Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1884

 

 

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр байрны 37 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ 66090432, Огсом Жаргал овогт Даваагийн Дашгомбын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УХ 68012603, Цагаан Хөмсөгт овогт Хорлоогийн Үржинчимэг,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЙ 68050971, Адуучин овогт Жамсранжавын Дүүрэнжаргал нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн 225 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай,

 

Д.Дашгомбо Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын хооронд хийгдсэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Дашгомбо, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, Н.Номин-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Номуун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов. 

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Дашгомбо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.Х.Үржинчимэгийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээг 2 удаа сунгасан ба зээлийн хүүнд 94 500 000 төгрөгийг хариуцагчаас авсан, гэрээнд заасны дагуу алдангид 7 200 000 төгрөгийг цувуулж авсан.Хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нараас үндсэн зээлийн төлбөр 150 000 000 төгрөг, алдангид 75 000 000 төгрөг нийт 225 000 000 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасны дагуу 4 өрөө орон сууц болон авто машины зогсоолыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дашгомбо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2013 оны 8 сард Х.Үржинчимэг, Ш.Дүүрэнжаргал нартай тохиролцож 150 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ тэдний хүсэлтээр 2 удаа зээлийн гэрээг сунгасан байгаа.Хариуцагч нар надад 94 500 000 төгрөгийн зээлийн хүү төлсөн, хэтэрсэн хугацааны 7 200 000 төгрөгийг төлсөн.Одоо үндсэн зээлийн 150 000 000 төгрөгийг, хуульд заасны дагуу 75 000 000 төгрөгийн алдангаас 7 200 000 төгрөгийг хасч 67 800 000 төгрөгийн хамт нийт 217 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна, мөн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө-2  хотхоны 21 дүгээр байрны 100 тоотод байршилтай орон сууц, уг хотхоны 22 дугаар байрны 91 тоотод байршилтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:Х.Үржинчимэг, Ш.Дүүрэнжаргал нар Д.Дашгомбоос 150 000 000 төгрөг 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.Хариуцагч нар зээлсэн 150 000 000 төгрөгөөс буюу үндсэн зээлээс 101 700 000 төгрөгийг төлсөн, бид үлдэгдэл 48 300 000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлага нь 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан, эхний гэрээ нь хуулийн шаардлага хангасан байна, сүүлд байгуулагдсан 2 гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд алдаатай байна.Учир нь 150 000 000 төгрөгийг дахин өгсөн мэт байгаа боловч энэ мөнгийг өгөөгүй байдаг ба энэ гэрээг зээлийн гэрээний сунгалт гэж тайлбарлаж байх боловч шаардлага хангахгүй байна.Энэ гэрээнүүд нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.Хэргийн 21-32 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга авагдсан байдаг бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Батсайхан, Ичинхорлоо, Дашдондог гэх хүмүүст мөнө зээлж байсан ба нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь харагдаж байна.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг тул энэхүү хуулийн зөрчиж байна.Иймд зээлийн гэрэээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан 48 700 000 төгрөг төлөх зөвшөөрлийг дэмжиж байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нар Д.Дашгомботой байгуулсан зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөг авсан бөгөөд нийтдээ 101 700 000 төгрөгийг буцааж төлсөн байна. Хариуцагч нар зээлж авсан мөнгийг буцааж төлөх ёстой болох нь тодорхой боловч шүүхийн үндэстэй шийдвэр гарсан нөхцөлд хүндэтгэн биелүүлэх болно.Нөгөө талаар нэхэмжлэгч талаас бүрдүүлж өгсөн баримтаас үзвэл Д.Дашгомбо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр  зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзэхээр бахй тул талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй байна.Иймд Д.Дашгомбын Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэв.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Дашгомбо шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би хариуцагч нартай харилцан тохиролцож 150 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба Иргэний хууль болон бусад хуульд нийцүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.Бидний хооронд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн, хуулийн этгээд болон банк бус санхүүгийн байгууллага болон иргэдийн  хооронд зээлийн харилцаа үүсээгүй.Иргэн хүний хувьд бусадтай зээлийн гэрээ байгуулахыг хуулиар тусгайлан хориглоогүйг хариуцагч нар, тэдний төлөөлөгч нар мэдэж байгаа.Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулахдаа хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн, эсхүл хууль зөрчсөн нөхцөлд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухайг хуульд заасан байдаг ба хуульд заасан үндэслэл бидний хооронд байгуулсан гэрээнд огт байхгүй бөгөөд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд талуудын эрх ашиг хөндөгдөөгүй, гэрээнд оролцогч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж зээлийн хүү болон хугацааг тодорхой заасан тул Иргэний хуулийг зөрчөөгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашгомбо хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарт  холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг нийт 225 000 000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр алдангид 67 800 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас нийт 217 800 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч Д.Дашгомбо 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Х.Үржинчимэгт 150 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцлийг тохирч зээлдүүлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

Д.Дашгомбо нь 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 21 дүгээр байрны 100 тоотод байршилтай, 113,7 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууцыг болон Х.Үржинчимэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 22 дугаар байрны 91 тоотод байшилтай, 18 метр квадрат зогсоолыг тус тус барьцаалсан байна.

Дээрх Х.Үржинчимэгтэй байгуулсан зээлийн гэрээг 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл 3 сараар, мөн 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тус тус сунгаж гэрээ хийсэн байх бөгөөд энэхүү сунгалтын гэрээнүүдэд Ж.Дүүрэнжаргал оролцож гарын үсэг зурснаар түүнд зээл төлөх үүрэг үүсэхгүй юм.

Харин Д.Дашгомбо 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Х.Үржинчимэгтэй тохиролцож зээлийн гэрээг түүнтэй байгуулсан байх тул энэхүү үүргийн гүйцэтгэлийг зөвхөн Х.Үржинчимэгээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Х.Үржинчимэг нь Д.Дашгомбоос 150 000 000 төгрөгийг зээлж авсан, мөн нэхэмжлэгчид эргүүлэн 101 700 000 төгрөгийг төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд дээрх 101 700 000 төгрөгөөс 94 500 000 төгрөгийг зээлийн хүүд 7 200 000 төгрөгийг алдангид тооцож авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу Х.Үржинчимэг нь тухайн үедээ 150 000 000 төгрөгийг тодорхой нөхцөл тохирч Д.Дашгомбоос зээлж аваад тодорхой хугацаанд ашигласан атлаа одоо зөвхөн үндсэн зээлийн дүнг  төлнө, зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь буруу байх бөгөөд талууд тохиролцож зээлийн гэрээг 2 удаа сунгасан хугацааны зээлийн хүүг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд хариуцагч Х.Үржинчимэгээс үндсэн зээлийн 150 000 000 төгрөгийг, алдангийн 67 800 000 төгрөгийн хамт гаргуулан Д.Дашгомбод олгож, нэхэмжлэгчийн Ж.Дүүрэнжаргалаас зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Д.Дашгомбын Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан барьцааны гэрээнүүд нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлд нийцэж байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иймд Д.Дашгомбын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байх тул барьцаа хөрөнгө болох Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 21 дүгээр байрны 100 тоотод байршилтай, 113,7 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууц болон Х.Үржинчимэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 22 дугаар байрны 91 тоотод байшилтай, 18 метр квадрат авто машины зогсоолыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Хариуцагч тал Д.Дашгомбо зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэргийн 21-32 дугаар талд авагдсан баримтуудаас харагдаж байх боловч зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа атлаа тусгай зөвшөөрөлгүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нөхцөлд хамаарч байх тул Д.Дашгомбын Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан байх боловч хэрэгт авагдсан Г.Амгалан, Д.Дашгомбо нарын эзэмшлийн Хаан банкны 5753026822 тоот дансны хуулгын баримтаар Д.Дашгомбыг зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байна гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба Санхүүгийн зохицуулах хорооноос иргэнд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодоггүй гэх тайлбарыг шүүхэд  ирүүлсэн байна.

Зохигчид  зээлийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг бөгөөд талуудын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээ нь агуулгын хувьд хуульд харшлаагүй хэлцэл байна.

Нөгөө талаар гэрээний чөлөөт байдлын дагуу зээлдэгч тал тухайн үед нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг тодруулах эрхтэй байсан байна.

Мөн Ж.Дүүрэнжаргал нь Д.Дашгомбо Х.Үржинчимэг нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний оролцогч тал биш байна.

Иймд Д.Дашгомбо Х.Үржинчимэг нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д.Дашгомбо шүүхэд хандаж хоёр шаардлага гаргасан боловч зөвхөн зээлийн гэрээний үүргийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 832 950 төгрөгийг төлөөгүй байгааг нөхөн төлүүлж, хариуцагч Х.Үржинчимэгээс 217 800 000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж  болох 1 246 950 төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 832 950 төгрөгийг хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч нарын сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 908 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д  заасныг баримтлан  Хорлоогийн Үржинчимэгээс 217 800 000 /хоёр зуун арван долоон сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан Даваагийн Дашгомбод олгож, Жамсранжавын Дүүрэнжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Д.Дашгомбын Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр буст тооцох тухай Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын өмчлөлийн  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 21 дүгээр байрны 100 тоотод байршилтай, 113,7 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууц болон Х.Үржинчимэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос-Өргөө 2 хотхоны /16030/ 22 дугаар байрны 91 тоотод байшилтай, 18 метр квадрат авто машины зогсоолыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Дашгомбоос 832 950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Х.Үржинчимэгээс 1 246 950 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг, Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нараас 832 950 /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/   төгрөгийг тус тус гаргуулан Д.Дашгомбод олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.ДОРЖНАМЖИН