Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0561

 

 

 

 

 

 

 

 

 

А.Е гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч М.И

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч А.Е

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.И

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 34 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч М.И

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 110/2023/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч А.Е аас Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.И холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: 

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2, 5, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Е ы гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч    М.И дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...“Ж” хүнсний дэлгүүрийг иргэн А.Е  нь түрээсэлж авсан боловч согтууруулах ундааг худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг түрээслэх, түрээслүүлэх нь хуулиар хориотой байна.

Мөн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Досымбек нь Казакстан Улсад үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй 0.5 литрийн 2 тооны коньякийг дэлгүүрийн лангуунаас хурааж авсан нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шүүх хуралдаанд иргэн А.Е ы ярьсан тайлбараар бүрэн нотлогдсон ба эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд онцгой албан татварын тэмдэггүй гэдэг хуулийн нэршлийг тусгай зөвшөөрөлгүй Казакстан Улсад үйлдвэрлэгдсэн согтууруулах ундаа гэж буруу алдаатай бичсэн байна.

3.2.Анхан шатны шүүх “цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан "Ж" дэлгүүрийн түрээслэгч А.Е аас 2 тооны коньякийг хурааж авсан үйлдэл бүрэн тогтоогдоогүй, зөрчлийн материалд холбогдогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй, дуу дүрс бичлэгээр бэхжүүлээгүй” гэжээ.

Цагдаагийн ажилтан 2 тооны коньякийг дэлгүүрийн лангуунаас хурааж авахдаа иргэн А.Е  нь эсэргүүцэл үзүүлсэн, мөн хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдсэн байна.

Цагдаагийн албан тушаалтан болон татварын улсын байцаагч М.Игилик би ямар нэгэн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байгаа ба Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан нотлох баримтуудын үндсэн дээр торгож хариуцлага ногдуулсан болно.

3.3.Зөрчил гаргагч А.Е ы мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа 2 тооны коньякийг лангуунаас хурааж авсан талаар мэдүүлсэн байгаа ба үйлдсэн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар зөрчил үйлдсэн нь ил тодорхой, нотлох баримтаар тогтоогдсон, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн ба зөвхөн төлбөрийн чадваргүй учраас төлөх чадваргүй гэдгээ илэрхийлсэн байна.

3.4.Татварын улсын байцаагч М.И би холбогдогчоос байцаалт авахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, төлбөрийн баримт гаргаж байгаа эсэхээ асууж, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулах нь хуулиар хориотой болохыг, мөн хуулийн хариуцлагын талаар тодорхойгүй дутуу бичсэн нь буруу болсон байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 34 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим "Ж" дэлгүүрээс 0.5 литрийн 2 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй коньякийг хураан авсан үйл баримттай талууд маргадаггүй, гагцхүү тус дэлгүүрт тэмдэггүй 2 шил коньяк байсныг дээрх хуульд заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг зөвшөөрөлгүйгээр худалдсан, эсхүл борлуулсан гэдэгт хамааруулах эсэхэд дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. 

2.Хариуцагчаас согтууруулах ундааг худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг түрээслэх, түрээслүүлэх нь хуулиар хориотой, онцгой албан татварын тэмдэггүй 0.5 литрийн 2 ширхэг коньякийг иргэн А.Е аас хурааж авсан нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан” гэх ойлголтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, мөн тухайн нөхцөл байдалд бодитоор дүгнэлт өгөх нь шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэхийг тогтоох гол нөхцөл болно.

3.Шүүхийн шийдвэрт “…гомдол гаргагчийг буруутгах, шийтгэл оногдуулах хангалттай нотлох баримт бүрдээгүй, эрх бүхий албан тушаалтнууд хэрэг бүртгэлтийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг зөрчсөн, ...тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулсан эсэх, эсхүл төлбөрийн баримтгүй бараа худалдсан эсэх, мөн онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан эсэхийн аль зөрчлийг гаргасныг зөрчил шалган шийдвэрлэх явцад хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.Гэхдээ энэ тохиолдолд А.Е ы түрээслэн ажиллуулдаг дэлгүүрээс аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Д тухай өдөр 2 шил коньякийг хураах үед өөр төрлийн онцгой албан татварын тэмдэггүй архи байгаагүй, А.Е  нь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн М.Т, А.Б нараас уг хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаа,  хэдийгээр 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн авсан мэдүүлэгт А.Е аас “…бэлгэнд ирсэн болохоор харамсалтай байна, мөнгөгүй төлмөөргүй байна…” гэсэн атлаа шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ хүнд зээлсэн мөнгөний оронд авсан…” гэх зэргээр зөрүүтэй тайлбарлаж байгаа ч  энэ тохиолдолд онцгой албан татварын тэмдэггүй 2 шил коньяк дэлгүүрт байсан бодит нөхцөл байдал болон шийтгэлийн хуудсаар тухайн зөрчилд гомдол гаргагч иргэнийг 1.0 сая төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Уг зүйлд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан тул шийтгэлийн хуудас нь тухайн зөрчил үйлдэгдсэн нөхцөл, зөрчлийн шинж байдалд тохирсонгүй.

Харин дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа дэлгүүрт байж болохыг хүлээн зөвшөөрсөн, мөн худалдаагүй, борлуулаагүй л бол зөрчилд тооцохгүй гэсэн ойлголтыг бий болгохгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.И гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН