| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0292/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/296 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эад холбогдох эрүүгийн 2108 00000 0253 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
О овогт Нн Э /РД:......./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................-д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хавсарч унагааж, хөлөөрөө толгой, баруун хацар руу нь өшиглөж биед нь баруун доод зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э.Цгийн мэдүүлэг /хх6-9/, гэрч Н.Агийн мэдүүлэг /хх13/, гэрч Н.Энхтөрийн мэдүүлэг /хх15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1597 дугаар дүгнэлт /хх20-21/, шүүгдэгч Н.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх49/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Н.Эыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Э.Цгийн “...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, уулын 4 дүгээр гудамжны худгаас ус аваад явж байтал манай гэрийн тэр хавьд амьдардаг Э, Төрөө, Ака гурав халамцуу тааралдаад ахын дүү нэг шил юм аваад өгөөч гэж хэлэхээр нь дэлгүүр орж 0.5 литрийн Хараа нэртэй архинаас нэг шилийг авч өгтөл Уулын 6 дугаар гудамж орж ууя гэсэн юм. Тэгээд бид дөрөв уулын 6 дугаар гудамжинд архиа задлаад ууж байтал гэнэт Э ах над руу агсарч би чамайг ална гэж хэлэхээр нь та яагаад юм бэ гэхэд над дээр хүрч ирээд намайг барьж аваад баруун хөлөөрөө зүүн хөл рүү маань хавсарч унагаагаад дээрээс баруун хөлөөрөө миний баруун хацар руу хоёр удаа өшиглөсөн. Мөн толгой руу 3-4 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх6/,
“...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн зовуурь гэмтэл шарх байхгүй. Бүрэн эдгэрсэн. ...Н.Эаас эмчилгээний зардалд 200.000 төгрөг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх9/,
2. Гэрч Н.Агийн “...Ц агсарч над руу элдвээр хэлээд байтал манай найз Э намайг өмөөрч Ц рүү уурлаж маргалдсан. Тэгтэл Ц Эын өөдөөс томорч хэрүүл хийж байгаад Эын нүүр рүү хальт цохиод автал Э уурлаад зөрүүлээд Цгийн нүүр рүү нэг удаа цохиж газар унагааж байгаад нүүр рүү нь нэг удаа өшиглөхөөр нь Энхтөр бид хоёр хажуугаас нь салгаж Эыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг/хх13/,
3. Гэрч Н.Энхтөрийн “...Э Аг өмөөрч Ц рүү уурлатал Ц өөдөөс нь хэрүүл хийж томроод Эын нүүр рүү хальт цохиод автал Э уурлаж зөрүүлээд Цгийн нүүр рүү нэг удаа цохиж, хавсарч унагааж байгаад нүүр рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн хажуугаас манай найзууд болох А, Энхтөр хоёр намайг салгаж аваад хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1597 дугаар “...Э.Цгийн биед баруун доод зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх20-21/,
5. Шүүгдэгч Н.Эын яллагдагчаар өгсөн “...Ц А руу агсарч дээрэлхэх шинжтэй байхаар нь Аг өмөөрч Ц рүү уурлаж хэдэн үг хэлтэл, өөдөөс хэрүүл хийж хараалын үг хэлэхээр нь уур хүрээд чи яг яах гээд байгаа юм бэ гэхэд нүүр рүү гараараа хальт цохиод авахаар нь уур хүрээд зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа баруун гараараа цохиж газар унагааж байгаад нүүр рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн чинь хажуугаас манай найзууд болох А, Энхтөр хоёр намайг салгаж аваад хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх48-49/.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.Э.
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................-д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Цтэй маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хавсарч унагаан нүүрэн хэсэгт нь өшиглөсөн болох нь дээр дурдсан хохирогч Э.Цгийн мэдүүлэг, гэрч Н.Агийн мэдүүлэг, гэрч Н.Энхтөрийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Эын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд “...баруун доод зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1597 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад учруулсан хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нэргүйн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР