Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, шүүгч Х.Т, Б.Б /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Иргэдийн төлөөлөгч У.Н,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн  холбооны гишүүн, өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Е.Х нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Е.Хд холбогдох эрүүгийн 2113001210126 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян- Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Е-ы Х, регистрийн дугаар: ******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.Х нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Аыг цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Е.Хыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Е.Х мэдүүлэхдээ:” ...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймаг руу явах гээд найзыгаа хүлээгээд гэртээ байж байсан. Тэр үед манайд К гэх найз маань ирэхээр нь бид хоёр гудамжинд гараад, замын хажууд тамхилаад сууж байтал цаанаас 2 залуу ирж байсан ба  тэр хоёр залуу зам салаад нэг нь цаашаа эргээд явсан, харин нөгөөх нь бид хоёрыг чиглээд ирж байсан. Биднийг  чиглээд ирж байсан залуу К ямар нэгэн шалтгаангүйгээр бид хоёр луу салаавч гарган, чулуу шидэж, хэл амаар доромжилсон. Тэгээд би түүнд ойртож очиход, намайг гартаа байгаа чулуугаар цохиход нь би уурлаад нөгөө гарт нь байгаа чулууг аваад, тэр залууг нэг удаа алгадахад, тэр ар талаараа буюу хойшоо унасан. Тэр үед бид нарыг харж байсан нэг эмэгтэй наад залуугийн чинь дүү нь ирж байгаа. “Наад залуугаа босгоод дүүд нь  хүлээлгэж өгөөч, наадах хүн чинь согтуу байна шүү дээ” гэж хэлсэн.  Тэгээд найз К бид хоёр уг  залууг түшиж, босгоод гэрт нь хүргэж, дүүд нь хүлээлгэж өгөөд явчихсан. Тухайн үед бид архи дарс уугаагүй байсан. Тухайн үйл явдал болсны дараа тэр өдрийн орой 22 цагийн үед “Ч” дэлгүүрээс нэг шил архи нэг шил пиво аваад уусан. Харин өглөө нь цагдаа нар ирээд цусны шинжилгээ аваад явахад, архи дарс хэрэглэсэн байна гэсэн хариу гарсан байсан.  Би тухайн хэрэг болох үед эрүүл байсан. Нөгөө залууг дүүд нь хүлээлгэж өгсний  дараа архи уусан. Мөн уг залууг алах санаа надад байгаагүй, гэнэтийн зүйл болсон.  Би тэр залууг цохисондоо маш их харамсдаг, ар гэрээс нь бас уучлалт хүсэж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М мэдүүлэхдээ: Миний хүү Ж.А нас бараад 4 сар гаруй болж байгаа. Би Аын ээж нь, харин аав нь болохоор тахир дутуу гэртээ байдаг хүн байгаа. Ж.А бид нарыг асран хамгаалдаг байсан. Тийм учраас гарсан бүх зардлыг төлж өгөхийг хүсэж байна. Хүн алчхаад надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэж яаж хэлж чадаж байна. Хүн алсан хүнд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг би лав мэдэхүй юм байна. Тэр өдөр хүүг минь гэрт хүргэж ирэхэд Е.Х болон найз нь эрүүл байгаагүй. Биднийг асран хамгаалж байсан хүүгээ алдаад маш хэцүү байна. Би хүүхдийнхээ оршуулгад хэрэглэсэн зүйлүүдийг бүгдийг нь зээлээр авсан байгаа. Тийм учраас оршуулгын зардалд нэхэмжилсэн хохирлоо гаргуулж авмаар байна. Мөн миний хүүг араас нь хөөгөөд, алах ямар шаардлага байсныг ойлгохгүй байна. Ж.А архи, дарс хэрэглэсэн ч гэсэн  гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бид нарыг асарч байсан ганц хүн байсан. Өдий насандаа энэ хэргээс болж хууль хяналтын байгууллагад удаа дараа дуудагдаж, ирж буцах хэцүү байна. Тийм учраас хэргийг үнэн зөвөөр хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч У.Нина гэм буруугийн шүүх хуралдаанд: ”Шүүгдэгч Е.Х нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны  улмаас хохирогч Ж.Аыг цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч С.Ти шүүгдэгч Е.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн гаргуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нь шүүгдэгч Е.Х гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, харин зүйлчлэлийн хувьд маргаж байгаа. Учир нь Е.Х нь амь хохирогч Ж.Аыг алах санаа зорилгогүй байсан тул зүйлчлэлийг анхаарч өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах, цагаатгах буюу хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Тодруулбал: Улсын яллагч хавтаст хэргээс:

- Б.Мгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

-Е.Хы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас/,  

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,

-Хохирогч Ж.Аын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  32-34 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,  CD бичлэг-1 ширхэг,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед үл таних хоёр залуу миний хүү Ж.Аыг манай гэрийн хашааны гадна аваад ирэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол нөгөө үл таних хоёр залуугийн нэг нь махлагдуу, эрүүн доороо сахалтай залуу нь надад хандаж сая танай хүүтэй зам дээр муудалцчихлаа. Танай хүүг нэг, хоёр удаа алгадсан чинь арагшаа дагзаараа засмал зам дээр уначихлаа. Эр хүмүүс байна гайгүй байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Ж.Аыг отгон хүү Э.Атой цуг хоёр талаас нь түшиж зуны байшин руу оруулж орны бүтээлгийг газарт дэвсэж хэвтүүлсэн. Тэр үед Ж.Аын биеийн байдал нь муудсан байдалтай надад дагзаар өвдөөд байна гэж хэлээд бөөлжөөд зүүн хацар нь хавдсан байсан. ...Ж.А цагдаад юу болсныг хэлж чадахгүй өвдөөд зовиурласан чигээрээ 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн үүрийн 04 цагийн үед өөд болсон. ...талийгаачийг гэрт авчирсан хоёр залуугийн нэг нь махлагдуу, эрүүн доороо сахалтай, саарал өнгийн куртиктай, доогуураа бараан өнгийн шорттой байсан. ...харин талийгаач толгойдоо улаан өнгийн саравчтай малгайтай, цээжин биендээ бор өнгийн цамц, дотуураа хөх өнгийн пудволк, доогуураа хар өнгийн дотортой өмдтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-49 дүгээр хуудас/,

Гэрч Х.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед миний бие 5 сартай нялх хүүхдээ тэврээд өөрийн хашаан дотроо салхилуулж явахад манай байшингийн урд байдаг засмал зам дээр хоёр эрэгтэй хүн нэг нэгэнтэйгээ маргалдаж байсан. Тэдний нэг нь махлагдуу биетэй хар цамцтай, цоохор өнгийн шорттой залуу байсан. Харин нөгөөх нь толгойдоо улаан өнгийн саравчтай малгай өмссөн туранхай залуу байсан. Хувцсыг нь сайн анзаарч хараагүй. Тэр хоёр залуу маргалдаж байсан ба тухайн үед улаан малгайтай туранхай залуу махлагдуу биетэй залууг хэл амаар доромжилж чи миний боовыг ид гэж казакаар хэлэхэд махлагдуу биетэй залуу нь нөгөө туранхай улаан малгайтай залууг нэг удаа гараараа шанаа тус газар нь цохиход нөгөө залуу шууд засмал дагуу арагшаагаа савж унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түргэний жолооч Асаны хамт Өлгий сумын 6 дугаар багт иргэн Ж.Аын гэрт ирэхэд нэг өрөө зуны байшинд газар дээр Ж.А гэх залуу хэвтэж байсан. Тэгээд уг залуугийн биеийн байдлыг үзэхэд даралт 90/50, зүрхний цохилт 85-г зааж байсан. Хүчил төрөгчийн хангамж 95 хэвийн байсан. Тухайн зовиур нь огиулсан, бөөлжсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед байх гэрт аав, н.Жолбарыс, ээж Б.М, ах Ж.Б, бид дөрөв гэртээ байж байтал хашааны гадна том ах Ж.Аыг хоёр залуу хоёр талаас нь түшээд ирж байхаар нь би хашааны гадна гараад очсон юм. Би гэрээсээ гараад очиход Ж.Аыг миний таньдаг Е.Х болон түүний хажууд үл таних нэг шар царайтай залуу хоёр талаас нь сугадаж авчирсан. Тэр үед ахын царай нь цайчихсан, хөлс нь гарсан байдалтай байсан ба надад толгой өвдөөд байна гээд хоёр удаа хэлсэн. Харин Е.Х гэх махлагдуу, эрүүндээ сахалтай залуу надад танай ах бид нар луу чулуу шидэж, салаавч гаргахаар нь хоёр удаа алгадахад хойшоогоо засмал зам дээр уначихлаа. Тэгээд босгоод аваад ирлээ гэж хэлсэн. Түүний хажууд байсан туранхай, доголон хөлтэй, шар залуу надад хамаагүй, би энэ залуутай цуг явж байсан гэж хэлээд ахыг надад бариулаад тэр хоёр яваад өгсөн. Түүний дараа би ахыг хашаа руу оруулж байтал ээж гэрээс гараад гарч ирээд бид хоёр ахыг зуны байшин руу оруулаад газарт бүтээлэг дэвсэж хэвтүүлсэн. Тэр үед ах ухаан санаагаа мэдэхгүй дагзаар өвдөөд байна гэж арай гэж үг хэлж байсан. ...ер нь өчигдөр орой Ж.А ах гэрт ирснээс хойш нас барах хүртлээ толгой дагзаар өвдөөд байна гээд хэд хэдэн удаа бөөлжсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 17 цагийн үед Е.Х бид хоёр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар бүрэн дунд сургуулийн хойгуур шинээр тавигдсан замын төгсгөл, гурван замын уулзварын хэсэгт засмал замын зогсоолтой хэсгийн хашлаганд сууж байтал согтуу байдалтай нэг хүн явж байсан харагдсан. Тэр хүн бид нарт дөхөж ирээд учир зүггүй бид хоёр луу салаавч гаргаж сүүлдээ Е.Х руу жижиг чулуу шидсэн. Тухайн үед Е.Хаас тэр хүний таних талаар асуухад урд нь тааралдаж байсан нөхөр байна гэж хэлсэн. Тэгээд тэр үл таних хүн Е.Х бид хоёр луу жижиг чулуу шидэхээр нь Е.Х сууж байсан газраасаа босоход цаашаа зугтаж явчихаад буцаж бид хоёр луу дөхөж ирсэн ба тэр хүний гарт том чулуу байсан. Тэгэхээр нь Е.Х уурлаад босож очоод тэр хүний гарт байсан чулууг нь газарт унагааж аваад нүүрлүү алгадаж авахад нөгөөдөх хүн хойшоогоо савж засмал зам дээр унаад 2-3 гаруй минут босож чадахгүй байхаар нь би Е.Хд хандаад наад хүнийг босгоод гэрт нь хүргэж өгье. Дараа нь гай болно шүү гэж хэлэхэд Е.Х надад тэгье, гэрийг нь мэднэ гээд бид хоёр нөгөө хүнийг хоёр талаас нь сугадаж босгоод гэрлүү нь хүргэсэн. Гэрт нь дөхөх үед хашаанаас нь дүү нь гэх нэг эрэгтэй хүн гарч ирэхээр нь Е.Х түүнд ах чинь салаавч гаргаад чулуу шидэхээр нь нэг, хоёр алгадсан чинь уначихлаа. Эр хүмүүс байна гайгүй биз гэж хэлээд нөгөө согтуу байдалтай хүнийг дүүд нь өгөөд бид хоёр яваад өгсөн. Е.Х түүний зүүн хацарт нь гараараа нэг удаа алгадаад авсан. Харин зодоогүй. Ж.А нь тухайн үед толгойндоо улаан малгайтаа доогуураа хар өмд, хар ботинктой байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний ах болон Ж.Аын 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 30 минутын үед Өлгий сумын 6 дугаар багт байрлах гэрээсээ гарч явсан. Тэгээд бид тухайн өдөр гэртээ байж байсан. Харин орой 18 цагийн үед манай хөршийн тоосгоны үйлдвэрийн н.Е гэх нэртэй залуу надруу залгаад танай ах болох Ж.Аыг хүмүүс зодчихлоо. Зодсон хүмүүс нь манай гэрийн хажууд засмал зам дээр байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү болох Э.Аыг урдаас нь яв гэхэд Э.А гэрээсээ гараад явах гэсэн чинь урдаас нь манай ах болох Ж.Аыг үл таних хоёр залуу сугадаж өргөсөн байдалтай аваад ирж байсан. Манай дүү болох Э.А түүнийг очиж тосоод гэртээ оруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

Гэрч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...оройн 18 цагийн орчимд гэрийн гадна хашаандаа ишиг оруулж байхад манай байшингийн урд байдаг хөрш хашаанаасаа хүн аллаа шүү дээ гэх орилсон дуу чимээ гарахаар нь би сонирхоод юу болсон эсэхийг харахаар хашаандаа хурааж тавьсан байсан модны дээр гараад харахад засмал зам дээгүүр хоёр эрэгтэй хүн нэг хүнийг хоёр талаас нь сугадаж түшиж явж байсныг харсан. Тэр хоёр хүний нэг нь махлагдуу биетэй нөгөөдөх нь туранхай хүн байсан. Махлагдуу нь цоохор богино шорттой байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

 Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр өдөр Ж.Атой үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Бид хоёр уулзаж Ч нэртэй дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи авч түүнийгээ уг дэлгүүрээс дээш явж нэг гудамжны үзүүр хэсэгт очоод хувааж уугаад архины шилийг тэндээ үлдээгээд дээш эргээд гэрлүү явахаар хамт хэсэг явж байгаад Ачитнуур дэлгүүрийн дээд талаас хоёр тийш салаад явсан. Би шууд яваад гэртээ очиж амарсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дугаартай “...Ж.Аын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр  дараах гэмтэл тогтоогдлоо. Гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс эхлэн дагзруу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж авч иж бүрэн эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай “...Е.Х нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл, асуусан асуудлыг үнэн зөв тусгаж мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай, бие хүний хувьд өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж мэдэх чадвартай” гэх шүүх сэтгэц, гэм судлалын магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,

Шүүгдэгч Е.Хы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Миний бие өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг хүртэл гэртээ ганцаараа байж байгаад гарч тамхи татах гээд гэрээс гарахад найз Х.К таарч гэрийн ойролцоо байдаг гурван замын уулзварт тамхи татаад сууж байхад аймгийн төв талаас буюу 6 дугаар багт байдаг Ногооннуур нэртэй дэлгүүрээс Ж.А нэг залуугийн хамт гарч ирээд нөгөө хамт гарч ирсэн залуу баруун эргээд салаад явсан. Харин Ж.А бидний сууж байгаа талын эсрэг замаар дээш чиглээд явж байгаад бидний замын эсрэг талд очоод шууд Х.К бид хоёрлуу салаавч гаргаж хоёр пизда юугаа хийж суугаа юм бэ, нааш хүрээд ир ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод чи юу гээд байгаа юм бэ гэж хэлэхэд цааш засмал замаас буугаад бид хоёр луу чулуу шидсэн. Тэгэхээр нь би Ж.Аруу гүйгээд очиход тэр дахин “Хотгор” явах засмал замруу гүйгээд гарсан. Тэгээд би араас нь гүйж гарахад Ж.А гартаа хоёр чулуу бариад засмал зам дээр зогсож байсан. Би Ж.А дээр яваад очиход намайг гартаа байсан чулуугаар нэг удаа миний толгой хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би гарт байсан хоёр чулууг нь авч шидээд нэг удаа зүүн гараараа Ж.Аын шанаа тус газар алгадаад авсан. Тэгэхэд Ж.А засмал зам дээр арагшаагаа савж унасан юм. Тэр үед нэг эмэгтэй гэрт нь хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Х.К тухайн үед миний араас ирж бид хоёр Ж.Аыг газарт хэвтэж байхад нь босгож хоёр талаас нь сугадаж гэрт нь хүргэж өгөхөд гэрийн үүдэн хэсэгт Ж.Аын дүү, ээж хоёр байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

Шүүгдэгч Е.Хы яллагдагчаар өгсөн”..Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар  татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ти хавтаст хэргээс

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дугаар хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгаас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн гэмт хэргийн хохирол, хор уршгийг нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 186-200 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Е.Хы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Е.Хыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох баримт болох Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч Е.Хы өмгөөлөгч Д.А хавтаст хэргээс

-Гэрч М.Жанботагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр миний бие 24 цагаар түргэн тусламжийн их эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 19 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт зүрх нь өвдөөд байна гэх утгатай дуудлага ирсэн талаар 103 дугаараас надруу залгаж, гэрийн хаяг, утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд жолооч А-ы хамт Өлгий сумын 6 дугаар багт байрлах Аын гэрт ирэхэд зуны байшинд газар дээр А гэх залуу хэвтэж байсан. Тэгээд уг залуугийн биеийн байдлыг үзэхэд даралт 90/50, зүрхний цохилт 85-г зааж байсан. Хүчил төрөгчийн хангамж 95 хэвийн байсан. Тухайн зовиур нь огиулсан, бөөлжсөн байдалтай байсан. Тухайн үед А нь зүрхний өвчтэй, мөн хүнд зодуулсан гэж хэлсэн болохоор эмнэлэгт хэвтүүлэх нь зүйтэй гэж хэлсэн. Тэгээд ч архины хордлогын шинжтэй байсан. Дуудлага хүлээн авах жагсаалтын дэвтэр дээр очоод архины хордлого гэх онош тавьсан талаар тэмдэглэл бичсэн байгаа. Намайг очиход Ж.А согтуу, орилсон байдалтай байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад уг залуу юу ч ярихгүй орилоод байж байсан. Би үзлэг хийхийн тулд юу болсон, хаана юу өвдөж байгаа талаар асуухад асуултад огт хариулахгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

-Гэрч Р.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Би К гэх залууг зүс танина. Манай “Ч” нэртэй  дэлгүүрээр байнга үйлчлүүлж юм авдаг болохоор таньдаг болсон. 2021 оны 8 дугаар сарын 22-ны оройн 18 цагийн үед К гэх залуу манай дэлгүүрт ирж, 5500 төгрөгийн “Хийморь” нэртэй архи 1 шил, 2000 төгрөгөөр “Алтан навч” нэртэй тамхи нэг хайрцаг аваад явсан. Тухайн үед хажууд нь нэг залуу явж байсан ба К согтуу байсан, гаднаас нь харахад мэдэгдэж байсан. Харин хажууд нь явж байсан үл таних залуу эрүүл байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

-Гэрч Х.С-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний бие 1994 онд Баян-Өлгий аймгийн А сумын иргэн Е-ай гэр бүл болж, бид дундаасаа 4 хүүхэд төрүүлж өсгөсний том хүү маань Х юм. Нөхөр Е 2010 оноос өөр хүнтэй амьдарч байгаа. Миний хүү Х 2017 онд Шолпан гэх охинтой гэр бүл болж, 2018 онд салсан ба Шолпан хүүгээ аваад Улаанбаатар хот руу явсан. Миний хүү Е.Х бага насаа гэртээ өнгөрөөж, 1 дүгээр ангиас 5 дугаар анги хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд сурч байгаад 6-8 дугаар анги хүртлээ Ерөнхий боловсролын 5 дугаар ахлах сургуульд сурсан. 8 дугаар ангиа төгссөний дараа 2015-2016 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сантехникчээр суралцаж, төгссөн. Хүү Е.Х маань зан байдлын хувьд дуу цөөнтэй, хүмүүстэй нэг их нийлээд байдаггүй, хааяа найзтайгаа архи пиво уух үе байдаг. Найз нь Заал гэх залуу байдаг.

....2021 оны 8 дугаар сарын 22-ны шөнө үүрээр 6 цагт Заал гэх найзтайгаа Ховд аймгаас ирээд гэртээ өдөржин амарч байгаад орой 17 цагийн үед Х босоод дахиад Ховд аймаг руу ногоонд явж магадгүй гэж хэлэхээр нь би хөргөгчнөөс мах гаргаж, хоол хийх гэж байтал утас нь дуугарахад аваад ярьж байгаад утсаа гэрт цэнэглэж үлдээгээд гараад явчихсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй. Найзтайгаа архи уусан үедээ гэрт ирж агсам тавьж байгаагүй.

...Би талийгаач Ж.Аын буяны ажлын үеэр өөрийн биеэр очиж уучлалт гуйхад бидэнд уурлаж, загнасан асуудал гаргаагүй. Оршуулгын зардалд гарсан зардлыг нь өгнө гэж хэлсэн боловч одоогоор өгч чадаагүй байна. Буяны ажилд нь хэрэглэсэн 3.655.100 төгрөгийг төлж өгөхөөр зээл хөөцөлдөж байгаа. Одоогоор зээл бүтээгүй байна. Нэхэмжилж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрч байна. Хүү Хы нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Гэхдээ хохирлыг би өөрөө төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

Гэрч М.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Е.Хтай хөрш зэргэлдээ амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд Х нь архи уугаад гудамжинд унасан байдалтай хэвтэж байхыг хараагүй, харахад эрүүл саруул залуу харагддаг. 6 жил гаруй хугацаанд хөрш байхад Хыг архи ууж ирээд гэртээ агсам тавьж байхыг би нүдээрээ үзээгүй, бусад хөршүүдээс ч сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  6 дугаар багийн Засаг дарга С.Сийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6/42 дугаартай “Тус багийн оршин суугч Еы Х нь /******/ тоот регистрийн дугаартай, ам бүл-3, эх дүүгийн хамт амьдардаг. Е.Х нь төлөв даруу зантай, ажилсаг, хүнд тусархаг, гэр бүлийн зөв хүмүүжилтэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 207-р тал/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  6 дугаар багийн Засаг дарга С.Сийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6/43 дугаартай “Тус багийн оршин суугч Еы Х нь /******/ тоот регистрийн дугаартай, ам бүл-3, эх дүүгийн хамт Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой 38 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал/,

-Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01/1157 дугаартай “Е.Хы гэрлэлтийн бүртгэлийг цахим мэдээллийн сангаас шүүж үзэхэд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Х-ын Ш-ай гэр бүл болж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан бүртгэлтэй байна” гэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар хуудас/,

-Е.Хы нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн хохирол, хор уршигт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 260.000 төгрөг төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

2.Шүүхийн дүгнэлт:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Хэрэг учрал болсон 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах засмал замын хашлага дээр шүүгдэгч Е.Х, гэрч Х.К нарыг сууж байхад амь хохирогч Ж.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж, Е.Х, Х.К нар луу салаавч гаргаж хэл амаар доромжлон, чулуу шидэхээр завдах үед шүүгдэгч Е.Х амь хохирогч Ж.Аыг барьж аван, улмаар шанаа тус газарт нь нэг удаа цохиход амь хохирогч Ж.А засмал зам дээр хойшоо савж унан, түүний тархинд гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс эхлэн дагзруу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт зэрэг хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох  Б.Мгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл[1], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3], хохирогч Ж.Аын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4], мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5], уг ажиллагааг бэхжүүлсэн CD бичлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол[6] /1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед үл таних хоёр залуу миний хүү Ж.Аыг манай гэрийн хашааны гадна аваад ирэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол нөгөө үл таних хоёр залуугийн нэг нь махлагдуу, эрүүн доороо сахалтай залуу нь надад хандаж сая танай хүүтэй зам дээр муудалцчихлаа. Танай хүүг нэг, хоёр удаа алгадсан чинь арагшаа дагзаараа засмал зам дээр уначихлаа. Эр хүмүүс байна гайгүй байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Ж.Аыг отгон хүү Э.Атой цуг хоёр талаас нь түшиж зуны байшин руу оруулж орны бүтээлгийг газарт дэвсэж хэвтүүлсэн. Тэр үед Ж.Аын биеийн байдал нь муудсан байдалтай надад дагзаар өвдөөд байна гэж хэлээд бөөлжөөд зүүн хацар нь хавдсан байсан. ...Ж.А цагдаад юу болсныг хэлж чадахгүй өвдөөд зовиурласан чигээрээ 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн үүрийн 04 цагийн үед өөд болсон” гэх мэдүүлэг[7], гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед миний бие 5 сартай нялх хүүхдээ тэврээд өөрийн хашаан дотроо салхилуулж явахад манай байшингийн урд байдаг засмал зам дээр хоёр эрэгтэй хүн нэг нэгэнтэйгээ маргалдаж байсан. Тэдний нэг нь махлагдуу биетэй хар цамцтай, цоохор өнгийн шорттой залуу байсан. Харин нөгөөх нь толгойдоо улаан өнгийн саравчтай малгай өмссөн туранхай залуу байсан. Хувцсыг нь сайн анзаарч хараагүй. Тэр хоёр залуу маргалдаж байсан ба тухайн үед улаан малгайтай туранхай залуу махлагдуу биетэй залууг хэл амаар доромжилж чи миний боовыг ид гэж казакаар хэлэхэд махлагдуу биетэй залуу нь нөгөө туранхай улаан малгайтай залууг нэг удаа гараараа шанаа тус газар нь цохиход нөгөө залуу шууд засмал дагуу арагшаагаа савж унасан” гэх мэдүүлэг[8], гэрч М.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...түргэний жолооч Асаны хамт Өлгий сумын 6 дугаар багт иргэн Ж.Аын гэрт ирэхэд нэг өрөө зуны байшинд газар дээр Ж.А гэх залуу хэвтэж байсан. Тэгээд уг залуугийн биеийн байдлыг үзэхэд даралт 90/50, зүрхний цохилт 85-г зааж байсан. Хүчил төрөгчийн хангамж 95 хэвийн байсан. Тухайн зовиур нь огиулсан, бөөлжсөн байдалтай байсан. Тэгэхээр нь бөөлжилтийн эсрэг тариа, өвчин намдаах тайвшруулах тариа хийхэд уг залуугийн ээж нь манай залуугийн зүрх өвддөг, бас хүнээр зодуулсан, цагдаа дуудсан байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг[9], гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед байх гэрт аав, н.Жолбарыс, ээж Б.М, ах Ж.Б, бид дөрөв гэртээ байж байтал хашааны гадна том ах Ж.Аыг хоёр залуу хоёр талаас нь түшээд ирж байхаар нь би хашааны гадна гараад очсон юм. Би гэрээсээ гараад очиход Ж.Аыг миний таньдаг Е.Х болон түүний хажууд үл таних нэг шар царайтай залуу хоёр талаас нь сугадаж авчирсан. Тэр үед ахын царай нь цайчихсан, хөлс нь гарсан байдалтай байсан ба надад толгой өвдөөд байна гээд хоёр удаа хэлсэн. Харин Е.Х гэх махлагдуу, эрүүндээ сахалтай залуу надад танай ах бид нар луу чулуу шидэж, салаавч гаргахаар нь хоёр удаа алгадахад хойшоогоо засмал зам дээр уначихлаа. Тэгээд босгоод аваад ирлээ гэж хэлсэн. Тэр үед ах ухаан санаагаа мэдэхгүй дагзаар өвдөөд байна гэж арай гэж үг хэлж байсан. ...ер нь өчигдөр орой Ж.А ах гэрт ирснээс хойш нас барах хүртлээ толгой дагзаар өвдөөд байна гээд хэд хэдэн удаа бөөлжсөн” гэх мэдүүлэг[10], гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 17 цагийн үед Е.Х бид хоёр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар бүрэн дунд сургуулийн хойгуур шинээр тавигдсан замын төгсгөл, гурван замын уулзварын хэсэгт засмал замын зогсоолтой хэсгийн хашлаганд сууж байтал согтуу байдалтай нэг хүн явж байсан харагдсан. Тэр хүн бид нарт дөхөж ирээд учир зүггүй бид хоёр луу салаавч гаргаж сүүлдээ Е.Х руу жижиг чулуу шидсэн. Тухайн үед Е.Хаас тэр хүний таних талаар асуухад урд нь тааралдаж байсан нөхөр байна гэж хэлсэн. Тэгээд тэр үл таних хүн Е.Х бид хоёр луу жижиг чулуу шидэхээр нь Е.Х сууж байсан газраасаа босоход цаашаа зугтаж явчихаад буцаж бид хоёр луу дөхөж ирсэн ба тэр хүний гарт том чулуу байсан. Тэгэхээр нь Е.Х уурлаад босож очоод тэр хүний гарт байсан чулууг нь газарт унагааж аваад нүүрлүү алгадаж авахад нөгөөдөх хүн хойшоогоо савж засмал зам дээр унаад 2-3 гаруй минут босож чадахгүй байхаар нь би Е.Хд хандаад наад хүнийг босгоод гэрт нь хүргэж өгье. Дараа нь гай болно шүү гэж хэлэхэд Е.Х надад тэгье, гэрийг нь мэднэ гээд бид хоёр нөгөө хүнийг хоёр талаас нь сугадаж босгоод гэрлүү нь хүргэсэн. Гэрт нь дөхөх үед хашаанаас нь дүү нь гэх нэг эрэгтэй хүн гарч ирэхээр нь Е.Х түүнд ах чинь салаавч гаргаад чулуу шидэхээр нь нэг, хоёр алгадсан чинь уначихлаа. Эр хүмүүс байна гайгүй биз гэж хэлээд нөгөө согтуу байдалтай хүнийг дүүд нь өгөөд бид хоёр яваад өгсөн. Е.Х түүний зүүн хацарт нь гараараа нэг удаа алгадаад авсан. Харин зодоогүй. Ж.А нь тухайн үед толгойндоо улаан малгайтаа доогуураа хар өмд, хар ботинктой байсан санагдаж байна” гэх мэдүүлэг[11], гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед манай хөршийн тоосгоны үйлдвэрийн н.Е гэх нэртэй залуу надруу залгаад танай ах болох Ж.Аыг хүмүүс зодчихлоо. Зодсон хүмүүс нь манай гэрийн хажууд засмал зам дээр байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү болох Э.Аыг урдаас нь яв гэхэд Э.А гэрээсээ гараад явах гэсэн чинь урдаас нь манай ах болох Ж.Аыг үл таних хоёр залуу сугадаж өргөсөн байдалтай аваад ирж байсан” гэх мэдүүлэг[12], гэрч М.Гулнарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчимд гэрийн гадна хашаандаа ишиг оруулж байхад манай байшингийн урд байдаг хөрш хашаанаасаа хүн аллаа шүү дээ гэх орилсон дуу чимээ гарахаар нь би сонирхоод юу болсон эсэхийг харахаар хашаандаа хурааж тавьсан байсан модны дээр гараад харахад засмал зам дээгүүр хоёр эрэгтэй хүн нэг хүнийг хоёр талаас нь сугадаж түшиж явж байсныг харсан. Тэр хоёр хүний нэг нь махлагдуу биетэй нөгөөдөх нь туранхай хүн байсан. Махлагдуу нь цоохор богино шорттой байсан санагдаж байна” гэх мэдүүлэг[13],

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дугаартай “...Ж.Аын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр  дараах гэмтэл тогтоогдлоо. Гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс эхлэн дагзруу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж авч иж бүрэн эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжгүй байна...” гэх дүгнэлт[14], шүүгдэгч Е.Хы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Миний бие өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед найз Х.Кийн хамт гэрийн ойролцоо байдаг гурван замын уулзварт тамхи татаад сууж байхад зүс таних Ж.А бидний сууж байгаа талын эсрэг замаар дээш чиглээд явж байгаад бидний замын эсрэг талд очоод шууд Х.К бид хоёрлуу салаавч гаргаж хоёр пизда юугаа хийж суугаа юм бэ, нааш хүрээд ир ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод чи юу гээд байгаа юм бэ гэж хэлэхэд цааш засмал замаас буугаад бид хоёр луу чулуу шидсэн. Тэгэхээр нь би Ж.Аруу гүйгээд очиход тэр дахин “Хотгор” явах засмал замруу гүйгээд гарсан. Тэгээд би араас нь гүйж гарахад Ж.А гартаа хоёр чулуу бариад засмал зам дээр зогсож байсан. Би Ж.А дээр яваад очиход намайг гартаа байсан чулуугаар нэг удаа миний толгой хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би гарт байсан хоёр чулууг нь авч шидээд нэг удаа зүүн гараараа Ж.Аын шанаа тус газар алгадаад авсан. Тэгэхэд Ж.А засмал зам дээр арагшаагаа савж унасан юм. Тэр үед нэг эмэгтэй гэрт нь хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Х.К тухайн үед миний араас ирж бид хоёр Ж.Аыг газарт хэвтэж байхад нь босгож хоёр талаас нь сугадаж гэрт нь хүргэж өгөхөд гэрийн үүдэн хэсэгт Ж.Аын дүү, ээж хоёр байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад Э.Аыг алах санаа зорилго байгаагүй, хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг[15] зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Е.Х нь хэрэг учрал болох үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас амь хохирогчийн шанаа тус газарт 1 удаа цохиж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан, Ж.Аыг алсан болох нь нотлогджээ. 

Гэрч Х.Б, М.Г нарын мэдүүлэгт дурдсан толгойдоо улаан өнгийн саравчтай малгайтай, туранхай хүн нь амь хохирогч Ж.А, махлагдуу биетэй, хар цамцтай, цоохор өнгийн шорттой, эрүүний доод хэсэгт бага зэргийн сахалтай залуу нь шүүгдэгч Е.Х мөн байсан болох нь хохирогч Ж.Аын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, гэрч Э.А, Х.К, шүүгдэгч Е.Х  нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай шүүгдэгч Е.Хы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нийцэж байх бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогч Ж.Аын зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Е.Х түүний эрүүл мэндэд халдан хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Е.Хы уг үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогч Ж.Аын эрүүл мэндэд амь насыг нь аврах боломжгүй гавал, тархины гэмтэл, дагзны том нүх/төрөлхийн/-нээс эхлэн дагзруу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт гэмтэл учирч, Ж.А нас барсан байна.

Монгол Улсын иргэний амьд явах эрх Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх ба энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Шүүгдэгч Е.Х нь “өөрийг нь хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар амь хохирогч Ж.Аыг цохисон үйлдэл, амь хохирогч Ж.А нь ар дагз ясны үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт гэмтлийн улмаас нас барсан гэх үйл баримт нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Е.Хы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газарт гараараа хүчтэй цохихдоо амь насанд нь аюултай болохыг мэдэх боломжтой байхад цохисныг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх, эсхүл хохирогчийг алах сэдэл байгаагүй гэж үзэх субьектив санаа зорилго үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Е.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “надад Ж.Аыг алах санаа зорилго байгаагүй” гэх мэдүүлгийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е.Х нь өөрийн хийж буй үйлдлийн хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж, хүсч үйлдсэн, үйлдлээрээ үр дагаварт хүргэсэн буюу хохирогчийн амь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон У.Нина гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Е.Х нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны  улмаас хохирогч Ж.Аыг цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч У.Нинагийн гаргасан дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Е.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Е.Хыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, амь хохирогч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Е.Хы үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл, 10.6 дугаар зүйл, 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аээс гаргасан “Шүүгдэгч Е.Хд хохирогч Ж.Аыг алах санаа зорилго байгаагүй тул хэргийн зүйлчлэлд анхаарч өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

3.Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Е.Хы Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь гэмт хэргийн бодит хохирол, хор уршигт нийтдээ 3.655.100 төгрөг нэхэмжилж, нотлох баримтыг гарган өгч, хавтаст хэрэгт тусгуулсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 187-200 дугаар талд авагджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаар гарган өгч, хэрэгт тусгуулсан дээрх хохирлын баримтуудыг нэг бүрчлэн тооцож үзэхэд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд нийтдээ 3.651.600 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь нотлогдож байна.   

Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Е.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 260.000 төгрөг төлж, баримтыг гаргаж өгснийг 3.651.600 төгрөгийн хохирлоос хасаж тооцон, үлдэх 3.391.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Е.Хаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд иргэний журмаар хохирол нэхэмжлэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгдэгч Е.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгаас нэхэмжилсэн 3.391.600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

4.Шүүгдэгч Е.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Е.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн[16], мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай[17] тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Е.Хы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргаж байгаа ялын саналыг дэмжиж, уг ялыг оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Е.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.4 дэх хэсгийг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх саналыг,   

Шүүгдэгч Е.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна, надад хуулийн     хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч Е.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Е.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Е.Х нь хүнийг алах гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдээгүй, тохиолдлын шинжтэй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

Шүүгдэгч Е.Х нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж[18], ялаа эдэлж дуусжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба шүүгдэгч Е.Х нь урьд гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдон, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Хыг  “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг учрал болох үед амь хохирогч Ж.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрч Б.Т[19], Х.К[20], М.Жанбота[21] нарын мэдүүлгээр, тэрээр шүүгдэгч Е.Х, гэрч Х.К нартай тааралдах үедээ тэдэн рүү чулуу шидэж, зүй бус үг хэллэгээр доромжилсон болох нь гэрч Х.К[22], Х.Б[23] нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсоныг шүүгдэгч Е.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч Е.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг арилаагүй, Е.Хы хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Х.С, М.С нарын мэдүүлгүүд, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Е.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Е.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Е.Хд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 

Шүүгдэгч Е.Хы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдож, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Е.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Е.Х нь энэ хэргийн улмаас 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс  эхлэн сэжигтнээр баривчлагдаж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүгдэгч Е.Х нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 80 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Е.Хы баривчлагдаж, цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, тусгаарласан, нэгтгэсэн хэрэг байхгүй.

Шүүгдэгч Е.Хаас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн гэрч Х.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Е.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Еы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хд 9 (есөн) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хд оногдуулсан 9 (есөн) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хы энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 80 (ная)  хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгаас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 3.651.600 (Гурван сая зургаан зуун тавин нэг мянга зургаан зуу) төгрөгөөс 260.000 (хоёр зуун жаран мянга) төгрөг төлснийг дурдаж, үлдэх 3.391.600 (гурван сая гурван зуун ерэн нэг мянга зургаан зуу) төгрөгийн хохирлыг шүүгдэгч Е.Хаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгосугай.

6. Шүүгдэгч Е.Хаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн, гэрч Х.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Е.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.Д

                     ШҮҮГЧИД                                     Х.Т

                                                                                                          Б.Б

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хх-ийн 1-р тал

[2] 1-р хх-ийн 13-17-р тал

[3] 1-р хх-ийн 18-22-р тал

[4] 1-р хх-ийн 32-34-р тал

[5] 1-р хх-ийн 35-36-р тал

[6] 1-р хх-ийн 37-р тал

[7] 1-р хх-ийн 42-49-р тал

[8] 1-р хх-ийн 53-54-р тал

[9] 1-р хх-ийн 58-59-р тал

[10] 1-р хх-ийн 62-64-р тал

[11] 1-р хх-ийн 67-69-р тал

[12] 1-р хх-ийн 75-р тал

[13] 1-р хх-ийн 82-р тал

[14] 1-р хх-ийн 126-128-р тал

[15] 1-р хх-ийн 151-152-р тал

[16] 1-р хх-ийн 212-р тал

[17] 1-р хх-ийн 144-145-р тал

[18] 1-р хх-ийн 201, 203-206-р тал

[19] 1-р хх-ийн 87-р тал

[20] 1-р хх-ийн 67-69-р тал

[21] 1-р хх-ийн 58-59-р тал

[22] 1-р хх-ийн 67-69-р тал

[23] 1-р хх-ийн 53-54-р тал