| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01638/и |
| Дугаар | 1611 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1611
| 2017 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/01611 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагын 21 дүгээр гудамжны 532 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар АП 79060469, Ширээт Гэгээн овогт Дэлгэрсайханы Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧН 70121105, Харчин овогт Дашдондогийн Хишигдэлгэрт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Д.Хишигдэлгэрт 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээгээр 7 сая төгрөгийг, 25 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги авах заалттай зээлдүүлсэн боловч Д.Хишигдэлгэр одоо хүртэл үндсэн зээл болон алдангийг төлөхгүй байна.Надад 1 400 000 төгрөгийг цувуулж өгсөн.Одоо үндсэн зээлийн 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийт 10 500 000 төгрөгийг Д.Хишигдэлгэрээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Д.Хишигдэлгэрт 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээгээр 7 сая төгрөгийг, 25 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги төлөхөөр зээлдүүлсэн.Зээлийн барьцаанд хөөрөг тавьсан.Д.Хишигдэлгэр надад зээлийн хүүгийн 1 400 000 төгрөгийг өгсөн гэдэг боловч энэ мөнгийг би аваагүй юм.Гэвч би одоо Д.Хишигдэлгэрээс үндсэн зээлийн 7 000 000 төгрөг, алдангийн 3 500 000 төгрөг нийт 10 500 000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа хариуцагч Д.Хишигдэлгэрт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийт 10 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.Хишигдэлгэрт 7 000 000 төгрөгийг, 25 хоногийн хугацаатай, сарын 25 хувийн хүүтэй, эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцлийг тохирч зээлдүүлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Зээлийн гэрээний ар талд зээлийн 7 000 000 төгрөгийг Д.Хишигдэлгэр хүлээн авч гарын үсгээ зурсан байх тул энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэлд нийцсэн байна.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнө” гэж талууд тохирсон байх тул Д.Мөнгөнтуяа алданги шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангид 3 500 000 төгрөгийг Д.Хишигдэлгэр төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Д.Хишигдэлгэр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гардаж аваад, хариу тайлбараа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцоно гэж заасан байна.
Хариуцагч Д.Хишигдэлгэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Д.Хишигдэлгэрээс үндсэн зээлийн 7 000 000 төгрөгийг, энэхүү гүйцэтгээгүй үүрэгт ногдох алданги болох 3 500 000 төгрөгийн хамт нийт 10 500 000 төгрөгийг гаргуулан Д.Мөнгөнтуяад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгэрээс 182 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяад олгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Дашдондогын Хишигдэлгэрээс 10 500 000 /арван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Дэлгэрсайханы Мөнгөнтуяад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 /нэг зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, Д.Хшигдэлгэрээс 182 950 /нэг зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН