Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2113001470140 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс тува, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багийн Хын **** тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овгийн Б-ийн Д РД:*******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15-16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Т төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг  “Ж” хувцасны дэлгүүрийн үүднээс 1 ширхэг эко шуба хулгайлж, хохирогч Х.Лд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийи үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/,

- Иргэн Т.Мгаас гаргаж өгсөн шубанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 12-16 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Ө сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Т худалдааны төвийн 2 давхарт “Ж” нэртэй эмэгтэй, эрэгтэй гадуур хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд уг дэлгүүрийг ажиллуулаад 3 жил болж байна.  2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13 цаг 00 минутын үед би Т төвд ирж дэлгүүрээ нээсэн ба 15 цаг 30 минутаас 16 цаг 00 минутын хооронд бие засах гээд дэлгүүр болон дэлгүүр лүү орох коридорын хана дагуу байрлалтай өлгүүрт өлгөөстэй байсан хувцаснуудыг эзэнгүй орхиод 1-2 минут болоод гарч ирэх хооронд коридорын баруун талын хана дагуу байрлалтай өлгүүрт өлгөөстэй байсан 400.000 төгрөгийн үнэ бүхий эхо шуба хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хулгайд алдагдсан эхо шубыг цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Р.Жанатаас бүрэн бүтнээр хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйг байхгүй. Би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/,   

- Гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүргэн Б.Д өнгөрсөн долоо хоногт байх манайд орж ирээд шуба зармаар байна гэж хэлээд надад нэг шинэ ярликтай шуба үзүүлсэн. Тэгээд би сонирхоод авъя та хэдээр зарах вэ гэхэд 100.000 төгрөг өгөөд авахгүй юу гэхээр нь би 100.000 төгрөг өгч худалдаж авсан. Шубыг Б.Дунжаа бидэнд зах дээр байдаг найзаасаа авсан гэж хэлсэн. Би хүргэн Б.Дд  ямар нэгэн гомдолгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Хөрөнгө, даатгалын үнэлгээний “А” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай “...Эко шуба 1 ширхэг нь 350.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэрт байдаг эвдэрсэн хар зурагтыг засах боломжтой юм болов уу гээд төв рүү орж зурагт засварын хүнтэй уулзахаар явган явсан ба Т төвд зурагт засварын газар байгаа болов уу гээд орж үзээд 2 давхарт гарсан чинь засварчин хаалттай байхаар нь буцаад гарах гээд коридорт явж байтал хана дагуу өлгүүртэй хувцаснууд байсан ба шалан дээр 1 ширхэг шуба унасан байхаар нь хүн унагаасан юм байна гэж бодоод тэр шубийг аваад дэлгүүрээс гарч гэрийнхээ хашаанд очоод хадам эгч болох Т.Мд надад зарах шуба байна, та авах уу? гэж хэлэхэд өмсөж үзээд хэдээр өгөх юм гэхээр нь би 100.000 төгрөгөөр ав гэхэд надад бэлнээр 100.000 төгрөг өгч худалдан авсан. Уг шубыг хулгайлж авсан талаараа хэлээгүй таньдаг хүнээсээ авсан, мөнгөний хэрэг гараад байна та авах уу? гэж хэлээд хадам эгчид зарчихсан. Би өөрийн хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Б.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Дг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутаас 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 давхарын баруун жигүүрт байрлах иргэн Х.Лгийн эзэмшлийн “Ж” нэртэй хувцасны дэлгүүрийн үүдний коридорт өлгүүртэй байсан гадуур хувцаснаас эко шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1], иргэн Т.Мгаас гаргаж өгсөн шубанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], хохирогч Х.Л[3], гэрч Т.М[4] нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

- Хөрөнгө, даатгалын үнэлгээний “А” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай дүгнэлтээр[5] “Эко шуба 1 ширхэг нь 350.000 төгрөг байх боломжтой” болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Дг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч Б.Д нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй”, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч Б.Дгийн дээрх үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинж тогтоогдохгүй байна. Учир нь Б.Д нь Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 давхарын баруун жигүүрт байрлах иргэн Х.Лгийн эзэмшлийн “Ж” нэртэй хувцасны дэлгүүр болон  “Т” төв рүү хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор идэвхтэй үйлдэл хийж, хууль бусаар нэвтэрч ороогүй, тухайн үйлчилгээний төвийг нээлттэй байхад нь зурагт засварын газар байдаг эсэхийг мэдэх зорилгоор ердийн аргаар нэвтэрч орсныхоо дараа коридорт өлгүүртэй байсан гадуур хувцас хараа хяналтгүй байгааг анзаарч, хулгайлах гэмт хэрэг үйлдэх сэдэл төрж, эко шуба хулгайлсан нь нотлогдож байна.

Тиймээс шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Б.Дг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Дгийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нөлөөлсөн байна.

Хохирогч Х.Л нь хулгайд алдсан, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий эко шубыг иргэн Т.Мгаас биет байдлаар нь буцаан авсан тул Б.Дгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, мөн гэрч Т.М нь хүргэн ах болох Б.Дд  шубаны үнэ болгож өгсөн 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, ямар нэгэн санал гомдолгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дгээс гаргуулж, хохирогч Х.Л, иргэн Т.М нарт олгох хохирол, төлбөргүй байна.

                 Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Б.Д нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Дд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Б.Дд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

            Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Дд тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэв.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй  

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Дг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд 1 (нэг) жил хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Дгийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 100.000 (нэг зуун мянга)-н төгрөг албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.Б

 

[1] хх-ийн 5-11-р тал

[2] хх-ийн 12-16-р тал

[3] хх-ийн 25-28-р тал

[4] хх-ийн 30-р тал

[5] хх-ийн 39-43-р тал