| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0197/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/215 |
| Огноо | 2021-10-14 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Т д холбогдох эрүүгийн 2115000000223 дугаартай, 163/2021/0197/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Г-ийн Т /РД:..../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын Харгал 2 дугаар багийн нутаг “Худагт” гэх газарт Д.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1. Хохирогч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т д 40000 төгрөг өгөөд архинд явуулахаар болсон. Тэгээд явахаас нь өмнө би мөнгө илүү гарвал тамхи авчхаарай гэж хэлэхэд Т над руу хандаж “чи бүх мөнгөөрөө архи авч чадахгүй, яадаг гуйлгачин бэ” гэж хэлээд над руу миний өгсөн мөнгийг цацаад нүүр лүү баруун хөлөөрөө нүүрний дундуур өшиглөсөн. Тэгээд гал манараад явчихсан, нэг мэдсэн Т дээр гарчихсан нүүр лүү маань нүүр нүдгүй цохиж байсан... зүүн нүдний ухархайн яс цөмөрсөн, хамар хугарсан, баруун талд хоёр хавирга хугарсан. Тэгээд хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Одоо хавирга хөндүүр, нүд, хамар хоёр их зовиуртай байна... Г.Т намайг Улаанбаатар хотод аваачиж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгүүлсэн миний хохирлыг бүрэн барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
2. Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг өвөлжөөний байшиндаа очиход манай нөхөр өвөлжөөний байшин дотроо атиралдаад хэвтэж байхаар нь юу болсон бэ гэж асуухад манай нөхөр Т намайг өшиглөсөн юм бие өвдөөд үхлээ эмчид үзүүлье гэж хэлэхээр нь би машиндаа түшиж суулгаад сумын төв рүү явсан... би би нөхрөө аваад нүдний эмрайн зураг авахуулахад эмч нь нүдний ухархайн яс хугаралтай байна яаралтай Улаанбаатар хот руу авч явж хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлээд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгсөн... шинжилгээний хариуг авчихлаа хамрын ясанд бас гэмтэл үүссэн байна өнөөдөр хагалгаанд орж болохгүй гэж байна 09 сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвт гэж байна гээд утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/,
3. Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнө 03 цаг өнгөрч байхад... Би аавыг орж ирэхээр нь юу болсон юм бэ гэж асуухад Түнжиг намайг зодсон цагдаад очиж хэлчхээд Төмөрөө ахын өвсийг нь ачиж өгөөд буцаад ирье, миний хүү өвсөө хадаж байгаарай гэж хэлээд ачааны машинаа асаагаад явсан... Түнжиг ахын цуг явсан хүнээс та бас согтчихсон байсан уу гэж асуухад үгүй би согтоогүй байсан гэж хэлэхээр нь юу болсон юм гэж асуухад ******* ах бид 2-ыг дуулаад сууж байхад юм дугараад байхаар нь гарч харахад ******* ах Түнжиг хоёр ноцолдоод дээр доороо орчихсон байхаар нь салгахад ******* ах харилаа гээд ******* ахыг дагуулаад явсан гэж хэлсэн... манай аав гаднаас орж ирэхдээ нүүр нь тэгшрээд хавдчихсан, уруул нь язарчихсан цус гарсан, баруун талын нүд нь час улаан болчихсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/,
4. Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Тэшиг сумын Харгал 2 дугаар багийн нутаг Худагт гэдэг газар хадлангаа хадаад байж байхад 20 цагийн орчимд нутгийн таньдаг дүү Т , Батмөнх гэх хүнтэй хамт манай хадлангийн отог дээр ирээд манай отог руу хамт явъя гэж хэлэхээр нь би хамт явсан. Бид гурав манай отгоос Т ын машинд суугаад явж байсан чинь замд ******* өвсөө хадаад явж байсан. Т Д.Б очиж уулзаад удалгүй хоёулаа хамт ирж машинд суусан. Бид гурав Д.Б аваад голын эрэг дээр очиж үзэхэд ус булингартай байсан болохоор нь Т ын отог дээр ирж 0.75 л архи нэг шил, 2.5 л нэг сав пиво хувааж уусан. Бид дөрөв архи, пиво хувааж ууж дуусчихаад байж байтал ******* Т ыг сумын төв рүү архинд яваад ир гэж хэлэхэд нь Т надад мөнгө байхгүй гэж хэлэхэд нь ******* карманаасаа мөнгө гаргаж ирэхэд нь маргалдаж эхэлсэн тэр хоёр маргалдсан чигээрээ гадаа гарсан Батмөнх бид хоёр байшин дотор нь үлдсэн. Тэр хоёр гадаа гараад маргалдаад хашхиралдаад байхаар нь Батмөнх бид хоёр араас нь гарсан бид хоёрыг гадаа гарахад Т , ******* хоёр ноцолдож байх шиг байсан Батмөнх түрүүлж очоод салгасан. Батмөнхийг салгахаар нь би Д.Б аваад хадлангийн отог руугаа алхсан би өөрийнхөө отог дээр очиж үлдсэн харин ******* хадлангийн отог руу алхаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
5. Яллагдагчаар Г.Т мэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед манай хаваржаан дээр буюу Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар баг Худагт гэх газар Д.Б ах, *******, Батмөнх бид дөрөв хараа нэртэй 0,5 л 1 шил архи, нийслэл нэртэй 2,5 л 1 сав пиво хувааж уугаад дуусгасан. Д.Б ах надад хандан архи аваад ир гэж хэлэхээр нь би надаа мөнгө байхгүй гэж хэлэхэд Д.Б ах надад 40000 төгрөг өгөхөөр нь би явахгүй гэж хэлээд байшин руугаа очоод буцаж гарч ирэхэд Д.Б ах 40000 төгрөгөө надад өгөөд нэг шил архи аваад мөнгө үлдвэл тамхи аваад ир гэж хэлэхээр нь би мөнгөндөө бүгдэд нь архи авчихаач гэж хэлээд мөнгийг нь буцаагаад өгсөн чинь Д.Б ах май гуйлагчин минь гэж хэлээд намайг цохих гэхээр нь би баруун гараа атгаж байгаад Д.Б ахын баруун шанаа хэсэгт нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохисон, баруун гараа атгаж байгаад зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон, баруун суга хэсэгт нь зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн... миний буруу би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,
5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 252 дугаартай: 1. Д.Б гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хөмсөг орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр учирсан байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Д.Б гийн биед хийсэн үзлэгээр архаг, хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/,
6. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн толгойн тодосгогчгүй компьютер томограф шинжилгээний хариу, мөн Д.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-32-39-р тал/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/, Булган аймгийн Тэшиг сумын Цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /хх-н 3-р тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р тал /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 61- р тал, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын Харгал 2 дугаар багийн нутаг “Худагт” гэх газарт Д.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д.Б , гэрч С.*******, Б.*******, Д.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Д.Б гийн биед биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хөмсөг орчмын зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 252 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Г.Т үйлдэл нь хохирогч Д.Б гийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Шижиртуяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын Харгал 2 дугаар багийн нутаг “Худагт” гэх газарт Д.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох саналтай байна гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Г.Т үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Т дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба шүүгдэгч Г.Т нь Улаанбаатар хот руу авч явж, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж, эмчилгээний төлбөрийг барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалган ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/93 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал болон шүүгдэгч Г.Т хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Т д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г-ийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ