| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-09-24 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч Д.Д,
шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч А.С,
шүүгдэгч У.А-, Л.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.б овогт Л-н Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт У-ы А- нарт холбогдох эрүүгийн 2113000090088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд математикийн багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Б сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. И овогт У-ы А-, регистрийн дугаар БД...........
2. Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 64 настай, эмэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт, Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, хүү, бэр, ач нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Н.б овогт Л-н Г-, регистрийн дугаар БД.............
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч У.А- нь Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хахууль өгөгч иргэн Л.Г-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу иргэн А.А-г ажилд оруулж өгнө гэж 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Л.Г- нь Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө бэр А.А-д давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан У.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч У.А- мэдүүлэхдээ: “Энэ гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”
2. Шүүгдэгч Л.Г- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”
Хоёр: Эрүүгийн 2113000090088 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Гэрч З.К-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-рх/,
2. Гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-рх/,
3. Гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хх-ийн 35-36-рх/,
4. Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-рх/,
5. Иргэн А-ын А-гийн Х банкны ******* дугаартай дансны хуулга /хх-ийн 54-рх/,
6. Иргэн Т-ийн О-н Х банкны ****** дугаартай дансны хуулга /хх-ийн 58-рх/,
7. Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/40, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаалууд /хх-ийн 74-75-рх/,
8. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/592, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/48 дугаартай яллагдагч У.А-ийг ажилд томилсон тухай захирамжууд /2 дугаар хх-ийн 10-11-рх/,
9. Шүүгдэгч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 247, 250, 2 дугаар хх-ийн 01-02-рх/,
10. Шүүгдэгч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41-рх/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.А-, Л.Г- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А-, Л.Г-, тэдний өмгөөлөгч Х.З, А.С нараас шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч У.А- нь Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хахууль өгөгч иргэн Л.Г-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу иргэн А.А-г ажилд оруулж өгнө гэж 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Л.Г- нь Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө бэр А.А-д давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан У.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэрч З.К-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У.А- нь манай сумын 4 дүгээр багийн иргэн Л.Г-ын бэр А.А-г ажилд оруулна гэж түүнээс 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба А.А-г ажилд авалгүй 1 жил орчим явж байгаад сургуульд математикийн багшаар түр хэдэн хоног ажиллуулж байгаад оронд нь Ш гэх хүнийг авсан гэсэн. Тэр асуудлаас болж Л.Г- гэх хүн У.А- захирлаас түүнд өгсөн 3.000.000 төгрөгийг нэхэж авсан гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-рх/,
- Гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэр өрөөнд Л.Г- У.А-т хандан миний бэрийг ажилд оруулж, гаргаж өгсөнд баярлалаа, миний чамд өгсөн 3.000.000 төгрөгийг буцааж өг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-рх/,
- Гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны намар 8 дугаар сард өдрийн санахгүй байна, хадам ээж маань би сургуулийн захирал У.А-тэй гэрт нь очиж уулзаад ирье гэж ганцаараа гараад явсан. Хэсэг хугацааны дараа хадам ээж маань гэрт ганцаараа орж ирж надад би У.А-ийн гэрт очиж ирлээ, гэрт нь эхнэр хүүхдүүдийн хамт байсан байна. Орон тоо гарвал ажилд авч өгөөч гэж хүсэлт тавьж танай хуримын үйл ажиллагаа хийхэд Х банкнаас 10.000.000 төгрөг авч байсан, түүнээс 3.000.0000 төгрөг үлдсэн байсныг У.А-т өгчихөөд ирлээ гэж хэлсэн. У.А- уг мөнгийг татгалзахгүйгээр хүлээж авлаа гэж хэлсэн. ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр У.А-ийн эхнэр болох Б.А- утсаар холбогдож танай хадам ээжээс авсан мөнгийг ямар данс руу хийх юм бэ, одоо буцааж өгөх гэж байна, дансаа явуулж өгөөч гэхээр нь би өөрийн Х банкны ******дугаартай дансны дугаарыг ****** гэсэн дугаар луу зурвас бичиж явуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний Х банкны ******* дугаар руу тус сумын иргэн Т.О гэх хүний дансаар утган дээр ****** дугаар бичиж 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-рх/,
Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ****** дугаартай данснаас А.А- гэх хүний ******* дугаартай дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн үед манай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал У.А- надтай манай гэрт ирж уулзаж, хүнээс барилгын материал авах гэсэн юм, мөнгө хэрэгтэй боллоо та надад 3.000.000 төгрөг зээлчих гэж хэлээд хүний данс бичиж өгсөн. Би тухайн данс руу 3.000.000 төгрөгийг мобайлаар шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-рх/,
- Иргэн А-ын А-гийн Х банкны ******* дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 54-рх/,
- Иргэн Т-ийн О-н Х банкны ****** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 58-рх/,
- Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/40, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаалууд /1-р хх-ийн 74-75-рх/,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/592, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/48 дугаартай яллагдагч У.А-ийг ажилд томилсон тухай захирамжууд /2 дугаар хх-ийн 10-11-рх/,
- Шүүгдэгч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга А.Гылымханы захирамжаар түр томилогдсон, түүнээс хойш 2 жил орчим ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн аймгийн Засаг даргын захирамжаар жинхлэгдэж томилогдсон. ...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай сургуулийн ахмад багш Л.Г- манай гэрт 19-20 цагийн үед орж ирсэн. Тэр надтай зочны өрөөнд юм яриад сууж байгаад миний бэр А.А-г ажилд оруулж өг гэж хэлээд цаасанд ороосон боодолтой мөнгө өгөхөөр нь би авахгүй гэсэн. Тухайн мөнгийг авахгүй гэж хэлсэн боловч үлдээгээд явсан. Би тэр мөнгийг тоолж үзэхэд 3.000.000 /гурван сая/ төгрөг байсан. ...Би уг мөнгийг ойр зуурын хэрэглээ болон машины засвар хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. ...Т.О- ахын данснаас шууд А.А-гийн дансанд мөнгийг хийлгэсэн. Надад өгсөн 3.000.000 төгрөгийг бүрэн төлсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 247, 250, 2 дугаар хх-ийн 01- 02-рх/,
- Шүүгдэгч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн захирал У.А-ийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх гэрт нь ганцаараа очиж, зочны өрөөнд нь орж түүнтэй уулзаж бэр Аяулыг ажилд оруулж өгөх талаар хүсэлт тавьж хэлээд түүнд бэлнээр 3.000.000 төгрөг цаасанд ороож өгсөн. ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний бэр А.А-тай У.А-ийн эхнэр Ахбөпе утсаар яриад түүний дансыг аваад 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-41-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна. Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч У.А- нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/592 дугаартай захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/48 дугаартай захирамжаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасны дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд; мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг тус тус ойлгохоор зохицуулжээ. Үүнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч У.А-ийг гэмт хэрэг үйлдэх үед нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүхээс шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч У.А- нь нийтийн албан тушаалтны хувьд амар хялбар аргаар хөрөнгөжих, шүүгдэгч Л.Г- нь бусдад давуу байдал олж авах буюу нийтийн албан тушаалд өөрийн бэрээ шударга бус байдлаар томилуулах гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.А-, Л.Г- нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Эрүүгийн хариуцлагын тухай.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т 1 жил 6 сарын хугацаагаар хорих” ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Х.З-аас “...Шүүгдэгч У.А- нь уг гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн өдрөөс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байсан, түүний эд хөрөнгийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Г-ын өмгөөлөгч А.С-аас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж тус тус эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч У.А-, Л.Г-ын нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Харин шүүгдэгч Л.Г-ын хувьд хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал У.А- нь Л.Г-ын бэрийг ажлаас гаргасны дараа цагдаагийн байгууллагад хандсан байх тул хэргээ өөрөө сайн дураар илчлэн ирсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч У.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгч У.А-, Л.Г-ын нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.А- нь нийтийн албан тушаалтны хувьд шүүгдэгч Л.Г-аас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч У.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.
Мөн шүүгдэгч Л.Г- нь өөрийнхөө бэр А.А-д давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Л.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч Л.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Б суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Хэрэв шүүгдэгч Л.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.
4. Бусад асуудлаар.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг дурдаж, СД бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч У.А- нь шүүгдэгч Л.Г-аас 3000.000 төгрөгийг бэлнээр авч, зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, өөрийнх нь мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх 3000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг” гэж үзэн шүүгдэгч У.А-ийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт У-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Н.б овогт Л-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 1 /нэг/ хугацаагаар жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ял, шүүгдэгч Л.Г-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч У.А-, Л.Г- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, СД бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.А-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч У.А-, Л.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК