Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Б.Энхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг /онлайн/,

Шүүгдэгч Ч.Э, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Эод холбогдох эрүүгийн 2015002860065 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт .... оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих л оногдуулж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаа, .... овогт .....Ч.Э. /РД: ..../

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Э нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Илүүт“ гэх газарт 2020 оны 8 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт явуулж 1.0 гр алт олборлож байгаль орчинд 617 805 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ч.Э гэгч нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт "Илүүт" гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт, ашиглалт явуулсан хэрэг байна. Иймд Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Бичил уурхайгаар ашигт малтмалын олборлолт явуулахын тулд сумын Засаг даргад хүсэлт гаргадаг, уг хүсэлтийн дагуу Засаг даргын зүгээс давхцал шалгуулах албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст явуулдаг, давхцалгүй байхын бол сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд тухайн газрыг оруулж хэлэлцүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авна. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар дахин орж батлагдсан тохиолдолд ашигт малтмал олборлолт явуулж болох дүгнэлт гаргуулан тухайн иргэнтэй гэрээ байгуулан ажиллана.", "...Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж өгнө үү, шинжээчийн дүгнэлттэй танилцахад тухайн солбицол цэг дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй талбай байна. Миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх санал хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-28-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.*******гийн өгсөн: ....Би 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хөдөө мал малладаг Хүрэлсүх гэдэг хүн надад “Хас-Ус” гэдэг газарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайд ковшийн оператор ажилд авна гэхээр нь би ажилд орох гээд ******* гэдэг залуутай утсаар ярьж байгаад ажилд орсон юм. Ингээд 8 дугаар сарын 18-ны өдөр 20 орчим минут ковш барьж усан буунаас гарсан шороог зөөж холдуулсан. Энд ямар, ямар хүмүүс ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. Энэ уурхайг ******* гэдэг залуу хариуцаж ажиллуулдаг юм шиг байсан... 8 дугаар сарын 18-ны өдөр 30 минут л ажилласан. Huyndai маркийн шар өнгийн Экскаватор шороо ухаж гаргаж ирээд Howo маркийн ачааны машинаар усан буун дээр буулгаж өөр нэг экскаватороор зөөж усан буунд хийж угаасан. Тэр үед яг хэдэн грамм алт гарсан гэдгийг би мэдэхгүй байна. Би энд ажилд орох үед сарын 1.500.000 төгрөгийн цалин авч ажиллахаар зүгээр амаар тохирсон. Одоогоор цалин аваагүй байгаа гэх мэдүүлэг /хх-34-36-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.*******ы өгсөн:... Би энд экскаваторын оператор хийдэг. Энд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Энд би ирээд 6 хоног ажиллаж байна. Энд ажиллах хугацаандаа өмнө нь өөр уурхайн ашигласан хөрсийг хуулж шороо зөөдөг Howo маркийн машинд ачиж өгдөг. Миний ачиж өгсөн шороог усан буунд аваачиж угаадаг. Манайх 12 цаг ажилладаг 2 ш Howo маркийн 20 тн даацтай машинаар 1 өдөрт 30 орчим удаа ачиж өгдөг гэх мэдүүлэг /хх-37-38-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.*******ын өгсөн:... 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс ******* гэх хүн надтай холбогдоод Экскаватор түрээслэх үү? Сар гаруйн ажил байна гэхээр цагийн 150,000 төгрөгөөр өдөрт 10 цаг ажиллахаар тохиролцоод өгч явуулсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа над руу ******* нь утсаар холбогдоод таны Экскаваторын компьютерыг цагдаад хураалгасан. Одоо ажиллах боломжгүй болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод Экскаватораа авсан байгаа. **улсын дугаартай Robex 5000 LC-7 маркийн экскаватор нь 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн шар өнгийн 3 м/кубын шанагатай техник юм. Чанар байдлын хувьд ямар нэгэн асуудалгүй сайн техник байгаа. Өмнө нь Дарханы зам дээр ажиллаж байгаад зогссоноос хойш Хөтөл Номгон Банк бус санхүүгийн байгууллагад 2018 оны 8 сард барьцаанд тавсан юм. Уг Экскаваторыг 2018 оны 6 сард 250,000,000 төгрөгөөр Солонгос улсаас өөрөө авчирсан. Одоо зах зээлийн ханш нь 250,000,000 төгрөгтэй байгаа. Би **улсын дугаартай Robex 5000 LC-7 маркийн экскаваторыг түрээслэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаараа тохиролцоод өгөөд явсан юм. Би техникээ түрээслэхдээ ямар нэгэн бичиг баримт, зөвшөөрлийг нь үзээгүй. Араас нь очиж байгаад гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бичиг баримтыг нь үзнэ гэж бодож байсан гэх мэдүүлэг /хх-40-41-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.*******ын өгсөн:... ******* нь надаас **улсын дугаартай шар өнгийн ковшийг миний ***дугаартай утас руу холбогдож 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс цагийн 100.000 төгрөгөөр түрээсэлсэн. Садан төрлийн холбоо байхгүй. Би Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхай болон нөхөрлөлд 1 ковш түрээслэх үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Би таны дугаарыг ковшийн чинь жолоочоос авлаа. Та техникээ түрээслэх юм уу гэсэн. Тэгэхээр нь үнэ хөлс нь тохирвол түрээсэлнэ гэхэд ******* нь надад хэдхэн хоногийн ажил байна. Та түрээсэлчих гээд байхаар нь би цагийн 100.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Тэрнээс хойш *******ын ажиллаж байсан газар цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь зогсоосон гэдгийг хүнээс сонссон. Тэгээд уг газраас очиж техникээ авсан юм. **улсын дугаартай шар өнгийн ковш нь 2017 онд БНХАУ үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн хөдөлгүүрийн багтаамж 9726, урт 7753 см , өргөн нь 3024 см, өндөр нь 3423 см өөрийн жин нь 16600 кг жинтэй дунд зэргийн техник байгаа юм. Би 2019 оны намар 23.000.000 төгрөгөөр авсан. Одоо зах зээлийн ханш нь 50.000.000 төгрөгтэй байгаа. Би **улсын дугаартай шар өнгийн ковшийг түрээслэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, утсаар ярьж үнэ хөлсийг нь тохиролцоод өгөөд явуулсан. Би *******той утсаар яриад тохиролцсон болохоор зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгаж үзээгүй. Би техникийнхээ бичиг баримтыг олохгүй байна. Уг техник нь миний нэр дээр бүртгэлтэй, миний эзэмшлийнх байгаа юм гэх мэдүүлэг /хх-43-44-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.*******ын өгсөн: Ч.Э нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр над руу яриад экскаваторыг чинь зээлээр аваад хэрвээ мөнгө төгрөг сайн хийвэл мөнгийг чинь өгөөд худалдаад авна гэж хэлээд аваад явсан. Миний экскаваторын үйлдвэрлэсэн он нь 2005 онд үйлдвэрлээд 2016 онд Монголд орж ирсэн. N80510192 арлын дугаартай экскаватор байгаа. *******той ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ашиглаж байгаад худалдаж авна гээд амаар тохиролцсон. Надад хэлэхдээ ******* нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж хэлээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.ын өгсөн: .... Би 2017 оны 4 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Заамар сумын "Шижир алт" гэх нэртэй газар хамаатны эгч Цэцгээгийн /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ эзэмшлийн **, **дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслүүдийг түрээсээр ажиллуулж байна. Би өөрөө ** улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслийг унадаг, нөгөө Howo-г нь түрээсээр жолооч авч ажиллуулдаг юм. Тухайн тээврийн хэрэгслүүд нь "****" ББСБ-ийн барьцаанд байгаа, надад гэрчилгээнүүд нь байна. Би өмнө нь Улаанбаатар хотод хувийн компанид түгээлтийн жолооч ажилтай байсан юм. Дээрх 2 Howo-ноос гадна нэг скрубер байгаа, тухайн скруберыг Төв аймгийн Заамар сумын Шижир алтны уурхайн орчим ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг *******од 80.000.000 төгрөгөөр зарах гэж байсан. Тухайн скруберыг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр надаас аваад явсан юм. Тэгээд 4,5 хоногийн дараа миний гар утас руу ******* залгаад "худалдаж авахаа болилоо" гэж хэлсэн юм. Тэгээд би очиж аваагүй байж байтал цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалтаар очсон байсан. Тухайн скруберыг 2019 оны 10 дугаар сард ажлынхаа хөлсөнд авсан юм. Скруберт ямар нэгэн бичиг баримт байхгүй. Би өдрийн хөлс гэж байхгүй. Харин Howoг цагийн 25,000 төгрөгөөр түрээсэлдэг юм." "...Намайг зогсоол дээрээ зогсож байтал компани болон нөхөрлөлийн ажилчид хүрч ирээд л цагийн хөлсөө тохирч хөлсөлдөг юм. ", "...** улсын дугаартай Howo нь 2012 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад орж ирсэн, С9726 хөдөлгүүрийн багтаамжтай, өөрөө буулгагч, ачааны зориулалттай, улаан өнгөтэй, **дугаартай Howo нь 2011 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсад орж ирсэн, С9726 хөдөлгүүрийн багтаамжтай, өөрөө буулгагч, ачааны зориулалттай цагаан өнгийн тээврийн хэрэгслүүд байгаа юм гэх мэдүүлэг /хх-45-р тал/,

- Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “****” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №3 дугаартай шинжээчийн:.... Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайд нэг ухаш үүссэн байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий 118 м2 /0,01 га/ талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 617 805 төгрөг болж байна. Тухайн талбай нь урьд өмнө хөндөж байгаагүй эрүүл талбай байсан байна. Урьд өмнө эрүүл газар байсан болохыг Google earth Pro программ дээрээс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зурагтай харьцуулж тогтоов. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 535 647 төгрөг болж байна. Тухайн талбай нь “М” ХХК- ийн эзэмшлийн МҮ-000321 дугаар бүхий "Тосонгийн гольдрол" гэх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүрэн давхцалтай байна..." гэсэн дүгнэлт,

залруулга хийсэн тухай “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайд нэг ухаш үүссэн байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий 118 м2 /0,01 га/ талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 617 805 төгрөг болж байна. Тухайн талбай нь урьд өмнө эвдэгдсэн талбай байсан байна. Урьд өмнө эвдэгдсэн газар байсан болохыг Google earth Pro программ дээрээс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зурагтай харьцуулж тогтоов. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 535 647 төгрөг болж байна. Тухайн талбай нь “М” ХХК- ийн эзэмшлийн МҮ-000321 дугаар бүхий "Тосонгийн гольдрол" гэх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүрэн давхцалтай байна….гэх дүгнэлт /хх-ийн 55-81, 135-р тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 4785 дугаартай шинжээчийн дүгнэлт... цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхжингийн "Шинжилгээнд ирүүлсэн 1 грамм шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 грамм алт нь 98.1 %-ийн агууламжтай 24 каратын сорьцтой алт байна..” гэх дүгнэлт /хх-ийн 84-87/,

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06б/6043 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 119-р тал /

-“***” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн  дүгнэлтүүд /хх-ийн 138-151-р тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 167-170-р тал /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-18-р тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 19/, Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Илүүт” гэх газарт иргэн Ч.Эын эвдсэн 0,01 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 55-82/, тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 98-99/, шүүгдэгч Ч.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104-р тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 100-р тал /, шүүгдэгч Ч.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-р тал/, Ч.Эын төрөл садангийн иргэний бүртгэлтийн зурагтай лавлагаа /хх-ийн 109-112-р тал/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89-р тал/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ270 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 198-210-р тал/, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг Бүрэгхангай байгаль хамгаалах сангийн дансанд тушаасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Илүүт“ гэх газарт 2020 оны 8 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт явуулж 1.0 гр алт олборлож байгаль орчинд 617 805 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч Б.*******ийн мэдүүлэг, гэрч Ц.Батболд, Ц.*******, П.*******, П.*******, Г. нарын өгсөн мэдүүлэг, “****” ХХК-ний шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “****” ХХК-ний 1/101 дугаартай албан бичиг, залруулга хийсэн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 4765 дугаартай дүгнэлт, “***” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

 

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Эыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

“Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ.

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Эын хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулж байна гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Шүүгдэгч Ч.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 617 805 төгрөгийн хохирол учирсан ба тухайн талбайд техникийн болон нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ 535 647 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд 617 805 шууд хохирол, тухайн хор уршгийг арилгах, нөхөн сэргээхэд 535 647 төгрөгийн зардал гарна гэдгийг шинжээч тодорхой тайлбарлаж дүгнэлт гаргажээ. Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шинжээчийн дээрх дүгнэлтийг бичсэн атлаа тогтоох хэсэгт байгаль орчинд 617 805 төгрөгийн хохирол учирсан гэж бичсэн байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул техникийн шинжтэй алдаа гэж үзэж шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хохирол төлбөр, нөхөн сэргээлтийн зардлыг тодруулж, улсын яллагч тайлбарлаж, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэсэн бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн нөхөн сэргээлтийн зардлын 535 647 төгрөгийг төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулж, нөхөн сэргээлтийн зардалд 535 647 төгрөгийн шууд бус хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль, орчин уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан байхад шүүгдэгч Ч.Э нь хохирол төлбөр 617 805 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 535 647 төгрөгийг тус тус Бүрэгхангай байгаль хамгаалах сангийн дансанд шилжүүлсэн нь буруу байх тул Бүрэгхангай байгаль хамгаалах сангийн данснаас гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн нөхөн сэргээлтийн зардлыг иргэний нэхэмжлэгч Б.******* нэхэмжлээгүй, тухайн талбайд  “М” ХХК нөхөн сэргээлт хийж байгаа гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтээр гарсан дээрх нөхөн сэргээлтийн зардал болох 535 647 төгрөгийг шүүгдэгч Ч.Эоос гаргуулахгүй байх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь тухайн талбай хэдийгээр “М” ХХК-ний эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байгаа хэдий ч Ч.Э нь тухайн талбайд зохих зөвшөөрөлгүйгээр халдаж, тухайн газарт олборлолт явуулсан болох нь түүний яллагдагчаар өгсөн “...Миний хувьд Бичил уурхайн зөвшөөрөл авчих байх гэж бодоод иргэдээс түрээсийн техник авчирч 3 хоног ажилласан. ...1.0 грамм алт гарсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь гэрч П.*******гийн “...8 дугаар сарын 18-ны өдөр 30 минут ажилласан. “Huyndai маркийн” шар өнгийн Экскаватор шороо ухаж гаргаж ирээд Howo маркийн ачааны машинаар усан буун дээр буулгаж усан буунд хийж угаасан. Тэр үед яг хэдэн грамм алт гарсан гэдгийг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул тухайн талбайд нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 250 000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Hyundai Robex 3000 LC-7 загварын *** улсын дугаартай экскаваторын компьютер, Hyundai Robex5000 LC-7 загварын ***улсын дугаартай экскаваторын компьютерыг тус тус хэрэгцээний дагуу Д.*******, Ц.******* нарт буцаан олгож, шүүгдэгч Ч.Эоос дээрх 2 экскаваторын үнэ болох 220 800 000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгох, 1.0 гр алтыг мөн улсын орлого болгуулах гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ч.Эын гэм буруугийн асуудалд маргахгүй, ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.0 гр алтыг улсын орлого болгож, хэрэгт экскаватор хураагдаж ирээгүй зөвхөн экскаваторын компьютер хураагдаж ирсэн тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, хэрвээ шаардлагатай бол экскаваторын 2 ширхэг компьютерыг улсын орлого болгуулах гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нь хэрэгт экскаваторыг хураагаагүй зөвхөн компьютерыг л хураасан тул уг 2 ширхэг компьютерыг улсын орлого болгох нь зүйтэй гэж мэтгэлцэж байх боловч экскаватор нь компьютергүйгээр ажиллах боломжгүй, экскаваторын бүрдэл хэсэг тул мөрдөгч экскаваторын овор хэмжээ, ачиж тээвэрлэхэд зардал их зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 экскаваторын компьютерыг их биеэс нь салгаж хэрэгт хураан авч, их бие хэсэг буюу тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах үүргийг эзэмшигч нарт хүлээлгэсэн мөрдөгчийн тогтоолыг үгүйсгэх боломжгүй юм.

Шүүгдэгч Ч.Э нь хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоов.  

Шүүгдэгч Ч.Э нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь энэ зүйлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Хэрэгт үйлдэхдээ ашигласан гэх Hyundai Robex3000 LC-7 загварын *** улсын дугаартай экскаватор, Hyundai Robex5000 LC-7 загварын **улсын дугаартай экскаваторын эзэмшигч, өмчлөгч нь Ц.*******, Д.*******  нар болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байна.

Нyundai Robex5000 LC-7 загварын ***улсын дугаартай экскаватор, Hyundai Robex3000 LC-7 загварын *** улсын дугаартай экскаваторын үнэлгээг тухайн хөрөнгийн буюу экскаваторын байдалтай биечлэн танилцаж тооцоо үнэлгээг “***” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн В21/08, В21/09 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар Нyundai Robex5000 LC-7 загварын **улсын дугаартай экскаваторыг 170 500 000 төгрөг, Hyundai Robex3000 LC-7 загварын *** улсын дугаартай экскаваторыг 50 300 000 төгрөгөөр тус тус үнэлгээг тогтоожээ.  

Шүүгдэгч Ч.Э нь Hyundai Robex3000 LC-7 загварын *** улсын дугаартай экскаватор буюу тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.Э мэдүүлэхдээ “...1 экскаватор нь ажиллаагүй байсан”, шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчийн асуусан “хоёр экскаваторыг ашигласан уу” гэхэд шүүгдэгч Ч.Э “...үгүй зөвхөн 5000LC загварын экскаваторыг л ашигласан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул дээрх 50 300 000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Robex3000 LC-7 загварын *** улсын дугаартай экскаваторын үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, экскаваторын компьютерыг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.*******од буцаан олгох нь зүйтэй.

Харин “***” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн В21/08 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар 170 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн Нyundai Robex5000 LC-7 загварын ***улсын дугаартай экскаваторын иж бүрдэл хэсэг болох компьютерыг хэрэгцээний дагуу Ц.*******од буцаан олгож, экскаваторын үнийг шүүгдэгч Ч.Эоос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.0 грамм алтыг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Э нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаа бөгөөд шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ЦХШЗ/46 дугаартай захирамжаар яллагдагчийг шилжүүлэн хорьсон байх тул энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 5 400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Эод оногдуулсан 5 400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ч.Э нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан хохирол 617 805 /зургаан зуун арван долоон мянга найман зуун тав/ төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, биологийн нөхөн сэргээлт хийх зардал 535 647 /таван зуун гучин таван мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны тооцооны төвөөр дамжуулан Булган аймгийн Бүрэгхангай сумын байгаль хамгаалах сангийн Төрийн сан дахь 100040355402 тоот дансанд тушаасныг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД9085084/, Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.0 грамм алтыг худалдан борлуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Robex5000 LC-7 загварын **улсын дугаартай экскаваторын үнэ болох 170 500 000 /нэг зуун далан сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Эоос албадан гаргуулж тус тус улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Hyundai Robex5000 LC-7 загварын ***улсын дугаартай экскаваторын 21N8-32206 дугаартай компьютер 1 ширхэг, Hyundai Robex5000 LC-7 загварын 21N8-33000 дугаартай компьютер 1 ширхгийг хэрэгцээний дагуу өмчлөгч, эзэмшигч Ц.*******, Д.******* нарт буцаан олгосугай.

9. Шүүгдэгч Ч.Эыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай захирамжаар шилжүүлэн цагдан хорьсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол захирамжийг биелэлтийг хангасугай.

10. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНЭРЭЛ