Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1680

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01680

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж 18 дугаар байрны 31 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар Боржигон овогт Хатанбаатарын Энхзаяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2107554, Ами ХХКомпанид холбогдох

 

нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Х.Энхзаяа, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Яндаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Агиймаа нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Х.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Ами ХХКомпанийн барьцаалан зээлдэх төвөөс 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 4 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаатай, Мурано маркийн 37-67 УНК улсын дугаартай авто машинаа барьцаалан зээлсэн.Зээлийн хугацаанд уг зээлийн хүү гэж 2014 оны 10, 11, 12 дугаар сар, 2015 оны 1-4 сарын нийт 1 960 000 төгрөг төлсөн.Тухайн үед би жирэмсэн байж байгаад төрөөд нялх биетэй байхад мөнгөө төл гэж шаардаад авто машиныг зарлаа гээд хүүтэйгээ нийлээд 8 000 000 төгрөг болсон гэсэн.Миний машин 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2014 онд орж ирсэн, зах зээлийн үнэ 25 000 000 төгрөг байсан.Би гэрээний дагуу үндсэн зээлийн 4 000 000 төгрөг, зээлийн хүү 840 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 6 840 000 төгрөг төлөх бөгөөд үүнээс би зээлийн хүүд 280 000 х 7 = 1 960 000 төгрөг төлсөн.Би 3 сарын зээлийн хүүг төлсөн тул илүү төлсөн 1 120 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн 2 880 000 төгрөг дээр 1 440 000 төгрөгийг нэмж нийт 4 320 000 төгрөгийг төлж машинаа авах байсан.Уг машиныг 25 000 000 төгрөгөөр авсан тул зөрүү 20 680 000 төгрөгийн хохирол надад учраад байна.Иймд Ами ХХКомпаниас 20 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч Х.Энхзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Ами" ХХК-иас 4 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын хүү 280 000 төгрөг буюу 7 хувийн хүүтэй мөнгийг зээлэхдээ өөрийн эзэмшлийн 37-67 УНК улсын дугаартай Мурано маркийн машинаа зээлийн барьцаанд Д.Яндаг гэдэг хүний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьсан.Би Ами ХХК-иас зээл авсан боловч татвар төлдөг гэсэн тул хувь хүн рүү машинаа шилжүүлсэн.Би зээл авснаас хойш 3 сарын хугацааны болон 2015 оны 1, 2, 3, 4 сарын хүү нийт 7 сарын хүү төлсөн.Нийт 1 960 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Би үндсэн зээлээ төлж чадаагүй.Тухайн үед би жирэмсэн байсан. Машинаа зараад мөнгөө төлнө гэсэн боловч 2015 оны 10 дугаар сард “Ами” ХХК-иас миний машиныг ачаад явсан.Машин дотор миний 7 сарын хугацаанд төлж байсан хүү төлсөн баримт болон хүүхдийн суудал болон ахуйн хэрэглээний зүйлс байсан. Би 2015 оны 5 дугаар сард машинаа 25 000 000 төгрөгөөр орж ирсэн машин авч байсан.Ачиж явахдаа миний машины гупрыг хагалсан байх гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлт дээр элэгдэл хорогдол тооцож миний машиныг үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрсөн.Би машинаа 13 500 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байгаа.Энэ 13 500 000 төгрөгөөс миний төлөх ёстой 4 320 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9 180 000 төгрөгийг “Ами” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

             Хариуцагч Ами ХХКомпанийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Яндаг шүүхэд гаргасан тайлбартаа:Х.Энхзаяа 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр машиныг барьцаалж, өөрөө унаж явах нөхцөлтэйгөөр зээл авах санал тавьсан бөгөөд үүний дагуу Х.Энхзаяатай зээлийн гэрээ байгуулж, авто машинаа барьцаалж 4 000 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.Ингээд эхний 2-3 сар зээлийн хүүгээ төлж байгаад сүүлдээ араасаа хөөцөлдүүлж байж төлдөг болсон.Ингээд сүүлдээ Х.Энхзаяа олдохгүй, барьцааны машинаа ч олж чадахгүй болсон бөгөөд удаа дараа эрж сураглаж байгаад машиныг Эрдэнэтээс олж хотод авчирсан.Х.Энхзаяа үндсэн зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд Х.Энхзаяагийн утас холбогдохгүй, утсаа авахгүй болсон.Ингээд бид хуульд заасны дагуу худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангасан.Иймд 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй 2016 оны 1 дүгээр сарыг дуусталх 10 сарын хүүд 2 800 000 төгрөг, үндсэн зээлийн 4 000 000 төгрөг нийт 6 800 000 төгрөг, алдангид 3 400 000 төгрөг болж байна.Мөн машиныг өөрийн эзэмшилд авчирахад 2 333 000 төгрөгийн зардал гарсан тул нийт 12 533 000 төгрөгийн зээлийн гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан байна.Би Мурано маркийн авто машиныг 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн зах зээлийн ханшаар Да Хүрээ зах дээр худалдсан.Хэдийгээр Х.Энхзаяа тухайн үед машиныг 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхыг үгүйсгэхгүй ч уг машинаар хөдөлгөөнд оролцохдоо эвдэж гэмтээсэн, өнгө үзэмжийг дордуулсан байдаг ба машины элэгдэл хорогдол, зах зээлийн ханшийг баримтлах нь бизнесийн зарчим юм.Бидэнд ийм хэмжээний зардал гарсан байхад нэхэмжлэгч нь машины зөрүү нэхэмжилж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Яндаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Энхзаяа манай компаниас 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн барьцаанд өөрийн машинаа унаж явах нөхцөлтэйгээр миний нэр дээр Мурано маркийн 37-67 УНК улсын дугаартай авто машиныг шилжүүлсэн.Би “Ами” ХХК-ийн зээлийн мэргэжилтэн гэсэн албан тушаал эрхэлдэг.Х.Энхзаяа 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлийн хүүгээ хугацаандаа төлж байсан. Зээлийн гэрээний хугацаа зээлийн үлдэгдлийг дуусах хүртэл хүчин төгөлдөр юм.Зээлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан байгаа. Х.Энхзаяа 2015 оны 4 дүгээр сард зээлийн хүү төлөөгүй.Үүнээс хойш нэхэмжлэгч холбоо тасарсан тул бид 2015 оны 11 дүгээр сард Эрдэнэт хотоос хадам ээжийг нь байхад машиныг хураан авч Улаанбаатар хот руу ачуулсан.Үүнээс хойш Х.Энхзаяад хүүгээ төл гэж мэдэгдэж байсан.Х.Энхзаяа нэг бол Улаанбаатар хотод эсхүл Эрдэнэт хотод байна гэдэг байсан.Бид машиныг хурааж аваад грашид 4 сарын хугацаанд байлгаж байгаад Х.Энхзаяа энэ хугацаанд холбоогүй байсан тул 2016 оны 2 дугаар сард машиныг зах дээр аваачиж зах зээлийн ханшаар буюу 9 000 000 төгрөгөөр зарсан.Бид үндсэн зээл 4 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сарын дуустал 10 сарын хүү 2 800 000 төгрөгт алданги 0,5 хувь буюу хуульд зааснаар 50 хувиар 2 000 000 төгрөг дээр 1 400 000 төгрөгийн алданги бодож байгаа.Мөн Эрдэнэтээс Улаанбаатар хүртэл машин авчрах зардал, засвар, бид Эрдэнэт рүү 2 удаа очсон зардал 12 533 000 төгрөг гарсныг нэхэмжлээгүй байгаа, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяа хариуцагч Ами ХХКомпанид холбогдуулан барьцааны хөрөнгийн үнэ 20 680 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг 9 180 000 төгрөг болгон багасгаж байна.

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяа 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ами ХХКомпаниас 4 000 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын  24-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчдын хооронд барьцааны гэрээ хийгдээгүй боловч зээлдэгч Х.Энхзаяа зээлийн барьцаа болгож өөрийн эзэмшлийн Ниссан Мурано маркийн 37-67 УНК улсын дугаартай авто машиныг хариуцагч байгууллагын ажилтаны нэр дээр тухайн үед шилжүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Зээлдэгч Х.Энхзаяа зээлийн гэрээний дагуу зээлийн 3 сарын хүү 840 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд мөн 2015 оны 1, 2, 3 дугаар сарын зээлийн хүү гэж 840 000 төгрөгийг Ами ХХКомпанид төлсөн байна.

 

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг сунгагдсан гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байх боловч уг гэрээ сунгагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй учраас Х.Энхзаяагийн 2015 оны эхний 3 сард төлсөн 840 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь үндэстэй байна.

 

Иймд үндсэн зээлийн төлбөр 4 000 000 төгрөгөөс 840 000 төгрөгийг хасч үлдсэн 3 160 000 төгрөг нь үндсэн зээлийн үлдэгдэл болох бөгөөд талуудын гэрээгээр тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 1 580 000 төгрөгөөр тооцож нийт 4 740 000 төгрөгийн үүргийг Х.Энхзаяа Ами ХХКомпанид төлөх үндэстэй байна.

 

Хэдийгээр Х.Энхзаяа өөрийнхөө өмчлөлийн хөрөнгийг Ами ХХКомпаниас авсан зээлийн барьцаанд тооцож өгсөн гэдэгт маргахгүй байгаа боловч хариуцагч байгууллага нь уг авто машиныг өөрийнхөө ажилтаны эзэмшилд шилжүүлэн авсан нь хуульд нийцэхгүй байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь уг авто машиныг миний хөрөнгө гэж тайлбарлаж байгаа нь буруу байна.

 

Нөгөө талаар хариуцагч байгууллага нь Нисан Мурано маркийн 37-67 УНК улсын дугаартай авто машиныг хуульд зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй байж 9 000 000 төгрөгөөр зарсан гэх тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй байна.

 

Харин Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголд улсанд орж ирсэн Ниссан Мурано маркийн авто машиныг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ 13 500 000 төгрөгийг нэхэмжлэгч зөвшөөрч байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Ниссан Мурано маркийн машины үнэ 13 500 000 төгрөгөөс Х.Энхзаяагийн зээлийн үлдэгдэл төлбөр болон алдангийн 4 740 000 төгрөгийг хасч, үлдсэн  8 760 000 төгрөгөөр хариуцагч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч байгууллагаас  8 760 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 8 760 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 155 110 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ами ХХКомпаниас 8 760 000 /найман сая долоон зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан Х.Энхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 420 000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ами ХХКомпаниас 155 110  /нэг зуун тавин таван мянга нэг зуун арван/ төгрөгийг гаргуулан Х.Энхзаяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН