| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/221 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/221
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ө,
Шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайжууд овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2015003520020 дугаартай, 163/2021/0075/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт ....., урьд ял шийтгэлгүй, ..... овогт ...... /РД: ...../,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ө.Тыг Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дундатын голын “Гүн чулуут уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.9074 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 321.692 төгрөгийн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 965.076 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Ө.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэрээсээ гарахдаа ногоон тэжээл ачих гэж гарсан. “Тариа” бригад ороход манаач нь байхгүй байсан тул буцсан. Буцах замдаа Дундатаас өгсөөд хаягдал мод ачаад буцаж явахад ах маань над руу залгаад Нарангийн гүүрний тэнд машин эвдэрсэн байна гэсэн учир би ах дээр очсон гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би *******ын унаж явсан “****” машины үндсэн эзэн. Амьдралаа залгуулдаг унаа маань учраас иргэний нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр машины үнэлгээ яригдаад шүүхээс дахин үнэлүүлэх шийдвэр гаргасан ч тэр нь ажил хэрэг болж хийгдээгүй. Тээврийн хэрэгслийг үзэж дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Өөр хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.*******ы өгсөн: “Булган аймгийн Бугат сумын Дундат гэх газраас Орхон аймгийн хүн ойгоос мод бэлтгэсэн байсан. Сүүлд мэдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-р тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Өы өгсөн: “...Надад **улсын дугаартай цагаан өнгийн “****” байдаг. Урд өмнө би уг машинаа унадаг байсан. Одоо хаяадаа манай хүү Ө.Т унадаг юм. Ө.Т миний төрсөн хүү учраас нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 37-р тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Базарвааний өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 4-р багийн нутаг Оросын булгийн постонд үүрэг гүйцэтгэж байхад **улсын дугаартай цагаан өнгийн “****” загварын тээврийн хэрэгсэл ямар нэгэн гоожин гарал үүслийн бичиггүй түлшний мод тээвэрлэн Орхон аймаг руу оруулах гэж байсныг илрүүлэн зохих албан тушаалтанд хүлээлгэн өгсөн... Тухайн үед жолооч нь Булган аймгийн Орхон сум “Дундатын гүүр” гэх газраас модоо бэлтгэж ачсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-38-39-р тал/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******гийн өгсөн: “Би Бугат сумын 1 дүгээр баг болон Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дундатын голын “Дундат өргөө” нөхөрлөлийн мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн газарт мод бэлтгэх эрхийн бичиг олгодог юм. Надаас 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдөр Дундатын голоос ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг ямар нэг хүн аваагүй...” гэх мэдүүлэг /хх-н 58-р тал/
- Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.*******, Хялганат сум дахь сум дундын ойн ангийн инженер О.*******, Сэлэнгэ сумын ойн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.******* нарын шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №13 дугаартай: 1. Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дундатын голын “Гүн чулуут уул” гэдэг газарт 2020 онд ойгоос мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. 2. Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дундатын голын “Гүн чулуут уул” гэдэг газар нь ойн бүсчлэлийн хувьд 100 га хүртэл төгөл ой буюу Хамгаалалтын бүсийн ойд хамаарна. 3. Тухайн бэлтгэсэн мод нь Шилмүүст төрлийн Шинэс хуурай 1.5-1.6 метр урттай түлээний мод болно. 4. Тухайн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 321.692 төгрөг. Экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖСайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тушаалын 1-р хавсралт “Нэг шоо.метр модны экологи эдийн засгийн үнэлгээ, төг”-ээр ой модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр түлээний хуурай модыг 1-ээр үржүүлж бодно гэсний дагуу 1.9074 м3 мод 321 692 төгрөг...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-н 205-р тал/,
- Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд, экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 321 692 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 965 076 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-208-р тал/,
- “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 21/104 дугаартай: “... “Kia Bongo Fronter” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажиллаа. ...шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээд мэдээллийг харьцуулан үнэлгээний 3.823.281 төгрөг гэж тогтоолоо.” гэх дүгнэлт /хх-н 216-р тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Тын яллагдагчаар өгсөн: “...Тариа бригадад очиход манаач нь байхгүй байсан. Тэгээд байхгүй болохоор нь буцаад явж байгаад “Дундат”-ын гүүрний тэндээс гараад унанги мод байна уу гээд өгсөөд уулын ам руу орсон. Тэгээд үзэж байтал 3 хэсэг тарсан цөөхөн унанги моднууд байхаар нь ачаад гэр лүүгээ харихаар явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 97-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл прокурорын тогтоол 4/01, 4/02 /хх-ийн 14-17, 24-25-р тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31-р тал/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-н 98-р тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 99-р тал/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-р тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 104-р тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107-р тал/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Засаг даргын Ө.Тын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 161-р тал/, “Тэнгэрийн ауруг” ХХК-ний захирлын тодорхойлолт /хх-ийн 162-р тал/, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэний гэрчилгээний хуулбар /хх-ийн 163-р тал/, Байгаль, орчин уур амьсгалын сангийн дансанд хохирол төлбөрт 965.076 төгрөг тушаасан Төрийн банкны гүйлгээний баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/221 дугаартай захирамжаар хэрэгт хураан авсан 34 ширхэг “Шинэс” төрлийн модны уртын хэмжээс нийт м3, эзэлхүүнийг дахин тогтоолгож, байгаль экологид учирсан бодит хохирлыг дахин гаргуулах, хэрэгт битүүмжлэгдсэн **улсын дугаартай “****” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагааг хийж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Т нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дундатын голын “Гүн чулуут уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.9074 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 321.692 төгрөгийн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 965.076 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.*******, Ц.Ө, гэрч Ч.*******, гэрч Б.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.*******, Хялганат сум дахь сум дундын ойн ангийн инженер О.*******, Сэлэнгэ сумын ойн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.******* нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Тын гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх, мөн түүнчлэн эрхийн бичигт тусгасан модны төрөл, хэмжээний дотор мод бэлтгэхийг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Ө.Т нь дээрх хуулийг зөрчиж, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дундатын голын “Гүн чулуут уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.9074 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэн, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ө.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Ө.Тын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 321 692 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д заасны дагуу 3 дахин өсгөн тооцож 965 076 төгрөгийн шууд бус хохирол учирсан ба шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Д.*******, Ц.Ө нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иргэний нэхэмжлэгч Ц.Ө нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, уг тээврийн хэрэгсэл нь элэгдэл ихтэй, зарах гээд машин задаргааны газарт очиход 1.300.000 төгрөгөөр л авна гэж байсан тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчид эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгч, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын 4/23 дугаартай тогтоол, 21/104 дугаартай “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийг тус тус танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байна. Иймд оролцогчийн эрхийг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагас чөлөөлөх, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 34 ширхэг “Шинэс” төрлийн хуурай түлшний модыг хурааж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.Өы өмчлөлд үлдээж, үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх улсын яллагчийн саналыг дэмжиж байна, тиймээс эрүүгийн хариуцлага буюу ял, албадлагын арга хэмжээнээс чөлөөлж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ө.Тыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэх боловч шүүгдэгч Ө.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Уг гэмт хэрэг буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, ...бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргасан байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан ба уг заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх мэдээллийн дагуу маргаан үүсгэж, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна
Иймд энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацааны талаарх эргэлзээ бүхий маргаан Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн, гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд шүүгдэгч эрүүгийн хариуцлага буюу ял, албадлын арга хэмжээнээс чөлөөлөгдөх хууль зүйн үр дагавар бий болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон яллагдагчийн өгсөн мэдүүлгээр *******ы Цэнд-Аюушийн эзэмшилд байдаг болох нь тогтоогдсон байна.
Иймд Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4/01, 4/02 дугаартай **улсын дугаартай **** загварын тээврийн хэрэгсэл, 1.9074 м3 хэмжээтэй 34 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчдийнх нь эзэмшилд тус тус шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Т нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ө.Тт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Таас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нар санал, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт авагдсан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх 4/01, 4/02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, **улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл, 34 ширхэг 1.9074 м3 хэмжээтэй “Шинэс” төрлийн түлшний хуурай модыг өмчлөл, эзэмшигч Ц.Ө, Ц.Ө нарын эзэмшилд тус тус үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ