Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Е

Орчуулагч, хэлмэрч  А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Хохирогч Ө.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Х.А,

Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жт холбогдох эрүүгийн 2113001490148 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэл тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж байсан М овгийн А-ын Ж РД:*****,

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед эхнэр Ө.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001490148 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Ө.Мээс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

       Хохирогч Ө.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай нөхөр болох А.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орой 20 цагийн үед гэрт Сэрүүн нэртэй 2.4 литрийн 1 ширхэг пиво бариад орж ирсэн. Тэгээд гэрт хадам ах болох А.Дтэй юм ярьж сууж байгаад уг пивог уугаад дараа нь А.Д гэрлүүгээ явсан А.Ж бид хоёр А.Д явсны дараа хоорондоо юм ярьж сууж байхад А.Ж надад хоёулаа хот руу очиж ажил хийе. Би хотруу очиж ажил хийвэл 3 сая төгрөгийн цалин авах юм байна. Харин чи хотод мэргэжлээрээ ажиллавал 1 сая төгрөгийн цалин авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хот руу очиж ажиллаж болно. Харин гурван хүүхдээ хэнээр харуулах юм бэ? хүүхдүүдтэй очиж ажил хийх боломжгүй. Эхлээд чи өөрөө очоод ажиллаад ир гэж хэлсэн. Тэгэхэд тэрээр надтай хэрэлдэж чи байнга миний хэлснээс зөрөөд байх юм гэж намайг үснээс минь зулгааж доошоо дарж байгаад зүүн нүүр лүү минь гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэр үед би 7 сартай хүүхдээ бариад сууж байсан ба хүүхэд маань уйлахад тэрээр намайг зодохоо больсон. Дараа нь тэрээр гэрийн чийдэнг унтраагаад ор руу орж хэвтсэн. Түүний дараа би ч гэсэн амрахаар болж ор руу ороход хүүхэд маань уйлахаар нь би босож хүүхдээ авах хооронд А.Ж хурдан хүүхдийг авсангүй гэж хэрүүл маргаан үүсгэж, би угаасаа зээлтэй, удахгүй би үхнэ, чамайг алчхаад үхнэ гэж хэрэлдэж, би хүүхдээ аваад сууж байхад гараараа толгойн хоёр талруу ээлжлээд хэд хэдэн удаа цохисон. Тэгсний дараа тэрээр гэрлийг асаагаад дахин надруу дайрч намайг гэрийн булан руу шахаж зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би хашхираад хоёр гараараа нүүрээ дараад газар сууж байхад хүүхэд айж уйлах үед А.Ж нь хүүхдийг авсан. Тэр үед би гэрээс зугтаж гарсан. Намайг урд өмнө нь зодож байгаагүй...”, “...Уг хэргийн улмаас надад учирсан материаллаг хохирол байхгүй тул А.Жээс нэхэмжлэх зүйлгүй. Би түүнийг уучилсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 00 цагийн үед байх би унтаж амрахаар болж байхад гадаа орилсон, хэрэлдсэн дуу чимээ гарахаар нь би гэрийн цонхны хөшгийг онгойлгож үзэхэд А.Жийн гэрийн цонх гэрэлтэй байсан. Би тэднийг хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа юм болов уу гэж бодоод гэрээс гарах үед миний урдаас Ө.М манайх руу ирж байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад тэрээр надад А.Ж нь намайг зодлоо гэж хэлсэн. Ө.Мийн зүүн нүд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 433 дугаартай “...Ө.Мийн биед зүүн нүдний доод, дээд зовхи хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цагаанд, хүзүүнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Ө.М бид хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад түүнд хотод очиж ажиллавал яасан юм бэ? Би барилгын ажил хийвэл цалин өндөр авах юм байна гэдгийг хэлэхэд эхнэр маань зөвшөөрөөгүй. Бид хоёр энэ асуудлаас болж хоорондоо маргалдсан. Үүний дараа би хүүхдээ аваад амарчихсан ба эхнэр дээрх хэрүүл маргаанаас болж унтаж амрахгүй үглээд юм яриад байсан. Тэгэхээр нь би уурлаад босож түүнийг цээж рүү нь гараараа түлхэхэд тэрээр надруу дайрсан. Тэр үед би түүний толгой руу хоёр удаа цохисон. Эхнэрээсээ уучлалт гуйсан бөгөөд эхнэр маань уучилсан. Бид хоёрын хооронд хохирлын маргаан байхгүй. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

       Шүүгдэгч А.Жийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 215 дугаартай шийтгэвэр, 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 82-90 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Жийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед согтуугаар эхнэр Ө.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дугаар хуудас/, гэрч Д.Еийн мэдүүлэг /хх-ийн 24-рх/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/ болон шүүгдэгч А.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд А.Жт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  байхыг шаардана.

            Шүүгдэгч А.Ж, хохирогч Ө.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох гэрлэсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 64 тал /, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Ж нь хэрэг учрал болсон өдөр болох 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед согтуугаар эхнэр Ө.Мийг өөрийнх нь хэлсэн үгнээс зөрсөн гэх шалтгаанаар 2-3 удаа дахин давтагдах шинжтэй үйлдэл хийн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 433 дугаартай дүгнэлтэд заасан, хохирогчид учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч А.Ж нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, түүнийг хүсч үйлдэн хохирогч Ө.Мийн эрүүл мэндэл хөнгөн хохирол учруулах хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Жэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч нь шүүгдэгчээс  хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүхээс түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  уг зүйл хэсгээр ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Жт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч А.Ж нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан А.Жт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Жт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч  Мовогт А-сын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид  оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б