| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0101/э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг /цахим/, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э ургийн овогт Бийн Год холбогдох эрүүгийн 2135000170104 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сум 3 дугаар багийн 29-06 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Э ургийн овогт Бийн Г, регистрийн дугаар: ОЭ74070272.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай тогтоолоор аймгийн Биеийн тамир, спортын газрын данстай УАЗ-220692-033 маркын 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг 1,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан, улмаар Орон нутгийн өмчийн газраас уг автомашиныг хүлээлгэн өгч, дуудлага худалдаа явуулах боломжийг бүрдүүлэхийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаар, мөн оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаар, 11 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр түүнээс удаа дараа шаардсан боловч тэрээр автомашиныг зохих байгууллагад шилжүүлж дуудлага худалдаа явуулах нөхцлийг бүрдүүлэхгүйгээр 2020 оны 5 дугаар сард тус УАЗ-220692-033 маркын 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг өөрийнхөө ээжийн хашаанд хүргэж улмаар задаргаанд оруулж өөртөө давуу байдал бий болгож, улсын төсөвт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр 2135000170104 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие тус байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Манай байгууллагад 2010 онд байх Эрүүл мэндийн яамнаас шинэ УАЗ пургон загварын тээврийн хэрэгслийг хуваарилан өгч, хүлээн авснаас хойш 2017 оныг хүртэл үйл ажиллагаандаа байнгын унаж хэрэглэж ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл 37-99 УВА гэх улсын дугаартай байсан. 2017 оны намраас тухайн тээврийн хэрэгслийн хэрэглээний элэгдэл ихсэж явахааргүй болж эхэлсэн. Түүний дараа зогсоосон тээврийн хэрэгслийг хэвийн ажиллагаанд нь оруулъя, засаж явуулъя гэж үзэн засвар хийх гэсэн чинь хэвийн болж, засвар сайн авахгүй байсан. Нэгэнт уг машины ашиглалтын хугацаа дуусах болсон, эвдрэл гэмтэл их болж засвар сайн авахгүй болсон тул 2019 оны жилийн эцсээр байгууллагын хурлаар актлуулах санал оруулан хэлэлцүүлж шийдвэрлэж, саналыг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн. Тухайн үед актлуулах гэсэн хуучин пургон машин нь байгууллагын манаачийн хашаа болох Нийгэмлэгийн хашааны гадна нэлээн хэдэн сар зогсонги байдалтай байсан. 2020 он болж халдварт өвчний улмаас байгууллагуудын ажил тусгай горимд шилжсэн тул бид нар ажил дээр бараг очихгүй болсон. Би хааяа гэрт ойроор нь Нийгэмлэгийн заал орохоор хуучин пургон гадна нь байж л байдаг байсан. Сүүлд 2020 оны 3 дугаар сард хуучин пургон машиныг манаачийн гадна байхыг харсан. Түүнээс хойш заал орохгүй байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 20-ны үеэр байх Нийгэмлэгийн заал орсон чинь манаачийн гадна байсан хуучин пургон байхгүй болсон байхаар нь манаачийн эхнэр Лхагваас “машин яасан” болохыг асуухад “жолооч Даваадорж ирээд чирээд аваад явсан” гэж хэлсэн. Дахин уг машиныг асууж сураглахгүй байж байтал аймгийн Орон нутгийн өмчийн газраас машин акталж, дуудлага худалдаагаар оруулах шийдвэрийг манайд ирүүлсэн байсан. Би өмч хамгаалах зөвлөлийн гишүүний хувиар байгууллагын хуучин пургоныг яасан болохыг сураглахад жолооч Даваадорж нягтланд “Г дарга хуучин пургоныг ээжийн хашаад хүргэ гэж үүрэг өгсний дагуу Улаангом сумын 7 дугаар багт байх ээжийнх нь хашаанд чирч хүргэсэн” гэсэн зүйлийг хэлсэн байсан. Г даргаас машин асууж нэхэхээр “байгаа, засаж байгаа” гэж хэлээд машин авч ирж өгдөггүй, дуудлага худалдаа зохион байгуулах нөхцөл хангуулж өгөхгүй байсаар байтал уг асуудал цагдаагийн байгууллагад шалгагдахад хүрсэн байна. Байгууллагын хуучин пургонийг тухайн үеийн даргаар ажиллаж байсан Г ээжийнхээ хашаанд хүргэж, алга болгосон юм шиг байгаа бөгөөд манай байгууллагын ажилчид 2020 оны 3 дугаар сараас хойш хараагүй. ...зам тээврийн болон бусад чиглэлийн осол аваарт орсноос болж зогсолт хийгдсэн зүйл байхгүй. Машины эд ангиуд нь бүрэн, өөрөөрөө явж хүргэж зогсоосон байсан. Гэхдээ эд анги нь хэчнээн бүрэн байсан ч бүгд хуучирч муудсан, элэгдсэн байсан. Байгууллагын 37-99 УВА улсын дугаартай пургон загварын тээврийн хэрэгслийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэн өгч дуудлага худалдааг нь зохион байгуулуулчихвал манай байгууллагад хохирол, гомдол байхгүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “37-99 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоог хүртэл аймгийн Биеийн тамир, спортын газрын дансанд байгаа. Ямар нэгэн шилжүүлэг хийгээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/,
2. Гэрч Р.С /ОНӨГазрын орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн пургон машиныг актлуулах санал байгууллагаас нь ирүүлсний дагуу манайхаас судалж тухайн хөрөнгө болох машиныг очиж үзэхэд Нийгэмлэгийн хашаанд байсан ба эд анги нь бүрэн, гадна талын кабин нь сэв багатай машин байсныг фото зургаар баримтжуулсан. Тэгээд тус хүсэлтийг нь судалж аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж 1 сая төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Хөрөнгийн дуудлага худалдааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орон нутгийн өмчийн газар зохион байгуулахаар журамд заасан байдаг. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газарт 2020 оны 6 дугаар сард албан бичиг хүргүүлж машинаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч машинаа ирүүлээгүй. Манай газраас автомашиныг авч ирэх талаар удаа дараа утсаар болон амаар шаардсан боловч ирүүлээгүй. Тухайн байгууллага биднийг шаардахад “за, авч очно” гээд хэлээд байдаг. Миний бие 2020 оны 7 дугаар сарын эхээр Нийгэмлэгийн хашаанд очиж машин байгаа эсэхийг харахад тус машин байсан байрандаа байгаагүй. Энэ тухай байгууллагынх нь нягтланд мэдэгдэхэд “дарга мэдэж байгаа” гэсэн тайлбар хэлсэн. 2020 оны 8, 11 дүгээр саруудад дахин албан бичиг явуулсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас Биеийн тамир, спортын газарт хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад намайг дуудаж Г даргатай цуг явуулж машин байгаа газарт очиж үзүүлсэн. Миний мэдэж байгаагаар тухайн машин байсан газар нь хуучин дулааны станцын шинэ тавигдсан замаар доошоо яваад 12-р багийн цэцэрлэгийн замаар хойшоо эргээд зам дагуух хашаанд байсан. Тус автомашин нь анх миний очиж үзсэнээс өөр машин байсан. Машины арлын дугаар машины гадна кабин нь өөр байсан. Үүнийг фото зургаар баримтжуулсан. Тухайн автомашин нь 18,600,000 төгрөгийн блансын үнэтэй, дуудлагаар худалдах доод үнэ нь 1 сая төгрөгийн үнэ өртөгтэй байсан. Тухайн машиныг би анх байгаа газар болох Нийгэмлэгийн хашаанд очиж үзэхэд эд ангиуд нь эвдэрсэн байсан боловч бүрэн, гадна кабин харахад сэв багатай, гэрэл дохио нь бүрэн, дугуй нь муу боловч бүрэн, моторыг нь сөхөж үзэхэд байх ёстой нь эд анги бүрэн байсан. Мөн дотор суудлууд бүрэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82-р хуудас/,
3. Гэрч Д.З /аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай алба аймгийн Засаг даргын дэргэдэх гэж харьяалагдаж явдаг тул аймгийн Засаг даргад ирсэн өргөдөл, гомдлыг шалгадаг. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагааг удирдамж гаргаж шалгахад УАЗ маркын 37-99 УВА улсын дугаартай пургонтой холбоотой асуудал гарсан ба үргэлжлүүлэн шалгах үүрэг надад оногдсон. Уг автомашиныг Орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгч, дуудлага худалдаанд оруулах ёстой байтал машин алга болсон байсан. Шалгалтын явцад тухайн автомашины элэгдэл дуусч, блансад 0 үлдэгдэлтэй болсон боловч байгууллагын хөрөнгө дээрээ бүртгэлтэй хэвээр байсан. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 3 удаа Биеийн тамир, спортын газарт пургон машиныг хүлээлгэж өгөх талаар албан бичиг хүргүүлсэн боловч бичгийн хариу ч байхгүй, машинаа ч авч ирж өгөөгүй байсан. Би тухайн байгууллагын Пүрэвсүрэнгээс пургон машин хаана байгааг асуухад “алга болсон” гэж хэлсэн. Биеийн тамир, спортын газрын өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын хурлаар зөвлөлийн гишүүдээс “актлах машин алга болсон, байгууллагын даргаас нэхэмжлэх” гэсэн утга бүхий зүйл мөн дурдагдсан байсан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр би байгууллагын дарга Гтой утсаар холбогдож пургон машин хаана байгааг асуухад “очиж үзүүлнэ” гэж хэлээд ажил дээрээс намайг ирж авч явсан. Тухайн үед би Орон нутгийн өмчийн газрын ажилтан Соёлмаа, Биеийн тамир, спортын газрын нярав Октябрь нарыг дагуулж цуг явсан. Г дарга аймгийн хүнс, барааны захын доод талын хороололд айлын хашаанд хүргэж дотор нь байсан пургон машиныг бид нарт үзүүлсэн. Машиныг үзэхээр явахдаа би актлуулах санал ирүүлэхэд хавсаргасан машины зургийг аваад явсан юм. Гэтэл Г даргын дагуулж очиж үзүүлсэн пургон машин нь зураг дээрхээс өөр, гадна болон дотно тал өөр, арлын дугаар өөр, тоногдож суудал нь байхгүй болсон машин байсан. Соёлмаа ч машиныг үзээд урьд нь миний үзсэн пургон машин биш байна гэдгийг хэлэхэд Г “ийм л машин байсан” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Тухайн үед Октябрь машиныг үзсэн боловч ямар нэгэн зүйл хэлээгүй. Тогтоогдсон байдлыг аймгийн дотоод аудит хорооны хурлаар танилцуулсан. Шийдвэр нь хуулийн байгууллагад шалгуулах гэж гарсан тул одоо шалгагдаж байна. Мөн шалгалтын явцад цуглуулсан баримтыг хуулбарлаж аймгийн Засаг даргад өгсөн ба уг материалыг хавсарган шалгуулах албан бичиг холбогдох байгууллагад хүргүүлсэн байсан. ...Манайхаас Увс аймгийн Биеийн тамир, спортын газарт хийсэн санхүүгийн шалгалтаар тухайн машин байгууллагын данс, бүртгэл дээр байгаа боловч машин нь өөрөө алга болсон байдал илэрсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р хуудас/,
4. Гэрч Х.Б /БТСГазрын ахлах мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2010 онд Эрүүл мэндийн яамнаас пургон машин хөрөнгө оруулалтаар ирж авч байсан ба шинэ машин байсан. Түүнээс хойш уг машиныг үйл ажиллагаандаа ашиглах болсон ба 2018 он хүртэл уг машиныг унаж албанд ашигласан. Үүнээс хойш машинд эвдрэл гэмтэл их гарч ашиглах боломжгүй болсон тул зогсоосон. 2018 оноос 2019 оны хооронд уг машиныг завсар хийж, хэвийн ажиллагаанд явуулах гэсэн боловч боломжгүй болсон. Уг машин нь завсар авахгүй ашиглалтын хугацаа дууссан байсан. 2019 оны 12 сарын жил эцсийн байгууллагын тооллогоор ашиглахгүй байгаа хөрөнгүүдийг актлах саналд уг пургон машиныг оруулсан. Байгууллагын эд хөрөнгө ашиглах саналыг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн. Тухайн үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн шийдвэрээр уг пургон машиныг актлаж байгууллагын данснаас хасаж, дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан. Ингээд бид нар ажил төрлөө хийгээд байж байгаад 2020 оны 6 дугаар сард хагас жилийн байгууллагын хөрөнгийн тооллогоор актлуулах пургон машин гражид болон Нийгэмлэгийн хашаанд байхгүй болсон байхаар нь манаач Жаргалсайханаас “пургон машин яасан бэ” гэхэд “2020 оны 5 дугаар сарын эхээр намайг эмнэлэгт хэвтэж байх хойгуур жолоод Даваадорж манайд ирж эхнэрт хэлж уг машиныг авч явсан байсан” гэсэн зүйл хэлсэн. Жолооч Даваадоржоос пургон машин яасан болохыг асуухад “Г даргын ээжийн хашаанд хүргэсэн” гэж хэлсэн. Энэ үеэр аймгийн Орон нутгийн өмчийн газраас дуудлага худалдаанд орох ёстой байсан пургон автомашин хугацаандаа ирээгүй тул уг машиныг яаралтай авч ирж хашаанд тавь гэсэн бичиг ирсэн. Мөн над руу Тунгалаг гэх Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн ярьж мөн “пургон машин авч ирж манай хашаанд тавь” гэж хэлсэн. Г даргаас машины талаар хэлж асуухад дарга “машин байгаа, засуулах гэж байгаа” гэсэн зүйл хэлээд өдийг хүрсэн. 2020 оны 5 дугаар сард уг пургон машиныг манаачийн хашаанд гражаас гаргаж гадна байрлуулсаныг бол сүүлд харсан. 2020 оны 6 дугаар сараас хойш уг машиныг дахин олж хараагүй. Одоо уг машиныг хаана байгааг мэдэхгүй, Г даргаас асуухад “байгаа” гэдгээс өөр зүйл хэлээгүй, машиныг авч ирж өгөөгүй. Энэ хооронд аймгийн Орон нутгийн өмчийн газраас “пургон машиныг авч ирж өгөх, дуудлага худалдаа зохион байгуулах тухай” хэд хэдэн албан бичиг ирсэн байдаг. Бид нар яаж ч чадахгүй байгаад байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86-р хуудас/,
5. Гэрч Б.Д /БТСГазарт харуул, жижиүүр ажилтай/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сард байх сайн санахгүй байна. Өндөрхангай суманд болсон овоо тахилгад байгууллагын ажилчид явах гээд байгууллагын гадна байсан нөгөө пургон машиныг асаах гэсэн чинь аккумлятор нь суучихсан асахгүй байсан болохоор түлхэж асаах гэсэн чинь машины нэг дугуй буудчихсан, мөн машин араандаа орж өгөхгүй байсан. Тэгэхэд Г дарга үүнийг харчихаад “наад машинаа боль боль, гражид хүргэж тавь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг машиныг аргалаад байж асаагаад дугуй энэ тэрийг нь солиод хөдөлгөж яваад Нийгэмлэгийн хашааны дотор оруулж зогсоосон. Тухайн үед намайг ганцаараа пургон машин унаад граж дээр ирэхэд манаач Жаргалсайхан байсан ба надад граж онгойлгож өгөхөөр нь би машиныг оруулж тавиад түлхүүрийг дотор нь үлдээгээд гараад явсан. Үүнээс хойш дахиж уг машин дээр ирээгүй, яасан болохыг нь мэдээгүй. Би албан ёсоор пургон машин хүлээн авч хариуцаж унаж хэрэглэсэн зүйл байхгүй. ...Машины ил харагдах эд ангиуд бүрэн, 2 талын тольтой, хаалга үүд нь цоожлогддог, дотор ард урд талын суудлууд нь бүгд байсан. Граж руу ороод машины түлхүүрийг үлдээгээд гараад явсан. Манаач гражийн хаалга хаагаад үлдсэн. Намайг ажиллаж байх хугацаанд ямар засвар үйлчилгээ хийснийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/,
6. Гэрч Б.П /БТСГазрын нягтлан бодогч/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Уг автомашин анх 2010 онд Эрүүл мэндийн яамнаас манай байгууллагад 18,600,000 төгрөгийн үнэлгээтэй ирж байсан. Үүнээс хойш уг машиныг байгууллагын үйл ажиллагаанд унаж хэрэглэж байгаад ...2018 оны хавар уг машиныг ашиглах боломжгүй болсон тул гражаас гаргаж Нийгэмлэгийн хашаанд манаачийн гадна зогсоох болсон. 2019 оны жил эцсийн эд хөрөнгийн тооллогоор байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр тухайн пургон машиныг актлах санал гаргаж аймгийн Орон нутгийн өмчийн газарт материалыг хүргүүлж, саналаа өгсөн. Тухайн үед Нийгэмлэгийн хашаанд очиж пургон машиныг нүдээр үзэж тоолоход бүх зүйл нь бүрэн байсан. 2020 оны 4 дүгээр сард аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн автомашиныг дуудлага худалдаанд 1 сая төгрөгөөр үнэлж, худалдаанд оруулах тогтоол шийдвэр ирсэн. Улмаар байгууллагаас 2020 оны 5 дугаар сард дуудлагад орох пургон машиныг Орон нутгийн өмчийн газарт хүргүүлэх гээд Нийгэмлэгийн манаачтай уулзах гэсэн чинь пургон машин байсан газраа байхгүй болохоор нь манаачийн эхнэрээс асуухад “жолооч Даваадорж чирээд авч явсан” гэж хэлсэн. Манаач өөрөө эмнэлэгт хэвтэж байсан. Жолооч Даваадоржоос пургон машин яасныг асуухад Даваадорж “Г дарга тэр машиныг ээжийнхээ хашаанд хүргүүлсэн” гэж хэлсэн. 2020 оны 6 дугаар сард Г даргаас машин яасныг асуухад “засуулах гэж ээжийн хашаанд хүргүүлсэн, засвар хийж байгаа, удахгүй авч ирнэ” гэж хэлээд 6 сар болж өдийг хүрч байна. Энэ хугацаанд удаа дараа даргаас машин авч ирж өгөхийг шаардахад дарга “авч ирж өгнө” гэсэн хариунаас өөр зүйл хэлээгүй. Орон нутгийн өмчийн газраас дуудлагад оруулах машин ирүүлэх тухай албан бичиг 2 удаа ирсэн байдаг. Бичгийн хариуг нь хүргүүлэх гэсэн боловч уг бичиг дээр тухайн дарга өөрөө гарын үсэг зурдаг учраас өгөх боломж гараагүй. ...Машиныг гражид хүргэх үед болон 2019 оны жил эцсийн тооллогоор машины эд ангиуд бүрэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р хуудас/,
7. Гэрч Д.О /БТСГазарт нярав, бичиг хэрэг ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сард ажилд томилогдоод байгууллагын бүх хөрөнгийг хуучин нярав Энэбишээс хүлээн авсан. Тухайн үед уг пургон машин Нийгэмлэгийн хашааны дотор байх байгууллагын граж дотор байсан. Мөн уг машин явдаггүй, эвдэрсэн гэх өгүүлэмжтэй байсан. Машин эвдэрсэн хэдий ч эд анги нь бүрэн байсан. 2019 оны жилийн эцсийн тооллогоор уг машин дээр очиж эд ангийг тоолж бүртгэхэд бас л эвдэрсэн хэвэндээ бүрэн байсан. Улмаар тооллогоор уг пургон машиныг актлуулахаар саналаа аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн. 2020 он гараад Коронавируст халдварт өвчин гарсны улмаас байгууллага дээр очихгүй байсан. Орон нутгийн өмчийн газраас машин актлах шийдвэр 2020 оны 4 дүгээр сард гарч, 2020 оны 6 дугаар сард манай байгууллагад албан бичиг нь ирсэн. Актлах машинаа очиж харах гээд граж дээр очсон чинь пургон машин гражид байгаагүй. Манаачаас машин яасныг асуусан чинь “жолооч Даваадорж чирээд аваад явсан” гэж хэлэхээр нь жолооч Даваадоржоос машин яасныг асуусан чинь “дарга засуулахаар авч ирж өг гэхээр нь би хүргэж өгсөн” гэж хэлсэн. Нягтлан даргаас машин яасныг тодруулж асуухад “засуулахаар өгсөн байгаа” гэж хэлсэн байсан. Түүнээс машин байхгүй болсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Надад анх хэлж хүлээлгэж өгөхдөө эвдэрсэний улмаас гражид хүргэгдсэн гэж хэлсэн. Намайг ажил авснаас хойш уг машин нэг ч удаа хөдөлж яваагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-р хуудас/,
- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Орон нутгийн өмчийн газраас 3 удаа албан бичиг төрийн байгууллагуудын дотоод нэгдсэн сүлжээ болох “Able” программаар ирснийг хүлээн авч дэвтэрт бүртгээд даргад танилцуулсан. Албан бичиг ирэхдээ бичигт заадсан хугацаанаас хойш 1-2 хоногийн дараа ирэх тохиолдол байдаг байсан. Уг бичгийг хэвлэж гаргаад даргад өөрт нь өгсөн. Бичиг өгч танилцуулчихаад даргаас “бичгийн хариуг явуулмаар байна, яах вэ” гэхэд “мэдэж байгаа” гэж хэлээд л байгаад байсан. Албан ёсоор Орон нутгийн өмчийн газарт бичгийн хариуг явуулаагүй. ...ИТХ-ын шийдвэр гарсан ч гэсэн 37-99 УВА улсын дугаартай автомашиныг өөр газар луу данс бүртгэлээр шилжүүлээгүй, одоог хүртэл манай байгууллагын данс дээр бүртгэлтэй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-132-р хуудас/,
8. Гэрч Н.Ж-ы /БТСГазрын манаач ажилтай/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай байгууллагын хуучин, саарал өнгийн пургон машин гражид байдаг байсан. Манай гэр тэр гражийн гадна байрладаг. Уг машин хуучирч унаж хэрэглэхээ больсон ба нэлээн удаан зогсолт хийж граж дотор байсан. Улмаар манай байгууллага шинэ пургон машинтай болсон тул уг хуучин пургоныг гражаас гаргаж гражийн гадна байрлуулаад, шинэ машиныг гражид орүулсан. Уг хуучин пургон гражийн гадна ч гэсэн нэлээн удсан зогсолт хийсэн. Тэгж байтал 2020 оны 5 дугаар сарын эхээр би эмнэлэгт хэвтсэн. Энэ хойгуур жолооч Даваадорж эхнэрийг гэртээ байх үеэр ирж хуучин пургон чирж авч явсан байсан. Үүнээс хойш уг машиныг дахин хараагүй. ...Тухайн үед машины эд анги болох суудал, аккумлятор, толь, хаалга, дугуй, мотор, кроп зэрэг бүх зүйл нь бүрэн байсан. Гражид байх хугацаанд манай гэрийн гадна байх хугацаанд ч гэсэн эд анги бүрэн байсан. Би уг машинд гадны хүн ойртуулдаггүй байсан. Уг машин удаан зогсолт хийсэн байсны улмаас нэг дугуйны хий гарсан байсан. Бусад дугуй нь хийтэй байсан. Уг машин манай гэрийн гадна байхад болон гражид байх хугацаанд ямар нэгэн хүн ирж засвар хийсэн, эд ангийг сольсон, сэлбэсэн зүйл болоогүй. Анх авч ирж байрлуулахад ямар байдалтай яг л тэр хэвээр нь жолооч Даваадорж ирж авч явсан байсан. Хамгийн сүүлд Даваацэрэн гэх харуул залуу хариуцаж байгаад гражид унаж ирээд зогсоосон. Ийм машин яаж ч бодсон бүрэн байх нь тодорхой юм. Манай гэрийн гадна байхад үед нь би машины хаалгыг машины өөрийнх нь хаалганы түлхүүрээр цоожилсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,
9. Гэрч О.Л /БТСГазрын үйлчлэгч, манаач Н.Жы эхнэр/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай хашаанд байгууллагын граж байдаг бөгөөд уг машин гражид байнгын байдаг байсан. Уг машин хэвийн явж байгаад 2019 оноос явахааргүй болж гражид нэлээн удаан зогсолт хийсэн. Сүүлд яг хэн нь авч ирж зогсоосныг нь одоо сайн мэдэхгүй байна. Гражид л байгаад байсан. Тэгж байтал манай байгууллага дахин шинэ пургон машинтай болж хуучин пургоныг гражийн гадна хашаан дотор зогсоож, шинэ машинаа гражид оруулах болсон. Хуучин пургон нэлээн удсан. Ингээд байж байгаад 2020 оны 5 дугаар сарын эхээр нөхөр маань эмнэлэгт хэвтэж эхэлсэн. Тэр үеэр буюу 2020 оны 5 дугаар сарын 08 юм уу 09-ний өдрийн аль нэгэнд Даваадорж манайд ирж надтай уулзаж “хуучин пургон авъя” гэж хэлчхээд буцаж гарч яваад өөр нэг залуу дагуулж ирээд чирээд аваад явсан. Үүнээс хойш уг пургоныг хараагүй. ...Ямар ч байсан байгууллагаас тооллогын хүмүүс ирээд машиныг үзэж хараад явдаг байсан. Тэр үед тооллогын ажилд нөхөр бид хоёрт хуучин пургон машинаас эд анги, сэлбэг хэрэгсэл дутуу байна гэж нэг ч удаа хэлж байгаагүй болохоор машины эд анги бүрэн байсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,
10. Гэрч О.Д /БТСГазарт гэрээт жолооч ажилтай байсан/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 37-99 УВА улсын дугаартай саарал өнгийн пургон машиныг бол унаж байгаагүй. Уг машиныг нь ямар нэг байдлаар хариуцаж хүлээн авч байгаагүй. Харин уг машин эвдэрсэн байдалтай зогсчихсон хуучин Нийгэмлэгийн хашаанд байдаг гэдгийг нь мэдсэн. Манай байгууллагын тээврийн хэрэгслийн граж Нийгэмлэгийн хашаанд байдаг ба машин авахаар очих үед 37-99 УВА дугаартай саарал өнгийн пургон зогсчихсон байж л байдаг байсан. 2019 оны 5 дугаар сард уг машин хуучин Нийгэмлэгийн хашаанд байхад нь очиж авсан. Тухайн үед уг машины арын 2 дугуйны хий гарсан, урд 2 дугуйны хий бага зэргийн гарч суларсан байхаар нь 4 дугуйнд машины хийлэгчээр хий оруулж хэвийн болгоод өөрийн унаж байсан байгууллагын шинэ пургон машинаар чирч байгууллагын дарга Гын ээжийн хашаа болох “Хаш төв”-ийн арын хорооллоор явж очиж хашааны дотор оруулж үлдээсэн. Тухайн үед би уг машиныг авахаар очихдоо танил Мөнхөө гэх залуугийн хамт очсон. Уг залуу хувиараа машин засварладаг ба одоо хаана байгаа ямар утасны дугаартай байгааг нь мэдэхгүй байна. Гэрийг нь бол мэднэ. Тухайн үед эвдэрсэн пургоныг жолоодуулсан юм. Тухайн үед өдрийг нь сайн санахгүй байна, ажил дээр байж байтал байгууллагын дарга Г амаар надад “тэр хуучин пургоныг манай ээжийн хашаанд хүргэчих” гэж хэлсний дагуу би очиж авсан. Уг машиныг чирж хүргэх болсон шалтгаан нь эвдэрсэн байдалтай, гэхдээ яг юу нь эвдэрсэнийг нь би мэдэхгүй аккумляторгүй, бензин тосгүй байсан тул чирч хүргэх болсон. Уг машиныг ямар учраас эвдэрч зогсох болсоныг нь мэдэхгүй тул асаах гэж оролдож цаг авч байснаас чирээд явах нь хялбар байсан юм. Тухайн үед уг машиныг нарийвчилж үзэж хараагүй. Миний санаж байгаагаар тухайн машины нэг талын толь нь байхгүй, гадна гэрэл, бусад зүйл нь байсан байх, дотор талын жолоочийн хэсгийн сандал суудал нь байсан, аккумлятор байхгүй байсан. Тухайн үед машиныг чирч явсан ба машин араандаа ороод явж байсан тул моторын тагийг сөхөж үзээгүй, машины доод тал болон арын хаалгаар орж үзээгүй юм. Ер нь бол би тухайн үед яаралтай өөр ажилтай байсан тул уг машин дээр очоод өөрийн машинаар чирээд Г даргын ээжийн хашаанд хүргэж үлдээсэн. Нийгэмлэгийн манаач нь Жаргаа гэх хүн байдаг. Тухайн үед машин очиж авахад манаач өөрөө байгаагүй. Манаачийн эхнэр нь байсан шиг санагдаж байна. Уг машиныг авч явсан талаар манаачийнд ямар нэгэн бүртгэлд тэмдэглэсэн зүйл байхгүй. Г даргын ээжийн хашаанд очих үед ээж нь байсан. Уг хүн машин авч ирж хашаанд оруулж тавьж байгааг харсан. Г даргын ээж өндөр настай, махлаг биетэй хүн байдаг. Уг айлын хашааны том хаалгаар ороод даргын ээжийн гэрийн зүүн урд талд байрлуулж орхисон. Уг машиныг актад гарах машин гэж байгууллагын ажилчдаас сонсож байсан. Ямар ч байсан эвдэрсэн байдалтай машин байсан ба би ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй. Би 2019 оны 5 дугаар сард 37-99 УВА улсын дугаартай автомашиныг Г даргын ээжийн хашаанд хүргэж үлдээсэн. Одоо уг машин Г даргын ээжийн хашаанд байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Дахиж Г даргын ээжийн хашаанд очоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/,
-Гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би урьд өгсөн мэдүүлэгтээ оныг андуурч хэлсэн байна. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын эхээр /өдрийн санахгүй байна/ цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн. Тэр үед 2020 он гэж бодоод 2019 оны 5 дугаар сар гэж андуурч хэлсэн байна. Би 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг 2020 оны 5 дугаар сард /өдрийн сайн санахгүй байна/ Б.Г дарга “ээжийн хашаанд хүргээд өг” гэж хэлсэн тул хүргэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-р хуудас/,
11. Гэрч Ж.О /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн машин нь онхолдож унаж байгаагүй. 2011 оны хавар тухайн машиныг жижүүр Жаргалсайхан унаж байгууллагын хашаанаас гарч байхдаа зорчигч талын хажуугийн хаалгыг угальник төмөрт зурж зөрсөний улмаас зурагдаж, тэр хэсэгтээ хонхойсныг зассан. Мөн 2011 оны намар байх заал зохион байгуулагч Батсуурь ах унаж тэмцээнд хүүхдүүд авч Улаанбаатар хотод явж байхдаа машины араас орж мөргөн машины урд нүүр хэсэгт гэмтэл учирсан боловч тэндээ засуулсан байдалтай хотоос ирж байсан. Гэхдээ уг нүүрний гэмтэл тэр хэсэгт чихэгдсэн юм шиг байсан болохоос ашиглах боломжгүй болтол хагарсан, цуурсан, тасарсан зүйл байхгүй. Үүнээс өөрөөр машин унагаж мөргөлдүүлж, мөргөж машинд гэмтэл үүсгэж байгаагүй. 8-9 жил тасралтгүй ашиглагдсаны улмаас машины хүч муудаж зогссон байсан. Манай байгууллагын бүтэц орон тоонд жолооч гэж байдаггүй тул жижүүр, харуул голдуу ээлжилж байгууллагын машин унаж үйл ажиллагаанд явдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р хуудас/,
12. Гэрч Б.Л /шүүгдэгч Б.Гын дүү/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ээлжийн сувилагчийн ажил хийдэг болохоор хонуутаар явдаг. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд нэг өглөө ээлжийн ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь хашаанд 2 ширхэг пургон машин байсан. Тэгээд хүүхдүүдээсээ ямар учиртай машин гэдгийг нь асуусан чинь “спорт хорооны пургон” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй, би ч лавлаж асуугаагүй. Тэгээд сүүлд бас хэзээ гэдгийг нь мэдэхгүй, ээлжнээс буугаад гэртээ ирэхэд 1 пургон машин нь байхгүй болсон, одоо манай хашаанд байгаа пургон нь үлдсэн байсан. Уг 2 машиныг ямар учиртай байгааг нь мэдэхгүй, миний ойлгосноор бол аймгийн Биеийн тамир, спортын газрын машин л гэж ойлгосон. Уг машиныг миний ах Б.Г мэдэх байх, тэр хүнээс өөрөөс нь асуусан нь дээр байх” гэх мэдүүлэг /хх-ийн 109-р хуудас/,
13. Гэрч И.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны хавар байсан байх, сар, өдрийг нь тодорхой сайн санахгүй байна, нэг өдөр намайг Улаангом сумын 7-р багт байрлах өөрийн гэртээ байж байтал О.Д байгууллагынхаа шинэ пургон машинтай манай гадна ирж намайг дуудаж гарган "машин чирээд хүргэлцээд өгөөч" гэж гуйхаар нь машинд нь суугаад явсан чинь Нийгэмлэгийн хашаанд очсон. Уг хашаанд очиход хашааны дотор байсан гэр, хажуугийн спорт заал хоёрын дунд байсан цагаан саарал өнгийн пургон, 37-99 УВА улсын дугаартай машин байсан ба уг машиныг чирч явахаар намайг дагуулж очсон байсан. Уг машин Биеийн тамир, спортын газрын машин бөгөөд урьд өмнө гадуур явж байхыг харж байсан тул хараад шууд таньж мэдсэн. Даваадоржоос яах гэж чирч явах гээд байгаа талаар асуугаагүй. Харин Даваадорж тухайн үед “дарга уг машиныг ээжийнхээ хашаанд хүргэчих гэсэн” гэж хэлж байсан шиг санагдаж байна. Уг машин байгаа газартаа нэлээн удаан зогссон байдалтай, шууд асахааргүй харагдаж байсан тул бид 2 уг машиныг Даваадоржийн унаж явсан машинаар чирч гадна гаргаад авч явахаар болсон. Тухайн үед Нийгэмлэгийн хашаанд манаач хүн байсан эсэхийг санахгүй байна. Тэгээд бид 2 явахаар болж Даваадорж өөрийнхөө машинд сууж машиныхаа араас тухайн машиныг чирсэн. 37-99 УВА улсын дугаартай машины жолоон дээр би сууж жолоодож барьж явсан. Даваадорж машиныг чирч яваад Хаш барилгын материалын дэлгүүрийн хажуугийн хорооллоор дээрээс доош чиглэн орж яваад дунд хэсэгт байх нэг айлын хашаанд оруулж зогсоосон. Тухайн хашаанд нэг гэр байсан, машин оруулж зогсооход гэр дотроос Ганбаа гэх том биетэй түүх-газарзүйн багш гарч ирж харагдсан. Би уг хүнтэй юу ч яриагүй машиныг гэрийн хажуу талд нүүрийг нь хойш харуулсан байдалтай зогсоож гарсан. Даваадорж Ганбаа багштай ярилцсан эсэхийг би хараагүй тул мэдэхгүй байна. Ганбаа багшаас өөр хүн харагдаагүй. Уг айлын гаднаас би Даваадоржийн унаж явсан машинд сууж өөрийнхөө гэрт хүргүүлээд бууж үлдсэн. Тухайн үед уг машиныг харахад нэлээн удаан зогссон байдалтай шороо тоосонд дарагдсан, хуучин машин байсан. 4 дугуй нь бүрэн байсан боловч 2 дугуйны хий нэлээн гарсан байсан. Жолооч талын суудал бүрэн байсан. Харин арын заалны суудлыг анзаарч хараагүй тул мэдэхгүй байна. Тухайн үед би машинд суух жолооч талын хаалга гадна талаасаа онгойхгүй болохоор урд зорчигч талын хаалгаар орж жолоочийн суудал дээр суугаад машиныг чиглүүлж барьж чирэгдэж явсан. Машины жолоочийн хэсэгт суухад буруу талын урд хэсгээр шал нь цоорч, буусан байсан санагдаж байна. Тухайн үед Нийгэмлэгийн заалнаас очих айл хүртэл нэлээн зайтай чирэгдээд байж очсон. Очих замд машин гацаж, эд анги нь явах, хөдөлгөх механизмд саад болохгүй явсан. Хөдөлгөөнд чөлөөтэй чирэгдэж очсон болохоор машины эд анги нь бүрэн байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,
14. Гэрч Г.Б /аймгийн ЗДТГазрын гражийн манаач ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15-16 цагийн үед Б.Г дарга над руу утсаар ярьж “би Орон нутгийн өмчийн пургон машин гражид хүргэнэ шүү, та байж байна биз дээ” гэхээр нь би “байж байна” гэдгийг хэлсэн. Машин авч ирэхийг нь хүлээсэн чинь машин авч ирэхгүй 2 хоносон. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байх бүтэн сайн буюу амралтын өдөр байсан, оройхон 19 цагийн үед микро машинтай залуу уг пургоныг чирч ирж гражийн арын хэсэгт зогсоосон. Ямар учиртай машин юм бэ гэдгийг асуухад тухайн залуу “Орон нутгийн өмчид авч ирж өгч байгаа Нийгэмлэгийн пургон” гэж хэлж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор ирсэн машиныг нарийн сайн үзэлгүй өнгөрсөн. Тэр залуу ч чирч оруулж зогсоогоод л шууд явчихсан, танихгүй залуу байсан. Маргааш нь өглөө авч ирсэн машиныг харсан чинь хуучирч муудсан цагаан саарал өнгийн УАЗ пургон машин байсан суудалгүй хоосон, хаалга гацсан дутуу хаагддаг машин байсан. Б.Г биеэр ирж надтай уулзаагүй, микро машинтай хүнээр чирүүлж манай хашаа руу явуулсан байсан. 2-3 залуу байсан байх, ямар ч байсан огт танихгүй залуучууд машинаар чирж ирээд л гражийн ард оруулж зогсоогоод явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-р хуудас/,
15. Гэрч М.У /ОНӨГазрын дарга байсан/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие 2016 оноос 2020 оны хооронд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан. Манай байгууллага нь аймгийн хэмжээнд байгаа төрийн байгууллагын хөрөнгө, түүний бүртгэл хамгаалалт, эрхийн бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хариуцан ажилладаг байсан. Хурлаас тогтоол гарсны дараа албажиж манай газар дээр ирснээр тухайн сум, байгууллагад гарсан шийдвэр /тогтоол/-ийг хэрхэн зохион байгуулах талаар манай байгууллагын албан бичгийг хүргүүлж хэрэгжилтийг хангаж, дүн мэдээг ирүүлэхийг шаардаж нэгтгэж авах ёстой байдаг. Бичгийг хүлээн авсан байгууллага албан тушаалтан шууд хэрэгжүүлэх үүрэгтэй. А/49 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангах, хяналт тавих зорилгоор тухайн хөрөнгө болох 37-99 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Орон нутгийн өмчийн газар хүлээлгэн өгч, дуудлага худалдааг зохион байгуулах шаардлагатай байгаа тул уг ажлыг зохион байгуулах тухай албан бичиг анх 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай албан бичгээр Биеийн тамир, спортын газарт хүргүүлсэн байдаг. Албан бичиг хүргүүлснээс хойш тухайн байгууллагаас хариу бичиг ирэхгүй болохоор нь манай өмч хариуцсан мэргэжилтнүүд уг ажлыг зохион байгуулах тухай удаа дараа утсаар яриулж, биеэр уулзуулж шаардсан боловч дарга Г болон нягтлан нар хариуг албан бичгээр өгөхгүйгээр амаар, биеэр, утсаар “удахгүй зохион байгуулна, маргааш өгнө, нөгөөдөр өгнө” гэх мэт байдлаар яваад байсан гэж манай мэргэжилтэн надад танилцуулж байсан. Эдгээр хугацаанд дарга Гтой гадуур явж байгаад таараад “автомашин хурдан хүлээлгэж өг, дуудлага худалдаа зарлах хэрэгтэй байна” гэж хэлэхэд Г “удахгүй өгнө, танай мэргэжилтэн нарт хэлсэн байгаа” гэх тайлбар хэлж байсан. Дахин 2020 оны 8 дугаар сарын 24-нд журам танилцуулсан утга давхар оруулсан албан бичиг бас хүргүүлсэн боловч арга хэмжээг зохион байгуулаагүй. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн утгатай бичиг хүргүүлсэн боловч бас л ямар арга хэмжээ аваагүй. Би ингээд 2020 оны 12-р сарын сүүлээр ажлаас чөлөөлөгдөж уг асуудлыг хариуцахгүй болсон. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-р хуудас/,
16. Гэрч У.Г /аймгийн ИТХ-ын нарийн бичиг/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан эрх үүргийн хүрээнд холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргаж байдаг. Орон нутгийн өмчит байгууллагын зарим шаардлагатай эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулах, актлах, балансаас балансад шилжүүлэх гэх мэт тогтоолуудыг Орон нутгийн өмчийн газар буюу газрын даргад үүрэг болгосон тогтоол гаргадаг. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг хурлын ажлын алба, албаны даргад үүрэг болгодог. Орон нутгийн өмчийн газраас тухайн оныг дуусгаад өнгөрсөн оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын биелэлтийг аймгийн ИТХ-д тайлагнадаг. Тайланг хянаад хэрэгжээгүй тогтоолууд дээр дахин хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажилладаг. ...Яригдаж байгаатай холбоотой асуудлын хэрэгжилтийн талаар хурлын ажлын алба мэдэж байгаа. Ер нь тогтоолын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр хяналт тавьдаг. Харин байгууллагын машинтай холбоотой харилцааны тогтоолын хэрэгжилтийн хяналтыг жилийн эцэст хийдэг. Ер нь бол тогтоол гармагц шууд хэрэгжүүлж эхлэх ёстой байдаг. Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарсан даруйд хариуцсан албан байгууллага хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах ёстой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-р хуудас/,
17. С.О /Увс аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичиг/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаал нь Төрийн захиргааны 10 гэсэн ангилал зэрэглэлд хамаарах удирдах албан тушаал юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нийтийн албан тушаалд хамаарах албан тушаал юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139-р хуудас/,
18. Гэрч Ё.М /ОНӨГазрын дарга/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оноос Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байна. Аймгийн Биеийн тамир, спортын газрын эзэмшлийн 37-99 УВА улсын дугаартай пургон маркын тээврийн хэрэгсэлтэй холбоотой аймгийн игэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь одоог хүртэл анхны эзэмшигч болох Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын данс бүртгэл дээр байгаа. Манай өмчийн газарт шилжүүлж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146-р хуудас/,
19. Гэрч С.Д /ОНӨГазарт хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Аливаа байгууллага автомашин худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр гарч манай газарт шилжүүлэх дээрх ажлыг зохион байгуулах ажил гардаг. Уг ажлын дагуу манай газраас тухай байгууллага, суманд албан бичиг явуулан актлагдах гэж байгаа автомашиныг хүлээн авдаг. Дээр дурьдсан Биеийн тамир, спортын газрын 37-99 УВА улсын дугаартай автомашиныг актлан дуудлага худалдаагаар доод үнийг тогтоон зарах шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу манай газраас Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гын нэр дээр 2020 оны 6, 8, 11-р саруудад 3 удаа албан бичиг хүргүүлэн, Б.Г даргатай биеэр уулзаж утсаар ярьж хэд хэдэн удаа автомашиныг авч ирж хүлээлгэж өгөх талаар хэлсэн боловч заасан цаг хугацаанд авч ирээгүй. Сүүлд сонсоход арал дугаар нь зөрсөн автомашин авч ирсэн гэж сонсогдож байсан. Актлагдах гэж байгаа автомашиныг яг хэдэн өдөрт авч ирэх талаар нарийн зохицуулсан хууль, журам байхгүй. Тэгэхдээ нэгэнт актлах шийдвэр гарсан тул манай газраас тухайн байгууллага, сум руу албан бичиг явуулаад заасан хугацаандаа автомашиныг /хөрөнгийг/ авч, дуудлага худалдааг зохион байгуулдаг. Б.Г даргын гаргасан үйлдэл нь манай аймагт анх удаа тохиолдож байна. Урьд нь ямар нэгэн сум байгууллагын дарга нар заасан хугацаанд автомашиныг авч ирээд хүлээлгээд өгдөг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149-р хуудас/
20. Гэрч Т.Л /БТСГазрын ээлжийн жижүүр/-ын “...Улаангом суманд болон миний таньж мэдэх хүмүүс дотор Энхээ, Пүүжээ гэх нэртэй машин засдаг, засварын газар ажиллуулдаг хүмүүс байхгүй. Би хадам ах Б.Гыг 2020 оны намар Булган аймагт тэмцээнд байхад нь түүнтэй ярьж байсан удаа байхгүй. Мөн сая таны хэлсэн дээр дурьдсан Энхээ, Пүүжээ болон ямар нэгэн зүс таних, үл таних хүмүүс надтай гудамжинд болон бусад газар таарч Б.Г ахад засуулна гэсэн машинаа ав гэж хэлсэн, түүнд дамжуулаад хэлээд өг гэж ярьсан удаа байхгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152-р хуудас/,
21. Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” 04 дугаартай тогтоол /1-р хх-ийн 12-13-р хуудас/,
22. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 162-164-р хуудас/,
23. Увс аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Увс аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/633 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд 2021 оны 02 дугаар сарын 01-нд 37-99 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 2020 оны 4 дүгээр сарын 01-нд гаргасан ажлын хэсгийн дүгнэлттэй тээврийн хэрэгслийн арлын дугаар таарч байна. 37-99 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгийг шалгаж үзэхэд 2020 оны 4 дүгээр сарын 01-нд гаргасан дүгнэлт дээрх бүхээгний фото зурагтай таарахгүй байна” гэх 34 дугаартай албан бичиг, хавсралт /машины фото зураг/-ын хамт /1-р хх-ийн 175-179-р хуудас/,
24. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын эзэмшилд байсан 37-99 УВА улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл тогтоох ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 181-182-р хуудас/,
25. Увс аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа битүүмжлэгдсэн УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийж ажлын хэсгийн дүгнэлт гаргасан тээврийн хэрэгслийн аралын дугаар таарч байгаа бөгөөд кабин, кузов, урд, хойд тэнхлэг, дөрвөн обуд, дугуйтайгаа, хөдөлгүүр зэрэг нь солигдсон байна. 2. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийж ажлын хэсгийн дүгнэлт тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн дугаар №А0003540, одоогийн буюу солигдсон хөдөлгүүрийн дугаар №Х1206038 байна. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийж ажлын хэсгийн дүгнэлт гаргасан тээврийн хэрэгслийн тэр үеийн зураг 4 ширхгийг хавсаргав. 3. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа битүүмжлэгдсэн УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл нь “D” ангиллын бага багтаамжийн автобусны зориулалтын тээврийн хэрэгсэл бөгөөд уг солигдсон кабин, кузов нь УАЗ-3909 загварын хагас ачааны зориулалтын кабин, кузов байна” гэх шинжээч Б.Адъяагийн гаргасан 04 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 199-202-р хуудас/,
26. Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 03 дугаартай тогтоол /1-р хх-ийн 206-207-р хуудас/,
27. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 209-215-р хуудас/,
28. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдож, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Би тус байгууллагын даргын ажлыг хүлээн авахад 37-99 УВА улсын дугаартай пургон маркийн автомашин байсан. Тэр машин явдаггүй, эвдрэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, дугуй хагарсан машин байсан. ...37-99 УВА улсын дугаартай автомашиныг хэвийн ажиллагаанд оруулах зорилгоор албанаас ямар нэгэн мөнгө гаргалгүйгээр хувиараа янзлуулах гэж байгууллагын жолооч Даваадоржийг “үзээд өг” гэхэд тэр уг машиныг хэвийн үйл ажиллагаанд оруулан ажиллуулах гээд чадаагүй. Тэр надад хэлэхдээ энэ машинд 3-4 сая төгрөгийн засвар орох юм байна гэж хэлэхээр нь 37-99 УВА улсын дугаартай Пургон автомашиныг манай байгууллагын Улаангом сумын 11-р багт байх байрлах хуучнаар Нийгэмлэгийн спорт заалны хашаанд хүргүүлсэн. Манай Биеийн тамир, спортын газрын 2019 оны жил эцсийн тооллогын дараа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Орон нутгийн өмчийн газарт 37-99 УВА улсын дугаартай пургон маркийн автомашин болон бусад эд хөрөнгийг актлуулах санал бүхий албан бичгийг хүргүүлж байсан. Түүний дараа Орон нутгийн өмчийн газраас хариу ирэхгүй болохоор нь жолооч О.Дийг 2020 оны 5 дугаар сард /өдрийн санахгүй байна/ дуудаад 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг “Нийгэмлэгийн хашаанаас аваад миний ээж Жавзаны Улаангом сумын 7-р баг 19-08 тоотод байх хашаанд хүргэчих” гэж хэлээд явуулсан. Тухайн үед О.Д уг машиныг ээж Жавзаны хашаанд машинаар чирж хүргэсэн гэсэн. Түүний дараа тухайн машиныг 2020 оны 6 дугаар сард аймгийн Орон нутгийн өмчийн газраас 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг 2020 оны 6 дугаар сарын 30-ны дотор ирүүлнэ үү гэсэн утгатай албан бичиг ирсэн. Би тухайн үед Орон нутгийн өмчийн газрын дарга М.У-тэй очиж уулзаад түүнд 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг явахгүй байгаа талаар хэлсэн чинь тэр авч ирж хүлээлгэж өг гэж хэлж байсан. Би тэр үед явахгүй байгаа ажил хөнгөрөхөөр авч ирнэ гэж хэлээд гарсан. Түүний дараа Орон нутгийн өмчийн газрын өмчийн ажилтан Соёлмаа гэх хүн над руу байнга утсаар ярьж 37-99 УВА улсын дугаартай автомашиныг авч ирж хүлээлгэж өг хэлж байсан. Би тэр үед нь ямар нэгэн ажилтай байна, жишээ нь тэмцээн уралдаанд явж байсан талаараа болон бусад ажлаа хэлээд удахгүй хүргэж өгнө гэж хэлээд байсан. Тухайн үед 37-99 УВА улсын дугаартай автомашин 1,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд орох юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед 37-99 УВА улсын дугаартай автомашиныг авахаар дуудлага худалдаанд нэг танил хүн оруулж авчхаад хүндийн өргөлтийн тоног төхөөрөмж зөөдөг автомашин болгоно гэж бодсон. Энэ бодлоо хэрэгжүүлэн 2020 оны 6 дугаар сараас мөн оны 9 дүгээр сарын хооронд 37-99 УВА улсын дугаартай пургон маркын автомашиныг ээж Жавзаны хашаанд задаргаанд оруулж хүнээс худалдаж авсан байсан улсын дугааргүй ачааны зориулалтын пургон машинтай сэлбэж нэг сайн машин гаргах гэж үзсэн. Тэр үед буюу 2020 оны 7 дугаар сард миний ээж Улаангом сумын 7-р багт байх хашаанаасаа нүүж Улаангом сумын 11-р багт хуучнаар Банкны 24 айлын орон сууцанд орсон. Байгууллагын 37-99 УВА улсын дугаартай пургон автомашин миний ээжийн хашаанд эзэнгүй байсан. Тэр хооронд уг автомашины зарим нэг эд зүйлс тоногдсон гэж бодож байгаа. Мөн 37-99 УВА улсын дугаартай автомашины кабиныг сольж ачаа хийх зориулалттай пургон маркын автомашины кабин хийсэн. 37-99 УВА улсын дугаартай пургон маркийн автомашины кабиныг хуучин сэлбэхээр авсан байсан пургон маркын машины рам дээр тавьсан чинь болохгүй байхаар нь уг пургоны кабинаас хүнд хэрэгтэй гэсэн зүйлийг нь авч рамыг нь хогийн хөтөл дээр хаясан.
Тухайн үед 37-99 УВА улсын дугаартай автомашины кабинаас үлдсэн 2 хаалгыг ээжийн хашаанд үлдээчээд Булган аймагт тэмцээнд явж байхад ээжийн хашаанаас кабины урд 2 хаалгыг хүн аваад явсан байсан. Тухайн үед надтай нэг хүн утсаар яриад танай ээжийн хашаанд байгаа кабины хаалга авна гэж хэлж байсан санагдаж байна. Тэгэхдээ одоо тэр ямар хүн ярьж байсныг санахгүй байна. Мөн ажилтай явж байхад ямар нэгэн хүн таараад эсхүл утсаар яриад танай ээжийн хашаанд байх пургон автомашинаас эд анги авмаар байна, солимоор байна гэхэд нь албаны 37-99 УВА улсын дугаартай пургон автомашинаас хэрэггүй, хажууд нь байгаа машинаас ав гэж хэлдэг байсан. Тэгэхдээ одоо яг ямар, ямар хүмүүст аль машины эд ангиас өгсөн талаараа санахгүй байна. Би танил ихтэй хүн тул намайг таниад утсаар ярьсан, гудамжинд уулзсан хүмүүс танд пургон автомашины сэлбэг байгаа гэж хэлээд хэрэгтэй эд анги, сэлбэг асуухаар нь би очоод ав гэж хэлээд явуулдаг. Зарим үед намайг халамцуу явж байхад утсаар яриад уулзаад авч байсан удаа байгаа байх.
Би энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад урьд нь 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн тэгэхдээ айж сандарсандаа санаанд орсноо зохиож худал мэдүүлсэн удаатай. Эхний удаагийн мэдүүлэгт Булган аймагт тэмцээнтэй явж байхад танихгүй 2 хүн ярихаар нь 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг өгч явуулсан талаар хэлж байсан удаатай. Түүний дараа 37-99 УВА улсын дугаартай автомашиныг Улаангом сумын 12-р багт байх Заяашик гэх газрын үүдэнд Энхээ, Пүүжээ нэртэй хүмүүст машин үзүүлээд засаад өг гэж хэлээд хаяад явсан ба тэр хоёр хүн тэр газар хаясан гэж худлаа мэдүүлсэн. Тэгэхдээ нэрийн санахгүй байна манай аймгийнх байх 2 хүнд 37-99 УВА улсын дугаартай автомашиныг үзүүлж байсан. Тэр хоёр хүнд хэдэн сарын хэдний өдөр үзүүлж байсан талаар санахгүй байна. Одоо харвал зүс танина. Тэр хоёр машиныг үзээд надаар нэг шил архи авахуулаад дахиж надтай уулзаагүй. Би Биеийн тамир, спортын газрын даргын ажлыг хийж байхдаа байгууллагын хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хариуцлага алдаж 37-99 УВА улсын дугаартай автомашиныг ээжийнхээ хашаанд эзэнгүй хаяж тонуулсан, зарим нэг сэлбэгийг хүнд өгсөн, кабиныг дур мэдэн эвдэж хаясан үйлдэлдээ харамсаж байна. Энэ хэрэгт зохих хуулийн хариуцлага хүлээхдээ бэлэн байна. Миний энэ үйлдэлд ямар нэгэн байдлаар санаатай болон үйлдлээрээ дэмжиж оролцсон Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын ажилтан болон миний төрөл садангийн хүн байхгүй. Тухайн үед манай Биеийн тамир, спортын газрын нягтлан Пүрэвсүрэн, нярав нар надаас 37-99 УВА улсын дугаартай автомашиныг аймгийн Орон нутгийн газрын ажилтан асууж байна авч ир гэж хэлж байна гэж хэлэхээр нь би өөрөө Орон өмчийн газарт хүргэж өгнө, та нарт хамаагүй гэдгийг хэлдэг байсан. Мөн О.Дид даргын хувьд үүрэг өгч 37-99 УВА улсын дугаартай автомашиныг Улаангом сумын 7-р багт байх ээж Жавзаны хашаанд хүргэж өг гэдгийг хэлсэн. Ээж Жавзаны хашаанд 37-99 УВА улсын дугаартай автомашиныг эзэнгүй үлдээхдээ ээжид болон бусад төрөл садангийн хүмүүст уг машиныг байлгаж бай гэж захиж үлдээсэн, гуйсан удаа байхгүй. Би Улаангом сумын 3-р багт байранд өмнө тэр хашаанд амьдарч байсан. Би уг дүгнэлттэй танилцаж байсан. Хөдөлгүүрийн хувьд сэлбэж шинээр хийж байсан. Хуучин хөдөлгүүрийг сэлбэж гаргаж байсан ба үлдсэн эд ангийг кабины эд ангитай хамт хаяж байсан. Дөрвөн дугуйны хувьд муу дугуй, обуд байсныг сайжруулж хийж байсан, кузов бол ачааны болгож өөрчилж хуучин кузовыг хаясан. Тэнхлэг нь өөрийнхөөрөө байгаа байх гэж бодож байна. Зарим нэг эд анги нь Улаангом сумын 7-р багт ээж Жавзаны хашаанд эзэнгүй байхад нь тоногдсон байж магадгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч гомдол гаргасан удаа байхгүй.
Би өөрөө хүндийн өргөлтийн тамирчин, бас Орос машинд засвар хийх дуртай хоббитой хүн тул 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг задлахдаа нэг өдрийн дотор өөрөө задлаж байсан. Би машин задлаж байхад хүмүүс ирж байсан тэгэхдээ одоо яг ямар хүмүүс ирж байсныг санахгүй байна. Мотор, кроп зэргийг өөрөө өргөж тавьж байсан. Би хүндийн өргөлтөөр цээжин дээрээ 220 кг өргөдөг юм. Харин уг машинаас үлдсэн сэлбэгийг хогийн цэг рүү ачуулж байхдаа Улаангом сумын 12-р баг зах дээрээс хөлсний портер машинтай хүнд ачиж өгөөд явуулж байсан. Одоо ямар портер машинтай хэн гэж хүн байсныг санахгүй.
Би Увс аймгийн Биеийн тамир, спортын газрыг 2017-2020 оны хооронд 3 жил удирдаж байсан хүн. Би 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг сайжруулан аймгийн хүндийн өргөлтийн, паурлифтигийн тамирчид тэмцээнд явахдаа штанк болон бусад зүйлээ ачиж явахад хэрэгтэй гэж бодож сэлбэж янзлах гэж байгаад хэрэгт орж байна. Мөн 37-99 УВА улсын дугаартай пургон маркын автомашиныг үнэлсэн 1,000,000 төгрөгийг одоо ч гэсэн төлж хохиролгүй болгоход бэлэн байна. Би хохирлыг төлж улсыг хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай тогтоолоор аймгийн Биеийн тамир, спортын газрын данстай УАЗ-220692-033 маркын 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг 1,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан, улмаар Орон нутгийн өмчийн газраас уг автомашиныг хүлээлгэн өгч, дуудлага худалдаа явуулах боломжийг бүрдүүлэхийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаарын, мөн оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаарын, 11 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаарын албан бичгээр түүнээс удаа дараа шаардсан боловч тэрээр автомашиныг зохих байгууллагад шилжүүлж дуудлага худалдаа явуулах нөхцлийг бүрдүүлэхгүйгээр 2020 оны 5 дугаар сард тус УАЗ-220692-033 маркын 37-99 УВА улсын дугаартай пургон автомашиныг өөрийнхөө ээжийн хашаанд хүргэж улмаар задаргаанд оруулж өөртөө давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт болсон байх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд нийтийн албан тушаалтан гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан дараах албан тушаалтан хамаарна. Үүнд: Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан... байхаар заажээ.
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/77 дугаартай захирамжаар Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдож, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай захирамжаар ажлаас халагдсан /1-р хх-ийн 155-156-р хуудас/ байна. Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд энэ талаар гэрч С.О /1-р хх-ийн 138-139-р хуудас/-ийн мэдүүлэг, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 162-162-р хуудас/-оор тус тус нотлогдож байх тул түүнийг “Нийтийн албан тушаалтан” гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж, мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/107 тоот тогтоолоор “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 9.3-т “Эд хөрөнгийг ...актлах шийдвэрийг хэрэгжүүлж дуусах хүртэл хугацаанд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдал, бүрэн бүтэн байлгах асуудлыг байгууллагын удирдлага хариуцаж, харуул хамгаалалттай байлгах үүрэг хүлээх бөгөөд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг зохих хууль тогтоомжийн хүрээнд тухайн хуулийн этгээдийн дарга /захирал/ хүлээнэ” гэж тус тус заажээ.
Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд актлагдахаар шийдвэрлэгдсэн аймгийн Биеийн тамир, спортын газрын өмчлөлийн 37-99 УВА улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг байгууллагын дарга, удирдлага болох шүүгдэгч Б.Г нь хариуцахаар зохицуулсан байгаа тул тэрээр тухайн хэргийн субьект мөн байна.
Мөн цаашлаад гэмт хэргийн обьектийн хувьд давхар обьекттой гэмт хэрэг бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд обьект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд обьект болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүй байж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Гын хувьд Биеийн тамир, спортын газрын өмчлөлийн буюу албаны 37-99 УВА улсын дугаартай автомашиныг өөрийнхөө ээжийн хашаанд байлган өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгон тухайн эд хөрөнгийг ашигласан нь дээр дурдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ “...улсын төсөвт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай тогтоолоор батлагдсан аймгийн Биеийн тамир, спортын газрын 37-99 УВА улсын дугаартай автомашины дуудлага худалдаагаар худалдах доод үнэ болох 1,000,000 төгрөгийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн сангийн 100150051401 тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн болох нь ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гыг шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүй байж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд: Гэрч Ш.Бын “Би Гтой 1987 оноос хойш одоог хүртэл найзалж, нөхөрлөж байна. Анх үндэсний бөхийн секцэнд хамт явж байсан ба түүнээс хойш одоог хүртэл бөхийн спортын төлөө хамтдаа явж байна. Аймгийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд их хувь нэмэр оруулсан гэж би үздэг. Учир нь спортын бүх төрлөөр аймагт шигшээ баг байгуулан бүс, улсын, олон улсын тэмцээнд тогтмол оролцуулж байсан, тамирчид нь өндөр амжилт гаргаж байсан. Хүнд их тусархаг, цагаан цайлган, гэр бүл, найз нөхөд, хамт олон дундаа нэр хүндтэй хүн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-р хуудас/, гэрч Г.Бы “Би Гын найз бөгөөд бид хоёр 1986 оноос хойш найзалж байна. ...Г нь сүүлийн 10 гаруй жил хүндийн өргөлтөөр хичээллэж аймаг, улсын болон дэлхийн хошой аварга болсон том амжилт гаргасан, аймгийн начин цолтой хүн. Найз маань найз нөхдийн дунд нэр хүндтэй, хүнд байнга л тусалж явдаг хүн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81-р хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 82-р хуудас/, Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 454 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 85-р хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Гын С /ОЮ 09290924/ нь аутизм оноштой бөгөөд аав Бийн Г /ОЭ 74070272/-ын байнгын асаргаанд байдаг болно” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Г нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт амьдардаг, 12 настай охин Г.Сувд-Эрдэнийн байнгын асран хамгаалагчаар тогтоогдсон, урьд Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч нэгэнт торгох ялын санал гаргасан тул нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.
Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Бусад хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасны дагуу ялтан Б.Год оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох ...ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүн болох шүүгдэгч Б.Год оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37-99 УВА гэсэн улсын дугаар 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварын гэрчилгээ, түлхүүр 3 ширхэг, бор өнгийн хавтас 1 ширхэг зэргийг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн АК6М2, 421-1003012110, 1002015-50, 417800х1206038 тоо бичигдсэн дугаар бүхий мотортой, 374100А0430444 гэх тоо дугаар бичигдсэн аралтай, пургон загварын автомашиныг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлж, прокурорын 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохоор, энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ургийн овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Год оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Год оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Г нь улсын төсөвт учруулсан 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37-99 УВА гэсэн улсын дугаар 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварын гэрчилгээ, түлхүүр 3 ширхэг, бор өнгийн хавтас 1 ширхэг зэргийг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн АК6М2, 421-1003012110, 1002015-50, 417800х1206038 тоо бичигдсэн дугаар бүхий мотортой, 374100А0430444 гэх тоо дугаар бичигдсэн аралтай, пургон загварын автомашиныг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсүгэй.
8. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН