Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян сумын харъяат, 1962 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  эхнэр,3 хүүхдийн хамт амьдрах, Замын Үүд сумын 3 дугаар  баг, Борхойн 1-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1987 оны 04 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 2, 169 дүгээр зүйлийн 2, 109 дүгээр зүйлийн 109.б-д зааснаар 9 жил 03 сар 13 хоногийн хорих ялаар, 1991 оны 05 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, 1998 оны 03 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2, 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2005 оны 04 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар, 2006 оны 02 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сар 1 хоногийн  баривчлах ялаар, 2010 оны 11 сарын 29-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3, 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Долгорын Батчлуунд /РД: ЕЮ62081312/ холбогдох эрүүгийн 201610010149 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Д.Батчулуун нь 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 00 цагийн үед хувийн таарамжгүй байдлын улмаас Ц.Бүдрагчаатай муудалцаж түүний бие махбодид  нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Батчулууны хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2016 оны 06 сарын 30-ны өдөр гэртээ амарч байгаад өдөр 14 цагийн үед  Замын-Үүд сумын  точикийн  байранд  амьдардаг найз Ганбаагийнд очсон юм. Намайг Ганбаагийнд ортол Мөнхцогт, Отгонбаатар,  Зоригоо нар архи уугаад сууж байсан.  Тэгээд байж байхад Бүдрагчаа гаднаас орж ирсэн. Бүдрагчаа тэнд байгаа хүмүүстэй маргаад байхаар нь түүнийг Ганбаа явуулсан, Тэгээд 16 цагийн үед хорхог хийж идэхээр болж махаа янзлаад нэг шил Ерөөл архи авчирч уусан. Тэгээд байж байтал Бүдрагчаа дахиад ирсэн. Тэгээд бид дахиад 2 шил Ерөөл уусан бөгөөд Бүдрагчаатай архи хундагалах дээрээс болж муудалцаад гарч учраа олъё гээд гэрээс гарсан юм. Тэгээд Бүдрагчаа намайг боочихоод тавихгүй болохоор нь гарыг нь тавиулах санаатай шилээр гарыг нь зүссэн юм. Бид 2 хоорондоо эвлэрсэн. Эмчилгээний зардалд эхлээд 30,000 төгрөг, дараа нь 25,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нэг удаа харж үзэж, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Бүдрагчаагийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Би 2016 оны 06 сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад 16:00 цагийн үед гэрээсээ гарч Точикийн байрны задгайд оршин суух өөрийн танил Ганбаа ахын гэрт очсон. Ганбаа ахынд ортол Ганбаа ах, Зүүнбаян сумын найз Д.Батчулуун Мөнхөө нар архи ууж уугаад байж байхаар нь дөрвүүлээ нийлээд хоёр шил улаан бөглөөт архи хувааж уугаад дуусаж байтал Батчулуун намайг архи хундагалаач гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь Батчлуун уурлаад пизда минь өдөөд байгаарай гээд хоёулаа гарч учраа олъё гэхээр нь би тэгье гэж хэлээд цуг гарсан. Гадаа гараад бид хоёр ноцолдоод би Батчулууныг унагаасан чинь хажууд байсан улаан бөглөөт архины шилийг хагалчихаад надруу дайраад ирэхээр нь би болиулах санаатай зууралдсан чинь Батчулуун нөгөө архины шилнийхээ хагархайгаар миний баруун гарыг  зүсчихсэн. Тэгтэл гэрээс Ганбаа ах гарч ирээд бид хоёрыг салгасан ” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 08-ны өдрийн “1. Ц.Бүдрагчаагийн биед баруун гарны тохойны ар, зүүн гарын шууны зүсэгдсэн  шарх  гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр  үүсэх боломжтой.

3.Ц.Бүдрагчаагийн биед үүссэн гэмтлүүд нь дангаараа болон нийлээд  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд  нөлөөлөхгүй” гэсэн 321 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн17/

Хохирогч Ц.Бүдрагчаагийн хэрэгт бүртгэлийн шатанд өгсөн “… Миний бие Долгорын Батчулуунтай учир зүйгээ олж хохирлын талаар ямар нэгэн маргаангүй байх тул хэргийг маань түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэсэн хүсэлт /хх-ийн 5/

Ц.Бүдрагчаагийн шүүхэд ирүүлсэн” ...Миний бие Д.Батчлуунтай сайн дураараа эвлэрсэн одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Батчулуун нь 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 00 цагийн орчимд согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, точикийн байранд хохирогч Ц.Бүдрагчаатай “архи хундагаласангүй” гэх шалтгаанаар таарамжгүй байдал үүсгэн, улмаар хоорондоо маргалдан зодолдож, хохирогч Ц.Бүдрагчаагийн биед  баруун гарны тохойны ар, зүүн гарын шууны зүсэгдсэн  шарх  гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Батчулууны дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бүдрагчаагийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 321 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Батчлуун нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч Д.Батчлуун нь хамгийн сүүлд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 сарын 29-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3, 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 89 тоот шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хугацааг тэнсэн сулласан байх бөгөөд  тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох боловч дээрх хугацаанаас өмнө тэнсэн сулласан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасанд хамрагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Түүнчлэн хохирогч Ц.Бүдрагчаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Д.Батчулуунтай сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд мөн энэ байдлаа бичгээр илэрхийлсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм хорыг арилгасан, сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр хохирогч Ц.Бүдрагчаа нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Батчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Долгорын Батчулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Долгорын Батчулууныг холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Д.Батчулууныг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Д.Батчулуун  , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД