| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0641/и |
| Дугаар | 000641 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 000641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт хууль эрх зүйн хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11-14 тоотод оршин суух “Жаргалант” овогт Сүхбаатарын Энхзаяа /РЭ-84072504/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11-14 тоотод оршин суух “Хариад” овогт Нармандахын Бат-Өлзий /РУ-82111619/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч С.Энхзаяа, хариуцагч Н.Бат-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Н.Бат-Өлзийтэй 2009 онд танилцаж үерхэж байгаад 2010 оны 01 дүгээр сарын 21-нд охин Б.Энхжин, 2012 оны 07 дугаар сарын 30-нд хүү Б.Анар нарыг төрүүлсэн. Энэ хугацаанд бид манай ээжийнд хамтдаа амьдарч байгаад 2012 оны 7 дугаар сараас хойш бие даан тус тусдаа гарч амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд Н.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, зан ааш төлөв нь эвдэрч цаашдаа хамт амьдрахад хэцүү байсан учир хүүхдүүдээ аваад би ээжийндээ очиж хоёр талд амьдарч эхэлсэн. Н.Бат-Өлзий дахиж согтууруулах ундаа хэрэглэхгүй, хүүхдээ бодъё гэж гуйж ирснээр би хоёр хүүхдээ бодоод олон удаа уучилж эвлэрч байсан боловч засраагүй өдий хүрсэн тул шүүхэд 3 удаа өгч шүүхээс хүртэл эвлэрүүлэх хугацаа өгөхөд одоо хүртэл яг л хэвээрээ, байнга согтууруулах ундаа хэрэглэн ажлаасаа хүртэл халагдсан. Шүүх ч гэсэн одоо тоглоомын газар биш учраас бид хоёрын гэр бүлийн асуудлыг минь эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Гэр бүлийн таагүй уур амьсгалд хүүхдүүдээ өсгөж байгаад үнэхээр харамсалтай байна. Бидний бусдад төлөх өр төлбөр анх 100 орчим сая төгрөг байснаас одоо төлөгдөөд 50 орчим сая төгрөг үлдсэн. Уг үлдсэн өр төлбөрийг би өөрөө бүрэн хариуцаж арилгана. Ингэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо 11-14 тоотод байрлах хашаа байшингаа 65 сая төгрөгөөр үнэлж зараад өр төлбөрөө барагдуулж, үлдсэн 15 сая төгрөгийг Н.Бат-Өлзийд өгнө гэсэн бодолтой байгаа ба эд хөрөнгийн хувьд тохиролцсон маргаангүй.
Иймд гэр бүлээ цуцлуулж, насанд хүрээгүй охин Б.Энхжин, хүү Б.Анар нарыг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо 11-14 тоотод байрлах 65 сая төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай болон хувийн өвлийн байшин, хашаа газрыг бид гурвын өмчлөлд үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Бат-Өлзий шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Энхзаяагийн шүүх хуралдаан дээр ярьсан зүйл бүгд үнэн. Өмнө шүүхээс бид хоёрт эвлэрүүлэх арга хэмжээ авч байсан боловч би амьдралаа бодохгүй согтууруулах ундаа хэрэглэж арчаагүй байдал гаргасан. Энэ дутагдлаа хүлээн зөвшөөрч байна. Багаас олсон зан төлөв харьцаагаа шууд засаж залруулж чадахгүй ч гэсэн би цаашид хичээнэ ээ. Өөртөө дүгнэлт хийж, бага багаар засна гэж бодож байгаа. Бид саллаа гэхэд 2 хүүхэд маань өнчирч үлдэнэ. Энэ шийдлээс хэн ч хожихгүй. Би маш хурдан сэтгэлээр унадаг, сэтгэл зүйн бэлтгэл их муутай хүн. Өмнөх хурлын дараа ингээд л миний амьдрал сүйрч байгаа юм байна гэж бодоод түүнээс хойш согтууруулах ундаа байнга хэрэглэсэн. Би засрахын тулд байж болох бүх арга хэмжээг авна. Энэ 3-аас холдвол үнэхээр би хэн ч биш болох юм байна гэдгийг ухаарсан. Ажилд ороод амьдралдаа тус нэмэр болно оо л гэж хэлмээр байна. Тиймээс би С.Энхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эд хөрөнгийн хувьд бид хоёр 2-11-14 тоотод байрлах хашаа байшинг тухайн үед 80 гаран сая төгрөгөөр худалдаж авч байсан боловч одоо үл хөдлөх эд хөрөнгө борлуулагдахгүй учраас 65 сая төгрөг гэж байгаа юм. Надад ажил төрөл байхгүй тул бид хоёрын банкны зээл болон сум хөгжүүлэх сангийн зээл, бусад хүмүүст өгөх 40 гаран сая төгрөгийн зээлийг эхнэр Энхзаяа хариуцна гэсэн санал надад тавьсан тул хүлээн зөвшөөрч эд хөрөнгийн тал дээр маргаангүй хашаа байшингийн 65 сая төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С.Энхзаяа нь хариуцагч Н.Бат-Өлзийд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Энхзаяа нь хариуцагч Н.Бат-Өлзий нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Энхжин, хүү Б.Анар нар төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүртгэлийн газар бүртгэж № 348 дугаарын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,
Тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охин “Хариад” овогт Бат-Өлзийгийн Энхжин /РЮ-10212123/, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү “Хариад” овогт Бат-Өлзийгийн Анар /РЮ-12273035/-ыг тус тус төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний бүртгэлийн лавлагаанууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байх тул гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Нэхэмжлэгч С.Энхзаяа: “....шүүхэд 3 удаа өгч шүүхээс хүртэл эвлэрүүлэх хугацаа өгөхөд одоо хүртэл яг л хэвээрээ, байнга согтууруулах ундаа хэрэглэн ажлаасаа хүртэл халагдсан....” гэх,
Хариуцагч Н.Бат-Өлзийн: “....өмнө шүүхээс бид хоёрт эвлэрүүлэх арга хэмжээ авч байсан боловч би амьдралаа бодохгүй согтууруулах ундаа хэрэглэж арчаагүй байдал гаргасан....” гэх тайлбар мэдүүлэг,
Цагдаагийн газарт дуудлага өгч байсан тухай бүртгэл, эрүүлжүүлэгдсэн лавлагаа, арга хэмжээ авагдсан бүртгэл зэрэг нь гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэж гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Н.Бат-Өлзий нь: ”....өөртөө дүгнэлт хийж, бага багаар засна гэж бодож байгаа. Бид саллаа гэхэд 2 хүүхэд маань өнчирч үлдэнэ. Энэ шийдлээс хэн ч хожихгүй. Би маш хурдан сэтгэлээр унадаг, сэтгэл зүйн бэлтгэл их муутай хүн. Өмнөх хурлын дараа ингээд л миний амьдрал сүйрч байгаа юм байна гэж бодоод түүнээс хойш согтууруулах ундаа байнга хэрэглэсэн. Би засрахын тулд байж болох бүх арга хэмжээг авна. Энэ 3-аас холдвол үнэхээр би хэн ч биш болох юм байна гэдгийг ухаарсан. Ажилд ороод амьдралдаа тус нэмэр болно оо л гэж хэлмээр байна. Тиймээс би С.Энхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа....” гэх тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч хариуцагч зөвшөөрөхгүй талаархи хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “салахгүй” гэдгээ нотолж чадахгүй байна.
Иймд С.Энхзаяа, Н.Бат-Өлзий нарын гэрлэлтийг цуцалж охин Б.Энхжин, хүү Б.Анар нарыг эх С.Энхзаяагийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд:
Нэхэмжлэгчийн шүүхэд: “....бидний бусдад төлөх өр төлбөр анх 100 орчим сая төгрөг байснаас одоо төлөгдөөд 50 орчим сая төгрөг үлдсэн. Уг үлдсэн өр төлбөрийг би өөрөө бүрэн хариуцаж арилгана. Ингэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо 11-14 тоотод байрлах хашаа байшингаа 65 сая төгрөгөөр үнэлж зараад өр төлбөрөө барагдуулж, үлдсэн 15 сая төгрөгийг Н.Бат-Өлзийд өгнө гэсэн бодолтой байгаа ба эд хөрөнгийн хувьд тохиролцсон маргаангүй....” гэх,
Хариуцагч Н.Бат-Өлзийн: “....эд хөрөнгийн хувьд бид хоёр 2-11-14 тоотод байрлах хашаа байшинг тухайн үед 80 гаран сая төгрөгөөр худалдаж авч байсан боловч одоо үл хөдлөх эд хөрөнгө борлуулагдахгүй үнэ буурсан учраас 65 сая төгрөг гэж байгаа юм. Би одоогоор ажил төрөл байхгүй тул бид хоёрын банкны зээл болон сум хөгжүүлэх сангийн зээл, бусад хүмүүст өгөх 40 гаран сая төгрөгийн зээлийг эхнэр Энхзаяа хариуцна гэсэн санал надад тавьсан тул хүлээн зөвшөөрч эд хөрөнгийн тал дээр маргаангүй хашаа байшингийн 65 сая төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа....” гэх тайлбар, мэдүүлгүүдийг үндэслэж Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлах 65 сая төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай болон гэр бүлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч С.Энхзаяа, охин Б.Энхжин, хүү Б.Анар нарын өмчлөлд үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд: “....бидний бусдад төлөх өр төлбөр анх 100 орчим сая төгрөг байснаас одоо төлөгдөөд 50 орчим сая төгрөг үлдсэн. Уг үлдсэн өр төлбөрийг би өөрөө бүрэн хариуцаж арилгана. Ингэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо 11-14 тоотод байрлах хашаа байшингаа 65 сая төгрөгөөр үнэлж зараад өр төлбөрөө барагдуулж, үлдсэн 15 сая төгрөгийг Н.Бат-Өлзийд өгнө....” гэх,
Хариуцагч Н.Бат-Өлзийн: “....бид хоёрын банкны зээл болон сум хөгжүүлэх сангийн зээл, бусад хүмүүст өгөх 40 гаран сая төгрөгийн зээлийг эхнэр Энхзаяа хариуцна гэсэн санал надад тавьсан тул хүлээн зөвшөөрч байна....” гэх тайлбар мэдүүлэг гаргасныг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 48.262 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, харин дундын эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгч 65 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнд улсын тэмдэгтийн хураамжинд 482.950 төгрөг төлөх ёстойгоос үүний 50% хувь буюу 241.475 төгрөгийг гаргуулах ба нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 10.838 төгрөгийг хасаж, 230.637 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Учир нь: Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн өмчлөлд үлдээж байгаа ба хариуцагчаас гаргуулах эд хөрөнгө байхгүй учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжийн тавин хувийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Хариуцагч Н.Бат-Өлзийгөөс 118.462 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Энхзаяад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “Хариад” овогт Нармандахын Бат-Өлзий /РУ-82111619/, “Жаргалант” овогт Сүхбаатарын Энхзаяа /РЭ-84072504/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин “Хариад” овогт Бат-Өлзийгийн Энхжин /РЮ-10122123/, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү “Хариад” овогт Бат-Өлзийгийн Анар /РЮ-12273035/ нарыг эх С.Энхзаяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Б.Энхжин, хүү Б.Анар нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Бат-Өлзийгөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлах 65 сая төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай болон гэр бүлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч С.Энхзаяа, охин Б.Энхжин, хүү Б.Анар нарын өмчлөлд үлдээсүгэй.
5. Нэхэмжлэгч С.Энхзаяагийн “үлдсэн өр төлбөрийг би өөрөө бүрэн хариуцаж арилгана. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо 11-14 тоотод байрлах хашаа байшингаа 65 сая төгрөгөөр үнэлж зараад өр төлбөрөө барагдуулж, үлдсэн 15 сая төгрөг”-ийг төлнө гэснийг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129.300 /нэг зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бат-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжинд 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Энхзаяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Энхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжинд 230.637 /хоёр зуун гучин мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ