Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

Хохирогч, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, П.******* нарт холбогдох эрүүгийн 2015003100004 дугаартай, 163/2021/0112/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1976 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ........... багт оршин суух хаягтай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг. Урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. /РД: ........./,

Монгол Улсын иргэн, ******* овогт ийн *******, 1967 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, ........... багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1. Урьд 6 удаагийн ял шийтгэлтэй. /РД: .............../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******, П.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гомдол саналгүй гэх мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гомдол саналгүй  гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015003100004 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр .............. аймгийн .......... сумын нутаг ............. гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.*******тэй маргалдан улмаар түүний зүүн гаран тус газарт нь хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч П.******* нь 2020 оны 9 дүгээр сард ......... аймгийн ........ сумын ........ багын нутагт Б.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагууу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар  тогтоогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.*******ийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би *******д хандан “би хулгай хийхээ больсон, одоо хулгай хийхгүй. Чи миний голоос  битгий хулгай хийж надад гай болоорой” гэж хэлээд мотоцикль руугаа эргээд алхсан. Гэтэл хажуу талаас гараараа цохих шиг болсон. Тэгтэл зүүн гар бадаараад даагдахаа байгаад ирэхээр нь гараа хартал гарнаас цус урсаж байсан. Цусаа баруун гараараа дараад “чи намайг хутгалчихаж байгаа юм уу?” гээд тонгойгоод эргүүлээд Булгаагын нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгээд шууд алхаад мотоцикль дээрээ ирээд байж байтал Батбилэг ирж яваа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх- 30-32 тал/,    

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ы өгсөн: “...*******ийн эхнэр надад “хамаагүй цуг уувал хутгалдаг шүү” гэж хэлж байсан нь санаанд ороод *******ийг би ажиглаад байсан. Тэгсэн над руу хүрч ирээд баруун хөлөөрөө шууд миний нүүр хэсэгт нэг өшиглөхөд 3 ширхэг шүд унасан. Би нүүрээ дараад аман дээрээ алгаа тосоход гурван шүд унаад ирсэн. Тэгсэн дахиад 2 удаа хүзүү, баруун нүд рүү өшиглөсөн. Тэгээд баруун нүд хавдаж  эхэлсэн. Дараа нь намайг тонгойгоод байж байхад үснээс маань зулгааж байгаад нүүрийг маань дээш нь харуулаад үйлийн хайчаар нүүрний арьсыг зүсэж гэмтээсэн. Хоёр удаа зүссэн. Би босч ирээд хамгийн эхэнд хайчийг нь булаагаад авсан чинь ******* мотоциклоо унаад явчихсан. Дараа нь би Бүрэгээс ирсэн таксины жолоочтой хамт гийнд очсон. ...” гэх мэдүүлэг /1хх-185 тал/,

Гэрч Г.*******ы өгсөн: “...Гэрийн гадаа *******, *******  хоёр маргалдаж байгаа бололтой чанга, чанга яриад байхаар нь гараад хартал *******, ******* хоёр хоорондоо зодолдсон байдалтай ноцолдож барьцалдаад зогсож байсан. Тэгээд би *******ыг харахад нүүр ам нь хавдчихсан, амнаас нь цус гарчихсан байсан. Харин *******ийн биед ил харагдах гэмтэл харагдахгүй байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад *******ийн барьж байсан хайчийг гарнаас нь булааж авсан. Тэр хоёр салаад явах гэж байгаа бололтой харагдсан. Нэг санахад *******, *******ийг хутгалчихсан гээд *******ийн цус нь тогтохгүй байгаа бололтой байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-34 тал/,

“...******* *******ы нүүр амыг гэмтээсэн  байсан. *******эд манай гэрийн хайч байсан. Хайчаар гэмтээсэн эсэхийг хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-193-194 тал/,

Гэрч Д.*******ийн өгсөн: “...Бүрэгхангай сумын төвөөс ирэх хооронд *******, Булгаа гэх хоёр залуу шоронгийн талаар ярилцаад нэг нэгнийхээ дээр гарах гээд маргалдаад байсан. *******ы гэрт *******, Булгаа хоёр орчихоод нөгөө маргаанаа үргэлжлүүлээд байсан. Би ч удаагүй  явсан. Намайг байхад ямар ч зодоон болоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх-197 тал/,   

Гэрч Х.*******гийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Энхбаяр гуай надад хэлэхдээ “үдээш хойш намайг Орхон гол руу явдаг замаар явж байхад нэг танихгүй залуу морьтой, нүдний шил зүүчихсэн явж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нүд ам нь зүгээр байна уу?” гэж би асуухад “сайн харж чадаагүй, гэхдээ нүүр ам нь хавдсан бололтой харагдсан, ямартай ч манай нутгийн хүн биш байсан” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-202-203 тал/,

Гэрч Н.*******ийн өгсөн: “...Би мотоциклоо унаад яваад очтол *******ы нүүр ам нь хавдчихсан үүдэн шүдгүй болчихсон бололтой амнаас нь цус гарч байсан. ******* ахын зүүн гарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би “юу болов оо” гэж асуухад “*******, ******* ах хоёр хоорондоо зодолдоод” гэж хэлсэн. Очиход зодоон нь дуусчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-208-209 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрий №282 дугаартай шинжээчийн: “П.*******ийн биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1хх-44-45 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №261 дугаартай: “Б.*******ы биед 3 шүд унасан гэмтэл, хамрын нуруу, хамрын нурууны баруун хажууд 2 тооны сорви тогтоогдлоо. Дээрх шүд унасан гэмтэл, сорвийг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Гурван шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагддаг гэмтэл болно.” гэх дүгнэлт /1хх-217 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.*******, П.******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын үйлдэл идэвхтэй, бие, биенийхээ эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.*******, П.******* нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ........ аймгийн ............... сумын ............. багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ харилцан  биенийхээ эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Шүүгдэгч П.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Харин шүүгдэгч Б.******* нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүгдэгчийг албадан  ирүүлэх захирамжийн хүрээнд түүнийг эрж хайх ажиллагаа хийгдсэн байна.

Ийнхүү шүүгдэгч Б.*******ыг эрж хайж, албадан ирүүлэхтэй холбоотой гарсан бензиний зардалд 160.000 төгрөгийг гаргуулахаар Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 225 тоот албан бичгээр нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал 160.000 төгрөгийг гаргуулж Булган аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******, П.******* нар нь харилцан биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, П.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******, П.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******, П.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 91-99 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 3, ээж, дүүгийн хамт Булган аймаг, Бугат сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь 3 удаагийн ял шийтгүүлж байсан,  

Мөн хавтаст хэргийн 229-235 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, улсын бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг баримтуудаар шүүгдэгч П.******* нь ам бүл ганцаар Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд нь 6 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж тус тус заажээ.

Уг гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй, 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан өдрөөс зогсоож  уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг  сэргээн тоолно” гэж хуульчилсан байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч овогт *******гийн *******,  ******* овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн эрүүгийн 2015003100004 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, П.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай, ажлын хэсэг нь 17 см, бариул хэсэг нь 11 см урттай, цэнхэр өнгийн бариултай, төмөр хутга, хөх өнгийн ажлын хүрэм, улбар шар өнгийн бариултай, хар өнгийн хайч тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******,  ******* овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн 2015003100004 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******, Б.******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай, ажлын хэсэг нь 17 см, бариул хэсэг нь 11 см урттай, цэнхэр өнгийн бариултай, төмөр хутга, хөх өнгийн ажлын хүрэм, улбар шар өнгийн бариултай, хар өнгийн хайч тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНБААТАР