| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/262 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Жөд холбогдох эрүүгийн 2108 00135 0125 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суудаг, урьд
2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 02 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Б овогт Цын Ж /РД:............/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ...... тоотод Б.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж, 5 литрийн газны саваар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд “хамарт хаван, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зулайн хуйханд цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Цагдаагийн хэлтсийн дуудлага хүлээн авсан тухай лавлагааны хуудас /хх4/, хохирогч Б.Эын мэдүүлэг /хх20/, гэрч Д.Оюундарийн мэдүүлэг /хх24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 546 дугаар дүгнэлт /хх26-27/, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээний баримт /хх28, 84, 87-89/, шүүгдэгч Ц.Жийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44-45/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ц.Жийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Цагдаагийн хэлтсийн дуудлага хүлээн авсан тухай лавлагааны хуудас /хх4/,
2. Хохирогч Б.Эын “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай ээжийн буяны ажил болоод эхнэр бид хоёр аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ...... тоотод ирчихсэн байсан. Тэгээд хүмүүс хоол унд хийсэн сав суулгаа авч байсан бөгөөд манай хамаатны Ж төмпөн саваа авах гээд аавынд ирсэн. Тэгээд би түүний савыг өгөх гээд гал тогоонд угаагаад зогсож байхад Ж “чи надтай яаж харьцаад байгаа юм бэ” гээд хэрүүл хийгээд байхаар нь би чамтай яаж харьцсан юм бэ гээд хэлэхэд шууд миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь би зөрүүлээд бас харилцан хоёр удаа толгой руу нь цохисон. Тэгээд бид хоёр маргалдаж байхад Ж ардаа байсан 5 литрийн газын саваар толгой руу цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд манай эхнэр Жтэй маргалдсан зогсож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх20/,
3. Гэрч Д.Оюундарийн “...Ж гал тогооны өрөөнд ороод манай нөхрийг үг хэлээр доромжилж байгаад гараараа нүүр рүү нь цохиод авахад манай нөхөр зөрүүлээд Жийг цохиод гэрээсээ гарах гэсэн. Тэгээд манай нөхөр Ж хоёр хаалганы хажууд очиход Ж газын 5 литрийн баллоны саваар манай нөхрийн толгой руу цохиод би дундуур нь ороод салгасан. Манай нөхөр тэр дариудаа толгой нь эргээд газар ухаан алдаж унасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх24/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 546 дугаар “...Б.Эын биед хамарт хаван, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зулайн хуйханд цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх26-27/,
5. Хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээний баримтууд /хх28/, 84, 87-89/,
6. Шүүгдэгч Ц.Жийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би Эад хандан “хаалга үүдээ нээхгүй удаад байх юм” гэхэд өөдөөс хэг ёг гээд “яасан чи яах гэж ирсэн юм бэ” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад бид хоёр заамдалцаад авахад Э эхлээд миний толгой руу тогооны жигнүүрээр цохиод авахад би зөрүүлээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиход миний хөлд газын жижиг баллон тээгэлдэхээр нь би аваад Эын толгой руу буюу ар дагз хэсэг рүү нэг удаа цохиход доошоо суугаад унасан. Тэгтэл эхнэр нь бид хоёрын дундуур ороод цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх44-45/.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц.Ж.
Шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтаас шүүгдэгч Ц.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ...... тоотод хохирогч Б.Эыг “өөдөөс хэг ёг хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойн тус газар нь 5 литрийн газын баллоноор цохиж, зодсон болох нь хохирогч Б.Эын мэдүүлэг, гэрч Д.Оюундарийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Жийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд “хамарт хаван, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зулайн хуйханд цус хуралт, шалбаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 546 дугаартай гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 480.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно. Шүүгдэгч Ц.Ж нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жөд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР