Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/213

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 2115001680209 дугаартай, 163/2021/0198/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... оршин суух, урьд

Ял шийтгэл:

2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Орхон аймгийн сум дундын шүүхийн 81 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар,

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Х.. овогт Г-ийн Б /РД***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бүрэнбүст гэх газарт иргэн Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2115001680209 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.С өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан. Манай багийн найз болох ******* над руу залгаад нөхөр бид хоёр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах Бүрэнбүстийн амралтын газар луу салхинд гарах гэж байна. Миний найзын төрсөн өдөр юм чинь цуг явъя гэж хэлэхээр нь би явахаар болж намайг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 29-8 б тоотод гэртээ байхад гараад ир гэж залгахаар нь би ганцаараа гарсан. Намайг гарахад ******* өөрийнхөө нөхөр болох *******ы хамт байж байсан. Бид нар гэрийн гаднаас хөдлөөд дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво, 1 ундаа зэрэг зүйлс аваад Бүрэнбүстийн амралтын газарт шөнийн 22 цагийн орчим очсон. Тэнд очоод нэг шовгор аваад бид 3 юм ярьж байхдаа авсан архи, пивоо уусан. Шөнийн 01-02 цагийн хооронд би найз болох *******тай юм ярьж сууж байхад тэдний нөхөр ******* чи ямар их юм ярьдаг юм бэ? Чи дуугай бай гэх мэтээр хэл амаар доромжилж, баруун гараараа миний толгой руу цохиж, зүүн шанаа, нүдний урд хэсэг рүү алгадаж, миний зүүн хөл рүү өшиглөж намайг зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р тал/,

2. Гэрч Д.*******гийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай найз *******ын төрсөн өдөр болж байхаар нь утсаар ярьж хамт гарахаар болж нөхөр болох *******тай хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрээс *******ыг очиж авсан. Тухайн үед нөхөр бид хоёр Соната-6 маркийн ******* ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. *******ыг аваад “Найзууд” нэртэй хоолны газарт хоол идэж байхад ******* караокед жоохон суух уу? гэхээр нь манай нөхөр жоохон чимээгүй газарт очъё бүгдээрээ манайх руу явъя гэхэд ******* гэрт чинь хүүхдүүд чинь байгаа бүгдээрээ Бүрэнбүстэд амралтын газарт очъё гээд явахаар болж дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво, ундаа зэрэг эд зүйлс аваад Бүрэнбүстийн амралтын газарт оройн 22 цагийн орчимд очсон. Тэндээ очоод авсан юмнуудаа хувааж уухаар болоход би жирэмсэн болохоор архи согтууруулах ундааны зүйл уугаагүй. Харин манай нөхөр ******* нар тухайн архи пивийг хувааж уусан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад ******* хүүхдээ хүнтэй суулгаж би эмээ болмоор байна гэхэд манай нөхөр “тийм жоохон хүүхэд юун хүнтэй суух вэ дээ” гэж хэлээд хоорондоо муудалцаад манай нөхөр нэг алгадахад ******* “архи уумаар байна пизда минь, чамд ямар хамаатай юм бэ тамхи татмаар байна” гэж хэлээд тамхи татаад байхаар нь би үнэрийг нь авч чадахгүй дотор муухайраад үүдэнд зогсож байхад ******* нэлээн муудсан манай хүнтэй муудалцаад байсан. Тэр хоёр муудалцаж байгаад манай нөхөр *******ыг нэг цохиод ор луу нь түлхээд унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26-р тал/,

3. Яллагдагчаар Г.Бмэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б.С төрсөн өдөр болсон. Тухайн өдөр эхнэр ******* бид хоёр Б.С дуудаад хамт Булган аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Бүрэнбүст гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Өвөө Эмээ”-гийн гэх амралтын газарт орой 22 цаг болж байхад очсон. Замдаа дэлгүүрээр орж Хараа нэртэй 0,75 литрийн архи 1-шил, Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво-1 ширхэг, хиам, талх, зэрэг эд зүйлс аваад амралтын газарт очсон. Амралтын газарт очоод гэр аваад орсон. Орсон гэртээ ******* бид 2 архиа хувааж ууж байгаад би *******тай муудалцсан. Юунаас болсон гэхээр ******* том охиноо хүнтэй суулгана, эмээ болмоор байна гэхээр нь би том охиныг нь 16 нас хүрээгүй жоохон хүүхдийг юу гэж балайраад байгаа юм бэ? гээд уур хүрээд, мэдрэл муутай юм уу? гэж *******д хэлсэн. ******* надруу агсраад босоод ирэхээр нь би нэг удаа нүүрэн хэсэг рүү нь цохиод ахиад босоод ирэхээр нь нэг удаа нүүр лүү нь алгадаж газарт унагаасан. Тэгээд би Д.*******гийн хамт амралтын газраас яваад өгсөн. Амралтын газар ******* ганцаараа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

 

4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай:

1. Б.С биед зүүн дээд 1-р шүдний хугарал, дээд уруулд язрал, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр учирсан байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/,

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 2-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бүрэнбүст гэх газарт иргэн Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.*******, гэрч Д.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.С биед зүүн дээд 1-р шүдний хугарал, дээд уруулд язрал, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 228 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Шижиртуяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бүрэнбүст гэх газарт иргэн Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай,  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн байр суурьтай тус тус оролцож санал дүгнэлт гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

 

Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний төлбөр, бензин шатахууны зардалд 40000₮, 30000₮, 10000₮, 60000₮, 10000₮ төгрөгийн нотлох баримтуудыг ирүүлж, нийт 150 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Бнь 150 000 төгрөгийн хохирол төлсөн, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмж 1 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж баталгаа гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрч, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага талаар:

Шүүгдэгч Г.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4/92 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүгдэгч Г.Бхэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч урьд нь 6 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-53-58/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн улсын яллагчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний “эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Шүүгдэгч Г.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ