Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Д-ын Г-т холбогдох эрүүгийн 2135000000147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Д-ын Г, 1991 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн 3/60 айлын 36 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт
байрлах иргэн Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг Голд караоке пабын буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө нууцаар хууль бусаар нэвтэрч Тайгер нэртэй пиво, Жак даниэлс нэртэй виски, Эйсер загварын жижиг зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлж түүнд 304’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2135000000147 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 7-11, 14-16 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 24-27 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр /хх-ийн 33 дугаар хуудас/, мөн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Б.Г-гийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Д.Х-ын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 39 дүгээр хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 50 дугаар хуудас/, криминалистикийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21/38 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 58-62 дугаар хуудас/, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг /хх-ийн 101-106 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч П.Ж-ы 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Д.Д-ын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг /хх-ийн 98 дугаар хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 673 дугаартай тодорхойлолтыг /хх-ийн 97 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч Б.Б-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Голд паб дээр очсон юм. Намайг анх ороход баруун талын Увс нуур төв рүү харсан цонх онгорхой байсан. Тэгээд би сэжиг аваад ерөнхийдөө бүх өрөөг шалгаж үзэхэд өрөөнүүдийн эд зүйл бүрэн байсан. Хөргөгч дотор байсан хорь орчим шилтэй 0.5 литрийн пиво тек дээр байсан 1 литрийн Жак даниэлс нэртэй архи мөн текний доор байсан зөөврийн компьютер байхгүй байсан. Тэгээд камерын өрөө лүү орж камер шүүж үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 22 цаг 30 минутын орчимд пабын баруун талын цонхоор хулгайч орсон бичлэг байсан. ...Манай пабын камерт шөнийн бичлэг  байсан тул дүрс нь их муу харагдаж байсан...” гэх мэдүүлэг[1],

- гэрч Б.Г-гийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Голд пабын байр луу аяга, таваг оруулж тавихаар Б.Б түрүүлж ороод буцаж гарч ирснээ хулгайч орсон байна гэхээр нь би орж харахад манай түрээсэлж буй Голд пабын текний баруун хойд хэсэгт байрлах вакум цонхны гадна талын төмөр торон хамгаалалтыг татаж байгаад онгойх хэсгийн цонхны рамыг дотогшоо түлхээд онгорхой болгочихсон байсан...” гэх мэдүүлэг[2],

- гэрч Д.Х-ын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Намайг ажлын байранд байхад үл таних бор царайтай залуу надтай уулзаад жижиг улаан өнгийн нөүтбүүк гаргаж ирээд та үүнийг авчих гэж хэлсэн. ...Нөүтбүүк зарахдаа тухайн залуу ганцаараа явсан ба хажуудаа ямар нэг хүнтэй хамт явж байгаа талаар ямар нэг зүйл хэлээгүй. Би 50’000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...Надад ямар нэгэн хохирол учраагүй. Тэр залуугийн төрсөн ээж гэх хүн миний данс руу 50’000 төгрөг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг[3],

- 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21/38 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг мөрөөс 5 гэж хаягласан нэг ширхэг мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд байгаа Д овогтой Г /............/ гэх хүний зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт[4] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрладаг Голд караоке пабын цонхоор 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө орж 0.5 литрийн хэмжээтэй Тайгер нэртэй пиво хорин шилийг, 1 литрийн хэмжээтэй Жак даниэлс нэртэй виски нэг шилийг, Эйсер загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйл авсан үйл баримт тогтоогдож байна.

Хулгайлж авсан гэх эд зүйлс нь шинж чанарын хувьд олон тооны, амархан хагарах боломжтой байх ба хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан 1, 4 дугаартай зургаас харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг тухайн эд зүйлсийг цонхоор хэрхэн авч гарсныг шалгаж тогтоогоогүй байна. Тодруулбал тухайн хэрэгт хамтран оролцсон этгээд байгаа эсэхийг шалгаагүй нь эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд байгаа эсэхийг шалгаагүй нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, энэ талаар талууд хүсэлт гаргаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г-ийн яллагдагчаар “би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13:00 цагийн үед найз н.У, н.Д нартай уулзсан. Бид гурав гурилын үйлдвэрийн ар талд голын хөвөөнд 0.75 литрийн гурван шил архи уусан. Тухайн архийг ууж дуусаад би нэлээд согтсон байсан бөгөөд би голын хөвөөнөөс харих гээд ганцаараа алхаад явж байсныгаа санаж байгаа юм. Нэг мэдэхэд унтаад ухаан ороод сэрэхэд Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байх Голд паб болон Увс нуур төв хоёрын завсарт байх хаалганы цаана байх сандал дээр ганцаараа унтаж байгаад сэрсэн. Гадна харанхуй байсан бөгөөд би сэрээд тамхи татаж байхад Голд пабын цонхны гадна талын тор нь сэвэлзээд байхаар нь торыг нь бага зэрэг сөхөж цонхыг цааш түлхэхэд онгойсон. Би уг цонхоор Голд паб руу орсон юм. ...Би паб руу ороод хоёр шил пиво задалж уугаад согтсон...” гэж зөвхөн уг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлээ мэдүүлсэн байх боловч “...Би уг пабаас яаж гарсныгаа сайн санахгүй байгаа юм. ...Би тэр өглөө унтаад сэрэхэд гэрт ганцаараа байсан бөгөөд ширээн дээр задалсан Жак даниэлс гэх виски байсан ба ёроолд нь хоёроос гурван хуруу хэмжээтэй үлдсэн байсан. Мөн манай гэрийн үүдний хонгилд байдаг гутлын тавиур дээр улаан өнгийн жижиг нөүтбүүк байсан, мөн гэрт гурваас дөрвөн шил Тайгер гэх задлаагүй пиво байсан. Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Голд паб руу ороод гарахдаа дээрх эд зүйлүүдийг хулгайлаад гэртээ авч очсон байсан юм. би тухайн үедээ согтчихсон байсан учраас хулгай хийсэн талаараа сайн санахгүй байгаа юм” гэж[5] тухайн эд зүйлсийг яаж авч явсан талаараа буюу гэмт хэрэг үйлдсэн аргынхаа талаар мэдүүлээгүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба улсын яллагчийн “500 граммын хэмжээтэй шилтэй 20 ширхэг пиво, 1 литрийн Жак даниэлс нэртэй виски, жижиг нөүтбүүк хулгайлсан гэж таныг яллаж байгаа. Эдгээр эд зүйлийг хаана аваачсан бэ?” гэх асуултад “Би мөрдөн байцаалтын шатанд бүх үнэнээ хэлсэн байгаа”, шүүгчийн  “...20 шил пиво, нэг шил виски, зөөврийн компьютер зэрэг нь олон жижиг хэсгээс бүрдсэн. Эдгээр эд зүйлийг юунд хийж авсан бэ?” гэх асуултад “Хариулахгүй байж болох уу?” гэж, мөн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад энэ Гоулд гэх пабны цонхоор та ганцаараа 20 шил пивыг гаргах боломжтой юу?” гэх асуултад “Хариулахаас татгалзаж байна” гэж гэмт хэрэг үйлдсэн аргынхаа талаар хариулахаас татгалзсан байна.

Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа нь гэм буруугийн талаар маргаж байгаа нэг хэлбэр тул шүүгдэгч Д.Г-ийг гэм буруугийн талаар маргасан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Г нь шунахайн сэдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 Шүүгдэгч Д.Г хохирогч Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг Голд пабаас 0.5 литрийн хэмжээтэй Тайгер нэртэй пиво хорин шилийг, 1 литрийн хэмжээтэй Жак даниэлс нэртэй виски нэг шилийг, Эйсер загварын жижиг зөөврийн компьютер зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүй авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Хохирогч Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг Голд пабыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй шөнийн цагаар тухайн орон байрны цонхыг хүчээр түлхэж орсныг хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 304’000 /гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтээр[6] тогтоогджээ. Хохирогч Б.Б “...Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. ...Надад гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэж мэдүүлсэн[7] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч “...Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа ойлгож гэмшсэн байдал, урьд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирлоо төлсөн, хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү....” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, ял оногдуулахыг тэнсдэг. Учир нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг буюу эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт үйлдлийнх нь улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэж обьектив байдлаар тайлбарлагдаг хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлж, гэм буруугийн талаар маргаж оролцсон ба энэхүү эрхээ эдэлснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах буюу эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг нэмэх, өөрчлөх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй гэж ойлгоно.

Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлээгүй, ялаас чөлөөлөөгүй, ял оногдуулахыг тэнсээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэхээр санаа зорилгоор “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх субьектив тайлбар гаргасан шүүгдэгч бүрт хэрэглэх хэм хэмжээ биш юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох нэг үндэслэл болдог.

 Шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдлын талаар гэрч П.Ж-гийн “...Д.Г нь зан аашийн хувьд хүүхэд байхад хөөрхөн ааштай, хүнд тусархаг, үнэнч шударга, ах дүү аав ээждээ тусархаг байсан. ...Бие эрүүл мэндийн хувьд угаасаа төрөлхийн зүрх муутай, элэгний өвчтэй юм. Д.Г нь уулан шударга, хүнд тусархаг, бага байхдаа дуу шүлэг уншаад нийгмийн идэвхтэй байсан бөгөөд сүүлийн үед архи уугаад яваад байгаа юм...” гэх мэдүүлэг[8], гэрч Д.Д-ын “...Д.Г нь зан аашийн хувьд угаасаа сэргэлэн цовоо, дуу шүлэг уншдаг, спортод сонирхолтой цайлган зантай, нийгмийн идэвх сайтай хүн юм...” гэх мэдүүлэг[9], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймгийн Улаангом сумын Гуравдугаар багийн Засаг даргын тодорхойлолт[11] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн 3/60 айлын 36 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Гт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 304’000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 шил пиво, 1 литрийн Жак даниалс, Эйсер загварын нөүтбүүк зарж олсон орлого болох 50’000 төгрөгийг нэмээд 354’000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулах” гэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний санал гаргажээ.

Гэрч Д.Х-ын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Нөүтбүүк зарахдаа тухайн залуу ганцаараа явсан хажуудаа ямар нэг хүнтэй хамт явж байгаа талаар ямар нэг зүйл хэлээгүй. Би 50’000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...Надад ямар нэгэн хохирол учраагүй. Тэр залуугийн төрсөн ээж гэх хүн миний данс руу 50’000 төгрөг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг[12], Зөөврийн компьютерт үзлэг хийсэн “...зөөврийн компьютер нэг ширхгийг эзэмшигч Б.Бөд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэлээр[13] шүүгдэгч нь хулгайн эд зүйлийг зарж олсон орлогоо буцааж өгсөн, зөөврийн компьютерыг хохирогч буцаан авсан болох нь тогтоогдож байна.

Мөн хорин шил Тайгер пиво, нэг шил Жак даниэлс вискиний үнийг хохирогчид төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасныг өмнөх хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын нэгэн адил заавал хэрэглэн гэж ойлгохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл шүүгдэгчийн эзэмшил ашиглалтад үлдэхээс буюу хууль бус аргаар хөрөнгөжих, буруу жишиг нийгэмд тогтохоос сэргийлэх зорилгоор энэхүү албадлагын арга хэмжээг ойлгож, хэрэглэнэ. Иймд улсын яллагчийн шүүгдэгчид хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Улсын яллагч “...Шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргаж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналыг гаргаж байгаа тул урьд авсан хувийн баталгаа гаргах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Д-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Д.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 33 дугаар хуудас

[2] хх-ийн 37 дугаар хуудас

[3] хх-ийн 39 дүгээр хуудас

[4] хх-ийн 58-59 дүгээр хуудас

[5] хх-ийн 85-86 дугаар хуудас

[6] хх-ийн 50 дугаар хуудас

[7] хх-ийн 35 дугаар хуудас

[8] хх-ийн 43 дугаар хуудас

[9] хх-ийн 45 дугаар хуудас

[10] хх-ийн 98 дугаар хуудас

[11] хх-ийн 110 дугаар хуудас

[12] хх-ийн 39 дүгээр хуудас

[13] хх-ийн 28-30 дугаар хуудас