| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2018/00017/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Ж. Очирбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 17
Д.М, Ч.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ж.Очирбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Д.М, Ч.Д нар /цахим сүлжээгээр/
Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.М, Ч.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.М, Ч.Д холбогдох эрүүгийн 201503000455 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 100 төгрөгөөр торгох, 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ял дээр 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нь нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хорих ялаар, Архангай аймгийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 cap, 1 хоногийн ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Бор бургас овогт Д.М
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Ч.Д
Д.М, Ч.Д нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С.Г-г Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутагт алсан гэмт хэрэгт холбогдсон гэж Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Бор бургас овогт Д.М-г бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, Монгол овогт Ч.Д-г бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар шүүгдэгч Бор бургас овогт Д.М-г арван зургаан жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Монгол овогт Ч.Д-г арван зургаан жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан арван зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 729 хоног, шүүгдэгч Ч.Д-н цагдан хоригдсон 168 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.Д-с 11767500 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д олгохоор, шүүгдэгч Д.М нь хохирогч С.Г-д 11767500 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.М-н шүүгдэгч Ч.Д-д бичсэн гэх захидлыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, микро Грейс маркийн автомашин битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-д 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Ч.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М, Ч.Д нарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Г.Э гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.М-г бусадтай бүлэглэж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. М нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нас барсантай маргадаггүй. Харин Д-тэй бүлэглэж хүнийг алсан гэх хангалттай нотлох баримт байхгүй. Мөн Д-тай бүлэглэж хүнийг алсан гэх үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 дугаар зүйлийн шинж агуулагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж таамгаар дүгнэлт хийж нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой атал бодит үйл явдалд үнэлэлт дүгнэлтийг буруу өгч М-г Д-тэй бүлэглэн хүнийг алсан гэж үзэж хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Ч.Д-н өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.М, Ч.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шйдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Ч.Д нь 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Г-н амь насыг М-тэй бүлэглэн хохироосон буюу бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон. Ч.Д нь хохирогч Г-н амь насыг бусадтай бүлэглэн хохироосон гэх үндэслэл хангалттай, бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, харин хэргийн болсон үйл явдлыг хараагүй, хэрэг болсон газар орон байранд болон цаг хугацаанд байгаагүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрч нарын хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдээр Ч.Д-г буруутгаж гэм буруутайд тооцсон нь буруу болсон. Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 82 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүдийг Ч.Д учруулаагүй, тухайн хэрэг болсон цаг хугацаанд өөрийн эзэмшлийн микро Грейс маркийн автомашинаасаа буугаагүй байдаг. Түүнийг машинаасаа буугаагүй гэдгийг хамт явсан Д.М нь гэрчилдэг.
Мөн Ч.Д нь анхны удаа 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө “М ах Г гэж танилцаж байсан ахыг алсан. Машинаас түлхэж унагаад тэгээд цохиод байх шиг байсан. Би юугаар цохиж зодсонг хараагүй, өшиглөж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаан дээр Д.М нь шүүгдэгчийн эцсийн үг хэлэхдээ хохирогч Г-г унагаагаад толгой, хэвлий тус газар өшиглөж байснаа хүлээн зөвшөөрөөд барахгүй энэ хэрэгт Ч.Д хамааралгүй Г-г цохиж зодоогүй талаар мэдүүлдэг юм.
Иймд Ч.Д нь бусадтай бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн хан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Ч.Д-г цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.М давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор намайг Ч.Д-тэй бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь би хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний цохиж, түлхэж унагааж өшиглөсөн үйлдлээс хүний амь нас хохирсон гэдэгтэй бол би маргадаггүй.
Харин Ч.Д-тэй сэтгэл санаа нэгдэж бүлэглэсэн мөн Д-д тусалсан, Д-р туслуулсан ямар нэгэн хамжих, хатгах үйлдэлгүй мөн гэнэт болж буй үйлдлийг зохион байгуулсан гэж үзэх боломжгүй зэрэг нөхцөл байдлууд байхад анхаарч үзэлгүйгээр хохирогчийн таамаг дэвшүүлэн ярьж байгаа зүйлд хэт автан болсон үйл явдалд бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Би анхнаасаа Д-г талийгаачийг зодож, цохиж байхыг хараагүй гэдгээ тушаатай мэдүүлж байсан. Шүүх хурал дээр хохирогч миний санаснаар шүүх шийдэхгүй бол би өөрийн зүгээс арга хэмжээгээ авна гэж ярьж байсан ба энэ үг нь шүүгч нарыг шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн бөгөөд шүүх хохирогчийн нөлөөнд орж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь үндэслэлгүй болсон. Иймээс бүлэглэж бусдын амь насыг хохироосон гэж үзсэнийг буруу гэж үзэж байгаа учраас хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэн шийдүүлэх хүсэлтэй байна. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөн ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ч.Д давж заалдах гомдолдоо: Миний бие нь Д.М-тэй бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүний амь нас хохироосон хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би Г-г цохиж зодон түүнийг М-тэй бүлэглэн алаагүй. Би өөрийнхөө машинаас буугаагүй. Хайрхан сум орж явахад Г зогс гээд зогсоход Г түрүүлж буугаад М ахыг машинаас чирээд буусан. М ах босож ирээд Г-г өшиглөөд түлхээд газар унагасан. Газар унахад нь дээрээс нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд намайг болиоч гээд машин дотроос дуудахад Мөнхбат ах машин дотор ирж суусан. Тэгээд бид хоёр Г-г хүлээгээд машиндаа сууж байхад Г босохгүй байсан. М ах бууж үзээд машин дотор орж ирэхдээ Г өнгөрчихсөн юм шиг байна чи ахыгаа хот хүргээд өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудъя гэхэд хэрэггүй үхчих шиг боллоо. Хоёулаа З-г гэрт нь хүргэж өгчихөөд хот явъя гээд хот явсан. Би М-тэй бүлэглэн Г-г зодож алаагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээртэй захирамжаар /5-р хх-ийн 19х/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5-д зааснаар дээд шатны ерөнхий шүүгч нь хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонхи нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх байтал шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилолгүй шүүхийн харьяалал тогтоож, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 228 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон,
мөн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчээр шүүгч Г.Э-г томилсон байхад 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээртэй анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар дээд шатны шүүхийн ерөнхий шүүгчийн томилсон шүүгчийг өөрчилж томилж байгаа зэрэг нь шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийтгэх тогтоол гаргасан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.2-т шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тогтоолыг хэзээ, хаана гаргасан талаар тусгахаар заасан байхад шүүх хуралдааныг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хийсэн атлаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сум гэж шийтгэх тогтоол гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй.
Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.М, Ч.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Д.М, Ч.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.