утсыг нь өгч явуулна гэж бодоод өөрөө түр хэрэглэж байсан юм. ...Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн цагдаагийн газрын мөрдөгч Д.Ган-Уял гэх хүнд хүлээлгэж өгсөн. Би М.Д-гийн утсыг түр хэрэглэж байхдаа ангийн найз Е.Нурмухамед, Б.А- нарт нэгж шилжүүлж байсан юм. Би М.Д-гийн утсыг хүлээлгэж өгөхгүй ашиглаж байсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг гар утсанд ******дугаартай “М”-ын дараа төлбөрт дугаар байсан. Би тухайн үед ашигласан утасны төлбөрийг төлөөгүй. Учир нь, надаас уг мөнгийг нэхэмжлэхгүй гэж М.Д-гийн ээж С.Г- хэлсэн. Би уг нь буцаагаад өгье гэж бодсон. 2021 оны 09 дүгээр сард гэртээ нууж байгаад тэр чигтээ мартсан байсан тул өгч чадахгүй удаасан юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “А-Б” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-21-194 дугаартай дүгнэлтээр “Iphone-8” загварын гар утас 2020 оны 08 дугаар сарын байдлаар 450.000 /гурван зуун дөчин мянга/-н төгрөг” үнэтэй болохыг тогтоосон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь бусдын гээгдэл хөрөнгийг завшсаны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ын гэмт үйлдлийн улмаас учирсан 450.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь тухайн “Iphone-8” маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, бусдад нэгж шилжүүлж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.

Гэтэл насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна.  

Насанд хүрээгүй шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Б.А-ыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд насанд хүрээгүй шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “А-Б” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-21-194 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-76/-ээр тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гар утсыг нь биет байдлаар буцааж өгсөн, хохирогч М.Д- болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г- нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, бусдад нэгж шилжүүлж, захиран зарцлуулснаар гар утасны 2021 оны 8, 9 дүгээр сарын хэрэглээний төлбөр гэж 308.107.23 төгрөгийн хохирол учирсныг иргэний нэхэмжлэгч талаас шүүхийн шатанд төлж барагдуулсан болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ““Э-Ө”” ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Э/283 албан бичгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар “1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэх дүгнэлтийг,  

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн санал болгож буй ялыг дэмжиж байна гэх санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 8.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь өнөөдрийн байдлаар 17 нас 1 сартай болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-ын насыг тоолсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, Б.А- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, насанд хүрээгүй шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтоов.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

  • Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сарын хугацаанд Баян-Өлгий аймагт оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Хэрэв насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

Долоо. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Х.н овогт Б-ийн А-ыг “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар ирүүлсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-, иргэний хариуцагч Х.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 308.107.23 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Э-Ө” ХК-д төлж барагдуулсныг дурдсугай.

7. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК