Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт тус сумын 5 дугаар багийн нутаг Тасархай гэх газарт оршин суух, “Боржигин” овогт Дансрангийн Даваа /РЙ-67112703/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагч Д.Даваа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул сумын сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1987 оноос 1992 он хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын сангийн аж ахуйн тариан талбайд үтрэмийн ноормчин хийж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул миний дээрх улсад ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ноормчин хийж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Даваа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн үйлдвэр бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноормчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 3 дугаар  сарын 28-ны өдрийн цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1989 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дансрангийн Даваад нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Тариалан сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаалд ”....364/ Дансрангийн Даваа 1987.6.20 үтрэмд ажилчнаар....” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Гэрч Ш.Баасандулам 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Д.Даваа 1987 оноос 1992 оныг дуустал Хөвсгөл аймгийг Тарилангийн аж ахуйн үтрэм дээр нооромчин, туслах ажилчин хийдэг байсан. Будаа цэвэрлэнэ, газар хагалах гээд ямар л ажил байна тэр бүгдийг хийдэг байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Даваасүрэн  2017 оны 6 дугаар сарын 16-ны өгсөн: “....Д.Даваа нь 1987 оны хавраас 1992 оныг дуустал Хөвсгөл аймгийг Тарилангийн аж ахуйн үтрэм дээр ноормчин хийдэг байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Даваад холбогдох лавлагааг аймгийн архиваас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10/140 дугаартай “....Тариалан сангийн аж ахуйн 1987.12.28-ны 260 дугаар тушаалын хавсралт тухайн оны тушаалд хавсаргагдаж ирээгүй тул Д.Даваад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Мөн Тариалан сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 260 дугаартай тушаалыг шүүх үнэлээгүй болно. Учир нь: Уг тушаал нь хүсэлт гаргагч Д.Даваад хамаарал холбогдолгүй, хэрэгт нотлох баримт болж чадахгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Д.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Боржигин” овогт Дансрангийн Даваа /РЙ-67112703/-г Хөвсгөл аймгийн Тариалан сумын сангийн аж ахуйн үйлдвэр бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ