Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 41А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

         Иргэдийн төлөөлөгч Б.Тунгалагтуяа

         Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

         Улсын яллагчаар хяналтын прокурор  Д.Дэлгэрбаяр

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Г.Амгалансуурь

         Хохирогч Д.Баттүвшин

         Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201510000268 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

 

        Монгол Улсын иргэн 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, халх, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг, Бүрдэнэ гэх газар нутаглах, урьд ял шийтгүүлж байгаагүй Их Монгол овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэ /РД:ЕД85062973/  

 

          Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг Өвөр улаан хяруу гэх газар нутаглах Ц.Гансүхийн гэрийн гадаа Л.Батмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд/

 

 

Т О Д О Р Х О  Й Л О Х нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэсэн мэдүүлэг,

 

     Хохирогч Д.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 09 сарын 2-ны өдөр 11 цагийн үед Гансүхийн адуунд 2-3 адуу байдаг тэрийг тамгална гээд явсан. Тэгээд 29-ний орой ирнэ гэж яваад ирээгүй. 30-ны өглөө ирэхгүй болохоор нь би яасан юм бол Зүлэгт орсон юм болов уу гээд утсаар сургалахад ороогүй байсан. Орой 9 цаг өнгөрч байхад Отгонсүх ирээд танай хүний бие таагүй байна гэсэн. Яасан юм гэхэд Мөнх-Эрдэнэтэй шуугилдаад байсан тэр мэдэж байгаа гэсэн. Тэгээд би зүлэгт рүү түргэн дуудсан. Түргэн ирээд анхны тусламж авч чадалгүй нас барсан. Одоо тээврийн зардал, хоног хураах гээд нийт 2 639 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

    Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Батмөнх бид хоёр тэр адуунаас болж маргалдаж, Батмөнх эхлээд намайг заамдаад миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад нүүрэнд нь 1 удаа цохиж аваад цааш нь түлхсэн. Тэгээд би Батмөнхөд одоо болъё, өглөө наад асуудлыг чинь яръя гээд Гансүхийн гэрт оруулж өгөөд Отгонсүхийн гэрт нь орсон. Тухайн үед Батмөнхтэй адуунаас болж маргалдаж байхад танай 3 хүүхдийн чинь малаас ачина гээд сүрдүүлээд байсан …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 158-160-р хуудас/,

 

         Хохирогч Ц.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... аавыгаа харахад ямар ч ухаангүй баруун орон дээр нь хэвтэж байсан ба хурхираад огиулж чичрээд амнаас нь шингэн юм гараад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 33-34-р хуудас/,

 

         Хохирогч Д.Баттүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Отгонсүхийн гэрт очиход манай хүн газраар дээлтэйгээ хэвтэж байсан ба хамар амнаас нь шаргал өнгийн шингэн зүйл гараад ухаангүй байдалтай хэвтэж байсан, дээлийнх нь энгэр доошоо чиглэлтэй урагдаж цуурсан, зах нь урагдсан байдалтай нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд удалгүй түргэний эмч нар ирээд биеийг нь үзээд эм тариа хийгээд дээрдэлгүй байж байгаад нас барсан. Оршуулгын зардалд 5000 000 төгрөг, талийгаачийн банкны зээл 8 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийг авсан. Одоогийн байдлаар 3 615 260 төгрөг нэхэмжилж байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 247-248-р хуудас/,

 

  Гэрч С.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...өглөө 7 цагийн үед сэрэхэд Батмөнх гэрийн баруун талын орны урдуур хувцастайгаа унтаж байсан. Батмөнх миний зүг рүү харсан байдалтай хамар хэсэгт нь цус гоожоод хатсан юм шиг харагдаж байсан. Батмөнх толгой өвдөөд байна, Мөнх-Эрдэнэтэй уулзая гээд байсан. Мөнх-Эрдэнэ намайг зодсон юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд Батмөнх манай гэрээс гараад Отгонсүхийн гэрт орж Мөнх-Эрдэнэтэй уулзсан байх, тэгээд машин асч байгаа дуу гараад Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Батмөнх буцаж манай гэрт орж ирээд юу ч яриагүй буцаад хэвтээд өгсөн. Тэгээд 13 цагийн үед босч цай уугаад гарч бие засчихаад эргэж орж ирээд баруун орон дээр хэвтсэн. Тэгээд дахиж сэрээд гарч бие засаад баруун орны наагуур газар хэвтсэн. Батмөнх өдөр цай уугаад гэрийн гадаа бөөлжөөд байсан. Тэгээд орой зүүн гэрт орсон. Манай хүү Гансүх малдаа явж ирээд ээжээ Батмөнхийн бие нэг л эвгүй байна, хэлэхгүй бол болохгүй, эхнэрт нь хэлье гээд Баттүвшинг авчруулахаар Отгонсүхийг явуулсан ...” гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хавтасны 44-45-р хуудас /,

 

Гэрч Ц.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Батмөнхийн хамраас нь цус гараад уруул руугаа урсаад хатчихсан, дээлийнх нь энгэр урд хэсгээрээ доошоо цуураад урагдсан, баруун билүү зүүн талын хацрыг нь сайн анзаарах юм бол бага зэрэг хавдсан бололтой байхаар нь наад нүүр ам, хувцас хунараа яасан юм бэ гэхэд урд шөнө Мөнх-Эрдэнэ зодчихлоо гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 47-49-р хуудас/,

 

Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй муудаад чанга чанга дуугараад байсан, тэгээд сүүлдээ зодолдоод эхэлсэн ба хүн зодож байгаа нь мэдэгдээд түжигнэлдээд явчихсан, тэгтэл манайд ирсэн Батмөнх гэдэг өвгөний дуу гараад орилоод байсан. Тэгэхээр нь би Алтанзулд чи гараач танай нөхөр чинь хүн аллаа ш дээ, орилуулаад байна, болиулаач гэхэд Алтанзул тоохгүй байсан ба өөрөө тэгж байгаад орж ирэх байлгүй дээ, гараад очихоор улам маяглаад тэнэглээд үгэнд ордоггүй юм гэсэн. Тэгээд Батмөнх гэдэг өвгөн нилээд удаан орилоод тэр хоёр зодолдоод байх шиг байсан. Тэгээд би эхнэр нь мэдэж байгаа юм байлгүй гээд унтаад өгсөн... Тэгээд өглөө 09 цагийн үед Батмөнх гуай гаднаас орж ирээд Мөнх-Эрдэнээс толгой өвдөөд байна, архи байна уу гэхэд Мөнх-Эрдэнэ юм дуугараагүй. Тэгтэл Батмөнх гуай чи тэгвэл намайг эмнэлэг хүргээд өгчих, толгой өвдөөд байна гэхэд мөн огт юм дуугараагүй. Тэгж байснаа Батмөнх гуай ингэхэд чи яагаад намайг ингэж зодож байгаа юм бэ гэхэд мөн л юм дуугараагүй. Тэгсэн чинь Алтанзул нөхрөө одоо явъя гээд аваад гэрээс гарсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-63-р хуудас/,

 

Гэрч Г.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...  Батмөнх гуай манай хонгор билүү хул үрээг 2015 оны 06 дугаар сард хулгайлсан юм байна лээ, тэгээд манай нөхөр тэр талаар Батмөнх гуайтай маргаад байсан юм. Тухайн үед манай нөхөр Батмөнх гуайд та манай 3 хүүхдийн малнаас хулгайллаа гэж байгаа бололтой байсан ба Батмөнх гуай би тэрнээс илүүгээр хорооно шүү гэж байгаа бололтой байсан. Тэгээд л хоорондоо муудаад хэрэлдээд байгаа бололтой байсан ба яг зодолдсон талаар бол огт мэдэхгүй байна, надад юм мэдэгдээгүй. Би унтаагүй байсан ба тэр хоёр нилээд удаан хэрэлдээд байгаа бололтой чанга дуугараад байсан. Тэгээд манай нөхөр орж ирээд миний хажуугаар  унтсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 68-р хуудас/,

 

Гэрч Х.Мэндсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг очиход гэрийн баруун талын орон дээр 50 орчим насны эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан ба үзэхэд даралт нь 90/60, пульс нь минутанд 98 удаа цохилж байсан. Баруун нүд нь бага зэрэг хавдчихсан байсан. Ямар ч ухаангүй, гадна орчинтойгоо харьцаагүй, хурхирсан, дугжраа байдалтай байсан ба цус тогтоох тариа, зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа хийсэн боловч тариа хийж байгааг огт мэдрэхгүй, ухаангүй, юм огт ярихгүй байсан. Тухайн үед үе үе ханиалгаж, амнаасаа шар хүрэн өнгийн шингэн зүйлээр бөөлжсөн чинь амьсгалын зам руугаа зарим бөөлжсөн шингэн зүйл нь орсон бололтой амьсгал нь 1 минут орчим зогсчихоор нь долоовор хуруундаа бээлий хийж байгаад амны хөндий болон залгиурын хэсгийг арчиж цэвэрлэсэн. Тэгээд цээжинд нь массаж хийтэл амьсгал нь орж ирж байгаад дахиад тэр үйлдлээ 3 удаа давтаж хооронд нь 10-15 минутын хугацаатай давтаж хийсэн. Сүүлдээ амьсгал нь гэнэт зогсоод амьсгал сэргээх арга хэмжээ авахад амьсгал нь зогсож нас барсан. Ямар ч тээвэрлэх боломж байхгүй байсан, биеийнх нь байрлалыг жаахан өөрчлөх гэхээр амьсгал нь зогсчих гээд байсан. Тухайн үед нүүрэнд нь ил харагдах шарх, сорви байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 86-87-р хуудас/,

 

Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Амь хохирогч Батмөнхийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн талд бөмбөлөгийн зулайн хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины орой, зулай, чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун талын 5, 6, 7, 8-р хавирганы далд хугарал, зүүн хацарны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон ба хүн өөрөө унаад дээрх гэмтлийг авах боломжгүй. Уг гэмтлийг авсаны дараа тархи дарагдах хүртэл тодорхой хугацаанд хүний биед таарах толгой өвдөх, хоолонд дургүй болох зовиур илрэх ба тодорхой хугацаанд ямар нэгэн үйлдэл хийх чадвартай байдаг.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129-130-р хуудас/,

 

      Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 17 дугаартай Шүүүх, сэтгэц гэм судлалын магадлагаанд: “М.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Мөнх-Эрдэнэ нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. М.Мөнх-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ.  /1 дүгээр хавтасны 101-102-р хуудас/,

 

       Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай дүгнэлтэд:

       1.Л.Батмөнхийн цогцосонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины орой зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, уушги, тархины хаван баруун талын 5, 6, 7, 8-р хавирганы далд хугарал, зүүн хацарны зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.

       3.Л.Батмөнхийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

       4.Л.Батмөнх нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураанаас болж тархи дарагдаж нас баржээ.

       5.Л.Батмөнх нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэжээ. /1 дүгээр хавтасны 108-109-р хуудас/,

 

          Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 13-14-р хуудас /,

          Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 15-17-р хуудас /,

           Эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1 дүгээр хавтасны 18-19-р хуудас /,

 

           Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 26-р хуудас/

           Хохирол нэхэмжилсэн баримтууд / 1 дүгээр хавтасны 201-216-р хуудас /,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтасны 166-р хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн,энэ хэрэгтхамааралтай,нотолгооны ач холбогдол бүхийдээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд,бодит байдлаар нь хянажхарьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг Өвөр улаан хяруу гэх газар нутаглах Ц.Гансүхийн гэрийн гадаа Л.Батмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой, цээжин тус газар нь цохиж зодсоны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд Батмөнх бид хоёр тэр адуунаас болж маргалдсан....” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь талийгаачтай хувийн таарамугүй харьцааны улмаас маргалдаж гэмтэл учруулсан нь гэрч  С.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн “...2015.06.07-ны үед байх манайх Иххэт сумаас урагшаа 20 гаран км “Зүүн хэсэг” гэх газарт байхад манай 3 үрээ адуунаас салаад алга болчихсон. Эрэл сурал болоод олдохгүй байсан ба сүүлд сураг гарахад “Цагаан ус” гэх газрын хавьд байгаа сураг гарсан. Тэгээд намайг хотод байхад 2 үрээг олчихсон,харин хул үрээ алга байна гэж манай хүү Мөнх-Эрдэнэ надтай ярьж байсан. Тухан үед Батмөнхийнх “Цагаан ус” гэх газрын зүүхэн урд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн “...2015.09.29-ний орой би Отгонсүхийн гэрт нь унтах гээд хэвтэж байхад гэрийн гадаа манай нөхөр Мөнх-Эрдэнэ болон манай сумын Батмөнх гуай хоёр юм яриад байгаа бололтой байсан. Тухайн үед адуу малын талаар юм яриад байгаа бололтой байсан Батмөнх гуай манай хонгор билүү хул үрээг 2015 оны 06 сарын үед хулгайлсан юм билээ,тэгээд манай нөхөр тэр талаар Батмөнх  гуайтай маргаад байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн “...Мөнх-Эрдэнэ манай гэрийн гадаа буюу  манай гэрээс баруун тийшээ хүнтэй юм яриад байгаа бололтой байсан...тэрнээс хойш нилээн удсан ба Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй муудаад чанга чанга дуугараад байсан...” гэсэн  мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Цэдэвсүрэн, Ц.Гансүх, Г.Баяржаргал, Г.Алтанзул, Х.Мэндсайхан, Б.Мөнхбат  нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан тул шүүхээс эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь талийгаачийг толгойд нь 1 удаа цохиж, 1 удаа хүчтэй түлхсэн гэж мэдүүлж байгаа боловч талийгаач Л.Батмөнхөд Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай: Л.Батмөнхийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины орой зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, уушги, тархины хаван баруун талын 5, 6, 7, 8-р хавирганы далд хугарал, зүүн хацарны зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч М.Мөнх-Эрдэний үйлдлээс учирсан болох нь Гэрч Ц.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...наад нүүр ам, хувцас хунараа яасан юм бэ гэхэд урд шөнө Мөнх-Эрдэнэ зодчихлоо гэж байсан ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй муудаад чанга чанга дуугараад байсан, тэгээд сүүлдээ зодолдоод эхэлсэн ба хүн зодож байгаа нь мэдэгдээд түжигнэлдээд явчихсан, тэгтэл манайд ирсэн Батмөнх гэдэг өвгөний дуу гараад орилоод байсан...Тэгээд Батмөнх гэдэг өвгөн нилээд удаан орилоод тэр хоёр зодолдоод байх шиг байсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Батмөнх толгой өвдөөд байна, Мөнх-Эрдэнэтэй уулзая гээд байсан. Мөнх-Эрдэнэ намайг зодсон юм шиг байна гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг , Шинжээч эмч А.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг гэмтлийг авсаны дараа тархи дарагдах хүртэл тодорхой хугацаанд хүний биед таарах толгой өвдөх, хоолонд дургүй болох зовиур илрэх ба тодорхой хугацаанд ямар нэгэн үйлдэл хийх чадвартай байдаг.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

         Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзэв.           

 

          Хохирогч Д.Баттүвшин нь шүүх хуралдаанд хоног хураахад болон замын зардал зарцуулсан   бүгд 2639000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалвал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Золзаяагаас 1-р хх-ийн 200-216-р тал, 2-р хх-ийн 11-14, 28-32, 34, 37-р талд  нийт 9372780 төгрөгийн баримтыг, хохирогч Д.Баттүвшингээс 2-р хх-ийн 9-10, 25-27, 33, 35-37-р тал, шүүхэд ирүүлсэн замын зардлын баримт нийт 2788000 төгрөгийн баримтыг гаргаж ирүүлсэн байна.

 

            Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 13 000 000 төгрөг төлсөн ба хохирогч Д.Баттүвшин нь шүүх хуралдаанд уг хохирлыг авсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй  тул  хавтаст хэрэгт авагдсан  хохирол төлбөртэй холбоотой нийт 12160780 төгрөгийн хохирлыг шүүгдэгчийг төлж барагдуулсан гэж үзлээ. Хохирогч Д.Баттүвшингийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүгдэгчээс төлж барагдуулсан мөнгөн дүнгээс илүү гараагүй тул хохирол төлөгдсөнд тооцсон тул нэмж нэхэмжилсэн 2 639 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

 

           Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн ар гэрт учирсан эд материалын хохирлыг бүрэн барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

       Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 сарын 04-нөөс эхлэн 298 хоног  цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

        Шүүгдэгч М.Мөнх-Эрдэний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар нэртэй 0,5 литр архины шил 1 ширхэг, 0,75 литрийн архины шил 1 ширхэг, 2,5 литрийн хүрэн өнгөтэй пивоны сав 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Л.Батмөнхийн хар өнгийн дээл 1 ширхэг, цагаан алаг өнгийн дотоож 1 ширхэг, шар өнгийн гутал 1 хос, бор өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн хөлийн ороолт 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэгийг хохирогч Д.Баттүвшинд, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хар хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цайвар ногоон өнгийн өмд 1 ширхэг, бор саарал өнгийн пүүз 1 хос, хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

           

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

        1.Шүүгдэгч Их Монгол овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнэд 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.

                                             

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 8 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 298 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Баттүвшингийн нэмж нэхэмжилсэн 2639000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар нэртэй 0,5 литр архины шил 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0,75 литрийн архины шил 1 ширхэг, 2,5 литрийн хүрэн өнгөтэй пивоны сав 1 ширхэгийг устгаж, амь хохирогч Л.Батмөнхийн хар өнгийн дээл 1 ширхэг, цагаан алаг өнгийн дотоож 1 ширхэг, шар өнгийн гутал 1 хос, бор өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн хөлийн ороолт 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэгийг хохирогч Д.Баттүвшинд, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хар хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цайвар ногоон өнгийн өмд 1 ширхэг, бор саарал өнгийн пүүз 1 хос, хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

        7.Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

       8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар үйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

       10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Х.ГАНБОЛД

                                             ШҮҮГЧИД                       Н.АДЪЯА

                                                                                     Д.АДЪЯАСҮРЭН