| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0212/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/218 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Давааням /ШТЭД-2693/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бад холбогдох эрүүгийн 2103 00021 0032 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
... овогт Лгийн Б /РД:УП95021630/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 18 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан Овооны зам, Их Улиастай хүнсний дэлгүүрийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Тоёота витз” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Лхагвыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Л.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх5-14/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Л овогтой Б-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.89% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /1хх15/,
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...18:00:12 цагт явган зорчигч Э.... нь зорчих хэсгээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гүйж гарах ба энэ үед хоёр автомашин хоорондоо зөрж өнгөрч байгаа нь бичлэгт харагдаж байна. 18:00:13 цагт хөх өнгийн суудлын автомашинд явган зорчигч Э.Лхагвыг мөргөж байгаа нь бичлэгт харагдаж байна. Энэ үед автомашины хойд талын тоормосны гэрэл асаж байгаа нь мөн харагдаж байна...” гэжээ. /1хх27-32/,
4. Хохирогч Э.Лхагвын “...Би 2021 01 дүгээр сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тэгээд манай гэрийн замын эсрэг талд байрлах хүнсний дэлгүүр ороод гэртээ хүнсний зүйл худалдаж аваад дэлгүүрээс гараад гэр лүүгээ явах гээд машин зам хөдлөн гарах гээд доороос машин ирж байгаа эсэхийг харахад машин байхгүй байсан. Тэгээд дээрээс машин ирж байгаа эсэхийг харахад нэг машин ирж байсан учир тэр машиныг өнгөрөөгөөд зам хөдлөн гарч байтал миний баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөсөн... Жолооч Б миний эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 2.200.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Одоо надад жолооч Бад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх44-45/,
5. Иргэний нэхэмжлэгч О.Чын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад 18 цаг 30 минутын орчим миний утас руу замын цагдаагаас залгаад ...дугаартай машины жолооч мөн үү гэж асуусан. Би цагдаад манай төрсөн дүү Б машиныг унаж байгаа гэж хэлсэн тэгсэн цагдаагаас ...дугаартай машин хүн мөргөөд хүнээ машиндаа суулгаад явсан гэсэн... Төрийн банкны нэр дээр би лизингээр худалдаж явсан. Ер нь бол миний эзэмшлийн автомашин. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх50-51/,
6. Гэрч Ц.Эын “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны 13 цагийн орчим хамт ажилладаг Шонх, Шонхын эхнэр, Б бид 4 манай гэрт 3 том үнээ /1.5 литрийн пиво/ хувааж уусан. Тэгээд бид нар пиво ууж дуусаад Б бид хоёр дэлгүүр орж дахиад пиво авах гээд 17 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Тэр үед манай гэрийн үүдэнд Бын дүү Ариунболд ирсэн байсан. Тэгээд Бөхөө, Ариунболд бид 3 хамт Бөхөөгийн машинд суугаад дэлгүүр явсан. Тухайн үед Бөхбаяр машин жолоодоод би Бөхөөгийн хажууд машины урд суусан... Манай гэрийн гаднаас хөдлөөд Алтан овоо явдаг замаар ороод Бадамжунайгийн гүүр дөнгөж гараад явж байтал зүүн гар талаас нэг хүн машин зам хөндлөн гарч байсныг манай машин мөргөсөн... Тэгээд бид нар тэр эмэгтэй хүнийг өргөөд Бөхөөгийн машины хойд талд суудал дээр хэвтүүлсэн... Жолооч цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1хх75-76/,
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 625 дугаар “...Э.Лхагвын биед зүүн сүүжний тогоо ацетабулын өмнөд эвэрт зөрүүгүй, ууцны 1-р нугалмын нумны зөрүүгүй, баруун талд умдаг ясны дээд салаа, бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал. Зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, зүүн бугалга, гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн бугалга, гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун мөр, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх83-85/,
8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...Тоёота витз” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.4 ‘Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...Явган зорчигч Э.... нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: “а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн магадалгаа /1хх142-143/,
9. Шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн “...найз Эын гэрт Дэлгэрхаан, Цолмон нарын хамт 3 том пиво хувааж ууцгаасан... гүүр өнгөрөөд явж байтал миний өөдөөс нэг машин ирж явсан. Тэгээд тэр машинтай зөрж өнгөрөх үед миний зүүн гар талаас нэг явган зорчигч баруун тийшээ зам хөндлөн гарч байсан. Тэгээд би машиныхаа тоормосыг гишгээд зогсож амжилгүй машинаараа дайрсан...мөргүүлсэн эмэгтэйг өргөөд машиныхаа хойд суудал дээр оруулаад хэвтүүлсэн. Тэгээд би шууд тэр эмэгтэйг эмнэлэг рүү авч явъя гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх156/,
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Л.Б:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Хэрэгт авагдсан, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Б /жолоодох эрх 2020.03.06-нд авсан/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу амьсгал дахь спиртийн хэмжээ 0.89%-ийн согтолттой үедээ /хх15/ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны зам, Их улиастай хүнсний дэлгүүрийн урд замд “Тоёота Витз” ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч хохирогч Э.Лхагвыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэмжилтийн бүдүүвч, хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.Эын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогч Э.Лхагвын эрүүл мэндэд “...зүүн сүүжний тогоо ацетабулын өмнөд эвэрт зөрүүгүй, ууцны 1-р нугалмын нумны зөрүүгүй, баруун талд умдаг ясны дээд салаа, бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал. Зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, зүүн бугалга, гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн бугалга, гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун мөр, баруун, зүүн сарвуунд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 625 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч магадалгаа гаргасан байх бөгөөд түүнд “...Тоёота витз” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.4 ‘Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...Явган зорчигч Э.... нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: “а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй...” гэж тодорхойлжээ.
Шүүхээс магадалгаа нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнийг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Мөн шүүгдэгчийн зам тээврийн осол гаргасны жолоочийн хувьд биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зарим зөрчлүүд нь осол гарахад нөлөөлсөн шалтгаан бус боловч улсын яллагчаас зөрчил тус бүрийг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 2.200.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Л.Б нь болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Л.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний 1335076 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний 1335076 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР