Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00006

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох “И” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.У, хариуцагч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гомдол гаргагч “И” ХХК-ийн захирал Ч.Ц  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “И” ХХК-ийн захирал Ч.Ц тус шүүхэд ирүүлсэн гомдол /нэхэмжлэл/ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нар нь “И” ХХК-нд татварын хяналт шалгалт хийж 2013 онд НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэж үзэн, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот шийтгэлийн хуудсаар 45 454 800 төгрөгний нөхөн татвар, 13 636 440 төгрөгний торгууль, 136 364.4 төгрөгний хүү, нийт 59 227 874 төгрөгийн шийтгэлийг, мөн 2013 онд 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн шалгалтыг хийхэд 409 090 900 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн 40 909 090 төгрөгийн нөхөн татвар, 6 136 363 төгрөгийн торгууль, 122 727 төгрөгийн хүү нийт 47 168 180 төгрөгийн шийтгэлийг тус тус оногдуулжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар татварын байцаагчийн 0294607, 0294608 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгож нэхэмжлэлийг гаргаж байна. Энэ хоёр асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар хянаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байх бөгөөд уг тогтоолд “НӨАТ-ын падаан дээр хий бичилт хийсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж дүгнэн Анхны  ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар гаргуулахаар шийдсэн байна. Дээрх байдлаас харахад хохирлыг эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол тул иргэний журмаар шийдүүлэхээр шийдсэн байхад Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нар нь татварын зөрчил гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, НӨАТ-ын тухай хуулийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийг үндэслэн 0294607, 0294608 тоот шийтгэлийн хуудас бичсэн байдлаас харахад “И” ХХК-д давхардуулан шийтгэл ногдуулсан байна гэж харж байна. Нөгөө талаар Татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийг ямар зөрчлөөрөө ямар хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн болох нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа үндэслэлийг тодорхой бичээгүйгээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, НӨАТ-ын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 11.19 гэх ерөнхий заалтууд үндэслэсэн байгаа нь илт хууль бус байна. Татварын улсын байцаагч нар нь зөвхөн 2018 оны Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 02, 03 тоот шийдвэрүүдийг биелүүлсэн дүр үзүүлэн шийдвэрт заасан 6 сарын хугацааг дуусах өдөр нь яаран тэвдэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0294608 тоот 2 шийтгэлийн хуудсыг бичиж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх дүр үзүүлсэн болохоос биш өөрсдийн гаргасан алдаагаа залруулан зөвтгөсөн гэж үзэх боломжгүй байна.

Манай компани нь “Д” ХКК, “Ж” ХХК-иудаас нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа материал худалдан авсан байдаг. Эрүүгийн цагдаагийн газраас шалгасан 201201000553 дугаартай эдгээр компаниудад холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хянаж үзээд 100 гаруй аж ахуй нэгжид хуурамч падаан бичиж өгсөн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хэргийг бүхэлд нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл энэ хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч Э нь надаас байцаалт авахдаа асуулт асуухад нь би хуурамч падаан аваагүй, тухайн падаан нь Татварын ерөнхий газраас гаргасан баталгаа бүхий кодтой баталгаажсан падаан байсан. Манай компани бараа материал худалдаж авсан нь үнэн гэж тухайн үед баримттай нь ярьсан. Манай компанийг хуурамч падаан авсан гэдэг үндэслэлээр буруутгасан бөгөөд татвараас зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн байдаг. Би тухайн мэдүүлэгтээ хамгийн арын хуудсан дээр нь “би таны энэ тулгаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, бараа материал худалдаж авсан нь үнэн, бараа материал худалдаж авсан НӨАТ нь тухайн үедээ шивэгдээд ямар нэгэн асуудалгүй, зөрчилгүй явж байсан. “Д” ХХК, “Ж” ХХК-ууд нь буруутай гээд гэм буруугаа хүлээсэн байхад манай компани ямар учраас буруутай байдаг юм бэ? нэг хэрэг дээр хоёр тал хоёулаа буруутай байна гэж байхгүй биздээ. Тухайн үед НӨАТ-ын падаан нь жинэхэн байсан гэдэг нь бүх баримтаар нотлогдож байгаа. Манайх тухайн үед барааг бэлэн мөнгөөр авч байсан бөгөөд ихэнх компаниуд бараа материалаа бэлэн мөнгөөр авч байсан. Тэгэхдээ зарим компаниуд дансаар авч байсан байх. Манай компаний хувьд Улаанбаатар хотоос бараа авахдаа эндээс кассаар мөнгө гаргаж авдаггүй, шууд тэндээсээ бэлэн мөнгөөр бараа авч байсан. Одооч гэсэн бэлэн мөнгөөр болон шилжүүлгээр бараа материал авч байгаа. Тэгэхээр нэг талдаа тэдний тал буруутай гэж шийдвэр гарсан байхад манай компанийг буруутай байна гэж болохгүй. Шүүхээс 6 сарын хугацаа өгч хэргийг түдгэлзүүлсэн хугацаанд татварын хэлтэс манайхыг дахин шалгаад энэ хэргийн үнэн зөвийг олох болов уу гэтэл татварын байцаагч нар нь дахин шалгаагүй, тэр 6 сарын хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Одоо би шүүхээс манай гомдлыг хүлээн авч эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Ямар учраас манай компанийг буруутгаад байгааг би ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл: Шүүхээс манайхыг буруутай гэж өршөөлийн хуульд хамруулаад байгаа боловч нөгөө талд нь манайд бараа материал зарсан хоёр компанийг мөн буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гээд өршөөлийн хуульд хамруулаад байгаа. Тэр компаниуд буруутай юм бол манай компани буруугүй байх ёстой юм. Тэгэхээр үүний учрыг олж өгөөч гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нар  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр татварын улсын байцаагчийн 170001067 дугаартай 454548000 төгрөгийн дүнтэй зөрчилд зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлд хийлгэхээр дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэнтэй  холбоотой, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 267 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлийг удирдлага болгон, тус тогтоолд яллагдагч, сэжигтнээр татагдсан этгээдүүд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Дээрх прокурорын тогтоол гарсантай холбогдуулж Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 07/792 дугаар ажил эрчимжүүлэх тоотод прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон компаниудад захиргааны хариуцлага тооцох ажлыг шуурхай зохион байгуулах гэсний дагуу 2017 оны 05 сарын 10-ны өдөр дээр дурьдагдсан 170001067 дугаар дүгнэлтэд захиргааны хариуцлага тооцож 17001987 дугаартай татварын улсын байцаагчийн актыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, гэрээ хэлцэл, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалт хийж 59 227 604 төгрөгийн акт тогтоосон нь баримтаар нотлогдож байгаа  тул төлөх нь зөв гэж үзэж байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарж тус актыг 05 сарын хугацаатай түдгэлзүүлсэн энэ хугацаанд захиргааны байгууллага, И ХХК-ийн хооронд анхан шатны баримт материал дахиж үзэх илэрсэн нөхцөл байдалд актыг шинээр гаргах гэсний дагуу доорх хуулийн заалт тайлбарыг үндэслэн 170294607 шийтгэлийн хуудас шинээр бичсэн болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь Татварын ерөнхий газрын цахим тайлангийн системд борлуулагч талаас хувиарласан падаан байсан боловч “Д” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тухайн харьяалах дүүргийн татварын хэлтсээс зохих журмын дагуу аван бусдад хий бичилт хийж байсан нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Мөн “И”  ХХК нь бараа материал худалдан авахдаа бэлэн мөнгөөр авсан гэсэн боловч компаний кассаас 409 090 900 төгрөгийн зарлага гарсан баримт байхгүй санхүүгийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн журнал бараа материал худалдаж авсан кассын бэлэн мөнгөний зарлагын баримт байхгүй байсан эдгээр нь тухайн хяналт шалгалтаар нотлогдоогүй. Иймээс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0294608 актыг хүчингүй болгуулах хууль зүйн ямарч үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.М шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Энэ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хамгийн анх дүгнэлт байж байгаад акт болсон. Акт байж байгаад 2018 онд тус шүүхийн шүүгчийн шийдвэрээр  дахин шинэ акт гарах хүртэл буюу нэгийг нь 5 сараар, нөгөөг нь 6 сараар актын биелэлтийг  түдгэлзүүлж, тэр үед Зөрчлийн тухай хууль хэрэгжээд эхэлчихсэн байсан болохоор тус актуудыг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар болсон. Ингээд бид нар Зөрчлийн тухай хуулийг удирдлага болгож шийтгэлийн хуудас бичсэн  юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Д ХХК”, “Ж” ХХК гэсэн хоёр компанид холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээд түүн дээр нь “И ХХК” холбогдож эрүүгийн хэрэг үүсгэн хэрэгсэхгүй болгуулсан байдаг. “Д ХХК”, “Ж” ХХК-дад эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг нь хэрэгсэхгүй болж хариуцлагын асуудал яригдсан байхад “И” ХХК дээр татварын нөхөн төлбөр тавигдаж байгаа  прокурорын тогтоол нь зөрчилдөж хариуцлага нь давхардаж байна гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэргийн тогтоол бол эрүүгийн хэрэг, энд бол татвараа нуун дарагдуулсан гээд зөрчил болоод түүнийг нь шүүхээр хянах гэж байна. Тэр эрүүгийн хэрэг нь тустай зүйл, эрүүгийн хэрэг үүсгээд өршөөлийн тухай хуульд хамруулаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хохирлыг иргэний журмаар гаргах эрхийг прокурорын тогтоол дээр тусгаж өгсөн байдаг. Манай байгууллагын зүгээс шийтгэлийн хуудсанд бичигдсэн дүнгээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явах ёстой бөгөөд иргэний журмаар нэхэмжлэл гаргахын өмнө татварын өр буюу ногдол үүсгэдэг. “И” ХХК нь “Д” ХХК-тай ийм бараа материал авч, ийм татварын өртэй, “Ж” ХХК-иас ийм хэмжээний бараа материал авч, ийм хэмжээний өртэй гэж гаргаж ирэх ёстой юм. Эхлээд татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт хийгээд өрийг нь гаргаж ирдэг. Өр гаргаж ирсний дараа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр компаний зүгээс захиргааны хэргийн шүүхэд түрүүлж гомдол гаргасан. Энэ нь ингэж явсаар байгаад анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд актыг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж дээр шинэ акт гарга гэж даалгасан учраас татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудас гаргасан. Тэгтэл компаний зүгээс дахиад гомдол гаргасан байдаг. “И” ХХК нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өршөөлийн хуульд хамрагдахаар бид нар иргэний журмаар энэ мөнгийг нэхэмжлэх ёстой. Гомдол гаргагч нь компаний данс, кассаар мөнгө гараагүй гэж байна. Тэр нь “Д” ХХК, “Ж” ХХК-ууд 409.000.000 төрөгийн үнийн дүнтэй НӨАТ-ын падааныг “И” ХХК-д өгсөн гэдгээ хүлээсэн байгаа. Тэр нь эрүүгийн хэргийн хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Энэ дээр кассаар мөнгө дамжсан, дамжаагүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Мөн “И” ХХК  хүртэл гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд НӨАТ-ын падаан нь тамга, тэмдэгтэй  ямар нэгэн зөрчилгүй байсан гэж гомдол гаргагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэрийг компаниуд өөр хоорондоо дамжуулсан, дамжуулаагүй гэдэг асуудал яригдаж байгаа юм. Тэр НӨАТ-ын падаан нь хуурамч, үнэн гэсэн зүйл байхгүй юм. Мөн өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлээ татан авч хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр байсаар байтал дахин энэ асуудлаар хэрэг үүсгэж хянах нь үндэслэлгүй юм. ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХКомпани нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдуулан гаргасан  “Татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий гомдол /нэхэмжлэл/-ыг   гаргажээ. 

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол байх бөгөөд өөрөөр хэлбэл Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-нд шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрүүд нь эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх  зөрчлийн хэрэг, маргаан“-д хамаарах тул Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг буюу “өмнө нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр байхад “И” ХХК-ийн нэхэмжлэлийг дахин хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэх хүсэлт, тайлбарыг дээр дурьдсан  хуулийн үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ..., түүнчлэн  хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж ... байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаахаар заасан.  Гэтэл  Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарын шийтгэлийн хуудас нь гомдлоор үүсэх маргааны төрөл юм.  Иймд шүүх “И” ХХК-ний гаргасан гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэсэн болно.

1. Татварын хэлтсийн улсын байцаагч нар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0294607 дугаар шийтгэлийн хуудсаар  “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу ... “И” ХХКомпаний 2013 оны  татвар тайлагнах, ногдуулах асуудлыг шалгаад “2013 оны НӨАТ, худалдан авалт, прокурорын тогтоол зэрэг нотлох баримтаар  тогтоож, компанийн гаргасан  зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасныг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн: 1 дэх заалтаар “Холбогдогч “И” ХХК-ийн гаргасан зөрчилд нөхөн татвар, торгууль, хүү шийтгэлийг оногдуулж, 2 дахь заалтаар нийт 59 227 874 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгаж, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан Г.М, Д.Д нарын гарын үсэг зурагдаж, холбогдогч танилцсан тухай гарын үсэг зурагдаагүй байна. /ХХ-11 дүгээр хуудас/

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.М, Д.Д нар нь дээрхи шийдвэрийг гаргахдаа болон  холбогдох шалгалт хийсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 170294607 дугаар үйлдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ: “...  Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн шийдвэр болон Татварын хяналт, шалгалтыг  хийх 17180900106 дугаар томилолтын дагуу 2863133 регистрийн дугаартай “И” ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, НӨАТатварын падаанд хэсэгчилсэн шалгалт хийх, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл,  хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийсэн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “И” ХХК-ийн захирал Ч.Ц-ыг оролцуулж, түүнд Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн, гэрч оролцуулаагүй” гэж, ... мөн уг тэмдэглэлд ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар дурьдаж, ... “Идэр чандмань” ХХК-ийн гаргасан 454,548,000  төгрөгийн зөрчилд 45,454,800 төгрөгийн  нөхөн татвар, 6,136,363 төгрөгийн торгууль, 136,634 төгрөгийн хүү тооцож, нотлох баримтаар нотлогдож байгаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх боломжтой, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 74.1.3, 74.3 дахь заалтад заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй байх тул  Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, ажиллагааны явцад оролцогч “Идэр чандмань” ХХК-ийн захирал Ч.Ц нь зөрчил үйлдэгдсэн болон учруулсан хохирол нь Прокурорын тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ...” гэжээ. /ХХ-12,13 дүгээр хуудас/

2. Маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0294608 дугаар шийтгэлийн хуудсаар  “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу ... “Идэр чандмань” ХХКомпани 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд татварын үнэн зөв тайлагнах, НӨАТ, худалдан авалт, хасагдах асуудлыг шалгаад гаргасан зөрчил нь Татварын Ерөнхий хуулийн 74.1, 74.1.4, НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасныг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн: 1 дэх заалтаар Холбогдогч “Идэр чандмань” ХХК-ийн гаргасан зөрчилд 47, 168,180 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулж, 2 дахь заалтаар оногдуулсан  шийтгэлийн 47,168,180 төгрөг, хохирлын 47,168,180   төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгаж, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан Г.М, Д.Д нарын гарын үсэг зурагдаж, холбогдогч танилцсан тухай гарын үсэг зурагдаагүй байна. /ХХ-3 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.М, Д.Д нар нь дээрхи шийдвэрийг гаргахдаа болон  холбогдуулан шалгалт хийсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 170294608 дугаар үйлдсэн тэмдэглэлдээ: “... Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн шийдвэр болон Татварын хяналт, шалгалтыг  хийх 17181000115 дугаар томилолтын дагуу 2863133 регистрийн дугаартай “И” ХХК-ийн 2013 оны санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийсэн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “И” ХХК-ийн захирал Ч.Ц-ыг оролцуулж, түүнд Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн, гэрч оролцуулаагүй” гэж, ... мөн уг тэмдэглэлд ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар дурьдаж, ... “И” ХХК-ийн гаргасан 409,090,900  төгрөгийн зөрчилд 40,909,090 төгрөгийн  нөхөн татвар, 6,136,363 төгрөгийн торгууль, 122, 727 төгрөгийн хүү тооцож, нотлох баримтаар нотлогдож байгаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх боломжтой, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 74.1.3, 74.3 дахь заалтад заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй байх тул  Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, ажиллагааны явцад оролцогч “И” ХХК-ийн захирал Ч.Ц нь зөрчил үйлдсэн болон учруулсан хохирол нь Прокурорын тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ...” гэжээ. /ХХ-4, 5 дугаар хуудас/

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна. Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад  Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.М, Д.Д нар “И” ХХК-ийн 2013 оны татвар ногдолт, төлөлтийн байдалд хөндлөнгийн мэдээлэл, санхүүгийн баримтуудад хяналт шалгалт явуулж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0294607 дугаар шийтгэлийн хуудсаар “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу ... “И” ХХКомпаний 2013 оны  татвар тайлагнах, ногдуулах асуудлыг шалгаад “2013 оны НӨАТ, худалдан авалт, прокурорын тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоож, компанийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн: 1 дэх заалтаар “Холбогдогч “И” ХХК-ийн гаргасан зөрчилд нөхөн татвар, торгууль, хүү шийтгэлийг оногдуулж, 2 дахь заалтаар нийт 59 227 874 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгаж,

мөн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0294608 дугаар Шийтгэлийн хуудсаар “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу ... “И” ХХКомпани 2013.01.01-2013.12.31-ний хооронд татварын үнэн зөв тайлагнах, НӨАТ худалдан авалт, хасагдах асуудлыг шалгаад гаргасан зөрчил нь Татварын Ерөнхий хуулийн 74.1, 74.1.4, НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн: 1 дэх заалтаар Холбогдогч “И” ХХК-ийн гаргасан зөрчилд 47, 168,180 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, 2 дахь заалтаар оногдуулсан  шийтгэлийн 47,168,180 төгрөг, хохирлын 47,168,180  төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгаж, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаар тогтоол, хөндлөнгийн мэдээлэл, Захиргааны анхан шатны хэргийн шүүхийн 2018 оны шийдвэрийн дагуу уг компанийн 2013 он хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, анхан шатны баримт зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Тухайлбал, гомдол гаргагч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компанид бараа материал зарсан гэх хоёр нэр бүхий компаний үйлдлийг эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол  шийдүүлэхээр шийдсэн байхад Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нар нь татварын зөрчил гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, НӨАТ-ын тухай хуулийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийг үндэслэн 0294607, 0294608 тоот шийтгэлийн хуудас бичсэн байдлаас харахад “И” ХХК-д давхардуулан шийтгэл ногдуулсан байна гэж харж байна. Нөгөө талаар Татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийг ямар зөрчлөөрөө ямар хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн болох нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа үндэслэлийг тодорхой бичээгүйгээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, НӨАТ-ын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 11.19 гэх ерөнхий заалтууд үндэслэсэн байгаа нь илт хууль бус байна. Өмнөх шүүхийн шийдвэрт гаргасан алдаагаа залруулан зөвтгөөгүй, Мөн шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийг хэсэгчилсэн шалгалт явуулахдаа надад мэдэгдээгүй, эрх үүрэг ч тайлбарлаагүй мөртлөө намайг оролцуулснаар тэмдэглэлд бичсэн, тайлбар баримт гаргаж өгөх бололцоогоор хангуулаагүй ...” гэж тайлбарласнаас дүгнэвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан үндэслэлүүдийг дээрх нотлох баримтууд нь тодорхойлж чадахгүй байхад, мөн түүнчлэн нөхцөл байдлыг тодруулж холбогдох хяналт шалгалтыг зохих ёсоор буюу шалгуулагч этгээдэд мэдэгдээгүй, оролцуулаагүйгээр шийдвэрлэсэн атлаа зөрчил гаргасан тухай тэмдэглэлд түүнийг оролцуулсан эрх, үүрэг тайлбарлаж өгсөн мэтээр илэрхий алдаа гаргасан нь нотлогдсон,  татварын улсын байцаагч нар нь  “И” ХХК-ийн нөхөн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нар нь  Татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0284607 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсуудыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11 19 дүгээр зүйл “Татварын Ерөнхий хууль зөрчих” заалтыг бүхэлд нь үндэслэн шийдвэр гаргасан ба энэхүү  хуулийн заалтын аль заалтыг хуулийн этгээд хэрхэн зөрчсөн болохыг нарийвчлан тогтоож,  тодорхойлоогүй байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.1-д “илт утга агуулыг илэрхий алдаатай”, Хуулийн этгээд Татварын Ерөнхий хуулийг Зөрчлийн тухай хуулийн 11.19-д заасан заалтын чухам ямар зүйл, хэсгийг зөрчсөнийг үндэслэх, холбогдох хуулийн заалтыг  баримтлаагүй  учир Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан” ... хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх тохиолдолд хамаарч байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад татварын улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль ёсны гэж үзэхгүй тул илт хууль бусад тооцож  шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд, Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд “И” ХХК-ийн гомдолтой /нэхэмжлэл/ Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0284607 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-ийн 1, 4.15-ийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6,  дахь хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0284607 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 70200 төгрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН