| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01281/и |
| Дугаар | 1535 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1535
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01535 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю цамхаг 506 тоот оршин суух, “Пийк Микро Финанс” ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол 17/2 байр 5 тоотод оршин суух, Гал-Эрдэнийн Баярцэнгэлд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4 599 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Пийк Микро Финанс ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Баярцэнгэл нь Пийк Микро Финанс ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Toyota Prius маркийн суудлын зориулалтай 50-64 УНТ улсын дугаартай, MНW 203209066 арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн цагаан өнгийн авто машинаа барьцаалж 16080301 тоот зээлийн гэрээгээр 3 500 000 төгрөгийг, 30 хоногт 6 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 4 сарын хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.Зээлдэгч нь сүүлийн сарын хүү, үндсэн зээлийн төлөлтөөс эхлэн хоцорч 2017 оны 1 дүгээр сараас эхлэн холбоо тогтоохгүй утсаа авахгүй, гэрийн хаягаар очоод байхгүй байсан.Иймд үндсэн зээл 3 205 000 төгрөг, түүний хүү болох 192 300 төгрөг, алдангийн 1 002 300 төгрөг, зээл барагдуулахтай холбоотой үйл ажиллагааны зардал 200 000 төгрөг нийт 4 599 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:Хариуцагч Г.Баярцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 599 600 төгрөг гаргуулах тухай шаардлагын 800 000 төгрөгийг хариуцагч төлсөн, үлдэгдэл 3 799 600 төгрөгийг хариуцагч Г.Баярцэнгэл 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Баярцэнгэл шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Пийк Микро Финанс” ХХКомпаниас зээлийн гэрээний үүрэгт 4 599 600 төгрөгийг нэхэмжилсэн байх ба би нэхэмжлэгч байгууллагад 800 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3 799 600 төгрөгийг хариуцагч би 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Пийк Микро Финанс ХХКомпани хариуцагч Г.Баярцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 599 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Пийк Микро Финанс” ХХКомпанид Г.Баярцэнгэл 800 000 төгрөгийн төлсөн байх ба үлдсэн 3 799 600 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар тохиролцсон байх тул тэдний эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 950 төгрөгийн 50 хувь болох 44 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 44 475 төгрөгийг улсын орлогоос, 44 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Пийк Микро Финанс ХХКомпанийн нэхэмжилсэн 4 599 600 төгрөгөөс 800 000 /найман зуун/ төгрөг төлсөн байх ба хариуцагч Г.Баярцэнгэл үлдэгдэл 3 799 600 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 950 төгрөгийн 50 хувь болох 44 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 44 475 төгрөгийг улсын орлогоос, 44 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН