Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01379

Улаанбаатар хот

 

                       

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 18 дугаар  тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НП 66072761, Хотгойд овогт Чимэдийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Уран Дриллинг ХХКомпанийн байрны 1 давхарын 3 тоотод байрлах, регистрийн дугаар 5613094, Ханбаян ХХКомпанид холбогдох

 

Орон сууц худалдан авахаар өгсөн 18 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.Энхтуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 7 дугаар сард Ханбаян барилгын компанитай Багануур дүүрэгт 70 айлын орон сууцны захиалга авч барилга барина гэсний дагуу гэрээ байгуулан захиалга өгөөд 14 000 000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн.Гэтэл энэ компани уг барилгыг 2 дугаар давхарт хүргээд ямарч сураг чимээгүй болсон.Үүнээс хойш гомдол санал тавьж байсан боловч сүүлийн үед утсаа авахгүй сураг тасарсан тул өгсөн мөнгөө буцаан авахыг хүсэж байна.Би энэ байранд захиалга өгөхийн тулд банкнаас цалингийн зээл авч, сар бүр 550 000 төгрөг төлж байгаа тул банкинд төлсөн зээлийн хүү 4 400 000 төгрөгийг, байрны урьдчилгаанд өгсөн 14 000 000 төгрөгийн  хамт нийт 18 400 000 төгрөгийг Ханбаян ХХК-с нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ханбаян ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани өөрийн хөрөнгөөр Багануур дүүрэг дэх ШШГА-ны захиалгаар ажилтан, албан хаагчдад зориулж 40 айлын орон сууц барихаар 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус албатай гэрээ байгуулж, барилгын зураг төсвийн ажлыг 5 дугаар сард эхлүүлсэн ба барилга угсралтын ажлыг 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гүйцэтгэж эхэлсэн.Дээрхи барилгыг манай компани өөрийн хөрөнгө болон зээлийн эх үүсвэр, захиалагч нарын хувь хөрөнгөөр барьж байгуулахаар гэрээнд тусгасан ба 2015 оны 7 дугаар сарын 1-нд барилга угсралтын ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрсэн тул 13 албан хаагч гэрээ байгуулж, орон сууц захиалгын тодорхой 10-30 хувийг манай компанид төвлөрүүлсэн.Манай компани 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Голомт, Хаан, Төрийн банкнаас барилга угсралтад зориулж зээл олгохыг удаа дараа хүссэн боловч зээл авч чадаагүй тул барилга угсралтын ажил 50 хувьтай зогсолтод орсон.Гэтэл захиалагч Ч.Энхтуяа захиалгаар орон сууц бариулах гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөр болох мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан байна.Манай компани 40 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлд одоогийн байдлаар 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулснаас үүний дотор нэр бүхий 13 захиалагч нараас 92,5 сая төгрөгийг зарцуулсан.Одоо манай компани 2017 оны 4 дүгээр сараас эхлэн барилгын ажлаа гүйцэтгэхээр хөрөнгө санхүүгийн эх үүсвэр олох талаар хөөцөлдөж байгаа ба ямар ч байсан энэ  оны 9 сарын 1-ний өдөр гэхэд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.Хэрэв захиалагч Ч.Энхтуяа орон сууц захиалгаар бариулах гэрээгээг цуцлахыг хүсэж байгаа бол 2017 оны 9 дүгээр сарын 1-нд барилгаа улсын комисст хүлээлгэн өгч, борлуулалтын орлого орсны дараа урьдчилгаа төлбөрийг гэрээний 8 дугаар зүйлийн 4-т зааснаар төлөх болно гэжээ.

 

Хариуцагч Ханбаян ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд орон сууц захиалан барих гэрээ байгуулан 50,4 метр квадрат талбай бүхий 2 өрөө сууцны 1 метр квадратыг 850 000 төгрөгөөр тохирон урьдчилгаанд 14 000 000 төгрөг авсантай маргахгүй, орон сууц байрьж байх явцад санхүүгийн зогсонги байдлаас болж барилгыг барьж чадахгүй болсон.Бид 14 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.Харин 4 400 000 төгрөгийг төлөх үндэсгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхтуяа хариуцагч Ханбаян ХХКомпанид холбогдуулан орон сууц худалдан авахаар өгсөн 14 000 000 төгрөг, Хаан банкны зээлийн хүүнд төлсөн 4 400 000 төгрөг нийт 18 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Ч.Энхтуяа Ханбаян ХХКомпани нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын    3-ны өдөр захиалгаар орон сууц захилан бариулах гэрээ хийгдсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр Ханбаян ХХКомпани нь 50,4 метр квадрат талбайтай орон сууцыг барьж Ч.Энхтуяад шилжүүлэн өгөх, Ч.Энхтуяа нь уг орон сууцны үнэ 42 840 000 төгрөгийг Ханбаян ХХКомпанид төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон, энэхүү гэрээний дагуу Ч.Энхтуяа Ханбаян ХХКомпанид 14 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргахгүй байна.

 

 Гэрээнд зааснаар Ханбаян ХХКомпани уг орон сууцны барилгыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан Ч.Энхтуяад хүлээлгэн өгөх үүрэг хүлээж тохиролцсон боловч уг барилгын ажил явагдахгүй байгаагийн  улмаас Ч.Энхтуяа гэрээнээс татгалзаж, урьчилгаанд өгсөн мөнгөө буцаан авахаар шаардаж байна.                      

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Ч.Энхтуяа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч Ханбаян ХХКомпаниас  гэрээний гүйцэтгэлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Талууд Ч.Энхтуяагийн дээрх хэцлийн дагуу Ханбаян ХХКомпанид өгсөн мөнгөний дүнгийн талаар маргахгүй  байх боловч мөн энэхүү хэлцлийн улмаар учирсан хохирол шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Өөрөөр хэлбэл Ч.Энхтуяа нь энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхийн тулд Хаан банкнаас 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 14 000 000 төгрөгийг зээлж, Ханбаян ХХКомпанид өгсөн тул зээлийн хүүгийн төлбөр 4 400 000 төгрөгийг Ханбаян ХХКомпаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Энэхүү Ч.Энхтуяагийн Хаан банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг Ханбаян ХХКомпани хариуцан төлөх үүрэггүй байх бөгөөд Ч.Энхтуяагийн зээлийн хүүгийн төлбөрт төлсөн мөнгийг талуудын хооронд хийгдсэн захиалгаар орон сууц бариулах гэрээнээс үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүхэд Ханбаян ХХКомпанийг төлөөлж Г.Чулуунбаатар тайлбар өгч, мөн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлсэн байгааг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч Ханбаян ХХКомпанийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн 000038548 дугаартай гэрчилгээнд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чулуунбаатар овогтой Сүхболдыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх байх боловч Ч.Сүхболдыг гадаад улсад амьдрахаар явсан, хэзээ ирэхийг мэдэхгүй гэж тайлбарлаж байна.

 

Ханбаян ХХКомпани нэг гишүүнтэй байх ба компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Г.Чулуунбаатар гэж бичигдсэн байх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Ханбаян ХХКомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн тухай мэдээлэл хийгдээгүй байна.

 

Мөн Ч.Энхтуяагийн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ханбаян ХХКомпанитай байгуулсан гэрээг Г.Чулуунбаатар баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Энхтуяа гэрээг Н.Чулуунбаатартай хийсэн, үүнээс хойш ч Г.Чулуунбаатартай харьцаж байсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 249 712 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ханбаян ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжийн 227 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Ханбаян ХХКомпаниас 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан Чимэдийн Энхтуяад олгож, үлдсэн 4 400 000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 712  төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ханбаян ХХКомпаниас 227 950 /хоёр зуун хорин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ч.Энхтуяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчидшийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН