| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0262/Э/001/2021/0505 |
| Дугаар | 2021/ШЦТ/351 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч М.Амарзаяа,
иргэдийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ /ШТЭД-3238/, Г.Ганбаяр /ШТЭД-2467/,
гэрч
шинжээч Ц.Бадрал /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лд холбогдох эрүүгийн 2009 00000 1401 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар 28-ны өдөр .............. дүүргийн ............. дугаар хороо, ............. дугаар гудамжны ............... тоотод Н.Лтай маргалдаж хэвлий рүү нь 2 удаа өшиглөж алсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас:/давхцаагүй байдлаар/ шүүгдэгч Лгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх22-24/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол /хх34/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх35/, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж /хх40-41/, яаралтай түргэн тусламжид үзүүлсэн хуудас /хх82/, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ /хх111-112/, гэрч А.Сарантуяагийн мэдүүлэг /хх61/, гэрч Н.Насанбуянгийн мэдүүлэг /хх63/, гэрч Л.Бын мэдүүлэг /хх64-65/, гэрч Л.Даваасүхийн мэдүүлэг /хх66-67/, шүүгдэгч Г.Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх113-116/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх121-145, 157-159/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлын талаарх баримтууд, хуралдаанд шинээр гаргаж өгсөн 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Г.Лгийн гэрчээр өгсөн /өмгөөлөгч П.Гансүх оролцуулан авсан хх22-24/, мөн яллагдагчаар өгсөн /өмгөөлөгч Б.Зулбаяр оролцсон, хх114/ мэдүүлгүүдийг оролцогчийн эрхийг зөрчсөн, гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй байхад дараа нь өмгөөлөгчөөр нөхөн гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан, мөн шүүгдэгч нь Б.Зулбаяр гэдэг өмгөөлөгчтэй гэрээ байгуулаагүй тул яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй байх, хасуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Г.Лгээс мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч П.Гансүх, Б.Зулбаяр /ШТЭД-1979/ нар оролцсон, тухайн өмгөөлөгч нар нь энэ талаар баталгаажуулан гарын үсгээ зурсан, шүүгдэгчийн хувьд бүрэн дунд боловсролтой байх тул оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн өмгөөлөгч нарын нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг хүлээн аваагүй болно. Мөн энэхүү гэрч болон яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүдийг улсын яллагч яллах талын нотлох баримт болгон шинжлэн судлаагүй болохыг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч Г.Лг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Н.Л гэх хүн нас барсан...” гэсэн тэмдэглэл /хх3/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-8, 52-54/,
3. Гэрч Б.Бын “...Манай нөхөр болох Лгийн төрсөн ах Н.Л нь .............................................................. тоот манай хашаанд өөрийн гэрээ барин амьдарч байсан юм. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...14 цаг 30 минутын орчим ахиад Л рүү утсаар залгахад Л нь Л ах нэг өвгөнтийн архичин дагуулж манайд орж ирээд архи уучихлаа, энэ хоёр тасарчихсан байна. Л ах зуухны хажуугаар урагшаа хараад тасарчихсан байна. Нөгөө өвгөнтийн архичин нь бас зуухны хажуугаар тасарчихсан унтаж байна гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би ахиад Лгийн утас руу нь залгаад “чи юу болов оо нөгөөдүүлээ гаргав уу чи, гэр оронд яаж гэж хүн цуглуулаад байгаа юм, ядаж наад өвгөнтийн хүнээ гаргалдаа” гэж хэлсэн. Тэгтэл Л нь утсаа салгалгүй ярьсан чигээрээ цаашаа Л ахтай хэрэлдээд байх шиг байсан. Манай нөхөр Л ахад “чи муу надаар тэжээлгэж байгаа байж үр хүүхдүүд дээрээ очооч” гээд хэрэлдээд байсан. Цаанаас бас юм дугараад тэр нь надад сонсогдоод байсан. Тэгээд би утсаа тасалсан. Тэгээд байж байснаа Л нь миний гар утас руу залгаад “нөгөө өвгөнтийн архичныг нь хөөгөөд гаргачихлаа, Лодой ах миний өөдөөс хэрэлдээд байхаар нь өшиглөөд хөөгөөд гаргачихлаа” гэж надад хэлсэн. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд Л нь манай гэрийн гадаа хаяанд унтаж байсан, харин манай нөхөр гэртээ унтаж байсан. Л ах намайг ирж байгааг харчхаад яасан орой ирдэг гичий вэ гээд над руу давшлаад байсан тэгэхээр нь би юм дугаралгүй гэртээ ороод хаалгаа түгжсэн. Тэрний дараа ... чимээгүй болчихсон тэгээд би гэрээс гараад харахад гэрийн гадаа хурхирсан байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь сэрээлгүй нэг хэсэг орхисон. ...1 цагийн дараа гарч харахад гэрийн гаднаас явсан байсан, гэртээ орсон юм болов уу гээд орж харахад Л нь гэртээ үстэй дээл нөмөрчихсөн унтаж байгаа харагдсан. ...2020 оны 10 дугаар сарын 29-ний ...Би орой гэртээ ирэхэд Л нь гэртээ хэвтрийн байдалтай, ёолоод хэвтэж байсан. Би тухайн үед архиндаа л ингэж байгаа юм байлгүй гээд өөрийнхөө гэр рүү орсон. Тэгээд нүүрс авах гээд гарахад Л ах ёолоод байгаа нь гэрийн гаднаас сонсогдоод байсан тэгэхээр нь би гэр рүү яваад ороход Л ах надад “түргэн дуудаад өгөөч ээ, миний шээс гарахгүй болчхоод байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн утсаар 103 дугаар руу ярьж дуудлага өгөх гэсэн боловч миний утас 103 дугаар руу залгагдахгүй байсан тэгэхээр нь би нөхөр Л рүү залгаад учир байдлыг хэлээд чи өөрийнхөө утаснаас гэрийн хаягаа хэлээд түргэн дуудаарай Л ахын бие муу байна аа, шээс нь хаагдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 15-20 орчим минутын дараа байх түргэний автомашин ирээд түргэний эмч нь Л ахыг үзээд катетар гэх зүйлийг тавьж шээсийг нь гаргасан. Тэгээд Л ахыг эмнэлэгт аваачих шаардлагатай гээд аваад явсан. Тэгэхэд бараг 20 цаг нэлээн өнгөрсөн байсан байх. Тэгээд тэр өдрийнхөө шөнө нь над руу цагдаагаас яриад Л ахыг нас барсан талаар хэлсэн...би өөрийн ......... гэсэн утасны дугаараас Лгийн .................. гэсэн утас руу ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-27/,
4. Гэрч Б./Улсын төв 1-р эмнэлгийн яаралтай тусламжийн эмч/ “...2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цаг 10 минутад манай эмнэлэгт нийслэлийн түргэн тусламжийн автомашинаар Намсрайн Л гэх хүн хүргэгдэн ирсэн. Тухайн хүн анх ирэхдээ хэвтрийн байрлалтай, хэвлийгээр хүчтэй өвдөлттэй, бөөлжүүлж, амьсгаадна гэсэн зовуурьтай ирсэн. Уг өвчтөнд уян зүү тавьж, өвчин намдаах кетанол, ношпа тариаг судсаар тарьж, хүчил төрөгч эмчилгээ эхлүүлэн, шаардлагатай шинжилгээнүүдийг төлөвлөн бүрдүүлсэн. Анх уг өвчтөн ирэхдээ орчиндоо харьцаатай, надтай биеийн зовуурийн талаар өөрөө цөөн үгээр хариулж байсан боловч биеийн ерөнхий байдал маш хүнд байсан. Өвчтөнийг орон дээр хэвтүүлэн кардио мониторт холбож амин үзүүлэлтийг хянаж байсан боловч 22 цаг 30 минутад өвчтөний биеийн байдал гэнэт хүндэрч амьсгал, зүрх гэнэт зогссон. Амилуулах лавшруулсан тусламжийг үзүүлж байсан боловч өвчтөний амьсгал, зүрх сэрэхгүй байсаар 23 цаг 10 минутад өвчтөн нас барсан... Түүнд ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх18-19/,
5. Гэрч Ж./дуудлагын их эмч/ “...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд .............................................................. тоотод Н.Л гэдэг хүний шээс хаагдсан, амьсгаадаад байна гэсэн дуудлагын дагуу уг хаяг дээр дуудлага ирснээс хойш 10 минутын дараа очсон. ...биеийн ерөнхий үзлэг хийхэд зовуурь нь хэвлийгээр өвдөнө, шээс гарахгүй гэж байсан. Н.Л орчинтой харьцаатай, биеийн ерөнхий байдал хүндэвтэр байсан. Н.Л өнөөдөр өглөөнөөс хэвлийгээр өвдөж, шээс гарахгүй болсон, хэвлийгээр нэлэнхийдээ өвдөж байна гэсэн зовуурь хэлсэн бөгөөд өмнөх 3 хоногийн турш архи уусан гэж хэлж байсан. Миний тухайд өвчтөний давсагт катетар тавьсан ...биед нь ямар нэгэн ил шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2291 дугаар “...Талийгаач Н.Лын цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх, хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт, зүүн 3-7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин 3-7-р хавирганы зөрөөгүй далд хугарал нь сэхээн амьдруулах ажиллагааны явцад үүссэн боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтэл нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Хоёрдугаар бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх71-76/,
7. Яаралтай тусламжийн хуудсанд “...10 сарын 28-нд 22 цагийн үеэс хэвлийгээр хүчтэй өвдөж эхэлсэн. Өчигдөр найз нартайгаа архи уусан. 2 хоног хоол идээгүй. Өнөөдөр зовуурь намдахгүй байсан болохоор 103 дуудсан гэнэ...өвчтөний биеийн байдал хүндэрсээр 23:10 цагт зүрх зогсов...” гэжээ. /хх82-83/,
8. Шинжээч эмч Ц.Бадралын “...Уг гэмтлийг авсан даруйд хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх, бөөлжих мөн цустай өтгөн гаргах зэрэг зовуурь илэрнэ. Идэвхтэй зорилготой хөдөлгөөн хийх боломжтой, уг гэмтлийг авснаас хойш хүний биеийн онцлогоос хамаарч 1-3 хоногт хүндрэл өгч нас барах хүртлээ амьд явах боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн хэвлийн хөндийн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх зэрэг орно. Талийгаачийн хэвлийн урд талд хүйсний зүүн талд учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх91-92/,
9. “Юнител” ХХК-ийн “27и-1-3/8908 тоотын хариу” гэх албан бичиг, түүний хавсралтад “...Б.Б /88932309/, Г.Л /88934301/ нар нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:42, 13:05, 13:08, 17:22 цагт нийт 4 удаа ярьсан...” лавлагаа авагджээ. /хх147-149/.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.“...Аавыг нас барсан гэдгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө цагдаагаас ярихад нь мэдсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Бямба гарагт Улаанбаатар хотод ирээд шүүх эмнэлгээс талийгаачийн цогцсыг авч болох уу гэхэд шүүх эмнэлгээс болно гэдэг хариу хэлсэн. Тэгэхээр нь тэр өдрөө талийгаачийн цогцсыг Өвөрхангай аймагт аваачаад ажил явдлыг нь хийсэн байгаа. Гаднын нөлөөтэй байж болзошгүйгээр нас барсан гэдгийг сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Лгийн эхнэрээс сонсож мэдсэн бөгөөд талийгаач аавын төрсөн дүү нь болох Л гэдэг хүнийг сэжиглэж цагдаа дээр саатуулсан байгаа гэдгийг мэдсэн. Ямар гэмтэл шархтай яаж нас барсныг сайн мэдэхгүй байна. ...Талийгаачийн цогцсыг гадаа ил тавих зан үйлээр оршуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Л:
Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Ганбаяр шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдоогүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцсон бол, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бусдын амь нас хохирсон үндэслэлээр хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл болгон хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Улсын яллагчаас: Хохирогчийн гэдсэнд санаатай өшиглөсөн шүүгдэгчийн үйлдлийн шууд шалтгаант холбоогоор хүний амь хохирсон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон тухай дүгнэлт гаргажээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Г.Лг хохирогчийн амь насыг санамсар, болгоомжгүйн улмаас хохироосон үйлдэлд гэм буруутай гэжээ.
Шүүхээс талуудын мэтгэлцээн, тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээд өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь хохироосон гэсэн дүгнэлтийг хүлээн авч прокуророос шүүгдэгч Г.Лг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэлээ.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч А. , Л.Б, Л. нарын мэдүүлэг, талуудын мэдүүлгээр шүүгдэгч Г.Л, амь хохирогч Н.Л нар нь төрсөн ах, дүүгийн харилцаатай байх ба амь хохирогч нь шүүгдэгчийн хашаанд ганцаар амьдардаг, архины хамаарал бүхий хүн байсан болох нь тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол: шүүгдэгч Г.Л нь 2020 оны 10 дугаар 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 3-274а тоот гэртээ амь хохирогч төрсөн ах Н.Л, түүнтэй хамт ирсэн нэг хүнтэй /гэрч Б.Б шүүгдэгч нар мэдүүлэгтээ “өвгөнтийн хүн” гэж тодорхойлсон/ архи согтууруулах ундааны зүйл уусан. Үүний дараа шүүгдэгч нь хамт ирсэн үл таних хүнийг нь гаргаж явуулсан, мөн амь хохирогчийг гэртээ орж унт гэсэн шаардлага тавьж, маргалдаад байхаар нь түүнийг хэвлий тус газар нь өшиглөж гаргасан.
Шүүгдэгчийн эхнэр гэрч Л.Быг “19 цагийн үед гэртээ ирэхэд Н.Л гэрийнх нь гадаа унтаж байгаад хэл амаар доромжилсон байдлаар согтуурхан хэвтэж байсан, хэсэг хугацааны дараа түүнийг гэртээ орж унтсан байсан талаар гэрч тодорхой мэдүүлсэн, мөн маргааш орой нь буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний 20 цагийн үед гэрчийг ажлаа тараад ирэхэд нь амь хохирогч бие нь өвдсөн, ёолсон байдалтай гэртээ хэвтэж байсан бөгөөд түргэн дуудуулахыг хүссэн, улмаар “шээс хаагдсан, амьсгаадаад байна” гэсэн дуудлага өгөн, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, үйлчилгээг үзүүлсэн боловч шөнийн 23 цаг 10 минутад Н.Л нас барсан” нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч нь амь хохирогчийг хэвлий хэсэгт өшиглөөгүй, түүнийг босгоод гэрээсээ гаргасан гэх боловч болсон нөхцөл байдлын талаар эхнэр Б.Бтай утсаар холбогдон ярьж байсан, Б.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэхүү нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлжээ. Мөн “Юнител” ХХК-ийн “27и-1-3/8908 тоотын хариу” гэх албан бичиг, түүний хавсралтад “...Б.Б /............/, Г.Л /............../ нар нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:42, 13:05, 13:08, 17:22 цагт нийт 4 удаа ярьсан...” лавлагаа авагдсан зэргээс гэрчийн мэдүүлэгт эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 20-21 цагийн үед амь хохирогч Н.Лын хаягаар очин түргэн тусламжаар авч яван Улсын 1-р эмнэлэгт яаралтай түргэн тусламж үзүүлсэн талаар эмч Ж.Амарсанаа, Б.Хосбаяр нар мэдүүлсэн ба мэдүүлэгтээ: амь хохирогчийг нас барахаасаа өмнө эмч нарт өөрийн биеийн байдлын талаар “...10 сарын 28-ны 22 цагийн үеэс хэвлийгээр хүчтэй өвдөж эхэлсэн. Өчигдөр найз нартайгаа архи уусан. 2 хоног хоол идээгүй. Өнөөдөр зовуурь намдахгүй байсан болохоор 103 дуудсан...” гэж хэлж байсан, мөн биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй талаар дурджээ.
Амь хохирогч Н.Лгийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 2291 дугаар дүгнэлтэд “...Талийгаач Н.Лын цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх, хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт, зүүн 3-7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин 3-7-р хавирганы зөрөөгүй далд хугарал нь сэхээн амьдруулах ажиллагааны явцад үүссэн боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй /амилуулах тусламж үзүүлсэн талаар гэрч Б.Хосбаяр мэдүүлсэн/. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтэл нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэж тодорхойлсон.
Дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “...Уг гэмтлийг авсан даруйд хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх, бөөлжих мөн цустай өтгөн гаргах зэрэг зовуурь илэрнэ. Идэвхтэй зорилготой хөдөлгөөн хийх боломжтой, уг гэмтлийг авснаас хойш хүний биеийн онцлогоос хамаарч 1-3 хоногт хүндрэл өгч нас барах хүртлээ амьд явах боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн хэвлийн хөндийн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх зэрэг орно. ...Гадна үзлэгээр тогтоогдсон зулгаралтууд нь хэвлийн хөндийн гэмтэлтэй шалтгаант хамааралгүй, дүгнэлтийн протоколын хэсэгт бичигдсэн хэвлийн хөндийн өмнөд хэсгийн хүйсний зүүн талын булчинд 2-3см хэмжээтэй хар хүрэн өнгийн цус хуралт бүхий зулгаралтаас хамаарч нарийн гэдэсний язрал гэмтэл үүссэн. Өөрөөр хэлбэл гэмтлийн тухайн хэсэг газар цохигдох үед дээрх гэмтэл учирсан. Хавирганы гэмтэл хэвлийн гэмтэл учрахад хамааралгүй...мөн амь хохирогчид эм тариа хэрэглэсэнтэй холбоотой түүний цусанд согтууруулах ундаа илрэх нь багассан байж болно гэв...” гэсэн мэдүүлэг өгчээ.
Дүгнэн үзэхэд улсын яллагчаас хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөв тогтоосон буюу шүүгдэгчийн хохирогчийн хэвлий хэсэгт өшиглөсөн үйлдлийн шалтгаан холбоогоор амь хохирогчид хэвлийн хөндийн битүү гэмтэл болох нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
Хэдийгээр хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх боловч шүүгдэгч Г.Лг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хүнийг алах гэмт хэрэг, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн онцлох ялгаа нь гэмт этгээд өөрийн үйлдэлд хэрхэн хандсан буюу оюун санаа, сэтгэхүйн хувьд хэрхэн хандаж, үйлдлээ хэрэгжүүлсэн шинжээр ялгагддаг. Өөрөөр хэлбэл энэхүү дотоод оюун санааны шинж байдал хэрхэн илэрч, үйлдэл хийгдсэн буюу хэргийн нөхцөл байдалд бүрэн, үнэлэлт дүгнэлт өгөх байдлаар гэмт хэргийн шинжийг нарийн тогтоох шаардлагатай.
Хүнийг санаатай алах гэмт хэрэгт: гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг гэдгийг мэдэж, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дүнг хүсэж бий болгосон буюу хохирогчийн үхлийг хүсэж үйлдсэн /шууд санаатай үйлдэл/ эсвэл хохирогч үхэх эсэхийг зорилгоо болгоогүй ч тухайн хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч үхэх нөхцөл байдалд зориуд хүргэсэн /шууд бус санаатай үйлдэл/ шинжтэй байдаг.
Харин гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахыг хүсээгүй буюу тухайн хор уршиг учруулахгүй гэж өөртөө найдсан, эсвэл анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйгээс бусдад хор уршиг учруулсан бол болгоомжгүй гэмт хэрэг гэж үздэг.
Шүүгдэгч Г.Лгийн хувьд өөрийн төрсөн ах Н.Лыг өөрийн хашаандаа буулган тусалж дэмжиж байдаг байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн тухайн өдөр шүүгдэгч амь хохирогчийг өшиглөсөн шалтгаан нөхцөлийн талаар гэрч Б.Б “...Л ах зуухны хажуугаар урагшаа хараад тасарчихсан байна. Нөгөө өвгөнтийн архичин нь бас зуухны хажуугаар тасарчихсан унтаж байна гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би ахиад Лгийн утас руу нь залгаад “чи юу болов оо нөгөөдүүлээ гаргав уу чи, гэр оронд яах гэж хүн цуглуулаад байгаа юм, ядаж наад өвгөнтийн хүнээ гаргалдаа” гэж хэлсэн. Тэгтэл Л нь утсаа салгалгүй ярьсан чигээрээ цаашаа Л ахтай хэрэлдээд байх шиг байсан. Манай нөхөр Л ахад “чи муу надаар тэжээлгэж байгаа байж үр хүүхдүүд дээрээ очооч” гээд хэрэлдээд байсан. Цаанаас бас юм дугараад тэр нь надад сонсогдоод байсан. Тэгээд би утсаа тасалсан. Тэгээд байж байснаа Л нь миний гар утас руу залгаад “нөгөө өвгөнтийн архичныг нь хөөгөөд гаргачихлаа, Лодой ах миний өөдөөс хэрэлдээд байхаар нь өшиглөөд хөөгөөд гаргачихлаа” гэж надад хэлсэн...” гэж мэдүүлснээс хүнийг алах зорилгоор үйлдэл хийгдээгүй, түүнчлэн амь нас хохирох нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэх шинж байдал тогтоогдохгүй байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь бусдад зодуулсан талаар эмч нарт хэлээгүй, тэрээр олон хоног дараалан хоол ундгүй архи ууснаас болсон гэсэн ойлголттой байсан талаар түргэн тусламжийн асуулгад бичигдсэн, мөн түүний биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй, гэмтэл авсны дараа амь хохирогч өөрөө хөдөлгөөн хийн явж, орчинтойгоо харьцаж байсан, гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар шинжээч мэдүүлсэн зэргээс шүүгдэгч нь хүнийг алах санаа зорилгогүйгээр өшиглөсөн буюу ийм нөхцөл байдалд орохгүй байх гэсэн найдлагаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэж дүгнэлээ.
Амь хохирогч Н.Л нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ямар нэгэн зовуурьгүй байсан, шүүгдэгчид өшиглүүлснээс хойш оройн 22 цагийн үед зовуурь илэрч, өвдөлт өгч эхэлсэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг хүртэл гэрээсээ гараагүй өвдөж хэвтсэн болох нь гэрч Б.Б, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдох бөгөөд амь хохирогчийг шүүгдэгчтэй хамт архи уухаас өмнө гэмтэл авсан байх боломжтой, мөн шүүгдэгчийг хохирогчийг өшиглөснийг шууд нотолсон баримт хэрэгт байхгүй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаярын цагаатгах дүгнэлт үндэслэлгүй, дээрх үйл баримтаар няцаагдаж байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна гэсэн дүгнэлтийг хүлээн авч прокуророос шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг шүүхээс хүлээн авах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн, мөн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Мөн өмгөөлөгч нарын хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хүлээн авахаас татгалзсаныг тэмдэглэж байна. Учир нь хуульд зааснаар хор уршиг хэзээ илэрснээр бус гэмт үйлдэл хэзээ, хаана төгссөнөөс хамаарч гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн тогтоодог бөгөөд дээрх баримтаар хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал зөрчигдөөгүй, улсын яллагч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, байршлыг зөв тогтоосон болохыг дурдаж байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг арилахгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд нийт 9.102.256 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас мод, нүүрсний зардалд 450.000 төгрөг, сүү, вакус, цайны зардалд 2.880.000 төгрөг, хаалга, хөшиг, бүрээс, эсгийний зардалд 720.000 төгрөг, худалдан авсан зүйл тодорхойгүй 651.700 төгрөгийн баримтууд нийт 4.701.700 төгрөгийн баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд нийт 4.400.556 төгрөгийг оршуулга үйлдэхтэй холбоотой бодитоор гарсан зардал гэж дүгнэн шүүгдэгч Г.Лгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ад олгуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч талаас хохирол төлөх завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.500.000 төгрөгийн хохирол төлсөн нь баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь гэм хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой бусад зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх, эсвэл хууль заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Г.Л тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон, хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Лг гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө гэм буруугүй гэж, мөн түүний өмгөөлөгч Г.Ганбаяр шүүгдэгчийн үйлдэл нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай маргаж оролцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.
Түүнчлэн гэмт хэргийн хор уршиг их нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс дүгнэсэн.
Иймд гэмт хэргийн шинж байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног /2020.10.31-2020.11.01/, цагдан хоригдсон 28 хоног /2020.11.02-2020.11.30/, нийт 30 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Гын Лг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Лгийн урьд цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Г.АЛТАНЦЭЦЭГ